Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/00256

 

2017 оны 01 сарын 18 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00256

Улаанбаатар хот

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо, 11-р байрны 113 тоотод оршин суух, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Вагон депод үйлчлэгч ажилтай, регистр АВ79011700, Дайртан овогтой Данзансамбуугийн Гэрэлчимэгийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 3-р хороо, 37-р байрны 24 тоотод оршин суух,  Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Вагон депод үйлчлэгч ажилтай, регистр ЧИ69062602, Боржигон овогтой Бишхүүгийн Баасанжаргал,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 11-р хороо, Эмийн ургамалын 12-126 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЖА68020869, Боржигон овогтой Банзрагчийн Энхтайван нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Гэрэлчимэг, хариуцагч Б.Баасанжаргал, Б.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Гэрэлчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Баасанжаргалтай хамт ажилладаг. Дүү Энхтайваныг нь танихгүй. Надтай Баасанжаргал нь 2014 оны 09-р сарын 17-нд 550 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж дүүдээ өгсөн. Удаа дараа гэрээгээ сунгаад байсан, 2017 оны 7-р сарын 17-ноос хойш хүү, алдангиа төлөөгүй. Би тэр мөнгийг зээлүүлэх үедээ хүнээс авч өгсөн гэдгийг хэлсэн. Би шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хүү, алданги тооцож 1 000 000 төгрөг нэхэмжилсэн. Одоо зээлийн хүү 166 200 төгрөг, алданги 250 000 төгрөг, зээл 500 000 төгрөг нийт 916 000 төгрөгийг Б.Баасанжаргалаас нэхэмжилж байна. Харин Б.Энхтайванаас мөнгө нэхэмжлэхгүй гэв.

 

Хариуцагч Д.Баасанжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 5-р сарын 5-нд Гэрэлчимэгээс 500 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлж 2016 оны 6-р сард төлж дуусгасан. 2014 оны  9-р  сарын  17-нд  550 000  төгрөгийг  10  хувийн  хүүтэй,  3  сарын   хугацаатай зээлсэн. 2014 оны 9-р сараас 2016 оны 9-р сарын 16-ны өдөр хүртэл 2 жил гаруй хугацаанд зөвхөн зээлийн хүүд 1 400 000 төгрөг төлсөн. Ингээд 2016 оны 8-р сарын 17-нд үндсэн зээлээс 55 000 төгрөг төлсөн. Зээлээ төлсөн гэж үзэж байгаа. Гэрэлчимэг нь байнга дарамталж, хэл амаар доромжилдог. Одоо нэхээд байгаа мөнгийг төлөхгүй гэв.

 

Хариуцагч Б.Энхтайван шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие дүү Б.Баасанжаргалаар уламжлуулан Д.Гэрэлчимэгээс 2014 оны 10-р сарын 17-нд 550 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Зээлийн хүү 55 000 төгрөгийг сар болгоны 17-нд төлж байсан. 2016 оны 8-р сарын 18-нд үндсэн мөнгөний 50 000 төгрөгийг хасаж тушаасан баримтыг хавсаргав. 2016 оны 9-р сарын 19-нийг хүртэл мөнгөний хүү, алдангийг тасралтгүй төлж байсан. Ар гэрийн гачигдал гарсны улмаас төлөх боломжгүй болсон, гэрэлчимэг нь хүүгийн хүү, алданга гэх зэргээр хэд дахин өсгөж уг мөнгийг төлөх боломжгүй болгож байгаа учир үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү. Мөн өдөр хоногоор дарамталж зовоож байгаа учир тохиролцох, ярилцах боломж олгохгүй байна гэжээ. 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Гэрэлчимэг нь Б.Баасанжаргал, Б.Энхтайван нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 916 000 төгрөгийг Б.Баасанжаргалаас гаргуулахаар шаардаж, хариуцагч Б.Энхтайванд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Шүүх Б.Баасанжаргалд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Б.Энхтайванд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Д.Гэрэлчимэг нь 2014 оны 09-р сарын 17-ны өдөр Б.Баасанжаргал, Б.Энхтайван нартай “Зээлийн гэрээ” байгуулж 550 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр /хх 3/ тохирчээ.

 

Зээлдүүлэгч тухайн өдрөө мөнгийг баримтаар шилжүүлэн өгсөн, зээлдэгч нар нь 2014 оны 9-р сараас 2016 оны 8-р сарын 17-ныг хүртэл зээлийн хүүд 1 400 000 төгрөгийг төлж, үүнээс хойш зээл, хүүгээ төлөөгүй гэж нэхэмжлэгч маргасан байна.

 

Зээлдэгч нар нь гэрээний хугацаа дуусахад зээлдүүлэгчид үндсэн зээл 550 000 төгрөг, хүү 55 000 төгрөг нийт 605 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байжээ.

 

Зээлдэгч нар нь 2016 оны 3-р сарын 16-нд 660 400 төгрөг, 2016 оны 8-р сарын 18-нд 50 000 төгрөг, 2016 оны 9-р сарын 19-нд 53 000 төгрөг, 2016 оны 8-р сарын 18-нд 56 500 төгрөг, 2016 оны 7-р сарын 18-нд 57 000 төгрөг, 2016 оны 3-р сарын 18-нд 55 000 төгрөг, 2016 оны 5-р сарын 27-нд 110 000 төгрөг, 2016 оны 6-р сарын 19-нд 57 000 төгрөг, 2015 оны 6-р сарын 17-нд 55 000 төгрөг, 2016 оны 1-р сарын 17-нд 55 000 төгрөг, 2016 оны 2-р сарын 18-нд 57 000 төгрөг, 2015 оны 12-р сарын 5-нд 60 000 төгрөг, 2015 оны 10- сарын 23-нд 57 000 төгрөг, 2015 оны 12-р сарын 17-нд 55 000 төгрөг нийт 1 551 400 төгрөгийг төлсөн нь баримтаар /хх 11-24/ тогтоогдсон байна.

 

 

Үүнээс дүгнэвэл, зээлдэгч нар гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэснээс нэхэмжлэгч нь зээлийн гэрээг сунгаж байсан гэх боловч гэрээг хийсэн хэлбэрээр сунгаагүй гэж үзнэ. 

 

Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нь хариуцагч Б.Энхтайванд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

Хариуцагч нарын “зээлийг төлсөн” гэсэн татгалзал үндэслэлтэй, талууд 215 оны 2-р сарын 5-нд 500 000 төгрөг зээлсэн талаар маргаагүйг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэг, 281-р зүйлийн 281.1 дэх хэсэг, 282-р зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан Бишхүүгийн Баасанжаргалаас 916 000 /есөн зуун арван зургаан мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн Данзансамбуугийн Гэрэлчимэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Банзрагчийн Энхтайванаас 916 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Б.Гэрэлчимэг татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 650 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээсүгэй.  

 

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

           

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.АЛТАНТУЯА