Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/00190

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 220 мянгатын 24-р байрны 15 тоотод оршин суух, Ньюплан ХХК-ний захирал ажилтай, регистр ЧМ80092518, Боржигон овогтой Жамсрангийн Дорждагвын нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 8-р хороо, 47-р байрны 9 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ЧО80071879, Жиж овогтой Сэсээрийн Болдод холбогдох худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 10 000 000 төгрөг гаргуулах, Ж.Дорждагвад холбогдох 10 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн С.Болдын сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Дорждагва, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхбаатар /үнэмлэх 0482/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, гэрч Б.Гончиг, С.Мядагмаа, Л.Баасансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Ж.Дорждагва шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 05-р сарын 15-нд С.Болдоос машин худалдах, худалдан авах аман гэрээ хийж урьдчилгаа 10 000 000 төгрөгийг төлж, 39-14 УНӨ Исузу жастон маркийн машиныг авсан. Машины үйл ажиллагаа нь гайгүй бол  үлдсэн мөнгө 5 000 000 төгрөгийг өгөхөөр тохирсон байсан. Ингээд машиныг  5-6 удаа хэрэглэхэд 4 удаа эвдэрсэн, 2 удаа нь С.Болдод буцааж өгөхөөр ярьсан. Гэтэл С.Болд “би засаад өгье, чиний мөнгийг өөр зүйлд ашигласан” гэдэг байсан. С.Болд өөрөө машиныг 2 удаа зассан боловч ерөөсөө болохгүй байсан. Мөн машиныг янзлах бүртээ өөрийн аж ахуйн хашаанд аваачдаг, авч яваад 7-8 хоног болдог, заримдаа засч өгөхгүй уддаг байсан. Тэгээд нэг удаа машины мотор цохиод Болд руу ярихад “чи өөрөө задлаад үзэж бай, мотор засдаг хүн явуулна” гэсэн. Би өөрөө задлаад болохгүй болохоор нь “Исузу Ганбаад аваачиж өгөхөд засагдахгүй мотор” гэж хэлсэн. С.Болд машинаа өөрөө авсан бөгөөд надад машин, моторын аль нь ч байхгүй. Иймд С.Болдоос урьдчилгаанд өгсөн 10 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Дорждагва нь ийм аргаар Болдоос өмнө нь машин худалдаж аваад 2 сар хэрэглээд буцаагаад өгсөн тохиолдол байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Зүгээр байсан машиныг авч эвдчихээд 10 000 000 төгрөг нэхэмжилж байна. Талууд үлдэгдэл мөнгөө өгөхдөө нэр шилжүүлнэ гэж итгэлцлийн үндсэн дээр гэрээ хийсэн. Машин 1994 онд үйлдвэрлэгдсэн, 2007 онд Монгол улсад орж ирсэн гэдгийг нэхэмжлэгч өөрөө мэдэж байгаа. Машины мотор цохиулах гол шалтгаан бол хүнд даацын ачаа ачсан, ур чадваргүй хүнээр бариулж эвдсэн гэж үзэж байгаа. Машины дугаарыг 39-14 УНӨ  гэж бичээд байгаа боловч 39-14 УБӨ дугаартай машин өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Дорждагва нь 39-14 УБӨ дугаартай машиныг худалдаж авсан, ашиглалтын ямар журам зөрчиж мотор эвдсэнийг тогтоох боломжгүй байна. Мөн одоо засварт байгаа гэх машины мотор уг машины мотор мөн эсэх нь эргэлзээтэй, мотор таних боломжгүй болгосон байна. Моторны үнэ 8 000 000 төгрөг, ажлын хөлсөнд 500 000 төгрөг, олох байсан орлого 72 хоногт 6 500 000 нийт 15 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэвч ИСУЗУ моторын үнэ 10 000 000 төгрөгийн үнэтэй байгаа, нэхэмжлэх нь хэрэгт авагдсан байгаа тул энэ үнээр тооцож  17 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Өмнө нь 2014 оны 05-р сарын 28-ны өдөр нотариатаар орж гэрээ байгуулан 27-20 УНК дугаартай Исузу Форвард машиныг худалдаж, бичиг баримт нь Ж.Дорждавагын нэр дээр шилжсэн байсан боловч 2 сар  ашиглачихаад буцааж өгсөн байдаг. 2 сар ашигласны төлбөр  3 000 000 төгрөг нэхэхээр 3 мөнгөн аягыг нэг бүрийг нь 1 000 000 төгрөгөөр тооцон өгсөн. Гэтэл бодит байдал дээр мөнгөн аяганы нэг бүрийн үнэ 260 000 төгрөг байсан тул аягыг буцааж өгч 3 000 000 төгрөг нэхэмжилж байна. Ингээд нийт 20 000 000 төгрөгийг Ж.Дорждагваас гаргуулж өгнө үү гэв.   

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Д.Мөнхбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Маргаан нь машины улсын дугаар биш. Машины улсын дугаар 39-14 УБӨ Исузу жастон машины мотор цохиулсан 8 000 000 төгрөг, засварын зардал 500 000 төгрөг, олох байсан орлого 6 500 000 төгрөг нийт 15 000 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Өмнөх машины маргаан бол худалдах худалдан авах гэрээнээс үүссэн харилцаа,  түүнээс биш түрээсийн гэрээ хийгээд эд хөрөнгө түрээслүүлсэн зүйл байхгүй. Тухайн үед гэрээ хийж шилжигдсэн хэдий ч  тохиролцоонд хүрээгүй учраас өгсөн авснаа буцаагаад 3 мөнгөн аягаар тооцоо дууссан. Өмнөх гэрээний харилцаа дуусгавар болсон. Бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.   

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд, гэрчүүдийн мэдүүлгийг шинжлэн судлаад                                                                                                      

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Ж.Дорждагва нь С.Болдод холбогдох худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 10 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг, хариуцагч С.Болд нь Ж.Дорждагвад холбогдох 10 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.  

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8 000 000 төгрөгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Ж.Дорждагва нь С.Болдтой 2016 оны 5-р сарын 15-ны өдөр түүний эзэмшлийн 39-14 УБӨ улсын дугаартай ISUZU JUSTON маркийн автомашиныг 15 000 000 төгрөгөөр худалдан авах, урьдчилгаа 10 000 000 төгрөгийг өгч, үлдэх 5 000 000 төгрөгийг төлж машины бичиг баримтыг шилжүүлэн авахаар харилцан тохирчээ.  

Амаар тохирсны дагуу худалдан авагч Ж.Дорждагва нь машиныг шилжүүлэн авч, 10 000 000 төгрөгийг төлсөн нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, харин “хүлээн авсан машины мотор эвдэрсэн”, “хүнд даацын ачаа ачсан, ур чадваргүй хүнээр бариулснаас мотор эвдэрсэн” талаар талууд маргаж, улмаар нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 10 000 000 төгрөг гаргуулахаар, хариуцагч нь моторын үнэ болон засварын зардал, олох байсан ашиг 17 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл  гаргажээ.  

Шүүх хуралдааны шатанд “УБӨ 39-14 улсын дугаартай ISUZU JUSTON маркийн машиныг С.Болдод буцааж өгсөн, одоо түүний эзэмшилд байгаа, машины гэрчилгээ Ж.Дорждагвын нэр дээр шилжээгүй” нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

Хэдийгээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “хүнд даацын ачаа ачсан, ур чадваргүй хүнээр бариулснаас мотор эвдэлсэн” гэж тайлбарладаг боловч шүүх хуралдааны шатанд гэрч С.Мядагмаагийн “...2016 оны 5-р сард Дорждагва нь манай дүүгээс машин авсан, авсан машинаа танай хашаанд хонуулъя гээд 1 удаа тавьсан, тэгээд 2 удаа ирж машинаасаа барилгын материал авсан, машин эвдэрсэн гэж хальт сонссон” гэсэн мэдүүлэг, гэрч Л.Баасансүрэнгийн “...Болд ахтай зогсоол дээр хамт зогсдог байсан, 39-14 машинаа зарсан гэж сонссон, энэ машин Цамбын тэнд “NM” зочид буудлын барилга дээр 3-4 хоног ажил хийсэн, тэгээд Болд ахад энэ талаар хэлж байсан, тэр үед машинаа зарсныг мэдээгүй” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Гончигийн “...2016 оны 5-р сарын дундуур бид нар 100 айл дээр барилга барьж байхад Дорждагва крантай машин худалдаж авсан гэж ярьсан. Авсан машиныг нь би унаж явахад хороп нь араандаа орохгүй байсан, дараа нь Городокт гэрлийн шон солих ажилд явахад мотор нь эвдэрсэн, моторыг бид нар өөрсдөө задалсан” гэсэн мэдүүлгүүдээс дүгнэвэл хариуцагчийн татгалзаж байгаа үндэслэлийг нотлоогүй байна.

Нөгөө талаас, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаж моторын үнэ, засварын зардал гаргуулахаар шаардсан нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа үндэслэл гэж үзнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд талуудыг оролцуулан 2016 оны 12-р сарын 08-ны өдөр хийсэн үзлэгээр “Н11230008 дугаартай ISUZU JUSTON маркийн машины моторыг задалсан байдлаар засуулахаар авчирсан, 7-р сараас хойш хадгалагдаж байгаа, моторын эд ангийг үрэгдэхээс хамгаалж боож тавьсан”, мотрыг задарсан байдалтай байсан нь үзлэгийн тэмдэглэл, фото зургаар бэхжүүлсэн байдлаар тогтоогдсон, засварчин гэх Ганбаа нь уг моторыг засах боломжгүй гэж тайлбарласан болно.

Талуудын  хэн аль нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд нэхэмжлэгчид 10 000 000 төгрөгийг, харин С.Болдод машиныг буцааж өгсөн боловч машины мотор нь ашиглах боломжгүй болсон тул моторын үнэнд нэхэмжилсэн 8 000 000 төгрөгийг гаргуулж сөрөг нэхэмжлэлээс харилцан тооцож, хангах үндэслэлтэй.

Харин худалдагч машинаа худалдсан бол тухайн машинаар ажил үйлчилгээ явуулж ашиг олох үндэслэлгүй, нөгөө талаас, хариуцагч моторын үнэ 10 000 000 төгрөгний нэхэмжлэхийг нотлох баримтаар гаргасан боловч энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлээгүй, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан ямар нэг баримтыг гаргаагүй тул 8 000 000 төгрөгийн хэмжээнд сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэлээ. 

Хариуацгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2015 оны 05-р сарын 8-ны өдөр талуудын хооронд байгуулсан “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгтэй холбоотой 3 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан байх ба энэ шаардлага нь 2016 оны 5-р сарын 15-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан шаардлагатай холбоогүй, өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73-р зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцогдох маргаан биш тул нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдсон гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 115.2.2  дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205-р зүйлийн 205.1, 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Болдоос 10 000 000 /арван сая/ төгрөг гаргуулж Ж.Дорждагвад, Ж.Дорждагваас 8 000 000 /найман сая/ төгрөг гаргуулж С.Болдод тус тус олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 7 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 117-р зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Ж.Дорждагвад холбогдох 3 000 000 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн С.Болдын сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөг, хариуцагчаас төлсөн 233 000 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, С.Болдоос 174 950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж Ж.Дорждагвад, Ж.Дорждагваас 142 950 /нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж С.Болдод тус тус олгосугай.

4. Хариуцагч С.Болдоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтэсийн улсын орлогын 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж олгосугай.    

5. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

     

        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                Р.АЛТАНТУЯА