Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 49

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, шүүгч З.Нандинцэцэг, Н.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга  Н.Дэлгэрцэцэг
Улсын яллагч Н.*******, Э.*******
Шүүгдэгч  Б.*******
Г.*******
Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Д.*******
Шүүгдэгч Г.*******гийн өмгөөлөгч        Б.*******
Хохирогч  Т.*******
Хохирогчийн өмгөөлөгчТ. 
Иргэдийн төлөөлөгч   С.
Гэрч  Б. нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Б.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэг, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар Г.*******д Эрүүгийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. *******, Г.******* нарт  холбогдох 201413000180 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  
Шүүгдэгч Монгол Улсын харьяат, 1977 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй баг 2 дугаар гудамжны тоотод оршин суудаг хаягтай, одоо Улиастай сумын Чигэстэй багийн хэсгийн тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд 1997 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Улиастай дахь Сум дундын 1-р шүүхийн ?77 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 сар хорих ялаар, мөн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар, 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн ?35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай овогт ийн ******* РД: //

Шүүгдэгч Монгол Улсын харьяат, 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Завхан аймгийн Баянхайрхан сумын багт оршин суух хаягтай, одоо Сонгино суманд оршин сууж байгаа, Радио телгерафчин мэргэжилтэй, Завхан аймгийн Сонгино сум дахь Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн харьяа .... дүгээр ротод холбоочин ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай овогт ын ******* РД: //
Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэг, мөн хуулийн 216 дугаар зүйлийн  216.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Г. ******* нь  Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  тус тус холбогджээ. 
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

2014 оны 09 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн нутаг Мал эмнэлгийн баруун талын замд жижиг оврын ачааны цагаан өнгийн автомашин зам тээврийн осол гаргаад хохирогчийг буюу осолд өртсөн этгээдийг машинаараа авч явсан нь тухайн үед хамгийн ойр байсан  гэрч Э.ийн ”... 2014 оны 09 сарын 14-ний өдөр 19-20 цагийн орчим ...дэлгүүрийн харалдаа хар замын баруун талд нэг машин зогссон нэг хүн ёолоод жолооч нь миний хөгшин суугаарай гээд машиндаа суулгаж байсан ... Ингээд хойд талд байдаг буюу худгийн урд байдаг цагаан дэлгүүр лүү ортол худалдагч эгч хүн машинд дайруулчихлаа гэж ярьсан. Би тэр ярианаас хүн машинд дайруулсан юм байна гэж ойлгосон. Тэр машин цагаан өнгийн Бонго машин байсан. Ёолоод байсан хүнийг машиныхаа баруун гар талаас суулгасан болохоор сайн хараагүй. Ямар ч байсан эрэгтэй хүн байсан. Жолооч нь эрэгтэй 30-40 насны бололтой дундаж өндөртэй хүн харагдсан, хувцсыг ажиглаагүй. Би харааны шил зүүдэг бөгөөд холын хараа муу /-2/ хэмжээтэй шил зүүдэг. Тэр үед шилгүй явсан тул сайн харж чадаагүй юм. Машины дугаарыг хараагүй. Үзэмж муутай машин байсан. Зөв талын цонх нь онгорхой байсан. Зөв талын хойд бөгсний гэрэл байхгүй, тэвшнийхээ хажууд халцарсан байсан санагдах юм. Би хамгийн ойроос харсан хүн л дээ. Замын нөгөө талаас л харсан, тэгэхээр 10-15 метр зайнаас харсан байх. Харааны шилгүй бол бүрсийсэн юм харагдаад байдаг юм...” гэсэн  мэдүүлэг,
