Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
Хэргийн индекс | 140/2016/0049/Э |
Дугаар | 36 |
Огноо | 2017-02-08 |
Зүйл хэсэг | 215.3., |
Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 36
Б.Баярбат, Г.Амартүвшин нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,
шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
прокурор Ц.Бурмаа,
нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоол,
Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр магадлалтай, 201413000180 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Баярбат, шүүгдэгч Б.Баярбат, түүний өмгөөлөгч Д.Бямбабаяр нарын гомдлоор хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, эрэгтэй, 1997 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 8 сарын хорих ялаар, -2008 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар, -2010 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Сартуул овогт Базаарагчийн Баярбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироох”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан “Зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаах” гэмт хэрэгт,
2. Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, ял шийтгэлгүй, Ажиндай овогт Ганбаатарын Амартүвшин нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт заасан “Бусдын амь биед нь аюултай нөхцөлд байхад нь зохих байгууллагад мэдэгдээгүйн улмаас хүн нас барах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгүүдэд зааснаар Г.Амартүвшинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Б.Баярбатыг тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчиж осол гарган бусдын амь насыг хохироосон, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Б.Баярбатын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийнэ 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Баярбатын хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэгт зааснаар Т.Баярбатад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял болон 3 жил 1 сарын хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Баярбатаас 3,960,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Баярбатад олгож, нэхэмжлэлээс 2,642,350 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 7 дахь заалтад “...хохирогч Т.Баярбат нь талийгаач Т.Баатархүүгийн оршуулга болон бусад зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй” гэж, мөн тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх заалтад “шүүгдэгч Б.Баярбат, цагаатгагдсан этгээд Г.Амартүвшин нарт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай” гэж өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Баярбат, шүүгдэгч Б.Баярбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бямбабаяр нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.
Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаагийн саналыг сонсоод
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Баярбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний дүү Т.Баатархүү нь 2014 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүнд зодуулж нас барсан байдалтай олдсон. Тухайн үед хэргийн газар очиход хүнд зодуулсан байдалтай, бүх бие нь хөх толботой, ам нь урагдаж цус гарсан, хоолой боогдсон байдалтай байсан. Цагдаагийн байгууллага хэргийн газар очиж, хүнд зодуулсан байх магадлалтай гээд 2 хоногийн хугацаа алдсан. Учир нь анхны гэрчээр мэдүүлэг өгсөн хүн нь Б.Баярбат өөрөө бөгөөд хэргийг булзайруулж төөрөгдүүлэх санаатай худал мэдүүлэг өгч, хэрэг болсон газрыг бүдгэрүүлэхийн тулд хүнд зодуулсан байдалтай хашаа түшүүлж тавьсан байсан. Энэ бүх байдлыг харсан 2-3 гэрч байдаг. Хуулийн байгууллага энэ хэргийг үйлдсэн хүнийг нотолсон байхад Б.Баярбат нь хуулийн байгууллагыг хүндэтгэхгүй байхаас гадна биднийг доромжилж байна. Б.Баярбат нь өмнө олон удаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан байна. Б.Баярбат нь миний дүүг дайрах үед дүү маань газар дээрээ үхээгүй бөгөөд машиндаа өргөж оруулахад “намайг хаашаа авч явах гээд байгаа юм бэ”? гэж орилоод байсан гэж гэрчүүд мэдүүлдэг. Ингэхээр Б.Баярбат миний дүүг дайрчихаад үхээгүй болохоор нь өөрөө машиндаа суулгаж авч яваад хүнд зодуулсан болгох гэж өөрөө нэмж зодож алсан байх магадлалтай. Хэргээ хүлээхгүй байгаа хүнд хэргээ хүлээлгэн зохих ял шийтгэлийг нь эдлүүлж, талийгаачийн ах, дүү, төрөл төрөгсөдийг нь сэтгэл санаа, эд материалын хохиролгүй болгож өгөхийг хүсье. Хэргийн үнэн зөвийг олж, зөв шийдвэр гаргаж өгнө гэдэгт бидний зүгээс итгэлтэй байна...” гэжээ.
Шүүгдэгч Б.Баярбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...2014 оны 09 дүгээр сарын 14-ний орой айлаас тавилга үзэхээр эхнэр, том хүүхдийнхээ хамт өөрийн эзэмшлийн “Бонго Жи-2” маркийн машинаар очиж үзээд, тавилгыг гэртээ авчирсан боловч тохирохгүй байхаар нь буцаагаад аваачиж өгсөн. Тэгээд гэртээ ирээд амарсан бөгөөд тэр өдөр архи уугаагүй. Гэтэл тэр өдөр зам тээврийн осол гарч хүн нас барсан юм билээ. Эхнэр, хүүхэд бид гурав машинаар бааз өгсөөд явж байхад нас барсан гэх залуу “Өлгий” дэлгүүрийн зүүн талд хоёр залуутай хамт зогсож байгаа харагдсан. Тэр хэргийн улмаас бүх цагаан “Бонго” болон “Портер” маркийн машинуудад Цагдаагийн газраас шалгалт хийсэн бөгөөд намайг бас шалгаад, “та энэ хэрэгт хамааралгүй юм байна” гэж явуулсан. Тухайн үед миний машины салхины шил хагараагүй байсан. Тэгээд хэд хоногийн дараа намайг дахин шалгасан бөгөөд энэ үед миний машины салхины шил хагарсан байсан. Дэд хурандаа н.Баатар шалгаад “та энэ хэрэгт холбоогүй юм байна” гэж хэлээд намайг явуулсан. 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр найз н.Амартүшинтэй хамт н.Будсүрэнгийнд очиж архи уугаад, тэндээсээ гараад явж байтал машин унтраад асахгүй байхаар нь бид хоёр машин дотор хоносон. Тэгээд өглөө сэрэхэд машины салхины шил хагарсан байсан бөгөөд энэ талаар найз Будсүрэнд хэлж байсан юм. Харин машины толио 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр айлын хашаа шүргэсний улмаас хагарсан. Машины салхины шил болон толь хагарсныг найз н.Будсүрэн, Г.Зоригоо нар гэрчилнэ.
Хавар 5 сард орой айл руу явж байсан чинь цагдаа нар ирээд баривчилж, улмаар нууц мөрдлөгөөр хэрэг нотлогдсон гэж үзээд хилс хэрэгт хэлмэгдүүлсэн. Намайг анх шалгасан материалууд, гэрчүүдийн мэдүүлэг, тойргийн камерийн бичлэг зэрэг баримтууд алга болсон байна.
Иймд хэргийн үнэн зөвийг олж, миний амьдралд гүн туслалцаа үзүүлэхийг хүсье...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бямбабаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх магадлалыг гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг буруу хэрэглэж магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна гэж гомдол гаргаж байна. Үүнд: гэрч Б.Санжаасүрэн, Н.Отгонбат, Ц.Батжаргал, Т.Базаррагчаа, Н.Анхзаяа нарын мэдүүлгээс үзэхэд тухайн үед талийгаачийг дайрсан машинд хоёр хүн явсан талаар хангалттай гэрчилж байгаа. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх эдгээр гэрчийн мэдүүлж байгаа талийгаачийг дайрсан машинд хоёр хүн байсан гэдгийг үл ойшоож, уг ослыг гаргахдаа ганцаараа явж байсан мэтээр дүгнэлт хийсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсгийг зөрчсөн. Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа гэрч Э.Соёл-Эрдэнийн мэдүүлгээр хөдөлбөргүй нотлож байна гэж дүгнэлт хийсэн. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 150 дугаар зүйлд заасны дагуу таньж олуулах ажиллагаа явуулахад гэрч Э.Соёл-Эрдэнэ “... тухайн хүн дайрсан автомашин цагаан өнгийн ачааны автомашиныг ийм маркийн автомашин байсан юм. Яг энэ машин гэж хэлж чадахгүй байна...” гэж мэдүүлсэн байхад энэ гэрчийн мэдүүлгийг туйлын үнэн мэтээр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн. Тухайн үед үзэгдэх орчин ямар байсан, замын гэрэлтүүлэг асаалттай байсан эсэх зэргийг тогтоогоогүй.
Мөн Б.Баярбат нь 2014 оны 09 дүгээр сард осол гарсны дараа найз Г.Амартүвшинтэй хамт Будсүрэнгийнд очиж архи ууж байсан, тэгж явахдаа машиныхаа урд шилийг Г.Амартүвшин маргаж хагалсан, Б.Баярбат, Г.Амартүвшин нар нь 2014 оны 09 дүгээр сарын хэдэнд танайд очиж архи уусан юм бэ? гэж шүүх хуралдаанд оролцсон гэрч н.Будсүрэнгээс асуухад “яг өдрийг нь санахгүй байна, тухайн үед баазад машин хүн дайрчихаад зугтаасан хэрэг гарсан талаар би сонсож байсан ба тэрнээс хойш энэ хоёр манайд халамцуу ирж, нэг шил архи уучихаад яваад өгсөн. Тэгсэн маргааш өглөө нь манайхыг босоогүй байхад Б.Баярбат манайд машин бензингүй болоод дарсаар байгаад аккумляторгүй болоод асдаггүй ээ, асаагаад өгөөч гэж ирэхээр нь би өөрийнхөө машиныг асаагаад очиход Г.Амартүвшин Б.Баярбатын машинд унтаж байсан. Тэгээд Б.Баярбат, Г.Амартүвшин рүү чи миний машины шилийг мөргөөд хагалчихлаа ш дээ төлж өгөөрэй гэж хэлээд хоорондоо маргаад байсан” гэсэн мэдүүлгээс харахад энэ нь цаг хугацааны хувьд эргэлзээтэй бөгөөд үүнийг шүүх анхаарч үзээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой гэж үзэж, мөн хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргаж байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Б.Баярбатад холбогдох хэрэг гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авагдсан баримт сэлт болон бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Шүүх Эрүүгийн хуулийн зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.
Шүүгдэгч Б.Баярбат, Г.Амартүвшин нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авагдсан нотлох баримтыг хэрэгт үнэлэх боломжтой хэмжээнд бүрдүүлж хавсаргаагүй байхад шүүх уг нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгож хавтаст хэрэгт авагдаагүй гүйцэтгэх ажлын баримт сэлтийг нотлох баримтын нэгэн адил дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу гүйцэтгэх үйл ажиллагааны эх сурвалжийг нууцлан, харин баримт сэлт, мэдээллийг нотлох баримтын үнэлэх боломжтой хэмжээнд бүрдүүлэн эрүүгийн хэрэгт хавсаргах нь хуульд нийцнэ гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт нь хуульд заасан журмын дагуу бэхжигдэж, гэрчлэгдсэн байхаас гадна шүүх хуралдаанаар заавал хянан хэлэлцэгдсэн байх шаардлагатай.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Баярбат, шүүгдэгч Б.Баярбат, түүний өмгөөлөгч Д.Бямбабаяр нарын гомдлыг хэрэгсэхгүй болгон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Баярбат, Г.Амартүвшин нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:
1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоол, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Баярбат, Г.Амартүвшин нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Завхан аймгийн Прокурорын газарт буцаасугай.
2. Хэрэг прокурорт очтол Б.Баярбат, Г.Амартүвшин нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Т.УРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ч.ХОСБАЯР