Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2022/0390

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь

Сум дундын прокурорын газрын хяналтын

прокурорын дүгнэлттэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн төлөөлөгч Т.А

Гомдол гаргагч: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор П.Н

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.А

Гуравдагч этгээд: “М” ХХК

 Нэхэмжлэлийн шаардлага: “Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0033407 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 13 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Гомдол гаргагч П.Н-, хариуцагчийн Г.А, гуравдагч этгээдийн төлөөлөгч Т.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 121/2022/0015/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Прокурор нь “Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0033407 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 13 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4, 4.3 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 7.2 дугаар зүйлийн 8-д заасныг тус тус баримтлан прокурорын дүгнэлтийн шаардлагыг хангаж, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0033407 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн төлөөлөгч Т.Алтанхуяг анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

3.1. Дээрх шийтгэлийн хуудсыг миний хувьд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэж байгаа буюу иргэн А.М-ыг зөрчил үйлдсэн гэж үзэж байгаа.

3.2. Гэтэл Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор П.Н нь дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргасан байдаг бөгөөд анхан шатны шүүхээс “... “С” ХХК-аас “М” ХХК буюу иргэн Т.А, А.М- нарт холбогдуулан гомдол гаргасан, зөрчип гарах үед А.М- нь “М” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан зэргээс үзэхэд зөрчлийг А.М- үйлдсэн үү, А.М хуулийн этгээдийг телөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө үйлдсэн үү гэдэг нь ач холбогдолтой байхад эрх бүхий албан тушаалтан хуулийн этгээд зөрчил гаргасан эсэхтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах ажиллагаа хийхгүйгээр зөвхөн А.М-ын мэдүүлэгт үндэслэн торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна ... Мөн түүнчлэн “С” ХХК-ийг хохирогчоор тогтоож мэдүүлэг аваагүй, хохирлын хэмжээг мэргэжлийн байгууллагаар тогтоолгоогүй байна...” гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

3.3. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино, 1.2 дугаар зүйлд “Хууль ёсны зарчим”, 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 4-т “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж тус тус заасан байдаг бөгөөд “аливаа ял шийтгэлийг бусад этгээдэд халдаан хэрэглэхгүй байх гол зарчмыг удирдлага болгон эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах ёстой.

3.4. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрээр иргэн А.М- нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийг төлөөлөн түүний ашиг сонирхлын төлөө зөрчил үйлдсэн байж болзошгүй гэж үзэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь хуулийг төсөөтэй хэрэглэж, хэрэгт авагдсан баримтыг бүхэлд нь үгүйсгэж байгаа гэж үзэхээр байна.

3.5. А.М нь Өвөрхангай аймгийн Хархорин суманд “С” ХХК-ийн эзэмшил бүхий газар барилга байгууламж барихдаа “С” ХХК-тай амаар тохиролцож, эрх бүхий байгууллагын албан ёсны зөвшөөрөлгүй барьсан ба “М” ХХК-ийн захирлын хувьд биш иргэний хувийн зардал, эд хөрөнгөөр, хувийн хүсэл сонирхлоор барилгыг барьж эхэлсэн бөгөөд барилын ажлыг гүйцэтгэх зураг, бетон зуурмагийн “Р” ХХК-тай байгуулсан бетон зуурмаг худалдан авах тухай гэрээ, барилгын ажлын хөлс шилжүүлсэн баримтууд зэргээр нотгогдож байгаа. Мөн А.М нь миний хүү бөгөөд тухайн зөрчлийг гаргахдаа манай компанийн захирлаар томилогдон ажиллаж байгаад удалгүй дараа нь төрийн албанд ажиллахаар томилогдон ажиллах болсон тул Компанийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд зааснаар компанийн захирлын албан тушаалыг надад буцаан шилжүүлэн өгсөн байдаг бөгөөд ямар нэгэн зөрчил үйлдсэн шийтгэлээс зайлсхийх зорилго, санаа байгаагүй, одоо ч төрийн албанд ажиллаад явж байгаа.

3.6. Эдгээр нөхцөл байдлуудтай холбоотой баримтуудыг эрх бүхий албан тушаалтнаас шаардсаны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлийн явцад гаргаж өгсөн байдаг бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нотлох баримтуудыг шалган, үнэлж шийтгэлийг зохих хууль журмын дагуу оногдуулсан байдаг.

3.7. Гомдол гаргагч нь анх зөрчлийн талаар гомдлыг гаргахдаа намайг “М” ХХК-ийн захирлаар түр ажиллаж байсан тул “М” ХХК нь дээрх зөрчлийг гаргасан байж болзошгүй гэж ойлгоод гомдол гаргасан боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн зөрчлийг иргэн А.М үйлдсэн гэдэг нь тодорхой болсон, зөрчлийн улмаас “С” ХХК-д учирч байгаа хохирлыг А.М уулзаж тохиролцон нэн даруй арилгасан тул “С” ХХК-аас ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлж байсан.