          Гэрч Б.гийн “...Тэр орой 20 цагийн орчим ажилчдаа буулгах гээд барилга дээрээ очиход Улаанбаатар хотоос ирж манайд ажиллаж байсан инженер болон бусад хүмүүс манай энэ урд зам дээр маш хурдтай цагаан өнгийн портер машин хойноосоо урагш чиглэлтэй явж байгаад тойруулга дээр багтаалгүй шороон зам дээр явсан хүнийг дайраад хоёр хүн бууж ирээд дайрсан хүнээ кабиндаа суулгаад эмнэлэг рүү явчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгээд машин дотор явахад зам нь энэ байна гэж харуулсан бөгөөд хар зам дээр асар урт тоормозлосон мөр гарсан байсан...” гэсэн мэдүүлэг
          Ослыг харсан гэрч Н.ын “... Энэ өдөр буюу 9 сарын 14-нд ...ажиллаж  хотоос ирсэн хүмүүс машин хүн дайрчихлаа гээд унасан. Ингээд би хөл нүцгэн барилгын хундааман дээр гараад харахад хар замын тойруулгын ацтай өндөр хүчдэлийн шонгийн доохон талд цаашаа буюу урагшаа харсан цагаан өнгийн жижиг портер маягийн машин зогсож байсан. Жолооч талын хаалганаас бараан өнгийн хувцастай турайнхайвтар залуу бололтой хүн гарч ирж байсан. Нөгөө талаас бас хүн гарч ирж байсан. Сайн анзаараагүй. Би хүмүүст дугаарыг нь хараадах гэж орилчоод гутлаа өмсөөд эргээд хартал машин алга болчихсон байсан. Надад дайруулсан хүн харагдаагүй. Хашаа хаагаад байсан юм. Уг машин хар замаас гарч замын хажуугийн ховдолоор гараад ацтай шонгийн доохон талд шороон хэсэгт зогсож байсан...” гэсэн мэдүүлэг, 
         Гэрч Г.ын” ... цагаан өнгийн тэвштэй машин маш их хурдтай  явсан ...  би тойруулга дээр яаж эргэх юм бол гээд хараад байж байтал замын баруун талд зогсож байсан хүнийг мөргөсөн...тэгтэл машин баруун хаалганаас нэг хүн гарч ирээд мөргүүлсэн хүнийг кабиндаа хийж хөдлөөд явчихсан”гэсэн мэдүүлэг,
        Гэрч Н.ийн”... зам дээр хүн  машин мөргүүлчихлээ гээд ирэхээр  нь би хэрэгт дурлаад барьж байсан  барилганыхаа тэндээс зам руу хартал... бараан өнгийн хувцастай хүн... машинд руу оруулж байсан... би эмнэлэг  авч явж байгаа юм байна гэж бодсон юм...” гэсэн мэдүүлэг, 
         Гэрч Б.ийн “... би тэр өдөр барилга дээрээ байсан орой бүрэнхий болж байх үед болсон 19 цаг өнгөрч байсан,энэ үед хойноосоо урагшаа чиглэлтэй маш хурдтай цагаан өнгийн портер юм уу бонго загварын ачааны тэрэг явж өнгөрсөн маш хүчтэй түг гэсэн дуу гарсан. Гадаа бие засаж байсан машинд хүн мөргүүлчихлээ гэж хэлсэн...харсан чинь нөгөө машин урагшаа хараад хар замын хажуугийн шороон дээр гараа зогссон байсан...” мэдүүлэг,
            Гэрч Н.гийн “... Би 20 цагийн орчим хар замаар хойноосоо урагш явж байсан. Би замын зүүн талаар уруудаад биллъярдын урд замын гэрэлтүүлгийн шонгийн орчим явсан. Миний өмнөөс эсрэг чиглэлд замын баруун талаар нэг эрэгтэй хүн явж байсан. Тэр хүн замын хажуугийн шороон хэсгээр хар замаа дагаад хойшоо чиглэлтэй явж байсан. Миний араас хар замаар тэвштэй цагаан өнгийн жижиг машин хурдтай ирээд замын нөгөө талд явсан хүнийг дайрсан. Пүд гэсэн дуу гараад нөгөө хүн замын хажуугийн хонхор хэсэг рүү үсрээд явчихсан. Машин замын хажуугийн хонхор хэсгийг гараад шороон хэсэг дээр гарч зогссон. Машинаас хоёр хүн гарч ирээд нөгөө дайруулсан хүнийг кабиндаа суулгаад хөдлөөд явчихсан. Би сандарсандаа хурдан явж байгаад эргээд хартал машин алга болсон байсан. Машинд сууж явсан хүмүүс 25-30 насны орчим согтуу хүмүүс байна гэж бодсон. Машины зүүн гар талд жолооч нь сууж явсан. Нөгөө талаас буусан нь гуйвж дайваад хөл нь солбиж гишгээд байна лээ. Машин их бүдэг дугаартай дугаар нь 8 тоогоор эхэлсэн байсан санагдаж байна. Тухайн үед сандраад би дугаарыг нь харж амжаагүй...давхар кабингүй тэвшин дээрээ ямар нэг ачаа байгаагүй. ...хуучивтар машин байсан. Хар зам дээр тормоз гишгэхээр гардаг хар зураас уг машинаас үлдсэн ш тээ. Дайруулсан хүн ямар ч гэсэн гартаа цагаан тортой зүйл барьсан явсан...”гэсэн мэдүүлэг,
