Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/01704

 

Д.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2018/00938 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1369 дугаар магадлалтай,

Д.Н-гийн нэхэмжлэлтэй

НА ХХК, Т.Б нарт холбогдох,  

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 240 айлын орон сууцны барилгын “А” блок, 131 тоот, 46,36 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгөхийг “НА” ХХК-д даалгах, “НА” ХХК болон хариуцагч Т.Б нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцыг Т.Бийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагч Т.Бийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагч Т.Б, өмгөөлөгч Б.Д, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...“НА” ХХК нь 2012 онд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 3-48 дугаар байрыг буулгаж, газар дээр нь 16 давхар, 240 айлын орон сууц барихаар болж оршин суугчидтай гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэгч нь 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “НА” ХХК-тай 46 тоот “орон сууцаар хангах тухай гэрээ”, 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 46/131 тоот нэмэлт гэрээг тус тус  байгуулж өөрийн эзэмшиж байсан 36 м.кв талбай бүхий орон сууцны оронд шинээр баригдах орон сууцны шинээр баригдсан барилгын “А” блокын 8 дугаар давхрын 131 тоот 46,36 м.кв талбай бүхий орон сууцыг сонгож, зөрүү 10,36 м.кв-ын үнэ 10.360.000 төгрөгийг төлж, орон сууцыг өмчлөхөөр тохиролцсон. Дээрх гэрээний дагуу 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 2.072.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5.750.000 төгрөгийг хариуцагч “НА” ХХК-д төлж барагдуулсан. Гэрээний 1.2-т сууц өмчлөгчийн хуучин орон сууцны нийт ашигтай талбайн хэмжээг хэвээр хадгалан шинэ баригдсан орон сууцыг давуу эрхээр үнэгүй олгох, 2.7-д сууц өмчлөгчдийн хуучин орон сууцны ашигтай талбайн хэмжээнээс илүү, дутуу гаргалгүй шинэ орон сууц олгох үүргийг “НА” ХХК хүлээх, 3.1-д шинээр өмчлөх орон сууцны талбайн хэмжээ нь хуучин эзэмшиж байсан талбайн хэмжээнээс багагүй байх ба давуу эрхтэйгээр эзэмших эхний ээлжинд эдлэхээр тус тус заасан. Гэтэл хариуцагч “НА” ХХК нь 2016 оны 4 дүгээр сард уг барилгын “А” блокыг ашиглалтанд оруулж, улсын комисст хүлээлгэн өгсөн боловч 131 тоот орон сууцыг хүлээлгэж өгөөгүй, энэ байдлыг тодруулахаар очиход орон сууцыг 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэн Т.Бтэй байгуулсан  “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу түүнд шилжүүлсэн байсан. Иймд 131 тоот, 46,36 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Д.Н-г тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримтыг гаргаж өгөхийг хариуцагч “НА” ХХК-д даалгаж, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэн Т.Бтэй байгуулсан  “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож, орон сууцыг Т.Бийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч НА ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Хариуцагч компанийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчтэй 2012 онд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байхад Т.Бтай 2014 онд давхардуулан гэрээ хийсэн байдаг. Нэгэнт 1 орон сууцыг 2 хүнтэй давхардуулан гэрээ хийсэн, аль нэг нь өмчлөгчөөр тогтоолгож, нөгөө тал хохирлоо нэхэмжлэх эрхтэй юм. Д.Н-гийн хувьд өөрийн эзэмшиж байсан орон сууцаа нураалгасан, тухайн баригдсан орон сууцад тэргүүн ээлжинд орох давуу эрхтэй байсан тул өмчлөгчөөр тогтооход татгалзахгүй гэжээ.

