Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2022/0321

 

 

 

 

                        Ж.А, Б.Ц нарын

      нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.М,

Нэхэмжлэгч: Ж.А, Б.Ц,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 111 дүгээр, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 139 дүгээр шийдвэрүүдийг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 115 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Ж.А, Б.Ц, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Ж нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Гантогтох,

Хэргийн индекс: 128/2021/0181/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.А, Б.Ц нар нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдууланАшигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 111 дүгээр, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 139 дүгээр шийдвэрүүдийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 115 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 17 дугаар зүйлийн 17.5.1, 17.5.2, 17.5.3-д тус тус заасныг баримтлан Ж.А, Б.Ц нарын Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 111 дүгээр, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 139 дүгээр шийдвэрүүдийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 115 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

3.2. Төв аймгийн Заамар сумын иргэн Б.Ц, Ж.А нь Төв аймгийн Заамар сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхтэй, тус суманд мал маллаж амжиргаагаа залгуулдаг иргэд. Гэтэл бидний өвөлжөө, хаваржааны дээрх газартай давхцуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 111 дүгээр шийдвэр, мөн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 139 дүгээр шийдвэрээр Төв аймгийн Заамар сумын “Өвөр намганы ам” нэртэй газарт 3946.91 гектар талбайг XV-*** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг “Э Э” ХХК-д олгосон байна. Ийнхүү бусдын газар эзэмших эрхийг зөрчиж давхцуулан олгосны улмаас нэхэмжлэгч иргэдийн газар эзэмших эрх зөрчигдсөн. Ашигт малтмалын газраас бусдын эзэмшлийн газартай ийнхүү давхцуулан лиценз олгосны улмаас нэхэмжлэгч иргэд бидний газар эзэмших эрхийг зөрчиж байхад анхан шатны шүүх үүнийг харгалзан үзээгүйд гомдолтой байна. Нэхэмжлэгч нарын эзэмшиж буй газартай давхцуулан олгосныг тус сумын газрын даамал Б.У-ын хийсэн судалгаагаар ч мөн нотлогдоно.

3.3. Мөн Төв аймгийн Заамар суманд хууль бусаар тусгай зөвшөөрөл олгогдсоны улмаас гол мөрөн ширгэж, байгаль орчин сүйдэж, байгалийн унаган төрх алдагдаг, нутгийн малчин иргэдийн малын бэлчээрийн талбайгүй болсон зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Зарим газар нутгийг аймгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтад шинэчлэн авах тухай” 03 дугаар тогтоолын 1 дүгээр хэсэгт “... Заамар сумын газар нутгийг бүхэлд нь аймгийн тусгай хэрэгцээнд авч, шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй байxaap шийдвэрлэж, мөн Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “Газар нутгийг тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолын 1 дэх заалтаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон газраас бусад нийт 244.676.4 га газар нутгийг 15 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, улсын кадастрын бүртгэлд хамрагдсан болно. Гэтэл аймгийн болон Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр урьд нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцуулж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 111 дүгээр шийдвэрээр Төв аймгийн Заамар сумын “Өвөр намганы ам” нэртэй газарт 3946.91 гектар талбайд XV-*** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг “Э Э” ХХК-д олгосон нь хууль бус шийдвэр болсон. Гэтэл анхан шатны шүүх давхцалтай байгаа нь хууль тогтоомжид зөрчөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Нутгийн захиргааны байгууллага газар нутгаа тусгай хэрэгцээнд авах нь Үндсэн хуульд заасан эрх бөгөөд үүнийг Засгийн газар, Ашигт малтмалын газраас зөрчих эрхгүй.

3.4. Tyxaйн үeд “Э Э” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох талаар Ашигт малтмалын газраас Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авахад Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах” тухай саналыг хүргүүлж байсан боловч саналыг үл харгалзан лиценз олгосон байна. “Э Э” ХХК-д ийнхүү аймаг, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай болон иргэдийн өвөлжөө, хаваржааны газруудтай давхцуулан лиценз олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5.2-т “Тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх” хуулийн заалтыг шууд зөрчсөн, хууль бус шийдвэр болсон.