3.8. Мөн иргэн А.М- нь 2021 оны 06 дугаар сараас эхлэн “С” ХХК-ийн эзэмшил бүхий газарт барилга байгууламж барихдаа тухайн үед “С” ХХК-ийн захиралтай амаар тохиролцон зөвшилцөж барьсан байдаг бөгөөд хууль, захиргааны хэм хэмжээний актын талаар сайн мэдэхгүй байсны улмаас эрх бүхий байгууллагын хууль ёсны зөвшөөрөлгүйгээр газар ашиглан барилга барьж энэ зөрчилд огт хамааралгүй манай “М” ХХК-ийг тухайн үйл ажиллагаанд оролцоотой мэт ойлголтыг бусдад төрүүлсэн байдаг. Эдгээр нөхцөл байдлыг шалгасан баримтууд нь ч хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Гомдол гаргагч болон хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба гомдол гаргагч прокурор П.Н- нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                 

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Прокурор П.Н-гаас “Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчид холбогдуулан Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0033407 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий дүгнэлтийг шүүхэд гаргажээ.

3. Анхан шатны шүүх “...гомдол, мэдээлэл гаргагч “С” ХХК-аас “М” ХХК буюу иргэн Т.А, А.М нарт холбогдуулан гомдол гаргасан, зөрчил гарах үед А.М нь “М” ХХК-ийн захирал байсан зэргээр зөрчлийг А.М үйлдсэн үү, А.М нь хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө үйлдсэн үү гэдэг нь ач холбогдолтой байхад эрх бүхий албан тушаалтан нь хуулийн этгээд зөрчил гаргасан эсэхтэй холбоотой нотлох баримт цуглуулах ажиллагаа хийхгүйгээр зөвхөн А.М-ын мэдүүлэгт үндэслэн түүнд торгох шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй” гэж дүгнэн маргаан 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0033407 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

4. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “... “С” ХХК-аас манай газар дээр “М” ХХК-ийн захирал А.М зөвшөөрөлгүй барилга барьж Газрын тухай хууль зөрчиж байна гэх гомдол ирүүлсэн ... тухайн зөрчил үйлдэх үедээ барилгын зураг төслөөс өөр баримт бичиг байхгүй байсан” гэсэн тайлбар, гуравдагч этгээдийн “үйлчилгээний зориулалттай барилга барьж байгаа, 1 дүгээр давхарт нь хүнс, 2 дугаар давхарт ахуйн бараа гэх мэт худалдаа үйлчилгээ явуулах зорилготой” гэсэн тайлбар болон “М” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны эрхлэх үйл ажиллагааны мэдээлэлд цэвэр усны үйлдвэрлэл, талх нарийн боовны үйлдвэрлэл, цагаан архи үйлдвэрлэх, хүнсний бөөний худалдаа, барааны худалдаа гэж тусгагдсан байгаагаас дүгнэн үзэхэд тухайн барилгыг А.М иргэний хувиар бариулсан гэж үзэх нь эргэлзээтэй.

5. Өөрөөр хэлбэл, А.М нь “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэдэг байсан бөгөөд уг барилгыг өөрийн эрх ашгийн төлөө барьж зөрчлийг үйлдсэн гэж үзэхээргүй байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас тухайн барилга нь иргэн А.М- /зөвхөн иргэний/-ын барилга гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

6. Нэгэнт “С” ХХК-аас хуулийн этгээд болон тухайн хуулийн этгээдийн төлөөлөгч нарт холбогдуулан гомдол гаргасан тохиолдолд хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь А.М-тай холбоотой бичиг баримтаас гадна “М” ХХК-тай холбоотой бичиг баримт, барилгын зураг төсөл, зөвшөөрөл болон бусад холбогдох баримтыг цуглуулж, холбогдох этгээдийг хохирогчоор тогтоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд явуулж тус барилгыг иргэн А.М- нь хувиараа барьсан уу эсвэл “М” ХХК-ийг төлөөлөн үйл ажиллагаа явуулсан уу гэдгийг шалгаж тогтоосны үндсэн дээр шийтгэлийн хуудас ногдуулахаар байжээ.

7. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”, 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж тус тус зааснаас үзвэл энэ тохиолдолд гүйцэтгэх захирал нь компанийн үйл ажиллагааг явуулахаар барилга барьсны төлөө хувь хүнийхээ хувьд хариуцлага хүлээх үндэслэлгүй, шударга ёсонд нийцэхгүй.

8. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг зөв үнэлж “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна”, 7.1 дүгээр зүйлийн 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж заасан хуулийн заалтын агуулгаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан зөрчил шалгах ажиллагаа явуулж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг холбогдох нотлох баримтаар бүрэн гүйцэд тогтоосны дараа тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг нягтлан үзэх үүрэгтэй байхад улсын байцаагч нь бусдын эзэмшилийн газар дээр зөвшөөрөлгүй барилга барьсан зөрчлийг иргэн А.М- үйлдсэн гэж үзсэн нь Зөрчлийн тухай хуулийн зорилгод нийцэхгүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул гуравдагч этгээдийн төлөөлөгчийн “А.М зөрчлийг үйлдсэн” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

10. Улсын байцаагч нь зохих журмын дагуу зөрчлийг тогтоож, тухайн зөрчил үйлдсэн этгээдийг зөв тодорхойлж, хариуцлага ногдуулах шийдвэр гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 13 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

    

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