Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2022/0299

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э.Г.Э”  ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 36 дугаар шийдвэрийг хариуцагч Архангай аймгийн Засаг даргын өмгөөлөгч П.Б, хариуцагч Эрчим хүчний яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын өмгөөлөгч П.Б,

Хариуцагч Эрчим хүчний яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “Э.Г.Э”  ХХК

Хариуцагч Эрчим хүчний яам,

Хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо,

Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллгааны ЭХА-042/14 дугаартай гэрээг цуцалсан Эрчим хүчний яамын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн а/3263 дугаар албан бичгээр мэдэгдсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож,

 Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллгааны ЭХА-042/14 дугаартай гэрээний дагуу хэрэгжиж байгаа төслийн барилга угсралтын ажлыг зогсоож байгаа Эрчим хүчний яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, уг төслийн хүрээнд хийгдэж байгаа барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гэрээний дагуу явуулахыг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Архангай аймгийн Засаг дарга нарт тус тус даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 36 дугаар

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ө,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, Э.Э,

Хариуцагч Эрчим хүчний яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М,

Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын өмгөөлөгч П.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.М

 

Хэргийн индекс: 128/2019/0502/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 36 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 37 дугаар зүйлийн 37.1, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Эх голомтын элч” ХХК-иас Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Архангай аймгийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллгааны ЭХА-042/14 дугаартай гэрээг цуцалсан Эрчим хүчний яамын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн а/3263 дугаар албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоон хүчингүй болгож, Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллгааны ЭХА-042/14 дугаартай гэрээний дагуу хэрэгжиж байгаа төслийн барилга угсралтын ажлыг зогсоож байгаа Эрчим хүчний яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллгааны ЭХА-042/14 дугаартай гэрээний дагуу хэрэгжиж байгаа төслийн хүрээнд хийгдэж буй барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гэрээний дагуу явуулахыг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Архангай аймгийн Засаг даргад тус тус даалгаж,

 

1.2. Захирамжийн 2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э.Г.Э”  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгохоор” шийдвэрлэжээ.

 

2. Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын өмгөөлөгч П.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: 2.1. Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хариуцагч Архангай аймгийн Засаг даргаас гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт ямар нэгэн дүгнэлт өгөөгүй байна.

2.2. Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Архангай аймгийн Засаг зарга, “Э.Г.Э”  ХХК нарын хооронд 2014 оны 05 дугаар сарын 22- ны өдөр “Архангай аймгийн төвд шинээ дулаан станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулсан. Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 459 дүгээр тогтоол батлагдаж, уг тогтоолоор “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд авах зээлийн ашиглагдаагүй үлдэгдэл болох 244.5 сая ам.долларын хөрөнгөөс 130 сая ам.долларыг 10 аймгийн төв (Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хэнтий)-д дулааны станц барих төсөлд зарцуулахаар шийдвэрлэж, төслүүдийг Солонгосын талд санал болгохыг Сангийн сайд Б.Болорт даалгасан байдаг.

2.3. Улмаар 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар болон Монгол Улсын газар “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр”-ийг байгуулсан ба уг хэлэлцээрийг Улсын Их Хурал 2018 оны 02 дугаар сарын 01-ний “Ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулиар соёрхон баталсан байдаг.

2.4. Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр”-ийн 2-р зүйлд “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас зээл (цаашид “Зээл” гэх) нь төсөл тус бүрт дараах процедурын дагуу Монгол Улсын Засгийн газарт олгогдоно. Үүнд:

а)      Монголын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар нь хоёр талын найрсаг хамтын ажиллагааны дор хэрэгжүүлж болохуйц төслүүдийг тодорхойлох бөгөөд Монголын Засгийн газар нь Бүгд Найрамдах Солонгос Улсын энэхүү хэлэлцээрийн хүрээнд санхүүжих боломжит төслийн жагсаалтыг хүргүүлнэ;

б)   Монголын Засгийн газар нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газарт төсөл тус бүрт олгох зээлийн хүсэлтийг дипломат шугамаар тавина;

в)  Санал болгосон Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн төсөлд үнэлгээ хийсний дараа Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар нь зээл олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд энэ тухай Монгол улсын Засгийн газарт дипломат шугамаар мэдэгдэнэ;

г)   Төсөл тус бүрийн нарийвчилсан агуулга, тухайн төслийн зээлийн хэмжээг Монголын Засгийн газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын экспорт-импорт (цаашид “Банк” гэх) хооронд байгуулах тусгайлсан зээлийн гэрээ (цаашид “Зээлийн гэрээ” гэх)-нд тодорхой тусгана” гэж заасан.

2.5. Дээрх хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын “10 аймгийн төвийн дулаан хангамжийг сайжруулах төсөл”-ийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр Монгол Улс ба Бүгд Найрамдах Солонгос Улс хоёр улсын Засгийн газар тохиролцож, “10 аймгийн төвийн дулаан хангамжийг сайжруулах төсөл”-ийг санхүүжүүлэх Зээлийн гэрээ 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан ба уг Зээлийн гэрээний хавсралт хуваарь 1-ийн а)-д “Зорилго: Төслийн зорилго нь (I) оршин суугчдыг тогтвортой, найдвартай дулаан болон халуун усаар хангаж, амьдрах орчинг сайжруулах, (II) төвийн дулааны станцуудад байгаль орчны байгууламжуудыг бий болгох замаар агаар орчны уур амьсгалыг сайжруулах. (b)-д Төсөл хэрэгжих газар: 10 аймаг (Төв, Дундговь, Хэнтий, Өвөрхангай, Говь-Алтай, Завхан, Арханггй, Баянхонгор, Говьсүмбэр, Сүхбаатар)” гэж заасан.