Хариуцагч Т.Бийн шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие “НА” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах, тус компанийн барьж байсан “Шинэ ирээдүй” 240 айлын орон сууцны “А” блок, 131 тоотын 2 өрөө 46,36 м.кв орон сууцыг захиалан төлбөрийг бүрэн төлж, уг байранд оршин сууж байгаа билээ. Мөн байрыг хүлээн авахад талбайн зөрүү гарч дахин төлбөрийг нэмж төлснөөр байрны хууль ёсны өмчлөгч болсон юм. Д.Н- гэдэг айлтай миний захиалсан байр давхацсаныг байрандаа орсноосоо хойш мэдсэн бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг “НА” ХХК-ийн удирдлагуудад удаа дараа хэлэхэд “энэ асуудал танд хохиролгүй шийдэгдэх юм байгаа, учир нь байрны үлдэгдэл төлбөрийн асуудал бидэнд бий” гэсэн хариу өгч байсан. Нэхэмжлэгчийн өмнө тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүгчийн 184/ШЗ2016/05071 дугаар захирамжаар шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрт заагдсан зөрчил одоог болтол арилаагүй. Миний бие тухайн орон сууцыг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсгүүдэд зааснаар шударгаар эзэмшиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлээс гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2018/00938 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 16 давхар, 240 айлын орон сууцны барилгын “А” блок, 131 тоот, 46,36 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.Н-г тогтоож, орон сууцыг өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагч “НА” ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “НА” ХХК болон хариуцагч Т.Б нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 16 давхар, 240 айлын орон сууцны барилгын “А” блок, 131 тоот, 46,36 м.кв 2 өрөө орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч Т.Бт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1  дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 342.730 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч  Т.Бээс 206.465 төгрөг, хариуцагч НА ХХК-иас 346.865 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1369 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2018/00938 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106.465 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Т.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талын барьж хууль дутуу хэрэглэн гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөж шийдвэрлэсэн. Учир нь миний бие өөрийн эзэмшилдээ шилжүүлэн аваад 2 жил болж байгаа хөрөнгийг хууль бус эзэмшил гэж үзсэн нь хуулийг дутуу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Эд хөрөнгийн эрхийн доголдолтой байдал нь надтай шууд хамааралтай зүйл биш бөгөөд НА ХХК-ийн үүсгэсэн зүйл юм. Өөрийн мөнгөөр худалдан авсан хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авах бичиг баримтыг хариуцагчаас шаардаж байсан боловч Эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж байгаа Улсын бүртгэлийн газар хаалт тавигдсан гэсэн шалтгаан хэлж өнөөдрийг хүрсэнээс болж би бүртгүүлж чадаагүй. Мөн өөрсдөө бүртгүүлэхээр улсын бүртгэлийн газарт хандахад хөдөлгөөн хийхийг хориглосон байна гэсэн хариу өгдөг байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг шууд хүлээн зөвшөөрсөн болон шүүх бусдын хөрөнгийг дур мэдэн ашиглаж байгаа мэтээр албадан гаргах шийдвэр гаргасан нь миний эрх ашгийг шууд хөндсөн шийдвэр болсон. Д.Н- гэдэг айлтай давхцалтай гэдгийг байрандаа орсны дараа мэдсэн бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хариуцагчид удаа дараа хэлж сануулж, уулзаж байсан. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар шудрага өмчлөгч бөгөөд мөн хуулийн 114.1-т зааснаар шударгаар олж авсан өмч юм. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-т заасныг үндэслэн шийдвэрлэх хуулийн зохиуцуулалт байсан боловч түүнийг хэрэглэхгүй хууль дутуу хэрэглэсэн болно. Гэтэл шүүх хууль бус эзэмшлээс чөлөөлөх, албадан нүүлгэх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Мөн Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх заалтуудыг хэрэглэлгүй дутуу орхисон болно. Хэрэгт Д.Н- НА ХХК хооронд байгуулсан нэмэлт гэрээ байгаа бөгөөд уг гэрээнд хугацаа заагаад тухайн хугацаанд үлдэгдэл төлбөрөө тушаагаагүй тохиолдолд гэрээ цуцлагдах болохыг заасан байдаг. Гэтэл тухайн хугацаанд төлбөрөө төлөөгүйгээс гадна Т.Б миний гэрээ хийж 80 хувийн төлбөрөө төлсний дараа мөнгө тушаасан. Үүнийг шүүх үнэлээгүй орхигдуулсан. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Н- нь  НА ХХК, Т.Б нарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 240 айлын орон сууцны барилгын “А” блок, 131 тоот, 46,36 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгөхийг хариуцагч “НА” ХХК-д даалгах, “НА” ХХК, Т.Б нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцыг Т.Бийн эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч НА ХХК зөвшөөрч, Т.Б зөвшөөрөөгүй маргасан байна.

