Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 138/ШШ2017/00285

 

 

 

 

 

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны А танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн тоотод оршин суух, Аюур овгийн Давгын Энхмарт /РД:ЖЭ65061008/,

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, тоотод оршин суух, Дарьганга овгийн Болдсүрэнгийн Бүжин /РД:ЖЭ89082061/,

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, тоотод оршин суух, Аюур овгийн Болдсүрэнгийн Энхсүрэн /РД:ЖЭ86110209/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дорнод аймгийн  тоотод оршин суух, Түмэд овгийн Чулуунбаатарын Амарболд /РД:ЖЭ81112516/-д холбогдох Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай,

Нэхэмжлэгч нарт холбогдох орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Ч.Амарболдын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ө.Гансувд

Нэхэмжлэгч Д.Энхмарт, Б.Энхсүрэн, Б.Бүжин

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Отгонтуяа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хандсүрэн

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Энхмарт, Б.Энхсүрэн, Б.Бүжин нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Энхмарт миний бие нөхөр Л.Болдсүрэнтэй 1986 онд гэр бүл болж 1986 онд том охин Б.Энхсүрэн, 1989 онд бага охин Б.Бүжинг төрүүлсэн. 1990 оноос эхлэн 2004 оны 2 сар хүртэл Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 1 дүгээр байрны 66 тоотод хадам эцгийн хамт ам бүл 5 уулаа амьдарсан. Энэ байрыг хадам эцэг С.Лхамсүрэн 1998 онд хувьчилж авахдаа хүү Л.Болдсүрэн болон биднийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээг авснаар бид 5 уг байрны хууль ёсны өмчлөгч болсон. Нөхрийн минь хадам эгч Л.Хандсүрэн 1992 онд Зүүн хараагаас шилжин ирж бидэнтэй хамт амьдарсан цагаас хойш биднийг байнга хэл амаар доромжлон дарамталж гэрээс маань хөөдөг байсан. Энэ хугацаанд нөхөрт маань улсаас Хэрлэн сумын 5 дугаар багт байх 28 гэдэг газарт байр өгч бид тэнд амьдрахаар явсан боловч уг байр хүйтэн, халаалтгүй, сургууль цэцэрлэг, ажлаас хол байрладаг, хүн амьдрах боломжгүй байр байсан учраас бид удалгүй гэртээ буцан ирж амьдарсан. Тэгээд ч энэ байрны асуудал энэ хэрэгт огт хамааралгүй асуудал юм. Ингээд 2004 оны 2 сард багш нарын баярын үеэр хадам эгч Л.Хандсүрэн согтуу ирж намайг болон охин Б.Энхсүрэнг үсдэж үг хэлээр доромжлон орон гэрээс минь хөөж, улмаар охиныг минь Болдсүрэнгийн хүүхэд биш гэх мэтээр доромжилсон. Энэ үеэс эхлэн Энхмарт миний бие энэ байранд амьдрах аргагүй болж өөрийн эцгийн голомт болох 11 дүгээр байрны 24 тоотод очиж амьдрах болсон бөгөөд хоёр охин маань өвөө болон аавтайгаа хамт амьдарч, миний бие ч ирэн очин амьдарч байсан. Гэтэл нөхөр Болдсүрэн 2004 оны 10 сарын 25-ны өдөр Хөх нуурт хууль бусаар загас агнаж явж байгаад золгүйгээр осолдож амь насаа алдсан. Нөхрийг маань нас барснаас хойш хадам эцэг С.Лхамсүрэн нэг их удалгүй 2005 оны 2 сарын 11-ний өдөр нас барсан. Энэ үеэр миний бие хавдар илэрсний улмаас Улаанбаатар хотод байнга эмчилгээнд явж байсан бөгөөд бага охин маань Улаанбаатараас ирээд гэртээ орох гэтэл цоожийг нь сольчихсон байсан. Охин Бүжин Хандсүрэн эгчтэй уулзаад гэртээ орьё гэхэд та нарын байр биш, миний эцгийн байр гээд гэрт нь оруулаагүй байсан. Хууль ёсоор бол уг байрны жинхэнэ өмчлөгч нар нь бид байтал, ямар ч өмчлөх эрхгүй хүн болох Л.Хандсүрэн байрыг минь булаан авч хүү Ч.Амарболддоо өгсөн бөгөөд Ч.Амарболд нь одоо уг байрыг бусдад түрээслэн ашиг олж байна. Тухайн үед би өвчтэй байсан учраас хэл ам болоод яахав, дараа нь больё гээд өдий болтол байрны асуудлыг хөндөлгүй орхисон. Охин Б.Энхсүрэн, Б.