2.6. Өөрөөр хэлбэл, энэ маргааныг шийдвэрлэхдээ дээр дурдсан нөхцөл байдал, үйл баримт, эрх зүйн актуудаас салгаж авч үзэх боломжгүй юм. Учир нь Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3-д “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан. Дээрхээс дүгнэвэл, Монгол Улс ба Бүгд Найрамдах Солонгос Улс хоёр улсын хооронд олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулагдсан, уг хэлэлцээрийг Улсын Их Хурал соёрхон баталсан. Нэгэнт Засгийн газраас шийдвэр гарсан, Улсын Их Хурлаас соёрхон баталсан гэрээ, хэлэлцээрийн хүрээнд гаргаж буй шийдвэрийг Архангай аймгийн Засаг дарга төдийгүй Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо нь гүйцэтгэх эрх мэдлийн шатлан захирагдах зарчмын үүднээс ёсчлон биелүүлэх үүрэгтэй болно. Түүнчлэн нэхэмжпэгчийн маргаж байгаа Эрчим хүчний сайдын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн а/3263 албан бичигт нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцлах нэг үндэслэл нь “Засгийн газрын 2015 оны 459 дүгээр тогтоол батлагдаж, уг төслийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Эксим банкны зээлээр хэрэгжүүлэхээр 2 улсын Засгийн газрын түвшинд хэлэлцэн шийдвэрлэж, талууд Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан” гэх үндэслэл байдаг.

2.7. Гэтэл шүүх “Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны ЭХА-042/14 дугаартай гэрээ”-ний дагуу хийгдэж байгаа төслийг үргэлжлүүлэхгүй байгаа Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Архангай аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, уг төслийг үргэлжлүүлэхийг хариуцагч нарт даалгаж” шийдвэрлэсэн нь хариуцагч нарыг Засгийн газрын шийдвэр төдийгүй дээрх олон улсын гэрээ, хэлэлцээрийг зөрчихөд хүргэж байна.

2.8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-л “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;” гэж зааснаар “даалгах” нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагчийн эс үйлдэхүй, татгалзал хууль бус байхын зэрэгцээ тухайн захиргааны байгууллагын бүрэн эрхэд хамаарах асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх учиртай.

2.9. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 001/ХТ2021/0091 дугаар тогтоолд “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасан захиргааны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зохих захиргааны акт гаргахыг даалгах шийдвэр гаргахад захиргааны байгууллагын эс үйлдэхүй (татгалзал) хууль бус болох нь тогтоогдож байхын зэрэгцээ холбогдох захиргааны байгууллага шүүхийн шийдвэрийг үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд биелүүлэх боломжтой байх ёстой; өөрөөр хэлбэл, “даалгах” шүүхийн шийдвэр нь “хүчингүй болгох”, “илт хууль бус болохыг тогтоох” (эрх зүйн үйлчлэлгүй болгох) шийдвэрээс ирээдүйд хандаж, захиргаанд “үүрэг” болгох онцгой төрлийн шийдвэрийн хувьд захиргааны байгууллага шүүхийн шийдвэр биелүүлснээр хүчин төгөлдөр хууль тогтоомжийг зөрчих эрсдэлд орохгүй байх нь хууль ёсны зарчимд нийцнэ” гэсэн дүгнэлт хийсэн байдаг.

2.10. Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээг байгуулах шийдвэрийг Архангай аймгийн Засаг дарга болон бусад хариуцагч нар ч бие даан шийдвэрлээгүй бөгөөд уг асуудал Засгийн газрын 2014 оны 29 дүгээр тогтоолоор шийдвэрлэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, уг ажлыг хэрхэн, ямар журмаар гүйцэтгэхийг шийдвэрлэх эрх нь Засгийн газарт байгаа. Энэ бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газраас уг ажлыг Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газартай хэлэлцээр байгуулж, уг хэлэлцээрийн хүрээнд хөнгөлөлттэй зээлээр барихаар өөрөө шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгч “Эх голомтын элч” ХХК-тай байгуулсан “2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Архангай аймгийн төвд шинээ дулаан станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ”-г биелүүлэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэсэн нь хариуцагч нарыг дээд шатны байгууллагын шийдвэр, төдийгүй Улсын Их Хурлаас соёрхон баталсан Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ Монгол Улс шударгаар сахин биелүүлэх боломжгүй болгож байна.