         Гэрч Ц.ын “...2014 оны 09 сарын 14-ний орой ажлаасаа  ажлын урд хар замын эсрэг талд байх дэлгүүр орох гээд явсан. Орой бүрэнхий болж байсан бөгөөд 20 цагийн орчим юм болов уу. Тэр үед бидний хажуугаар хойд зүгээс урагшаа чиглэлтэй хар замаар маш хурдтай цагаан өнгийн портер маягийн тэвштэй машин өнгөрсөн. Тэгснээ нилээд доошоо замын тойруулга дээр түс гээд явсан. Тэгээд хартал нэг хүн машинд мөргөгдөөд  замын хажуу руу шидэгдэж байгаа харагдсан.  Их тод дуу гардаг юм билээ. Мөн мөргүүлсэн хүн дээш хөөрөөд замын хажуугийн хонхор хэсэг рүү унаж харагдсан. Машин хүн мөргөөд замын хажуу руу гараад шороон хэсэг дээр урагшаа харж зогссон, тэгснээ хоёр талын хаалга онгойж хоёр хүн гарч ирээд нөгөө мөргөсөн хүнээ машиныхаа кабинд өргөж суулгаад уруудаад яваад өгсөн. Ер нь бол хурдан хугацаанд болж өнгөрсөн. Дугаарыг нь харж чадаагүй. Шавар болсон кузов нь халцарсан хуучивтар тар тар гэсэн портер машин байсан...Машин хүн мөргөөд хүн хөөрөх үед ямар нэг шил хагараад цацарч байсан. Буруу талын толь болов уу гэж бодсон...”гэсэн мэдүүлэг,
        Гэрч Т.гийн ”... 2014 оны 09 сарын 14-ний орой бүрэнхий болж байсан бөгөөд 20 цаг 30 минутын орчим юм болов уу энэ үед би ажлын газраас холгүй хар зам хөндлөн гарахаар байдаг “Хайрхан” дэлгүүрээс тамхи авахаар , хоёрын хамт явсан. Энэ үед хойноос урагшаа чиглэлтэй хурдтай цагаан өнгийн тэвштэй портер маягийн машин ирж явсан. машины өмнүүр гүйж гараад бид хоёр уг машиныг хүлээж байгаад өнгөрүүлсэн. Тэр машин хар замын тойруулгаар тойрч чадалгүй шууд давхиад шороон зам руу орсон. Тэнд хар замын хажуугаар явж байсан хар хувцастай хүнийг мөргөсөн. Мөргүүлсэн хүн замын хонхор луу үсэрсэн. Жалга буюу замын хажуугийн хонхор хэсэгт машин зогсоод хоёр хаалга онгойгоод хоёр хүн бууж ирээд нөгөө хүнийг баруун гар талын хаалгаар суулгаад шууд хөдлөөд явчихсан. Жаахан дээшлээд гудамж руу ороод явчихсан. Хар зам дээр тод хар зураас тоормозлосноос гарсан байна лээ. Би дугаарыг нь хараагүй. Хойноос нь харахад дугааргүй л байх шиг байсан. Цагаан өнгийн тэвштэй машин байсан.Би машины марк сайн мэдэхгүй тул тэр портер, бонго хоёрын алийг мэдээгүй...” гэсэн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдсон байна. 
Уг ослыг цагаан өнгийн Bongo Ji-2 маркийн автомашинтай этгээд гаргасан болохыг гэрч Э.ийн “...тэр машин цагаан өнгийн Бонго машин байсан. Кабин нь бөмбөгөрдүү байсан, тэгээд ч би бонго, портер хоёрыг сайн ялгана. Портер бол кабин нь хурц ирмэгтэй ч юм шиг дөрвөлжиндүү байдаг...” гэсэн мэдүүлэг хөдөлбөргүй нотолсон байна. 
Ослын улмаас хохирогч Т. нас барсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ?201400033 дугаартай  “...Талийгаач нь элэгний задралын улмаас хэвлийн хөндийд цус алдаж цус алдалтын шокын улмаас нас баржээ. Талийгаачийн биед элэгний задрал, хэвлийн цус дүүрэлт, дээд уруулын дунд хэсэгт шарх, эрүүний доод зүүн хэсэгт шарх, хүзүүний зүүн талд цус хуралт, хүзүүний зүүн талаас зүүн эгэмийг дайрч, зүүн мөрний үений дээгүүр зүүн дал руу чиглэсэн өнгөц зулгаралт, ууцны хэсэгт зураасан зулгаралт, баруун өвдөгний үед цус хуралт, хэвлийн хэсэгт хүйснээс дээш овойж хавдсан дарж үзэхэд цэлцгэнэсэн сул шингэнтэй, уг овойж хавдсаны төв хэсэгт цус хуралт, үүний доор залгаад цус хуралт, баруун нүд хацар бага зэргийн хавдар зэрэг гэмтэл учирсан байна. ... дээрх гэмтэл нь хүчтэй доргилт, мөргөгдөх, цохигдох хүчний 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. ...2016 оны 09 сарын 14-нд 20-21 цагийн орчим нас барсан байх боломжтой...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.