Бүжин нар нь бусдын байр хөлслөн амьдарч байгаа бөгөөд бага охин маань эцгийнхээ гал голомтонд өрх тусгаарлан амьдрах шаардлагатай байна. Охидууд маань 2015 оны өвөл байрандаа очиж Амарболдтой уулзаж байрандаа орох талаар хэлэхэд Амарболд өвлийн хүйтэнд суллаж өгөх боломжгүй байна, зун ирэхээр чинь байрыг чинь суллаж өгнө гэж хэлсэн. 2016 оны 7 сард Б.Бүжин гэрээ ачаад иртэл Амарболд энэ байр өвөөгийн маань байр, та нарын байр биш гээд хөөсөн байсан. Байрны гэрчилгээний хувьд гэрт байсан гэрчилгээ маань алга болсон байсан учраас бид бүх бүрдүүлдэг бичиг баримтыг нь бүрдүүлж хууль ёсоор дахин шинээр гэрчигээ авсан. Энд хууль бус зүйл юу ч байхгүй, хуурамчаар гэрчилгээ авсан зүйл байхгүй. Иймд бид хууль ёсны өмчлөгч нар учраас бидний байрыг Ч.Амарболдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, уг байрыг бидэнд үлдээж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Амарболд шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Энхмарт нь 2000 онд ээжийн дүү болох Болдсүрэнтэй өвөөгийн байр болох 9 дүгээр баг, 1 дүгээр байрны 66 тоотод өвөөгийн хамт амьдарч байгаад салахдаа өвөөгийн гэрийн эд хогшлоос юу ч үлдээлгүй авч явсан. Тухайн үед өвөө маань хоёр ач охиноо бодоод хэл ам хийлгүй, хоёр охиндоо өгсөн гээд бодчихоё гэж яриад өнгөрсөн гэдэг. 2004.10.25-ны өдөр ээжийн минь дүү Болдсүрэн нас барахад Энхмарт хоёр охиныхоо хамт ирээгүй, ажил явдалд нь ч оролцоогүй. Мөн өвөө Лхамсүрэн маань 2005.02.11-ний өдөр нас барсан бөгөөд нас бартлаа ач охид болох Энхсүрэн, Бүжин нарыг их хүлээсэн... Энхмарт, Энхсүрэн, Бүжин нарыг явснаас хойш, Болдсүрэн ахыг өөд болсноос хойш байр нь нэг хэсэг эзэнгүй байсан. 2006 онд Амарболд би охинтой болсноор 1 дүгээр байрны 66 тоотод өрх тусгаарлан 2016 оны 12 сар хүртэл амьдарсан. 2016 оны 7 сарын 31-ний өдөр Энхсүрэн, Бүжин нар ирж байр суллаж өг гэж шаардсан. Миний бие шийдвэр гаргах эрхгүй тул ээж Хандсүрэнтэй ярьж уулзаж учраа ол гэж хэлсэн... Өвөө маань нас барахаасаа өмнө Энхтуяа гэдэг нотариатын хүнийг гэртээ урьж ирүүлэн өөрийнхөө байрыг ээж Хандсүрэн болон миний нэр дээр гэрээслэл бичиж үлдээсэн...Иймд хуулийн дагуу үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хандсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ 2 хүүхдийн төрсөн он, сарыг би хэзээ ч мартдаггүй. 1971 онд миний ээж нас барсан. Тэгээд би аавтайгаа, дүүтэйгээ энэ байранд амьдарч байгаад би гэр бүлтэй болоод Зүүн харааруу шилжсэн. Миний дүүгийн эхнэр Энхмарт бид 2 бие биенээ муухай ч харж байсан удаагүй. Би элдэв дээдээрээ дуудуулж байгаадаа гомдож байна. Би хэдий гомдож байгаа ч энэ хүүхдүүдийг нь хараад тэвэрмээр санагдаж байна. Энэ 2 хүүхдийг эх нь ингэж хүмүүжүүлжээ. Миний дүү хүүхдүүдээ үнэхээр их хайрладаг байсан. Миний аавын насаараа цуглуулсан эд хөрөнгийг болох Дарьганга хийцийн мөнгө аяганууд, хивс гээд бүгдийг нь аваад явсан. Өнгөрсөн хугацаанд би амьдралд нь түшиг тулгуур болохыг хичээсэн. 1999 онд аавынхаа байранд засвар хийх гээд очиход гэрийнх нь хаалга онгорхой байсан. Би гэрт нь ороод байж байтал Энхмарт гүйж орж ирээд намайг үсдээд өрөөн дотуураа чирсэн. Удалгүй охин нь бас орж ирээд бас л намайг элдвээр харааж зүхсэн. Энэ хооронд Энхмарт гүйж гараад цагдаа дуудаж авчирсан. Ингээд намайг цагдаагийн газар луу авч яваад шалгуулсан. Тухайн үед Энхмартыг үлээлгэж үзэхэд гүн согтолтын зэрэгтэй гарсан. Намайг цагдаагийн газраас өргөдлөө өгч болно гэхэд нь дүүгийн маань эхнэр юм даа гэж бодоод эргэж цагдаагийн газар очоогүй. Энхмарт БНХАУ-ын Алтан эмээл хотруу наймаа хийдэг байсан юм. Нэг удаа наймаа хийж явахдаа хамаатан садангаа олоод найрлаад дуу дуулж чадахгүй Хандаа эгчийгээ аваад явдаг байж дээ гэж бодож байснаа надад ирээд хэлж байсан. Бид ийм л харьцаатай байсан. Би ямар ч хүнд гэм буруутай үйлдэл гаргаагүй. Би шударга, зарчимч хүн. Манай аав насаараа хуулийн байгууллагад ажилласан. Миний аав бидэнд ийм зан төлөвшил зааж сургаагүй. Гэтэл миний дүүгийн хүүхдүүдийн байгаа байдал нь