2.11. Бүгд Найрамдах Солонгос Улсын хөнгөлөлттэй зээлээр 10 аймгийн төвд дулааны станц барих асуудал нь зөвхөн Засгийн газрын түвшинд бус Улсын Их Хурлын түвшинд яригдаж, Улсын Их Хурлаас олон улсын гэрээг соёрхон батлах тухай хууль гарснаар шийдвэрлэгдсэн асуудал юм. Улсын Их Хурлын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэлээс үзэхэд Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэдийн асуултанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: “Солонгосын 200 сая нэн хөнгөлөлттэй нөхцөлттэй зээлийн хүрээнд 10 аймагт дулааны станц барих асуудал бол өмнөх Засгийн газрын үед ч шийдэгдээд, сая Ерөнхий сайдын айлчлалаар улам баталгаажсан байгаа. Тэгэхээр энэ дээр одоо бас зовлонтой нэг юм үүсээд байгаа юм. Яг ингээд бэлэн болоод Засгийн газрын шийдвэр гараад ингээд юм явчихсан. Гэтэл тэнд чинь бас уурын зуухыг нь хувьчлаад авчихсан улсууд бас байдаг юм байна л даа, зарим аймагт. Одоо жишээлбэл, Баянхонгор, Архангай, Говь-Алтай гурав дээр ийм төвөгтэй байдал үүсэж эхэлж байгаа. Энийг эсэргүүцэж байгаа юмнууд гарч байгаа. Тэгэхдээ бид нар нэгэнт Засгийн газрын шийдвэр гарчихсан, нөгөө улсын Засгийн газартай ярьчхаад өнөөдөр эргэж буцсан юм гарах юм бол ер нь цаашдаа энэ нэн хөнгөлөлттэй зээл тусламжийн хүрээнд бусад орнуудтай ярихад хүндрэлтэй болно.”” гэж хариулж байснаас энэ асуудал тодорхой харагдаж байна.

2.12. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0036 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Архангай аймгийн Засаг даргад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

3. Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын өмгөөлөгч П.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: 3.1. “Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-6.1.14-д “Эрчим хүч, түүний нөөцийг ашиглах, импортлох, экспортлох, эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барих талаарх төрийн бодлого боловсруулахад шаардагдах тооцоо, үнэлгээ, дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах”, “Эрчим хүчний салбарт хэрэгжих төсөл хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах”, “Эрчим хүчний шинэ эх үүсвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг баталгаажуулах, магадлал хийх ажлыг зохион байгуулах” асуудлыг Эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хариуцуулсан.

Дээрх хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор Архангай аймгийн төвийн нийт хэрэглэгчдийг хэрэглээний халуун усаар хангах дулааны станц барих асуудлыг Эрчим хүчний сайдад даалгасан. Засгийн Газрын дээрх тогтоолын 1 дүгээр заалтад “. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд тусгагдсан Баянхонгор, Завхан, Өвөрхангай, Архангай, Дундговь, Хэнтий, Говь-Алтай, Төв, Говьсүмбэр аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам барих төсөл, арга хэмжээ, сумдын төвлөрсөн дулаан хангамж төсөл, арга хэмжээний ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөрөнгө оруулагчийг сонгон шууд гэрээ байгуулах замаар хэрэгжүүлэхийг Эрчим хүчний сайд холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгаж шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл дээрх Засгийн газрын тогтоол зөвхөн 2014 оны төсвийн тухай хуульд тусгагдсан аймаг тус бүрд зориулж хуваарилсан 3 тэрбум төгрөгөөр санхүүжигдэхээр заагдсан бөгөөд энэ хүрээнд Эрчим хүчний яам гүйцэтгэгч компани болох “Э.Г.Э”  ХХК-тай тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийн хүрээнд Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлан хамтран ажиллах гэрээг 2014 оны 05 дугаар сард байгуулсан. Засгийн газрын 2014 оны 29 дүгээр тогтоолын дагуу Эрчим хүчний яам 2015 болон дараа дараагийн онуудын Төсвийн тухай хуульд дээрх аймгуудад олгох санхүүжилтийг тусгах, хуульчлах үүрэг хүлээгээгүй. Засгийн газрын тогтоолын дагуу зөвхөн энэ арга хэмжээ 2014 оны Төсвийн тухай хуульд батлагдаж, тухайн онд санхүүжигдэх зохицуулалттай байсан.

Гэтэл шүүх Засгийн газрын 2014 оны 29 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн заалтад хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна. Захиргааны ерөнхий хууль нь 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан. Энэхүү хуульд хуулийн хүчин төгөлдөр үйлчилж мөрдөгдөх хугацааг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлнэ гэж тусгайлан хуульчилсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль мөн адил 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Захиргааны шүүх захиргааны гэрээг эрх зүйн акт гэж нийтийн эрх зүйн хэмжээ тогтоосон акт маань тооцогдож эхэлсэн.

