Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 818

 

      Ж.Дорждавагийн нэхэмжлэлтэй,

       иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Т.Туяа , Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ20176/00190 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ж.Дорждавагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Болдод холбогдох

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

18 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхбаатар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Дорждаваг шүүхэд болох шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 5 дугаар сарын 15-нд С.Болдоос автомашин худалдах-худалдан авах аман гэрээ хийж, урьдчилгаа 10 000 000 төгрөг төлж, 39-14 УНӨ улсын дугаартай, Исузу жастон маркийн машиныг авсан. Машины үйл ажиллагаа гайгүй бол үлдсэн 5 000 000 төгрөгийг өгөхөөр тохирсон байсан. Машиныг 5-6 удаа хэрэглэхэд 4 удаа эвдэрсэн, 2 удаа  С.Болдод буцааж өгөхөөр ярьсан. Гэтэл С.Болд “би засаад өгье, чиний мөнгийг өөр зүйлд ашигласан” гэж байсан. С.Болд өөрөө машиныг 2 удаа зассан боловч болоогүй. Мөн машиныг янзлах бүртээ өөрийн аж ахуйн хашаанд аваачдаг, авч яваад 7-8 хонодог, заримдаа засч өгөхгүй уддаг байсан. Тэгээд нэг удаа машины мотор цохиод С.Болд руу ярихад “чи өөрөө задлаад үзэж бай, мотор засдаг хүн явуулна” гэсэн. Би өөрөө задлаад болохгүй болохоор нь “Исузу н.Ганбаад өгөхөд засагдахгүй мотор” гэж хэлсэн. С.Болд машинаа өөрөө авсан бөгөөд надад машин, моторын аль нь ч байхгүй. Иймд урьдчилгаанд өгсөн 10 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Дорждаваг өмнө нь машин худалдаж аваад 2 сар хэрэглээд буцааж өгсөн тохиолдол байгаа. Зүгээр байсан машиныг авч эвдчихээд 10 000 000 төгрөг нэхэмжилж байна. Талууд үлдэгдэл мөнгөө өгөхдөө нэр шилжүүлнэ гэж итгэлцлийн үндсэн дээр гэрээ хийсэн. Машин 1994 онд үйлдвэрлэгдсэн, 2007 онд Монгол улсад орж ирсэн гэдгийг нэхэмжлэгч мэдэж байгаа. Машины мотор цохиулах гол шалтгаан нь хүнд даацын ачаа ачсан, ур чадваргүй хүнээр бариулж эвдсэн гэж үзэж байгаа. Машины дугаарыг 39-14 УНӨ гэж байгаа боловч 39-14 УБӨ дугаартай машин өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ж.Дорждаваг 39-14 УБӨ улсын дугаартай машиныг худалдаж авсан, ашиглалтын ямар журам зөрчиж, мотор эвдсэнийг тогтоох боломжгүй. Мөн засварт байгаа гэх машины мотор уг машины мотор мөн эсэх эргэлзээтэй, моторыг таних боломжгүй болгосон. Моторны үнэ 8 000 000 төгрөг, ажлын хөлсөнд 500 000 төгрөг, олох байсан орлого 72 хоногт 6 500 000 нийт 15 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэвч Исузу мотор 10 000 000 төгрөгийн үнэтэй, нэхэмжлэх нь хэрэгт авагдсан байгаа тул энэ үнээр тооцож 17 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Өмнө нь 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нотариат орж гэрээ байгуулан 27-20 УНК дугаартай Исузу Форвард машиныг худалдаж, бичиг баримт Ж.Дорждавагийн нэр дээр шилжсэн боловч 2 сар ашиглачихаад буцааж өгсний төлбөр 3 000 000 төгрөг нэхэхээр 3 мөнгөн аяга нэг бүрийг 1 000 000 төгрөгөөр тооцон өгсөн. Гэтэл мөнгөн аяганы үнэ 260 000 төгрөг байсан тул аягыг буцааж өгч 3 000 000 төгрөг нэхэмжилж байна. Иймд 20 000 000 төгрөгийг Ж.Дорждавагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Маргаан нь машины улсын дугаар биш. Машины улсын дугаар 39-14 УБӨ улсын дугаартай, Исузу жастон машины мотор цохиулсан 8 000 000 төгрөг, засварын зардал 500 000 төгрөг, орлого 6 500 000 төгрөг нийт 15 000 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Өмнөх машины маргаан худалдах, худалдан авах гэрээнээс үүссэн харилцаа, түүнээс биш түрээсийн гэрээ, эд хөрөнгө түрээслүүлсэн зүйл байхгүй. Тухайн үед гэрээ хийж шилжигдсэн хэдий ч тохиролцоонд хүрээгүй учраас өгсөн авснаа буцаагаад 3 мөнгөн аягаар өмнөх гэрээний харилцаа дуусгавар болсон тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Болдоос 10 000 000 төгрөг гаргуулж Ж.Дорждавагт, Ж.Дорждавагаас 8 000 000 төгрөг гаргуулж С.Болдод тус тус олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 7 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Ж.Дорждавагт холбогдох 3 000 000 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн С.Болдын сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөг, хариуцагчаас төлсөн 233 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, С.Болдоос 174 950 төгрөг гаргуулж Ж.Дорждавагт, Ж.Дорждавагаас 142 950 төгрөг гаргуулж С.Болдод тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 8 000 000 төгрөгийг хангахдаа Ж.Дорждаваг мотор эвдэрсэнд гэм буруутай эсэх асуудал нотлох баримтаар тогтоогдоогүй байхад шүүх шийдвэртээ ...машины мотор ашиглах боломжгүй болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Уг машины мотор эврэхэд С.Болдод хэлэхэд манай хашаанд аваад ир засаад өгье гэж байсан, хашаанд нь аваачиж өгөхөд манай засварчид хөдөө явчихсан, та нар задалж бай гэсэн, задлаад үзэхэд мотор засдаг хүнээр эасуулахгүй бол бид өөрсдөө засаж чадахгүй эвдэрсэн байсан. Засварчин н.Ганбаад үзүүлэхэд мотор нь анх боохдоо эд ангийг буруу тавьж угсарсанаас эвдэрсэн байна, засах боломжгүй гэж хэлсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага 8 000 000 төгрөгийг хангасан хэсгийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ж.Дорждаваг нь хариуцагч С.Болдод холбогдуулан худладах, худалдан авах гэрээний үүргээс татгалзаж, 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 18 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Талууд 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 39-14 УНӨ улсын дугаартай, Исузу жастон маркийн автомашиныг 15 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцон, урьдчилгаа 10 000 000 төгрөгийг төлж, гэрээний зүйлийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч уг машиныг хэрэглэх явцад биет байдлын доголдол илэрсэн гэж гэрээнээс татгалзаж, хариуцагч тал биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлсэн, гэрээний зүйлийн эвдрэлийн улмаас хохирол учирсан гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа  тодорхойлсон байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчжээ.