энэ. Хавтаст хэрэгт миний аав өөрийн гараар бичсэн хүсэлт хавсаргагдсан байгаа. Ингээд дүү маань нас барсан. Тэр үед 2 охин нь байсан. Миний дүү айлын ганц хүү байсан юм. Аав маань тухайн үед үнэхээр шар махтайгаа хатсан. Хүүгийн маань мах цусны тасархай гээд хүүгийнхээ хүүхдүүдийг их хүлээдэг байсан. Бид биенээ танихгүй болоод 10 хэдэн жил өнгөрлөө. Яагаад үхсэн хүний байртай барьцалдаж, булаацалдаад байгааг ойлгохгүй байна. Аав маань уушигны хорт хавдраар нас барсан. Надаас өөр хэн нэгэн ийм зүйлийг бүү үзүүсэй гэж боддог. Би өмнө нь дүүгээсээ ямар шалтгааны улмаас эхнэртэйгээ муудалцдаг байсныг асууж тодруулдаг байсан. 2011 оны 1 сард дүүгийн маань охин хуримаа хийсэн, нөгөө охиных нь төрсөн өдөр бас давхцаж байсан болохоор би дугтуйн дотор 500 мянган төгрөг хийгээд явуулж байсан. Энэ байрны асуудлаар бид хоорондоо ярилцаад шийдэж болох л байсан. Одоо бол надад эвлэрэх шалтгаан байхгүй. Хууль бусаар гэж хэлж байгааг нь гайхаж байна. Бидэнд байрны ордер байсаар байтал улсын бүртгэлийн газарт очоод байрны гэрчилгээгээ үрэгдүүлсэн гээд шинээр гаргуулж авсан байсан. Бидэнд байр хэрэгтэй гээд үнэнээ хэлээд авна биз дээ. Би сүүлд бэрийнхээ байдлыг маш сайн ойлгосон. Бодоод байхад Энхсүрэн, Бүжин 2 миний дүүгийн хүүхдүүд биш юм шиг санагдсан. Та хоёр дараа нь үнэн мөнийг нь олж аваарай. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Ч.Амарболд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.Энхмарт, Б.Энхсүрэн, Б.Бүжин нар нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 1 дүгээр байрны 66 тоотын өмчлөгч байх бөгөөд уг байрны өмчлөгч болох Лхамсүрэн, хүү Болдсүрэн нар нас барж, С.Лхамсүрэн нас барахаас өмнө уг орон сууцны өмчлөх эрхийн гэричлгээг бидэнд өгч, нотариатчийг дуудан өөрөө гэрээслэл бичиж байрыг охин Л.Хандсүрэн, зээ хүү Ч.Амарболд нарт өвлүүлсэн. Өвлөх эрхийн гэрчилгээ өвлөгч тус бүр дээр бичигдсэн байгаа. Иймд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 1 дүгээр байрны 66 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Бид сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь өвөө болох С.Лхамсүрэн нь 2005 оны эхээр буюу гэрээслэл бичсэн гэх 1 сард хүн танихгүй хэвтэрт орсон байна. Охин Б.Энхсүрэн өвөөгийнхөө биеийг асуухаар 2005 оны 1 сард очиж уулзахад ач охиноо ч танихгүй байсан. Тиймээс гэрээслэл үлдээхдээ бичсэн хүсэлтийг Л.Хандсүрэн гэгч өөрөө зохион бичсэн гэж үзэж байна. Хүн танихгүй, өвчтэй хүн гэрээслэл бичиж, гарын үсэг зурж чадахгүй. Тиймээс энэ гэрээслэл хүчин төгөлдөр гэхэд эргэлзээтэй байхаас гадна өвтэй холбоотой маргааныг шийдвэрлээгүй учир хариуцагч Ч.Амарболдын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Энхмарт, Б.Энхсүрэн, Б.Бүжин нар нь хариуцагч Ч.Амарболдод холбогдуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 1 дүгээр байрны 66 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлж, уг орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд үлдээх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Амарболд нь нэхэмжлэгч нарт холбогдуулан дээрх орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч нарыг төлөөлж тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Санжидмаа нь шүүхэд дээрх нэхэмжлэлийг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр өөр ажилд томилогдон шүүхэд төлөөлөх эрхгүй болсон гэх шалтгаанаар нэхэмжлэгч нар түүнээс татгалзсан тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдөө оролцсон нь Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.5-д заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нар нь өөрсдийн өмчлөлийн дээрх орон сууцыг хариуцагч Ч.Амарболдын эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч гэрээслэлээр өв залгамжилсан учраас уг байрыг чөлөөлөх үндэслэлгүй, улмаар дээрх орон сууцны хамтран өмчлөгч мөн гэж маргажээ.

