Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 311

 

“БХХ трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацаг, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Баясгалан нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 421 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “БХХ трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 252 дугаар шийдвэрээр: 1.Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.3, 32 дугаар зүйлийн 32.3.2, 35 дугаар зүйлийн 35.3.5, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан "БХХ трейд" ХХК-ийн гаргасан "Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 671, 2011 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 295 дугаар захирамжийн "Шинэ барилга" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах" нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн "БХХ трейд" ХХК-ийн компанитай газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгах", гуравдагч этгээдийн "...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар "БХХ трейд" ХХК-д батлагдсан ерөнхий төлөвлөгөөг үндэслэн орчны тохижилт хийгдсэн 0.04 га газрыг эзэмшүүлсэн шийдвэртэй нийцүүлэн Нийслэлийн газрын кадастрын нэгдсэн санд давхцалыг арилгаж байршил зааж олгосон газрыг зөв оруулж, илүү тохижилт хийсэн газрыг чөлөөлүүлж шийдвэрлэхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нарт даалгах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 374 дүгээр захирамжийн 1 дүгээр заалтын 1 дэх хэсгийн ...орчны тохижилт хийгдсэн 0.04 га газрыг нэмж эзэмшүүлэхээр... гэж заасныг илт хүчин төгөлдөр бус акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх" бие даасан шаардлагаасаа тус тус татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 421 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 252 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтад “...тус тус хүчингүй болгуулах” гэсний дараа “БХХ трейд” ХХК-ийн эзэмшиж буй 620 м.кв талбайн кадастрын зургийг нийслэлийн газрын мэдээллийн санд зөвтгөн бүртгэж авахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгах” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.  

Нэхэмжлэгч “БХХ трейд” ХХК-ийн захирал Ч.Эрдэнэчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Барилгын тохижилтыг /зочид буудлын/ зүүн, баруун, урд талд хийхээр төлөвлөгдсөн хэдий ч автозамын орц, гарцад дэндүү ойрхон стандартад нийцэхгүй учраас Нарны замын уулзвараас хойш 40 м-т тохижилт хийлгэхийг даалгаж, Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2007 онд 374 дүгээр захирамж гаргаж баталгаажуулсан байдаг.

Энэ баталгаажуулалтыг 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Газрын мэргэжлийн санд бүртгэж оруулсан талаар газрын албаны мэргэжилтэнд цохсон бичиг бүхий баримт хэрэгт авагдсан ба энэ тухай газрын мэдээллийг сангийн мэдээллийн архиваас авч хэрэгт хавсаргасан байдаг. Энэ үед ямар нэг давхцал байгаагүй болно.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий кадастрын зургийг мэдээллийн санд оруулсан гэдгийг хүлээн зөвшөөрч, хянавал хэсэгтээ тусгайлан дүгнэсэн болно. Түүнээс гадна мэдээллийн санд бүртгэгдээд байсан “БХХ” компанийн 620 м.кв талбай бүхий кадастрын зургийг ямар нэг үндэслэл нотолгоогүйгээр “зохих журмын дагуу хийгдээгүй, хууль бус зургийг үндэслэн хийгдсэн. ..." гэж шууд дүгнэж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж буй нь хэт өрөөсгөл ямар нэг нотлох баримтад үндэслээгүй дүгнэлт гэж үзэж байна.

“Шинэ барилга” ХХК нь анх 2010 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн эзэмшсэн гэх 984 м.кв талбайн кадастрын зургийн мэдээллийг санд оруулахдаа өмнө нь буюу 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр газрын мэдээллийн санд оруулсан "БХХ" компанийн мэдээллийг зориуд устгуулж "давхцалгүй" мэтээр харагдуулж кадастрын зургийг үйлдүүлсэн болох нь холбогдох нотлох баримтуудаар бүрэн нотлогддог. Энэ цаг үеэс хойш үйлдэгдсэн бүх зургууд /кадастрын болон сансрын зургууд/ давхцалгүйгээр гардаг тул шинжээчийн дүгнэлт мөн л хуурамч баримтад тулгуурлаж /үндэслэж/ гарсан, үндэслэлгүй, хуурамч нотлох баримт болох юм.

“Шинэ барилга” ХХК-ийн хувьд “Нарлаг гүүр”-ийн газрыг чөлөөлсөн гэдэг шалтгаанаар Нийслэлийн хэд хэдэн байрлалд багагүй хэмжээний газраар нөхөн олговор авсан байдаг. Тэгээд ч гэрээгээр халхавчилж Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчих учиргүй билээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

“БХХ трейд” ХХК-иас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нарт холбогдуулан 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 671 дүгээр захирамж, 2011 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 295 дугаар захирамжийн “Шинэ барилга” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн эзэмшиж буй 620 мкв талбайн кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөн бүртгэхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчээс “газар давхцсан буюу 94 мкв газрыг манайх түрүүлж эзэмшсэн, газрын кадастрын мэдээллийн санд манай газрын байршлыг буруу оруулсан, хууль бусаар газрын байршил өөрчилсөн” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж маргаж байна.

Анх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 322 дугаар захирамжаар “БХХ трейд” ХХК-д зочид буудлын барилгын зориулалтаар 220 мкв газар эзэмшүүлсэн байна. Улмаар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар орчны тохижилт хийгдсэн 400 мкв газрыг нэмж эзэмшүүлэн, ингэснээр нэхэмжлэгч 620 мкв газар эзэмших эрх үүсчээ.  

Гэвч нэхэмжлэгчээс газрын хэмжээг ийнхүү нэмэгдүүлэн авахдаа, захиргааны байгууллагаас зөвшөөрсөн барилгын эргэн тойрны орчны газар биш, барилгын хойд талаас 40 м зайд, 400 мкв газарт тохижилт хийсэн байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт нийцэхгүй юм.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “хүсэлт гаргасан нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх хуулийг зөрчсөн” гэж маргасан ч Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д зааснаар “барилгын орчны тохижилт” гэдэгт тухайн барилгад олгогдсон газарт барилгажилт, төлөвлөлтийн нормын дагуу төлөвлөсөн мод, бут, сөөг зэрэг ногоон байгууламж, зам, тээврийн хэрэгслийн зогсоол, амрах болон тоглоомын талбай, гэрэлтүүлгийг байгуулахыг ойлгохоор заажээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээдийн барих зочид буудлын барилгын урд, баруун, зүүн талын хэсэгт орчны тохижилт хийхээр тусгагдсан болох нь Улаанбаатар хотын ерөнхий архитектур Г.Болдын 2005 онд баталсан ерөнхий төлөвлөгөө, барилгыг байнгын ашиглалтад оруулах улсын комиссын 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.

Иймээс нэхэмжлэгч нь захиргааны байгууллагаас олгогдоогүй, барилга барих газарт хамааралгүй газарт тохижилт хийх эрхгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т зааснаар эзэмшил ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарахаар, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар захиргааны байгууллага хянан шалгаснаар кадастрын зургийг мэдээллийн санд оруулах, эрх зүйн үр дагавар үүсэхээр байна.

Гэтэл нэхэмжлэгчийн маргаж байгаа 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн кадастрын зургийг захиргааны байгууллага хянан шалгаж, баталгаажуулаагүй байна. 

Иймд, захиргааны байгууллагаар хянан баталгаажигдаагүй 2006 оны зургийг үндэслэн үйлдсэн 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 18642310560028 нэгж талбарын дугаар бүхий кадастрын зургийг хуулийн дагуу гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “мэдээллийн санд зургийг оруулсан” тухай гомдол үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийн тухайд газрын мэдээллийн санд бодитоор “620 мкв хэмжээтэй газар эзэмших эрхтэй” тухай кадастрын зураглал хадгалагдсан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээ өөрчлөгдөөгүй, хасагдаагүй, харин нэхэмжлэгчийн хүссэн зураглалаар, хүссэн газрын байршлаар мэдээлэл хадгалагдаагүй байгаа нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоогүй, харин нэхэмжлэгч анх төлөвлөсөн барилгын орчны газарт бус өөр газарт орчны тохижилт хийснээс “91 мкв” газарт давхцал үүссэн тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 421 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ  

ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