Маргаан бүхий хамтран ажиллах гэрээ 2014 оны 05 дугаар сард байгуулагдсан. Захиргааны Ерөнхий хууль батлагдахаас өмнө тухайн үед үйлчилж мөрдөгдөж байсан хуулийн хүрээнд байгуулсан хамтран ажиллах гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь Нийслэл дэх анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн. Гэсэн атлаа яагаад Захиргааны Ерөнхий хууль үйлчлэхээс өмнө байгуулсан Иргэний гэрээг ямар хууль зүйн үндэслэл, шаардлагаар 2016 оны Захиргааны өрөнхий хуульд хамааруулж байгаа талаар тайлбар, дүгнэлт хийгээгүй нь шүүгч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна. Хариуцагч Эрчим хүчний яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх асуултын хариуг шүүхийн шийдвэрт огт дурдаагүй атлаа шүүх өөрийн санаачилгаараа 2014 онд талуудын байгуулсан гэрээг “...концессын гэрээ буюу захиргааны гэрээний нэг төрөл гэж үзэхээр байна” гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл шүүх 2010 онд Концессын хууль батлагдсан учраас 2014 оны гэрээ Захиргааны гэрээ гэж үзсэн нь өрөөсгөл бөгөөд өөрийн шийдвэрийг зөвтгөх гэж оролдсон, түүнчлэн хэт нэг талыг барьсан гэж дүгнэхээс өөр аргагүй байна.

 

Концессын тухай хууль 2010 онд батлагдсан, талуудын хэн ч энэ талаар маргаагүй, дээрх хуулийн 6.1.1-д заасны дагуу төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг Засгийн газар батлах хуультай. Засгийн газрын 2011 оны Концессын зүйлийн жагсаалт батлах тухай 185, Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай 262, мөн Концессын зүйлийн жагсаалт батлах тухай 2013 оны 317, 2011 оны 185 дугаар тогтоол тус тус батлагдсан. Дээрх Засгийн газрын тогтоолуудад Архангай аймгийн төвд дулааны станц барих агуулга бүхий концессын зүйл батлагдаагүй. Зөвхөн Засгийн газрын тогтоолд төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад орсон төсөл хөтөлбөрүүд Концессын хуулийн дагуу концессын гэрээ байгуулах бүрэн эрхтэй.

Түүнчлэн Концессын хуулийн 3.1.7-д "эрх бүхий этгээд" гэж төрийн өмчийн концессын зүйлийн хувьд концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага концессын гэрээ буюу “захиргааны гэрээг” байгуулах зохицуулалттай байна. Өөрөөр хэлбэл “Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/14 дугаартай гэрээ”-г Концессын гэрээ гэж үзсэн тохиолдолд гэрээ байгуулагч тал нь тухай үеийн Хөрөнгө оруулалтын газар, өнөөдрийн хувьд Эдийн засгийн хөгжлийн яам Концессын гэрээний талууд болж гэрээ байгуулах зохицуулалттай.

Иймд шүүх хэт нэг талыг барьж захиргааны гэрээг өөрөө буруу тайлбарлаж, дүгнэлт гаргасан. Монгол Улс эрх зүйн тогтолцооны хувьд бичмэл эрх зүйн тогтолцоотой, Ром-Германы эрх зүйн бүлэгт хамаардаг, бичмэл эрх зүйг үндэслэл болгодог. Түүнчлэн эрх зүйн хэм хэмжээ үйлчлэх нөхцөл буюу төрийн зүгээс хүний эрх зүйн байдлыг дордуулсан хэм хэмжээг буцаан хэрэглэж болох эсэх асуудал нь нийтийн эрх зүйн онолд яригддаг. Төрөөс тогтоосон эрх зүйн хэм хэмжээ түүний зохицуулалтад итгэсэн иргэн, хуулийн этгээдийн итгэлийг хамгаалах асуудал энэхүү үндэслэлийн суурь зохицуулалт. Итгэлийн хамгаалалт нь эрх зүйт төрийн суурь зарчим, шүүхийн шүүн таслах ажиллагааны болон хууль хэрэглээний үндсэн суурь болдог.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д итгэлийн хамгаалалтын зохицуулалт анх удаа хуульчлагдсан. Иргэн хуулийн этгээдээс хуулийн дагуу хийсэн үйлдэл, үйл ажиллагаа нь хууль эрх зүйн акт, хууль тогтоомж өөрчлөгдсөнөөр дагаж өөрчлөгдөхгүй гэдэгт итгэлтэй байхыг энэхүү итгэл хамгаалах зарчимд хамааруулж ойлгодог. Өөрөөр хэлбэл 2014 онд Иргэний хуулийн хүрээнд байгуулагдсан гэрээнд өнөөдрийн буюу 2016 онд батлагдсан хуулийн үйлчлэл хамаарахгүй. Түүнд итгэсэн иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг төр хамгаалах ёстой. Гэтэл шүүх хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын агуулгад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж буй субъектүүдийн зүгээс баталсан хууль эрх зүйн актуудын хүрээнд иргэн хуулийн этгээдэд тогтвортой хэрэгжүүлнэ гэсэн хууль ёсны итгэл үүснэ гэж үздэг...” гэж хуулийг нэхэмжлэгч “Э.Г.Э”  ХХК-д талд ашигтай байдлаар тайлбар хийжээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25.8.4-д Улсын дээд шүүх нь “...Шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх” мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д Улсын дээд шүүхийн танхим нь шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах саналыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд оруулах бүрэн эрхтэй гэж хуульчилсан байна.

Иймд Улсын дээд шүүх Захиргааны Ерөнхий хуулийг практикт нэг мөр хэрэглэх талаар албан ёсны тайлбар өнөөдрийг хүртэл гаргаагүй байхад “...Төрийн байгууллага тул Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан итгэл хамгаалах зарчим үйлчлэхгүй” хэмээн тайлбар хийсэн нь хууль бус, хэргийн оролцогч нэг этгээдэд давуу байдал олгосон гэж үзэхээр байна.

Түүнчлэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн 0036 дугаартай шийдвэр бусдыг хууль зөрчүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Монгол Улсын хуулийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр иргэн хуулийн этгээдээс заавал дагаж мөрдөх үүрэгтэй. Бүгд Найрамдах Солонгос улсын Засгийн газар болон Монгол Улсын газар “Эдийн засгийн хөгжпийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр”-ийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан. Дээрх хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурал 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулиар соёрхон баталсан. Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3-д “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан.

Гэтэл шүүх “Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны ЭХА-042/14 дугаартай гэрээ”-ний дагуу хийгдэж байгаа төслийг үргэлжлүүлэхгүй байгаа Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Архангай аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, уг төслийг үргэлжлүүлэхийг хариуцагч нарт даалгаж” шийдвэрлэсэн нь дээрх олон улсын гэрээ, хэлэлцээрийг буюу Монгол Улсын хуулийг зөрчихөд хүргэж байна. Төрийн байгууллага, иргэн хуулийн этгээдээс холбогдох шүүхийн шийдвэрийг үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд биелүүлэх боломжтой байх ёстой. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага шүүхийн шийдвэр биелүүлснээр хүчин төгөлдөр хууль тогтоомжийг зөрчих эрсдэлд орохгүй байх нь хууль ёсны зарчимд нийцнэ.

 

3.2. Анхан шатны шүүх гэрээ цуцлах мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зуйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт үзсэн тухайд: Монгол Улсын Эрчим хүчний яам нь Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, яамны зүгээс бусад иргэн хуулийн этгээдтэй харьцах, өөрийн хүсэл зоригоо зөвхөн бичгэн хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй. Яамны зүгээс гэрээний талаарх хүсэл зоригоо илэрхийлсэн албан бичиг бүрийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу захиргааны акт гэж үзэх нь өрөөсгөл дүгнэлт гэж үзэж байна. Эрчим хүчний яам нь өөр ямар нэг хэлбэрээр өөрийн хүсэл зоригоо илэрхийлэх боломжгүй юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрт “хариуцагчийн дээрх гэрээг цуцалж байгаа үйл ажиллагаа нь хууль болон гэрээний зүйл заалтуудад хэрхэн нийцэж байгаа эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэв” гэжээ. Шүүхийн дээрх дүгнэлтээс шүүх зөвхөн Эрчим хүчний яамны энэхүү цуцлах тухай хүсэл зоригийн илэрхийлэлд төвлөрч хэргийг шийдсэн бөгөөд хариуцагчийн өгсөн тайлбарт хууль зүйн үнэлэлт дүгнэлт огт хийгээгүй нь шүүгч зөвхөн нэг талыг барьж шийдсэн гэх дүгнэлтийг хийхэд хүргэлээ. Түүнчлэн нэхэмжлэгч “Э.Г.Э”  ХХК-тай Эрчим хүчний яам нь санхүүгийн гэрээ байгуулсан бөгөөд санхүүгийн гэрээний 1.2-т “...2014 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтын... энэхүү гэрээнд заасан хэмжээ санхүүжилт үзүүлнэ” гэж, 2.1.5-д “...2014 онд төсөвлөгдсөн хөрөнгийн гуравны хоёртой тэнцэх санхүүжилтийг ажлын гүйцэтгэлээр буюу .. барихад ашиглах тоног төхөөрөмж, бараа материал гаалиар орж ирсэн мэдүүлгийг үндэслэн олгоно.” 3.1.1-д “...яамны шаардсанаар энэхүү гэрээнд заасан санхүүжилтийг олгоход шаардагдах баримт бичгийг цаг тухайд гаргаж өгөх үүрэг хүлээнэ” гэж тус тус заасан.

“Э.Г.Э”  ХХК нь санхүүжилт авах бичиг баримтыг яаманд гаргаж өгөөгүй, дээрх санхүүжилт нь Эрчим хүчний яамны дансанд байршдаггүй, Сангийн яаманд холбогдох гүйцэтгэл бичиг баримтыг хүргүүлснээр эрх үүсдэг. “Э.Г.Э”  ХХК нь яаманд санхүүжилт олгуулах талаар ямар нэг хүсэлт ирүүлээгүй энэхүү гэрээнд заасан үүргээ өөрөө биелүүлээгүйгээс санхүүжилт олгогдоогүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог.

3.3. Шүүгч шийдвэр гаргахдаа хууль зөрчсөн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгуй талаар: Гэрээний талууд гэрээний талаар аливаа маргаан гарсан тохиолдолд Монгол Улсын арбитрын шүүхэд шийдвэрлүүлэхээр гэрээнд тусгайлан зааж, талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дээрх зохицуулалтын талаар шүүхийн шийдвэрт огт тусгагдаагүй, шүүх энэ талаар хууль зүйн тайлбар хийгээгүй байна. Тухайлбал: нэхэмжлэгчээс арбитрын шугамаар хэрэг маргаанаа шийдвэрлэхгүй байгаа учир шалтгааны талаар тодруулаагүй, ямар ашиг сонирхол байгаа талаар огт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Арбитрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д шүүхэд тусгайлан харьяалуулснаас бусад, арбитрын хэлэлцээрт тусгасан аливаа маргааныг арбитрын журмаар шийдвэрлэнэ”. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...шүүх энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд арбитрын ажиллагаанд оролцож үл болно.” гэж хуульчилсан,

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “ шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана” гэж хуульчилсан. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.1-д зааснаар.захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаар шүүх тогтоох үүрэгтэй. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Архангай аймгийн иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнг /нийтийн ашиг сонирхол/ шийдвэр гаргахдаа харгалзан үзээгүй байна.