Нэг. Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичгийн баримтуудаар маргааны зүйл болж буй Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 1 дүгээр байрны 66 тоот 29 м2 талбай бүхий 2 өрөө орон сууц нь 1998 оны 4 сарын 03-ны өдөр Орон сууц хувьчлах товчооны 16 дугаар тогтоолоор С.Лхамсүрэн, Л.Болдсүрэн, Д.Энхмарт, Б.Энхсүрэн, Б.Бүжин гэсэн 5 хүний нэр дээр хувьчлагдан 1998 оны 4 сарын 03-ны өдрийн №0031018 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байх ба улмаар С.Лхамсүрэн нь 1998 оны 4 сарын 23-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд хамтран өмчлөгч нарын өмчлөх эрхийг баталгаажуулах хүсэлт гаргаснаар С.Лхамсүрэн, Л.Болдсүрэн, Д.Энхмарт, Б.Энхсүрэн, Б.Бүжин нар дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч нар болжээ.

Нэхэмжлэгч нар нь 2015 оны 8 сарын 28-ны өдөр өмчлөх эрхийн 1998 оны 4 сарын 03-ны өдрийн №0031018 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг үрэгдүүлсэн гэх шалтгаанаар дээрх 5 нэр бүхий хамтран өмчлөгч нарын нэр дээр дахин улсын бүртгэлийн Ү-0614000580 дугаарт бүртгүүлж №00388406 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байх бөгөөд уг өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамч гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байх ба энэ талаар гаргасан хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын ...хууль ёсны өвлөгч нарт нь хуучин өмчлөх эрхийн гэрчилгээ нь эх хувиараа байсаар байтал Д.Энхмарт үрэгдүүлсэн гэж улсын бүртгэгчтэй хуйвалдан дахин шинэ гэрчилгээ авсан байна. Тиймээс энэ гэрчилгээ нь хуурамч нотлох баримт гэх тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...дээрх байр нь С.Лхамсүрэнгийн хуваарьт хөрөнгө гэж маргаж байх боловч Орон сууц хувьчлах товчооны уг байрыг хувьчилсан тухай баримтуудас үзэхэд С.Лхамсүрэн уг байрыг хамт амьдарч байсан өөрийн хүү Л.Болдсүрэн, түүний эхнэр хүүхдүүд болох Д.Энхмарт, Б.Энхсүрэн, Б.Бүжин болон өөрийн нэр дээр хувьчлах хүсэлт гаргасны дагуу дээрх 5 хүний нэр дээр хувьчлагдан өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсоноос үзэхэд дээрх орон сууц нь Монгол Улсын Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна.