Нэхэмжлэгч Ж.Дорждаваг нь 39-14 УНӨ улсын дугаартай автомашины мотор болон кропны эвдрэл нь ямар шалтгааны улмаас эвдэрсэн талаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан нь уг моторыг ашиглах боломжгүй тул үзлэг хийлгэх хүсэлтийг тус тус гаргасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс үзлэг хийсэн боловч  уг үзлэгээр ямар байдлыг тодруулах, тогтоолгох асуудлыг шийдвэрлэж, тогтоогоогүй /хх-42-43, 50/. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь уг моторыг ашиглах боломжгүй болсон учраас шинээр мотор авах зардлыг шаардан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан тохиолдолд  моторын эвдрэл гэмтэл ямар шалтгааны улмаас гарсан, гэрээний зүйлийг хэн хариуцах үндэслэлийг уг үзлэгээр тогтоох боломжтой гэж үзнэ.

Иймд давж заалдах шатны шүүх худалдан авагч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу биет байдлын доголдолтой зүйл хүлээж авсан бол эрсдэл шилжих эсэх, улмаар гэрээнээс татгалзаж байгаа бол гэрээний зүйлийг бүрэн бүтэн байдлаар нь буцааж худалдагчид өгөх үүрэг нэхэмжлэгчид үүсэх эсэх, үүнтэй холбоотой хуулийн зохицуулалтыг хэрэглэх эсэхэд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй.

Түүнчлэн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8 000 000 төгрөгийг ханган шийдвэрлэхдээ “2016.12.20-ны өдрийн 1 ширхэг мотор 10 000 000 төгрөгийн нэхэмжлэх”-ийг үндэслэл болгосон нь нотлох баримтыг үнэлэх журамд нийцэхгүй юм /хх-61/.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлбэл зохих ажиллагааг хийгээгүй, хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг тодруулан шийдвэрлээгүй байх тул эдгээр байдлыг давж заалдах шатны шүүхээс залруулан зөвтгөх боломжгүй байна.

Мөн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Ж.Дорждавагийн нэрийг “Ж.Дорждагва” гэж буруу бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд дээрх дурдсан үндэслэлээр хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  168 дугаар зүйлийн  168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ20176/00190 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

                                                                  ШҮҮГЧИД                                    Т.ТУЯА

                                                                                                                       Д.БАЙГАЛМАА