Осол гарсны гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж илрүүлэх зорилгоор Монгол Улсын Гүйцэтгэх ажлын тухай хуулийн  9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт прокурорын зөвшөөрлөөр цагдаагийн байгууллага  гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт эрүүгийн хэргийн талаар хуульд заасан үндэслэл, нөхцөл журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажиллагааны шугамаар авагдсан баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлж нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх үйл ажиллагааны эх сурвалжийг нууцлахаар заасан учир гүйцэтгэх ажиллагааны журмаар авагдсан баримтуудыг нэрлэн заах боломжгүй.
Уг гүйцэтгэх ажиллагаагаар дээрх ослыг шүүгдэгч Б.******* нь өөрийн эзэмшлийн Bongo Ji-2 маркийн авто машиныг жолоодож явахдаа үйлдсэн болохыг тогтоосон байна. 
Гүйцэтгэх ажиллагааны арга хэрэгслээр авсан баримт мэдээлэл нь доорх нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.
Тухайлбал Б.*******ын өмчлөлийн Bongo Ji-2 авто машины цонх гадна талаас үйлчилсэн үйлчлэлийн улмаас хагарсныг нотолсон Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны “...шинжилгээнд ирүүлсэн улсын дугаартай цагаан өнгийн Bongo Ji-2 маркийн автомашины урд салхины шил нь үйлдвэрийн эмблемтэй, шил шахагч хаймарт өөрчлөлт орсон зүйлгүй байх тул үйлдвэрийн шил солигдоогүй байна. Шинжилгээнд ирүүлсэн улсын дугаартай цагаан өнгийн Bongo Ji-2 маркийн автомашины урд салхины шилний баруун талын хэсэгт хагарсан хагархай нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хагарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн улсын дугаартай цагаан өнгийн Bongo Ji-2 маркийн автомашины урд салхины шилний баруун талын хэсэгт хагарсан хагархай нь авто машины гадна талаас нөлөөлсөн хүчин зүйлийн улмаас хагарсан байна...” гэсэн шинжээчийн ?201610038 дугаартай дүгнэлт, осол гарах үед хамгийн ойр байсан гэрч Ц. авто машиныг таньж олуулах ажиллагааны явцад Б.*******ын өмчлөлийн улсын  дугаартай автомашиныг тухайн үед хүн дайрсан гэх машинтай адилхан байна гэж таньсан тухай тэмдэглэлээр давхар нотлогдож байх тул гүйцэтгэх ажилагааны журмаар авагдсан баримтуудыг шүүх бүрэлдэхүүн үнэн зөв гэж үнэллээ
Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан “...Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал,  тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсний улмаас  зам тээврийн осол гаргасан нь 2016 оны 08 дугаар сарыг 25-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. 
     Мөн тэрээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 дахь хэсгийн а,б, в-д заасан заасан жолоочийн үүргээ биелүүлээгүй, осол гаргасан газрыг орхиж зугтаасан нь дээрх гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.
Иймд тээврийн хэрэгслийн ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчсний улмаас бусдын амь насыг хохироосон, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэг, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсгүүдэд зааснаар ял шийтгэл  тус тус ногдуулах  нь зүйтэй. 
 Шүүгдэгч Б.*******ад ял шийтгэл хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй  байна.
           Шүүгдэгч  Б.******* нь 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн ?35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн боловч Монгол Улсын Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан хугацаа буюу ялтайд тооцох  хугацаа дууссан учир түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаж байгаа учир Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэгт “шүүгдэгч гэм буруугийн талаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар ердийн журмаар хянан хэлэлцэж гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний эцэст энэ хуулийг хэрэглэнэ” гэж заасан журмын дагуу шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.*******ад оногдуулах ял нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр  зүйлийн 4.1 дэх хэсэгт хамаарч байх тул нэмэгдэл ял болон үндсэн ялыг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй.
           Г.*******г Завхан аймгийн Прокурорын газраас “бусдын амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлээгүйн улмаас хохирогч нас барсан”  үйлдлийг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
            Бусдын амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг нь амь нас эрүүл мэндэд нь аюултай байдалд орсон  этгээдэд тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй хэлбэрээр үйлддэг  онцлогтой  боловч тухайн осол гарах үед шүүгдэгч Г.*******г *******тай хамт явж, улмаар хохирогч д яаралтай тусламж үзүүлээгүй эсхүл зохих байгууллагад мэдэгдээгүй гэж үзэхээр хэрэгт авагдсан болон гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан нотлох баримтаар нөхцөл байдал  тогтоогдохгүй байна.