Иймд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь дээрх орон сууцны хууль ёсны хамтран өмчлөгч нар байхаас гадна мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108.2 дахь хэсэгт тус тус зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс бүхэлд нь шаардах эрхтэй байна.

Хоёр. Орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч Ч.Амарболд нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах, 1 дүгээр байрны 66 тоот 2 өрөө орон сууцыг өвөө С.Лхамсүрэнгээс гэрээслэлийн дагуу өвлөж авсан тул хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дээрх орон сууцны хамтран өмчлөгч С.Лхамсүрэн 2005 оны 02 сарын 11-ний өдөр, Л.Болдсүрэн 2004 оны 10 сарын 25-ны өдөр тус тус нас барсан байх бөгөөд С.Лхамсүрэн нь 2005 оны 01 сарын 17-ны өдөр дээрх орон сууцыг өөрийн төрсөн охин болох Л.Хандсүрэн, зээ хүү хариуцагч Ч.Амарболд нарт өвлүүлэхээр гэрээслэл үлдээж, улмаар уг гэрээслэлийн дагуу хариуцагч Ч.Амарболд 2010 оны 4 сарын 30-ны өдөр, Л.Хандсүрэн нь 2016 оны 11 сарын 14-ний өдөр өвлөх эрхийн гэрчилгээг тус тус авчээ.

Монгол Улсын Иргэний хуулийн 522 дугаар зүйлийн 522.1-т иргэн нь хуульд зааснаар өвлөх эрхтэй буюу эрхгүй нэг буюу хэд хэдэн этгээдэд өөрийн эд хөрөнгийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь үзэмжээрээ хуваарилан гэрээсэлж болохоор заажээ. Гэвч хариуцагч Ч.Амарболдод холбогдох орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт буюу энэ шүүх хуралдаанаар өвлөх эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлээгүй учир гэрээслэгчийн гэрээслэл Иргэний хуульд зааснаар хүчинтэй эсэхийг шүүх дүгнэх боломжгүй байна.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээслэлээр өвлөгч Л.Хандсүрэн нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагч болон гуравдагч этгээдийн аль алинаар оролцоогүй бөгөөд өвлөгчийн хувьд түүний эрх ашиг хөндөгдөхөөр байх тул шүүх гэрээслэгчийн гэрээслэлийг хүчин төгөлдөр гэж үзэн хариуцагч Ч.Амарболдыг дээрх орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоох боломжгүй байна.

Харин хариуцагч Ч.Амарболд, мөн Л.Хандсүрэн нарын хувьд дээрх байрны хамтран өмчлөгч С.Лхамсүрэнд ногдох хэсгийг гэрээслэлээр өвлөх эрхтэй болсон гэж үзэж байгаа тохиолдолд өвийн асуудлаар шүүхэд жич нэхэмжлэл гаргаж С.Лхамсүрэнгийн бусад өвлөгч нарыг тогтоолгох, дээрх орон сууцнаас С.Лхамсүрэнд ногдох хэсгийг нэхэмжлэгч нараас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Хариуцагч Ч.Амарболдын сөрөг нэхэмжлэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хандсүрэн нь өмчлөгч, өвлөгч болохын хувьд Хандсүрэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж бичсэн байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талуудаас итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хандсүрэнг хамтран хариуцагчаар, эсхүл гуравдагч этгээдийн аль алинаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй тул шүүх хариуцагч Ч.Амарболдыг сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэн нэхэмжлэлийн хувийг нэхэмжлэгч нарын төлөөлөгчид гардуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй юм.

Дээрх үндэслэлүүдээр Монгол Улсын Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т зааснаар хариуцагч Ч.Амарболд нь маргаж буй орон сууцны хууль ёсны хамтран өмчлөгч биш байхаас гадна тэрээр одоогийн байдлаар уг орон сууцанд амьдрахгүй байгаа боловч Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн ажлын албаны 2016 оны 10 сарын 24-ний өдрийн №1828 тоот тодорхойлолтоор Ч.Амарболд нь тус багийн 1 дүгээр байрны 66 тоотод байнгын оршин суугчаар бүртгэлтэй болох нь тогтоогдож байна.

