Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 97

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1966 онд төрсөн, Архангай аймгийн Хайрхан сумын 2-р багт оршин суух Пальт овгийн Доржсүрэнгийн Хишигбаярын /РД:АК66123004/ хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч О.Сайнчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Хишигбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Хишигбаяр миний бие Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд 1982 оны 02 сарын 09-ний өдрөөс 1991 оны 04 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд тракторын жолооч, ЭТЦ-ийн санитарч зэрэг ажлуудыг хийсэн. Энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учраас ажилласан жил байхгүй хохирч байна. Иймд шүүхэд өгсөн баримтуудыг үндэслэн намайг Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд 1982 оны 02 сарын 09-ний өдрөөс 1991 оны 04 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд тракторын жолооч, ЭТЦ-ийн санитарчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч О.Сайнчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Д.Хишигбаяр нь Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд 1982 оноос 1987 оныг хүртэл тракторын жолооч, 1987 оноос 1991 оныг хүртэл санитарчаар ажиллаж байсан юм. Д.Хишигбаяр хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн. Иймд Д.Хишигбаярыг тракторын жолооч, санитарчаар Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд 1982 оны 02 сарын 09-ний өдрөөс 1991 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Хишигбаяр нь Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд тракторын жолооч, эмчилгээний тэжээлийн цэгийн санитарчаар 1982 оны 02 сарын 09-ний өдрөөс 1991 оны 04 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

  1. Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:

1.1. Сургуулиа төгсөн ирж байгаа хүүхдүүдийг Эрдэнэтолгой бригадад тракторын жолоочоор хавсралтаар томилон авч ажиллуулсугай. Хавсралтанд: Д.Хишигбаяр, ЭТ, тракторчин гэсэн “Ажилд томилох тухай” Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн 1982 оны 37 тоот тушаал,

1.2. ... , төвийн ЭТЦ-ийн санитарч Ц.Хишигбаяр нарын 1987 оны ээлжийн амралтыг 12-р сарын 16-ны өдрөөс эхлэн үндсэн амралт-15, нэмэгдэл-7, бүгд-22 хоногоор бодож олгосугай гэсэн “Ээлжийн амралт олгох тухай” Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 12 сарын 18-ны өдрийн 246 тоот тушаал,

1.3. Санитарч Д.Хишигбаяр нь 1988 оны 1-р сарын 8-нд төрж төрсний дараах 56 хоног, 3-р сарын 4-нд дуусч ээлжийн амралтаа 3-р сарын 5-наас эхлэн авч 4-р сарын 4-нд дууссан тул 4-р сарын 4-нөөс эхлэн 7-р сарын 8-ныг хүртэл хүүхдээ 6 сар болтол асрах хугацааны нэмэгдэл чөлөөг олгосугай гэсэн “Цалингүй нэмэгдэл чөлөө олгох тухай” Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 06 сарын 24-ний өдрийн 129 тоот тушаал,

1.4. Сумын төвд ЭТЦ-тэй болж түүнд санитарч авч ажиллуулах шаардлагатай болсон учир Д.Хишигбаярыг 1989 оны 3-р сарын 23-ны өдрөөс эхлэн санитарчаар авч ажиллуулсугай гэсэн “Ажилд авах тухай” Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 04 сарын 20-ны өдрийн 43 тоот тушаал,

1.5. Нэгдлийн аппарадын харьяа салбаруудын ажилтан ажилчдыг 1990 оны ээлжийн амралтыг өөрсдийн нь болон ахлах мэргэжилтнүүдийн саналыг харгалзан зохих хуваарийн дагуу баталсугай. Хавсралтанд: Д.Хишигбаяр, албан тушаал-ЭТЦ-н сан, 1989 онд амарсан хугацаа-XI/01 гэсэн “Ажилтан, ажилчдын ээлжийн амралтыг батлах тухай” Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 03 сарын 10-ны өдрийн 20 тоот тогтоол,

2. Гэрч Ч.Цэцэгмаагийн: “Би Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн сангийн аж ахуйд тракторын жолоочоор 1981 оноос тус нэгдлийг хувьчлагдах хүртэл ажилласан. Намайг Хамтын зориг нэгдэлд тракторын жолоочоор ажилладаг байхад Д.Хишигбаяр нь 1982 оны үед тус нэгдэлд илгээлтээр ирж тракторын жолоочоор ажиллаж эхэлсэн. Энэ ажлыг 2, 3 жил хийсэн. Д.Хишигбаяр нь сүүлдээ малын санитарч, малчнаар ажилладаг байсан. Д.Хишигбаяр нь Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийг хувьчлагдах хүртэл тракторын жолооч, малчин, малын санитарч зэрэг ажлуудыг хийсэн. Би Д.Хишигбаяртай нэг нэгдэлд ажиллаж мөн нэг дор айл саахалт байсан учир би түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлэг зэрэг болно.

                                                                                                                  

Шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгч О.Сайнчимэгийн хүсэлтээр Д.Хишигбаяртай хамт ажиллаж байсан Ч.Цэцэгмаагаас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.

Мөн Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм. 

Хүсэлт гаргагч Д.Хишигбаяр нь Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд 1982 оны 02 сарын 09-ний өдрөөс 1991 оны 04 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд тракторын жолооч, ЭТЦ-ийн санитарчаар ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасан боловч хүсэлтдээ хэдээс хэдэн оны хугацаанд тракторын жолоочоор, хэдэн онд ЭТЦ-ийн санитарчаар ажиллаж байснаа тогтоолгох нь тодорхойгүй, хүсэлт гаргагчийн төлөөлөгч О.Сайнчимэг шүүх хуралдаанд тэр талаар тайлбарлаж чадахгүй байна. Иймд шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн Д.Хишигбаярын ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шийдвэрлэв.

“Ажилд томилох тухай” Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн 1982 оны 37 тоот тушаал, гэрч Ч.Цэцэгмаагийн “намайг Хамтын зориг нэгдэлд тракторын жолоочоор ажилладаг байхад Д.Хишигбаяр нь 1982 оны үед тус нэгдэлд илгээлтээр ирж тракторын жолоочоор ажиллаж эхэлсэн” гэх мэдүүлгээр Д.Хишигбаяр нь Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд тракторын жолоочоор 1982 онд ажиллаж байсан нь мөн Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 12 сарын 18-ны өдрийн 246 тоот, 1988 оны 06 сарын 24-ний өдрийн 129 тоот, 1989 оны 04 сарын 20-ны өдрийн 43 тоот тушаал, Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 03 сарын 10-ны өдрийн 20 тоот тогтоол, гэрч Ч.Цэцэгмаагийн “Д.Хишигбаяр нь сүүлдээ малын санитарч, малчнаар ажилладаг байсан. Д.Хишигбаяр нь Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийг хувьчлагдах хүртэл тракторын жолооч, малчин, малын санитарч зэрэг ажлуудыг хийсэн” гэх мэдүүлгээр Д.Хишигбаярын Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд санитарчаар 1987 оны 01 сараас 1991 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь тогтоогдож байна.

Д.Хишигбаярын тракторын жолоочоор ямар хугацаанд ажилласан болон хэзээ санитарчаар ажиллаж эхэлсэн талаар бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй, хүсэлт гаргагч болон түүний төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь нотлох баримтаар нотолж чадахгүй байна.

Иймд Д Д.Хишигбаярын Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд тракторын жолоочоор 1982 онд, санитарчаар 1987 оны 01 сараас 1991 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1983 оноос 1987 он хүртэл Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Пальт овгийн Доржсүрэнгийн Хишигбаярын Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд тракторын жолоочоор 1982 онд, санитарчаар 1987 оны 01 сараас 1991 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1983 оноос 1987 он хүртэл Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

           

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БАЙГАЛМАА