 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянна шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагч нарын өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэснээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

2. Нэхэмжлэгч “Э.Г.Э” ХХК нь Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/14 дугаар гэрээг цуцалсан Эрчим хүчний яамны 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн а/3263 дугаар албан бичгээр мэдэгдсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох,

Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/14 дугаар гэрээний дагуу хэрэгжиж байгаа төслийн барилга угсралтын ажлыг зогсоож байгаа Эрчим хүчний яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, уг төслийн хүрээнд хийгдэж байгаа барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гэрээний дагуу явуулахыг Эрчим хүчний яам, бусад гэрээний оролцогчдод даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Нэг талаас Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Архангай аймгийн Засаг дарга, нөгөө талаас нэхэмжлэгч Эх голомтын илч ХХК-ийн хооронд 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төсөл арга хэмжээний ажлыг төр, хувийн хэвшлийн Түншлэлийн хүрээнд хөрөнгө оруулагчийг сонгон шууд гэрээ байгуулах ажлыг гүйцэтгэхээр ЭХА-042/14 дугаартай гэрээ байгуулжээ.

4. Тус гэрээгээр Архангай аймгийн төвийн дулаан хангамжийг сайжруулахын тулд Түнш буюу “Э.Г.Э”  ХХК нь Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд тусгагдсан төсвийн хөрөнгө болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барьж, өмчлөх, ашиглахаар, харин Захиалагч нь 2014 оны төсвөөс 3,0 тэрбум төгрөгийн  санхүүжилтийг олгох, хяналт тавих, төрөөс үнэ тарифын зохицуулалт, тусгай зөвшөөрөл олгох, газар олгох, чөлөөлөх гэх мэт бусад дэмжлэг үзүүлэх замаар хамтран ажиллахаар тохиролцжээ.

5. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Эрчим хүчний яамны 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн а/3263 дугаар албан бичгээр “Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд 3,0 тэрбум төгрөг төсөвлөгдсөн боловч гэрээнд заасан 5.11, 5.12, 5.20, 5.22, 9.12.2-д заасан үүргүүдийг биелүүлээгүйн улмаас тухайн онд хийгдсэн барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн баримт бичиг бүрдэж, баталгаажаагүй тул энэ хөрөнгө зарцуулагдаагүй бөгөөд дараах онуудын төсөвт уг төсөл, арга хэмжээнд зориулсан хөрөнгө тусгагдаагүй.

Дээрх шалтгаануудын улмаас төслийн хэрэгжилт зогсонги байдалд орсон тул Засгийн газрын 2015 оны 459 дүгээр тогтоол баталж, БНСУ-ын Эксим банкны зээлээр хэрэгжүүлэхээр 2 улсын Засгийн газрын түвшинд хэлэлцэн шийдвэрлэж, Талууд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, ... техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан, сонгон шалгаруулах ажил эхэлж байгаа иймд гэрээг цуцалж байгааг мэдэгдье” гэснээс үзвэл гэрээ цуцлах талаар мэдэгдсэн байх бөгөөд уг албан бичгийг тусад нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан захиргааны акт” гэж үзэхгүй.

6. Анхан шатны шүүх дээрх гэрээг нийтийн эрх зүйн хүрээнд байгуулагдсан захиргааны гэрээ буюу Концессийн тухай хуулийн 3.1.3-д заасан “концессийн гэрээ” гэж үзсэн атлаа тус хуульд заасан хэм хэмжээнд нийцсэн эсэх, тус хуульд заасан гэрээний талуудын шаардах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжтой эсэх, гэрээ хэрэгжээгүй шалтгаан, гэрээг цуцлах үндэслэл зэрэг талуудын маргааны үйл баримтад дүгнэлт өгч холбогдох хуулийг хэрэглээгүй, мөн гэрээ цуцлах мэдэгдлийг “захиргааны акт” гэж буруу тодорхойлж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

7. Захиргааны байгууллага бүхий л үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хуульд үндэслэх зарчмыг баримтлах үүрэгтэй тул захиргааны гэрээний талаарх маргааныг шийдвэрлэхэд юуны урьд тухайн гэрээг ямар эрх зүйн хэм хэмжээний дагуу байгуулсан болохыг тодорхойлж, тухайн гэрээний талууд гэрээ, түүнийг байгуулах, өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох, шаардах эрхийн талаар тухайн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн эсэх ,захиргааны гэрээнд тавигдах хэлбэрийн болон материаллаг эрх зүйн шаардлага хангасан эсэхэд захиргааны хэргийн шүүх зайлшгүй дүгнэлт өгч шийдвэрлэнэ.