Иймд хариуцагч Ч.Амарболдын хууль бус эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах 1 дүгээр байрны 66 тоот 29 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлж, уг орон сууцыг нэхэмжлэгч нарт үлдээж, нэхэмжлэгч Д.Энхмарт, Б.Энхсүрэн, Б.Бүжин нарт холбогдох дээрх орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Ч.Амарболдын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан ...Д.Энхмарт болон түүний хүүхдүүд өвлөх эрхээ алдаж өвлөх эрхгүй болсон, С.Лхамсүрэн нь гэрээслэл үлдээхдээ Д.Энхмарт болон түүний хүүхдүүдийг орон сууцны өмчлөлөөс хасуулсан... гэх тайлбаруудаа шүүхэд нотолж чадаагүй байна.

Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгч шүх хуралдаанд хавтаст хэргийг 9-20 дугаар талд байгаа нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаагүй, хуурамч гэх үндэслэлээр нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хянаад дээрх баримтуудыг нотлох баримтаас хасах шаардлагагүйгээр, шүүх шийдвэрээ гаргах үедээ шүүхийн шийдвэр үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ гэх үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсарган өгсөн баримтууд болох хавтаст хэргийн 9, 10 дугаар талд буй нэхэмжлэгч Д.Энхмарт, Б.Бүжин нарын иргэний үнэмлэхийн 2016 оны 9 сарын 22-ны өдрийн иргэдэд үйлчлэх автомат машинаас авсан лавлагаа нь нэхэмжлэгч нарыг тус шүүхэд 2016 оны 10 сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргах үед хүчинтэй байсан байна. Мөн хавтаст хэргийн 11-14, 18 дугаар талд буй Хэрлэн сумын 9 дүгээр багийн ажлын албаны тодорхойлолтууд, Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын Архивын лавлагаанууд нь хүчинтэй хугацаа заагаагүй баримтууд байх бөгөөд дээрх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан гэж үзнэ.

Хавтаст хэргийн 20 дугаар талд буй Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 2015 оны 8 сарын 28-ны өдрийн №000388406 тоот гэрчилгээ нь улсын бүртгэгчтэй хуйвалдан хуурамчаар олгогдсон гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байхаас гадна хариуцагчийн өмгөөлөгч энэ талаарх татгалзлаа шүүхэд нотолж чадаагүй тул шүүх уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Харин хавтаст хэргийн 15-17, 19 дүгээр талд буй Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 3 сарын 15-ны өдрийн гэрлэлтийн болон нас барсны бүртгэлийн лавлагаа, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа гэсэн баримтуудын хүчинтэй байх хугацаа шүүхэд нэхэмжлэл гаргах үед дууссан байгаагаас нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Мөн нэхэмжлэгч нарын хүсэлтээр гэрчээр асуугдсан гэрч П.Хүрэл-Очир, О.Төмөрчулуун нарын мэдүүлэг, мөн хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн 2016 оны 12 сарын 18-ны өдрийн итгэмжлэх, нотариатын газарт гаргасан ххүсэлтүүд гэсэн 9 хуудас баримт, дунд ангийн журналын хуулбар гэх 3 хуудас баримт, Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААЭҮГазрын 2017 оны 3 сарын 10-ны өдрийн тодорхойлолт-1 хуудас зэрэг баримтууд нь хэрэгт нотолгооны ач холбогдолгүй байх тул шүүх дээрх баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Хариуцагч Ч.Амарболдын шүүхэд гаргасан орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан үнэлж болохгүй нэхэмжлэлд хамаарагдан улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөх байтал хариуцагч нь 282950 төгрөгийг төлсөн байх тул мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар түүний илүү төлсөн 212750 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж хариуцагч Ч.Амарболдод олгох нь зүйтэй юм.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.1, 108.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ч.Амарболдын эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах, 1 дүгээр байрны 66 тоот 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлж, уг орон сууцыг нэхэмжлэгч Д.Энхмарт, Б.Энхсүрэн, Б.Бүжин нарт үлдээж, нэхэмжлэгч нарт холбогдох дээрх орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Ч.Амарболдын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282950 төгрөг, хариуцагч Ч.Амарболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282950 төгрөгөөс 70200 төгрөгийг тус тус төсвийн орлогод үлдээж, хариуцагч Ч.Амарболдоос улсын тэмдэгтийн хураамжид 282950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, хариуцагчийн илүү төлсөн 212750 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж хариуцагч Ч.Амарболдод олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь шийдвэрийг гардан авах 14 хоногийн хугацаанд ирж гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН