Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 35

 

Г.Ганбатад холбогдох эрүүгийн хэргийн

 тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Төмөрхуяг, түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 337 дугаар шийтгэх тогтоол,

Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 40 дүгээр магадлалтай, 201519000457 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1998 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Луугар овогт Ганболдын Ганбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан “Бусдыг болгоомжгүй алах” гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Ганбатыг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар Г.Ганбатыг 2 жил 5 сарын хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ганбат болон өмгөөлөгч Н.Баяр нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаа, өмгөөлөгч Н.Баяр, Э.Шинэцэцэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураар төлсөн байдал зэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөлийг тус тус тооцсон болно гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний амь нас хохирсон гэдгээрээ хүндэрч нийгмийн аюулын шинж чанар нь тодорхойлогдож, оногдуулах ялын хэмжээ нь 1-5 жилээр тогтоогдсон ба хүндэвтэр хэргийн ангилалд багтдаг. Гэтэл анхан шатны шүүх Г.Ганбатад ял шийтгэл оногдуулахдаа түүнд ялыг зөв оногдуулахад нөлөөлж болох хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөлийг орхигдуулсан. Тухайлбал: шүүгдэгч хэрэг үйлдэгдэх тэр өдөр 16 настай, эрхийн бүрэн чадамжгүй байсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байсан зэрэг хөнгөрүүлэх гол нөхцөлүүдийг орхигдуулсан дүгнэлт хийсэн.

Түүнчлэн анхан шатны шүүх ялтны хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзээд ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж заасан. Энэ хэрэг нийгмийн хэр хэмжээний хувьд болгоомжгүйгээр үйлдэгдсэн хүндэвтэр хэрэг. Г.Ганбат нь16 настай хүүхэд унаж явсан мотоциклоос нь морь үргэж хүүхэд унана гэж төсөөлөөчгүй явсан. Г.Ганбат нь эцэг, эхтэйгээ мал маллаж амьдардаг ба урьд ял шийтгэлгүй, ямар нэгэн зөрчилд холбогдож байгаагүй, бусдад төлөх төлбөргүй юм. Гэтэл шүүх түүний хувийн байдлаас нь юуг нь хүндрүүлэх нөхцөл болгоод байгаа нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн ял оногдуулж байгаа дүгнэлт нь хэргийн болон шүүгдэгчийн хувийн байдалд нийцээгүй, хуулийг буруу хэрэглэж ял оногдуулахад буруу нөлөөлсөн гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ ...анхан шатны шүүх Г.Ганбатыг тухайн гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн байна гэж үзсэн. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдахдаа хэрэг эргэлзээтэй, ял шийтгэл оногдуулбал уг ялыг тэнсэж өгөхийг хүссэн гомдол гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийн талаар магадлалдаа дурьдсан мөртлөө яагаад насанд хүрээгүй байхдаа болгоомжгүйгээр үйлдсэн хэрэгт нь дөнгөж насанд хүрэнгүүт нь хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх ёстой гэж үзэж байгаа талаар огт дурьдсангүй. Хэдийгээр хуульд заасан хүрээнд байсан ч хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөлийг бодитойгоор дүгнэж байж ял оногдуулна гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6, 7, 54, 55, 56 дугаар зүйлүүдийг зөрчсөн байхаас гадна Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.2, 319 дүгээр зүйлийн 319.4 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, Г.Ганбатад оногдуулсан хорих ялыг доош нь татаж, тэнсэж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд: Шүүгдэгч болон өмгөөлөгч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байгаа тул тусгайлан гаргах саналгүй байна. Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн эцгийн буруутай үйлдэл харагддаг. Бага насны хүүхдэд зориулалтын малгай өмсүүлээгүй байдаг. Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.  

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Г.Ганбат нь Т.Сод-Эрдэнийг болгоомжгүй алсан буюу 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын “Талын улаан” гэх газарт болж байсан “3 түмэн адууны баяр” наадмын талбайд тээврийн хэрэгсэл явахыг хориглосон газарт эцэг Ч.Ганболдын эзэмшлийн “Зонгшинг” маркийн 34-37 ТӨЗ улсын дугаартай шар өнгийн мотоциклийг жолоодон явахдаа хайхрамжгүй хандан 4 настай Т.Сод-Эрдэний унаж явсан морины хажууд мотоциклоо өндөр хаазалснаас уг морь үргэж, улмаар Т.Сод-Эрдэнэ нь морин дээрээс тэнцвэр алдан унаж, зүүн хөл дөрөөнөөсөө мултралгүй мориндоо чирэгдэж нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийг зөв зүйлчилсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс Г.Ганболдыг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Хяналтын шатны шүүх шүүгдэгч Г.Ганбат нь насанд хүрээгүй буюу 16 настай байхдаа анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад бага насны хохирогчийн асран хамгаалагчийн хайхрамжгүй үйл ажиллагаа нөлөөлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч нас барсны улмаас учирсан гэм хорыг  Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасны дагуу нөхөн төлсөн байдлыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярын  “Г.Ганбатад оногдуулсан хорих ялыг тэнсэх” тухай гомдлыг хүлээн авч, энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 337 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 40 дүгээр магадлалд

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Ганбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил 05 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай” гэсэн,

“Г.Ганбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг нэн даруй сулласугай” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                 Ч.ХОСБАЯР