8. Гэрээний 1.1-д заасан Монгол Улсын Их Хурлын 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 72 дугаар тогтоолын нэг дэх хэсгийн 5-д аймгуудын төв, түүний дотор тэргүүн ээлжинд Ховд, Увс, Дорноговь, Сэлэнгэ аймаг болон Хөтөл тосгоны дулааны станц, дулааны шугам сүлжээний үйл ажиллагааг сайжруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх, эсхүл Концессын тухай хуульд заасны дагуу хувийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах хувилбаруудыг судлан аль оновчтойг нь сонгох замаар техник, технологийн шинэчлэл хийх, боловсон хүчин, цалин хөлс, үнэ тарифын нэгдсэн бодлогоор хангах асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгожээ.

9. Харин уг тогтоолыг хэрэгжүүлсэн гэх Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дүгээр тогтоолд “...1. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд тусгагдсан ... Архангай, ... аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам барих төсөл, арга хэмжээ, сумдын төвлөрсөн дулаан хангамж төсөл, арга хэмжээний ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөрөнгө оруулагчийг сонгон шууд гэрээ байгуулах замаар хэрэгжүүлэхийг Эрчим хүчний сайд М.Сономпил, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай.” гэж заасан. 

10. Үүнээс үзвэл тухайн үед Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.10-т “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт төсөв, гадаад зээллэг,  тусламж болон концессын гэрээ, төр, хувийн хэвшлийн түншлэл, Засгийн газрын өрийн баталгаа Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих төсөл, арга хэмжээ хамаарна” гэж,

30 дугаар зүйлийн 30.1-д “Төр ба хувийн хэвшлийн түншлэлийн дараах хэлбэр байна: 30.1.1.төрийн үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэх; 30.1.2.концессын гэрээгээр гүйцэтгүүлэх.” гэж заасны дагуу дээрх Улсын Их Хурлын тогтоолд аль оновчтойг нь сонгох талаар заасан боловч Засгийн газрын уг  тогтоолын дагуу Эрчим хүчний яам, Эрчим хүчний Зохицуулах хороо, Архангай аймгийн Засаг дарга нар уг захиргааны гэрээг байгуулахдаа Концессийн хуульд заасны дагуу байгуулаагүй, харин “төр болон хувийн хэвшлийн  түншлэл”-ийн талаар хууль тогтоомж батлагдаагүй[1] байхад энэхүү хувилбарыг сонгож байгуулжээ.

11.  Хэдийгээр тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төсвийн тухай хуулийн  30 дугаар зүйлийн 30.2-т “Төр ба хувийн хэвшлийн түншлэлийг дараах тохиолдолд хэрэгжүүлнэ: 30.2.1.хувийн хэвшлийн эзэмшиж байгаа техник, технологи, үр ашигтай удирдлагын арга барилыг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх; 30.2.2.хувийн хэвшил дангаараа хэрэгжүүлэх боломжгүй, төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх; 30.2.3.төсөл, арга хэмжээ нь эдийн засгийн хувьд үр ашигтай нь техник, эдийн засгийн үндэслэлээр нотлогдсон байх” гэж заасан боловч түншлэгчийг хэн, хэрхэн сонгох, гэрээг ямар захиргааны байгууллага байгуулах, гэрээний талуудын эрх, үүрэг, шаардах эрх хэрхэн хэрэгжих, гэрээг байгуулах, өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох үндэслэл, ямар гэрээний зүйлийн төрлүүд байх гэх мэт харилцааг зохицуулсан хууль тогтоомж батлагдаагүй байхад энэхүү гэрээг байгуулсан байна.

12.Гэрээний нэг тал болох захиргааны байгууллага буюу Эрчим хүчний яам нь Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Яамны үйл ажиллагааны үндсэн зарчим нь ... хууль дээдлэх явдал мөн” гэж заасан хууль дээдлэх, хуульд үндэслэх зарчмыг баримтлаагүй, эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлж байгуулаагүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна: 56.1.1.хууль зөрчсөн ... хэлцэл;” гэж заасны дагуу “хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж үзэхээр байна. Үүний улмаас гэрээний тал болох захиргааны байгууллагууд нь гэрээнд заасан эрх, үүргийг бие дааж хэрэгжүүлэх боломжгүй болж, тухайлбал, бүрэн эрх, чиг үүрэг хуулиар олгогдоогүйгээс гэрээнд заасны дагуу төрөөс олгох санхүүжилтийг олгох, дараа оны санхүүжилтэд тусгуулах зэрэг гэрээнд заасан үүргээ бие дааж шийдвэрлэх эрхгүй байна.

Үүнээс үзвэл хууль, эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлж байгуулаагүй, хууль бус захиргааны гэрээг хэрэгжүүлэхийг захиргааны байгууллагад шүүхээс даалгах хууль зүйн үндэслэлгүй байх тул энэ талаарх нэхэмжлэлийг хангах боломжгүй.

13.Анхан шатны шүүх Концессийн тухай хуулийн 3.1.3-д “."концессын гэрээ" гэж концессыг хэрэгжүүлэхээр эрх бүхий этгээд, концесс эзэмшигч нарын хооронд бичгээр байгуулсан гэрээг хэлэхээр”, 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “Барих-өмчлөх-ашиглах"-концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлөөр өмчлөх, ашиглах эрх эдэлж, үүрэг хүлээх;” гэж тус тус заасны дагуу тухайн компани нь зөвхөн өөрийн болон өөрийн олсон хөрөнгөөр барихаар тохироогүй зэрэг концессийн гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах, концесс эзэмшигчийг сонгох талаар тус хууль заасан гол шаардлагууыг хангаагүй байхад “Концессийн гэрээ” гэж үзсэн нь үндэслэлгүй байх тул тус хуулийг хэрэглэж гэрээг хэрэгжүүлэхийг даалгах, гэрээ цуцалсныг тус хуульд нийцсэн эсэх талаар дүгнэх үндэслэлгүй байна.

14.Тэрээр тухайн гэрээг ямар нэгэн байдлаар дүгнэж, талууд дуусгавар болгох талаар тохиролцоогүй байхад Засгийн газраас 2015 оны 459 дүгээр тогтоолоор БНСУ-ын Эксим банкны зээлээр хэрэгжүүлэхээр 2 улсын Засгийн газрын түвшинд хэлэлцэн шийдвэрлэсний улмаас тухайн гэрээ хэрэгжих боломжгүй болсон байх тул Эрчим хүчний яамнаас тухайн гэрээг цуцлах мэдэгдлээр гэрээг дуусгавар болгохоор мэдэгдсэнийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Харин хариуцагч нь гэрээнд заасан санхүүжилт буюу эхний ээлжинд өгөх нэг тэрбум төгрөг олгох үүргээ биелүүлээгүй атлаа тухайн мэдэгдэлд заасан нэхэмжлэгчийг гэрээний заалтыг биелүүлээгүйгээс санхүүжилт олгоогүй, үүний улмаас гэрээг цуцалсан талаар дурдсаныг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй, учир нь тухайн үед талууд гэрээг дүгнэж, энэ талаар тусгасан албан ёсны баримт хариуцагчаас ирүүлээгүй байна. 

19. Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээг цуцлахаас өмнө “өөрийн хөрөнгөөр барьж дуусгах боломжтой” гэж удаа дараа санал хүргүүлж байсан, өөрийн хөрөнгөөр өнөөдөр ч хийх боломжтой тул гэрээг хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгах боломжтой гэж нэхэмжлэлийн нэг үндэслэлээ тайлбарласан байна.

20. Гэрээг албан ёсоор цуцлахыг мэдэгдэхээс өмнө тухайн санал хүргүүлэх үед шинээр батлагдаж 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Захиргааны гэрээний агуулгын голлох ач холбогдол бүхий харилцаа тухайн гэрээг байгуулснаас хойш бүхэлдээ өөрчлөгдсөн, гэрээний аль нэг тал гэрээний анхны зохицуулалтыг цаашид баримтлах боломжгүй гэж үзсэн бол уг гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй.” гэж заажээ.

21.Гэвч энэ санал нь Концессийн хуулиар зохицуулсан харилцаанд хамаарах санал байх тул “гэрээнд өөрчлөлт оруулах санал” буюу дээрх хуулийн дагуу нэхэмжлэгчийг ийнхүү шаардах эрхтэй гэж үзэхээргүй байна. Үүнээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “өөрчлөх боломжгүй, эсхүл гэрээний аль нэг тал өөрчлөлт оруулахгүй гэж үзвэл захиргааны гэрээг цуцална” гэж заасны дагуу шууд өөрчлөлт оруулах боломжгүй гэрээ байх бөгөөд хариуцагч Эрчим хүчний яам нь мөн өөрчлөлт оруулах болмжгүй гэж үзэж цуцлах мэдэгдэл хүргүүлсэн байх тул энэхүү нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авч, хариуцагчид гэрээнд өөрчлөлт оруулах замаар хэрэгжүүлэхийг даалгах үндэслэлгүй байна.

18. Нэгэнт хэрэгжих боломжгүй болсон байх тул түүний улмаас нэхэмжлэгчийн гэрээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй, харин хууль бус гэрээний үр дагаврыг арилгуулахаар жич нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

20. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүх уг захиргааны гэрээг хуульд нийцсэн эсэхтэй холбоотой дүгнээгүй, хэргийн үйл баримттай холбоотой хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бодит нөхцөл байдалд буруу дүгнэлт хийж, гэрээг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0036 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, Төсвийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.2, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан “Э.Г.Э”  ХХК-ийн гаргасан “Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/14 дугаартай гэрээг цуцалсан Эрчим хүчний яамны 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн а/3263 дугаар албан бичгээр мэдэгдсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/14 дугаартай гэрээний дагуу хэрэгжиж байгаа төслийн барилга угсралтын ажлыг зогсоож байгаа Эрчим хүчний яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, уг төслийн хүрээнд хийгдэж байгаа барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гэрээний дагуу явуулахыг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Архангай аймгийн Засаг дарга нарт тус тус даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                             А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                             С.МӨНХЖАРГАЛ

 

 

 

[1] Төр болон хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл УИХ-д 2022 оны хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр Эдийн засгийн байнгын хороо өргөн мэдүүлсэн байна.