          Мөн  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт  цугларсан нотлох баримтаас  шинжлэн үзэхэд хохирогч гэмтэл авснаас хойш 5 минутын дотор амьд байх боломжтой  байсан  нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог бөгөөд цаг хугацааны хувьд  хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлэх бодит боломж байхгүйн учир түүнийг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгах боломжгүй байна.  
          Иймд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах  нь зүйтэй гэж үзлээ.
           Хохирогч Т.******* нь талийгчийн оршуулгын болон бусад зардалд  шүүгдэгчээс 6.602350 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
         Монгол Улсын Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар  хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал төлбөрийг шаардах эрхтэй бөгөөд  нэхэмжлэлд холбогдох баримтуудыг үнэлж дүгнэхэд хохирогч  Т.*******ын гаргаж өгсөн баримтуудаас  хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, нотлох баримтын шаардлага хангасан баримтуудаар 3.960.000  төгрөгний зардал гарсан нь нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.
Хохирогч мэргэжлийн өмгөөлөгчөөр эрх ашгаа хамгаалуулж, өмгөөлүүлсний зардалд 700.000 төгрөг нэхэмжилж  байгаа ч өмгөөлөгчийн хөлсийг  оршуулга болон зайлшгүй гарсан зардал гэж үзэх боломжгүй байна.
 Иймд өмгөөллийн хөлс  болох 700.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах шаардлагагүй гэж үзлээ.
           Хохирогчийн нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангаагүй, баримтгүй нийт 1.942.750 төгрөг, өмгөөллийн хөлс 700.000 төгрөг, нийт 2642750 төгрөг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, Б.*******ын эзэмшлийн дугаартай тээврийн хэрэгслэлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хохирогчид хохирол төлөгдөх хүртэл  хэвээр үргэлжлүүлэх  нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 97 ширхэг толь мэт зүйлсийн хагархайг устгаж, хохирогчийн өмсөж явсан бэлтгэлийн цамц, чернилин ягаан өнгийн даавуун цамц, хагас ханцуйтай цамц/подволк/, биеийн тамирын өмд, нилонон тамирын өмд, дотоож, Jordan нэртэй пүүз 1 хос, camelwool гэсэн бичигтэй ноосон оймс 1 хос зэрэг 8 нэр төрлийн хувцасыг хохирогч Т.*******ад буцаан олгож, шүүгдэгч Б.*******ын тээврийн хэрэгслэлийн гэрчилгээ, татвар төлөлтийн гэрчилгээ болон иргэний үнэмлэхийг шүүгдэгчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан олгох нь зүйтэй  гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 283 дугаар зүйл, 286 дугаар зүйлийн 286.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгүүдэд зааснаар Г.*******д  Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасугай.
2. Шүүгдэгч овогт ийн *******ыг тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчиж осол гарган бусдын амь насыг хохироосон, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар  хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 01 сарын хугацаатай хорих ялд, Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг багтааж нийт 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 
5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад оногдуулсан 3 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
          6. Монгол Улсад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.9  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял болон 3 жил 1 сарын хугацаатай  хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй. 
7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас 3.960.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.*******ад олгож, нэхэмжлэлээс 2.642.350 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.
8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хохирол төлөгдөх хүртэл  хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар  зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 97 ширхэг толь мэт зүйлсийн хагархайг устгаж, хохирогчийн өмсөж явсан бэлтгэлийн цамц, чернилин ягаан өнгийн даавуун цамц, хагас ханцуйтай цамц/подволк/, биеийн тамирын өмд, нилонон тамирын өмд, дотоож, Jordan пүүз 1 хос, camelwool гэсэн бичигтэй ноосон оймс 1 хос зэрэг 8 нэр төрлийн хувцсыг хохирогч Т.*******ад буцаан олгож, шүүгдэгч Б.*******ын тээврийн хэрэгслэлийн гэрчилгээ, татвар төлөлтийн гэрчилгээ болон иргэний үнэмлэхийг шүүгдэгч Б.*******ад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан олгосугай. 
10. Шүүгдэгч Б.*******аас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
11. Шүүгдэгч Б.******* нь хоног цагдан хоригдсон, Г.******* нь  цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч нарт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.
13. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, цагаатгагдсан этгээд цагаатгасан шалтгаан үндэслэлд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ  Д.НЯМ

ШҮҮГЧИД   З.НАНДИНЦЭЦЭГ

Н.ДЭЛГЭРМАА