Хариуцагч НА ХХК маргааны зүйл болсон орон сууцыг хоёр өөр этгээд буюу Д.Н-, Т.Б  нарт худалдсан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Д.Н-, НА ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийн орон сууцаар хангах гэрээ, 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн нэмэлт гэрээ нэхэмжлэлийн үндэслэл болсон ба уг гэрээгээр нэхэмжлэгч өөрийн эзэмшиж байсан 36 м.кв талбай бүхий орон сууцны оронд шинээр баригдах орон сууцнаас 46.36 м.кв талбай бүхий орон сууцыг сонгож, зөрүү 10.36 м.кв-ын үнийг төлөхөөр тохиролцож, 7.822.000 төгрөг төлсөн байна.

НА ХХК нь дээрх орон сууцыг 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “орон сууцны хөрөнгө оруулалтын” гэрээгээр Т.Бт худалдаж, үнэд 50.995.000 төгрөг төлөгдсөн тул гэрээний зүйлийг түүний эзэмшилд шилжүүлсэн нь тогтоогджээ.

Д.Н-, НА ХХК, Т.Б, НА ХХК-ийн хооронд тус тус худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцсэн байна.

Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэйг Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д заасан хэдий ч хариуцагч Т.Бт орон сууц өмчлөх эрх үүсэх боломжгүй.

Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.4-д ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны өмчлөгчид нь хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр шинээр баригдах орон сууцнаас эхний ээлжинд өмчлөх эрх эдлэх бөгөөд шинээр өмчлөх орон сууцны талбай хэмжээ хуучин орон сууцны талбайн хэмжээнээс багагүй байна гэж заажээ.

Хэргийн баримтаас үзвэл, Д.Н- болон бусад этгээдийн өмчлөлийн нийтийн зориулалттай орон сууцны сууцыг ашиглалтын шаардлага хангахгүй болсноос нурааж, уг газарт шинээр барилга барихтай холбоотой нэхэмжлэгч нь өмнө өмчилж байсан орон сууцнаас багагүй хэмжээтэй орон сууцыг өмчлөх хуульд заасан эрхийн хүрээнд хөрөнгө оруулагч НА ХХК-тай гэрээ байгуулжээ.

Нөгөө талаар гэрээний зүйл болсон орон сууц 2016 оны 4 дүгээр сард ашиглалтад  орсон тул энэ хугацаанд Д.Н-, Т.Б нарын хэн аль нь гэрээний зүйлийг эзэмшилдээ авах боломжгүй байжээ. Харин НА ХХК нь орон сууцыг хариуцагч Т.Бт хүлээлгэн өгсөн үед давхардуулан худалдсан талаар маргаан үүссэн нь тогтоогдсон байна.

Дээрх нөхцөл байдлаас хариуцагч Т.Бийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар шударга эзэмшигч, улмаар түүний эзэмшлийг давуу эрх гэж үзэх нь хуульд нийцэхгүй байна.

НА ХХК Д.Н-тэй гэрээ байгуулсан атлаа Т.Бт орон сууцыг давхардуулан худалдаж хууль зөрчжээ.

Иймд нэхэмжлэлийг хангасан шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх тул хариуцагч Т.Бийн “...шүүх Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 250 дугаар зүйлд заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2018/00938 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1369 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Т.Бийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Т.Б нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 207.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