3.5. Дээрх шийдвэрүүд нь Aшигт малтмалын тухай хууль болон Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн, гомдол гаргасан малчин иргэдийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж сумын уугуул иргэд, малчин иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах /нөхцөл алдагдсан/ эрхийг зөрчсөн, малчин иргэдийн амжиргааны гол эх үүсвэр болсон мал, түүний отор, хадлан, малын бэлчээрийн талбайг хомсдолд оруулсан шийдвэр болсон. Гэтэл анхан шатны шүүх дээрх эрхийг харгалзан үзэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. Үүнд:

            4.1. Иргэн Ч.Б, Ц.Х, Г.Э нарын “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 441 дүгээр шийдвэрээр Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах “Өвөр наймганы ам” нэртэй 15541.08 га хайгуулын талбайг, 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 111 дүгээр шийдвэрээр Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах “Өвөр наймганы ам” нэртэй газарт 3946.91 га талбайг “Э Э” ХХК-д олгосон шийдвэрийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож 520 дугаартай шийдвэрийг гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.1-д “Энэ хуулийн 114.1-д заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй” гэж заасны дагуу 520 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр болсон.

4.2. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлээр Засгийн газрын бүрэн эрхийг хуульчилж, 9.1.3-д “Улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх” гэж заасан.

4.3. Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “Энэ хуулийн 20.1-т заасан сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын эрх олгосноор батлах” гэж заасныг үндэслэн Засгийн газрын эрх олгосноор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А /129 дүгээр тушаалын хавсралтаар “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталж, Хууль зүйн яаманд бүртгүүлсэн. Хууль зүйн яам дээр дурдсан журмыг Монгол Улсын хуульд нийцсэн, хууль зөрчөөгүй байна гэж үзэн бүртгэсэн.

4.4. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д /хуучин хуулиар/ “Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана” гэж заасны дагуу төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтэс Төв аймгийн Заамар сумын “Өвөр наймганы ам” нэртэй 15541.08 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгох боломжтой байна. Уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсвэл дэмжихгүй талаар санал авахаар тус аймгийн Засаг даргад 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 7/1462 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлэхэд Төв аймгийн Засаг дарга 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаартай хариуг ирүүлжээ. Ашигт малтмалын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 1.6-д заасны дагуу хязгаарлагдмал сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу ил тод нээлттэйгээр зарласан /хуучин журам/.

4.5. Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах “Өвөр наймганы ам” нэртэй 15541.08 га талбайд зарласан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналын баримт бичгийг дээр дурдсан журмын дагуу нээж, үнэлэн шалгарагчийг тодруулсан. Тус сонгон шалгаруулалтад шалгарсан Төв аймгийн орон нутгийн өмчит аж ахуйн нэгж болох “Э Э” ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-*** дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон.

4.6. Иймд нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Шүүх нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч Ж.А, Б.Ц нар нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 111, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 139 дүгээр шийдвэрүүдийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

           3.2. Маргаан бүхий 111 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг хүлээлгэн өгөх тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн мэдээллийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэж, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад тэмдэглэгээ хийж, кадастрын өргөдлийн бүртгэлийн SU-003169 дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу “Э Э” ХХК-ийн XV-*** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон Төв аймгийн Заамар сумын “Өвөр наймганы ам” нэртэй 15541.08 гектар хайгуулын талбайгаас 11594.16 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэж байгаа 3946.91 гектар талбайг XV-*** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хавсралтад бичиж тэмдэглэх, өөрчлөлт оруулахыг хариуцсан мэргэжилтэнд даалгасан, 139 дүгээр шийдвэрээр дээрх 3946.91 гектар талбайгаас 25.63 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэж байгаа 3921.28 гектар талбайг XV-*** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хавсралтад бичиж тэмдэглэх, өөрчлөлт оруулахыг хариуцсан мэргэжилтэнд даалгажээ.

            3.3. Ашигт малтмалын  тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д зааснаар Засгийн газар улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Талбайн солбицол тогтоох тухай” 37 дугаар тогтоолоор сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталсан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Журам батлах  тухай” А/129 дүгээр тушаалаар “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталсан, уг журмын 1.6-д “Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсхүл хууль бус олборлолтод өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай нь давхцаж байвал тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион явуулж болно”, 11.1-д “Сонгон шалгаруулах комиссын дүгнэлтийг үндэслэн Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг “Ашигт малтмалын тухай” хуульд заасны дагуу олгоно” гэж тус тус заасан байна.

            3.4. Гуравдагч этгээд “Э Э” ХХК нь дээрх журмын дагуу 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зарлагдсан ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал хайгуул хийх зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтад оролцож Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 441 дүгээр шийдвэрээр Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах “Өвөр наймганы ам” нэртэй газарт 15541.08 га талбайд XV-*** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан, нэхэмжлэгч нараас эдгээр үйл баримттай маргаагүй.

            3.5. Товчхондоо 441 дүгээр шийдвэрээр “Э Э” ХХК-д 15541.08 га талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгосон боловч тус компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг энэ зүйлд заасан журмын дагуу өөрийн хүсэлтээр буцаан өгч болно” гэж зааснаар тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг хасуулах хүсэлт гаргасныг хүлээн авч маргаан бүхий 111, 139 дүгээр шийдвэрүүдээр хасалт хийж, үлдэх 3921.28 гектар талбайг XV-*** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хавсралтад бичиж тэмдэглэх, өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн байна.

3.6. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д зааснаар Засгийн газраас баталсан талбайн солбицлын хүрээнд төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг ялгаж, сонгон шалгаруулалт явуулах бөгөөд уг солбицол бүхий талбай нь 17.5.2-т зааснаар тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй, 17.5.3-д зааснаар хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх хуулийн шаардлагыг хангасан байх ёстой. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын маргаж буй “... мал бүхий иргэд малаа бэлчээрлүүлдэг газарт давхцуулан тусгай зөвшөөрөл олгосон” гэх үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаар Засгийн газраас баталсан талбайн солбицлын хүрээнд сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход хязгаарлах зохицуулалтад хамаарахгүй. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 520 дугаар шийдвэрээр “ “Э Э” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 441, 2018 оны 111 дүгээр шийдвэрүүд хууль зөрчөөгүй” талаар дүгнэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

3.7. Нэхэмжлэгч нараас дээрх тусгай зөвшөөрлийн талбайгаас “Э Э” ХХК-ийн эзэмшилд 3921.28 гектар талбайг үлдээсэнтэй холбогдуулан маргаж байх бөгөөд уг талбай нь орон нутгийн тусгай  хэрэгцээний газартай бүхэлдээ давхцалтай, харин улсын тусгай хамгаалалттай газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэгэн байдлаар давхцалгүй, талууд уг үйл баримттай маргаагүй.

            3.8. Шүүх маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлыг тодруулсны үндсэн  дээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхийг шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч Б.Цын тухайд түүний эзэмшиж буй газар нь маргаан бүхий XV-*** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай ямар нэгэн байдлаар давхцалтай болох нь тогтоогдохгүй, уг газар нь газрын мэдээллийн санд бүртгэлгүй, газар эзэмших эрх үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна. Харин нэхэмжлэгч Ж.Аын тухайд Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 100 дугаар захирамжаар Ж.Ат тус сумын “Төмстий” 2 дугаар багийн нутагт орших “Наймганы ээвэр энгэр” гэх нэртэй 0.07 га газрыг өвөлжөөний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байх боловч 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр газар эзэмших гэрчилгээ авсан, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 441 дүгээр шийдвэрээр “Э Э” ХХК-д анх тусгай зөвшөөрөл олгох үед Ж.Ат эзэмшүүлсэн газар нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байжээ. Дээрхээс үзвэл “хариуцагч хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо нэхэмжлэгч нарын эзэмшиж байгаа газартай давхцуулан олгосон” гэж үзэхээргүй байна. Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх бөгөөд уг маргааны хувьд түүний тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж маргаан бүхий 111, 139 дүгээр шийдвэрүүдийг хүчингүй болгосон ч анх тусгай зөвшөөрөл олгосон 441 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж тодорхойлж буй эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

            3.9. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д “Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана”, 19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” /Энэ зүйлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/  гэж,  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д “Энэ хуулийн 15.10.5, 15.10.6-д заасан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход аймаг, нийслэлийн Засаг дарга саналаа 30 хоногийн дотор Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй бол зөвшөөрсөн гэж үзнэ” гэж тус тус заасан. Ашигт малтмал, газрын  тосны газрын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 7/1462 дугаар албан бичгээр “... Төв аймгийн Заамар сумын “Өвөр наймганы ам” нэртэй 15541.08 гектар талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой талаар Төв аймгийн Засаг даргад мэдэгдээд хуульд зааснаар 30 хоногийн дотор саналаа ирүүлээгүй бол зөвшөөрсөн гэж үзэхийг анхааруулсан”, Төв аймгийн Засаг даргаас 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 20 дугаартай “... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдааныг хүртэл хойшлуулах саналтай байна” гэх хариу ирүүлснийг тухайн асуудлаар байр сууриа илэрхийлж, татгалзсан эсхүл дэмжсэн санал гаргасан гэж үзэхгүй боловч дээр зааснаар Засаг дарга “хуульд заасан хугацаанд” саналаа өгөх ёстой байна.

4. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах гомдлыг хангаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо. 

5. Нэхэмжлэгч нараас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч хариуцагчаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийг тодорхойлж, шүүх түүнд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ. Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй ч үүнийг цаашид анхаарах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 115 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.А, Б.Ц нарын өмгөөлөгч Э.Мгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР        

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН