Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 501

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар`

          Нэхэмжлэгч: “ХЧ” ХХК

          Хариуцагч: НХОГҮХ  

Нэхэмжлэлийн шаардлага: “НХОГ  “ҮХ ”-ны “Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлт /Чингэлтэй, Баянгол дүүрэг 11,0 км/ НХОГ 2018-А/131-2” дугаартай тендерт “Т” ХХК-ийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/975 тоот, мөн 2018 оны 5 длугаар сарын 29-ны өдрийн 4/1368 тоот шийдвэрээр шалгаруулсныг хүчингүй болгож, уг тендерийг дахин үнэлүүлэхийг даалгах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Ж, М.Ц нар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, П.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ХЧ” ХХК-ийн захирал Б.Батзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... “ХЧ” ХХК Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зарлагдсан “Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлтийн /Чингэлтэй, Баянгол дүүрэг, 11,0 км/ НХОГ 2018-А/131-2 дугаартай ажлын нээлттэй цахим тендерт зарлагдсаны дагуу www.tender.gov.mn хаягаар орж, холбогдох бичиг баримтаа агч оролцсон. Уг тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нээсэн.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2018 оны 04 сарын 30-ны өдөр 4/975 тоот мэдэгдлээр манай компанийг ТШӨХ-д заасан шаардлагыг хангасан боловч хамгийн сайн үнэлэгдсэн тэндерээр шалгараагүй уг тендерт “Т” ХХК-г гүйцэтгэгчээр шалгаруулсныг мэдэгдсэн. Бид 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын сангийн яаманд ТОӨЗ 5,3/б/-д заасан сүүлийн 3 жилийн 2015, 2016, 2017 онд хэрэгжүүлсэн аль нэг жилд 600.000.000 /зургаан зуун сая/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх гэсэн заалтыг хангаагүй “Т” ХХК-ийг шалгаруулсанд гомдол гаргасан юм. МУСЯамнаас 2018 оны 05 сарын 17-ны 6-1/3023 тоотоор тендер шалгаруулалтад гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, хуулийн дагуу дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэн.Энэ нь шалгаруулалт илт хууль бус байгааг илчилсэн. Гэвч НХОГ-с 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 4/1368 тоот мэдэгдэлд “Т” ХХК-г дахин гүйцэтгэгчээр шалгаруулсныг мэдэгдсэн.

2018 оны 06 дугаар сарын 05-нд МУСЯ-нд гомдол гаргасан боловч 2018 оны 06 сары 07-ны 6-1/3609 тоотоор “Т” ХХК-г тендерийн шаардлага хангасан гэсэн хариу ирсэн.

ТОӨЗ 5,3/б/-д заасан Сүүлийн 3 жил 2015, 2016, 2017 онд хэрэгжүүлсэн аль нэг жилд 600,000,000 / Зургаан зуун сая/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх гэсэн заалтыг зөрчиж “Т” ХХК-г шалгаруулсан нь төрийн байгууллагууд үгсэн хуйвалдаж, хуурамч бичиг баримтаар төрийн хуулийг завхруулж бусад оролцогч байгууллагуудыг гутаан доромжилж байна.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас ажлыг гүйцэтгүүлэхээр “Т” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй худалдан авах ажиллагааны хуулийн 56.1-г үндэслэн шүүхэд хандаж байна.

Иймд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт “ХЧ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт холбогдуулан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт “Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлт /Чингэлтэй, Баянгол дүүрэг 11,0 км/ НХОГ 2018-А/131-2 дугаартай тендерт “Т” ХХК-ийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны 4/975 тоот, мөн 2018 оны 05 дугаар сарын 29-ний дөрийн 4/1368 тоот шийдвэрээр шаргаруулсаныг хүчингүй болгож, уг тендерийг дахин үнэлүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа,“Т” ХХК 600,000,000 /зургаан зуун сая/ төгрөгийг нэг жилд гүйцэтгэсэн байх ёстой гэх сүүлийн гурван жилийн шаардлагыг хангахгүй байна гэж нэхэмжлэгч тал үзэж байна. Хангасан гэвэл 855,000,000 /найман зуун тавин таван сая төгрөг/-ний уул уурхайн далан хийсэн гэх. Энэ асуудал уул уурхайн 6000кв метр хаягдал хадгалах даланг хийсэн гэж байгаа энэ ажил үнэмшил муутай байна гэж нэхэмжлэгч тал үзэж байна. 60 метрийн өргөнтэй 100 метрийн урттай 1 метрийн гүнтэй усны даланг барихад шороон далан хийж хамгаалалт барихад ихдээ 80,000,000 /наян сая/ төгрөгийн зарлага гарах ёстой гэж уул уурхайнхан ч хэлж байгаа. Анх хурал болж байхад шүүх бүрэлдэхүүнд энэ ажлыг газар дээр нь очиж үзэх, шинжээч томилох санал тавьсан. 855,000,000 /найман зуун тавин таван сая/ төгрөг гэдэг бол үйлдвэр барих хэмжээний мөнгө. Засаг даргаас уг ажлыг хүлээж аваагүй. Барилга хүлээж авсан акт гэх актад тухайн комиссийн бүх хүн гарын үсэг зурах ёстой. Энэ актыг нэхэмжлэгч тал хүчингүй гэж үзэж байна. Энэ актад хувийн болон төрийн бүх байгууллагууд Монгол Улсын Барилгын Тухай хуулийн дагуу явагдсан байх ёстой. Хоёр гурван хүн хоорондоо гэрээ хийж барилга барьсан байсан ч тухайн бүрэлдэхүүнээрээ Байгаль орчны Улсын байцаагч, Мэргэжлийн хяналтын байцаагч барилга хариуцсан байцаагч тухайн хуулийн дагуу хүлээлцэж Улсын комиссод хүлээлгэн өгсөн байх ёстой. Энэ акт хүчингүй акт байна гэж би үзсэн учир нь Байгаль орчны байцаагч 2 талын төлөөлөгч гарын үсэг зурсан байгаа. Энэ актыг захиргааны акт гэж үзэж болох уу? гэхэд болно гэж байгаа. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тодорхойлолтод манайх энэ актыг баталгаажуулаагүй гэсэн зүйлийг хэлж байгаа.

“Т” ХХК-ийн хийсэн ажлын талаарх мэдээлэл байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ ажил хийхэд дээр дурдсан хэмжээний мөнгө гарах ёсгүй. Би 30 жил барилга барьж байна тиймд бодитой ажил хийсэн бол нотлох хүсэлтийг тавьсан. Акт хүчингүй учраас гуравдагч этгээдийн ажил хүчингүй болж байгаа юм.

Тендерийн үнэлгээ буруу явагдсан байна. Би нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахдаа гол нь биш. Тухайн компани хийгээгүй ажлыг хийсэн гэсэн баримтыг ирүүлсэн юм биш үү. 600,000,000 /зургаан зуун сая/ төгрөгийн ажил хийгээгүй байгаа учир үүнийг шалгаж өгөөч гэж байгаа юм.

 Иймд бодитой шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна. Сангийн яаманд анх хүсэлт гаргахдаа энэ үнэлгээ буруу байна дахин үнэлнэ үү гэж хэлсэн. 2 хоногийн дараа энэ үнэлгээ зөв байсан. Би хараагүй байна гэж хэлээд тендерийн материалыг шалгаж үзээгүй. Би Сангийн яаманд өдөр бүр очиж байгаа, та нар тендерийн материалаа үнэлгээн дээр авч ирж үзсэн үү гэхэд үзэх шаардлагагүй гээд тендерийн материалыг авч үзэхгүй явуулж байгаа юм. Гол нь төр захиргааны байгууллага энэ мэтээр хууль зөрчиж байна. Иймээс нэхэмжлэгчийн зүгээс төрийн захиргааны байгууллагыг шүүхэд өгөөд байгаа юм.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Ж, М.Ц нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т эрх ашиг нь зөрчигдсөн байх асуудал хөндөгдсөн зохицуулалт байгаа юм. “Т” ХХК “ХЧ” ХХК 2 бол үндсэндээ тендерийн болзол хангасан хэмээн өрсөлдсөн компани мөн. Өрсөлдөөд “Т" ХХК-ийг шалгаруулсан хуулиндаа хамгийн бага үнийг ирүүлснийг сайн тендер гэнэ гэж зохицуулсан байна. Тендерийн үнийн хувьд 20,30-аад сая төгрөгийн зөрүү байна. Гэхдээ манай үйлчлүүлэгч юун дээр маргаад байна гэвэл хэрэв тендер шалгаруулах өгөгдлийн хүснэгтэд заасан сүүлийн 3 жилийн 600,000,000 /зургаан зуун сая/-аас дээш төгрөгийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна гэх болзлыг тухайн компани хангахгүй байна. Хангаагүй байхад шударга бусаар шалгаруулсан. Хэрвээ яг хангасан бол түүнийгээ нотол, хангаагүй бол манай компани шалгарах ёстой юм. Иймд нэхэмжлэгч талын эрх ашиг зөрчигдөж байгаа юм. Шударга бус өрсөлдөөн явагдлаа. Ганц тодорхойлолт нь ажил хүлээлцэн авсан гэх бичиг байдаг. Гэвч тухайн бичиг өнөөдөр нотлогдоогүй. Ажил хийсэн гэдэг нь батлагдахгүй байна. Нэхэмжлэгчтэй адил ажил хийсэн гэдэг нь батлагдвал өрсөлдөхгүй бууж өгөхөд бэлэн байна гэж ярьж байгаа юм. Өөрийн эрх ашиг, хуурамч баримт бичгүүдээс болоод хөндөгдсөн гэх асуудлыг ярьж байгаа учир 106 дугаар зүйлийн 106.3.4-өөр эрх ашиг хөндөгдсөн гэх байр суурьнаас ярьж байгаа. Сангийн яам шалгаж үзээд тендер шударга бус болсон байна гэдгийг батлаад өөрөө хүчингүй болгосон. 2 хоногийн дараа энэ хүчинтэй байна гэж шалгаруулсан шалгаруулахдаа 2 дахь шалгаруулалт үнэлгээ хийхдээ мөн Сангийн яамны заасан баримт бичгийг шалгахгүйгээр автоматаар шалгаруулсан үүнд гомдолтой байгаа.

Шүүх нотлох баримтыг үнэлэх тайлбар хэлэх явцад дахин шаардлагатай нотлох баримт хэрэгтэй бол миний хүссэн нотлох баримтыг гаргуулж өгөхийг үзэж байна. “Т ХХК” 855,000,000 / найман зуун тавин таван сая төгрөг/-ний ажил хийсэн гэдэг нь тодорхой харагдахгүй байна. Тендерт өгсөн материалууд нь нөхөн гүйцээж хийсэн баримт байдлаар оруулж ирсэн нь эргэлзээтэй байна. Учир нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тодорхойлолтоор харагдаж байгаа. Хийж гүйцэтгэсэн байна гэхдээ манайх хүлээж аваагүй. Энэ маш эргэлзээтэй байдлыг бий болгож байгаа тул шүүх энэ байдлыг анхаарч үзэхийг хүсэж байна. Мөн ажил гүйцэтгэх гэрээний хугацаа эргэлзээтэй байна. 2017 оны 08 дугаар сарын 01-ээс 2018 оны 09 дүгээр сарын 01-н хүртэл гэсэн байхад 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн байгаа. Энэ гэрээ нөхөж хийсэн байх магадлалыг тодорхой харуулж байна. Үүнийг анхаарч үзэхийг хүсэж байна.

Миний үйлчлүүлэгч шударга явсан бол манай компани шалгарах боломжтой байсан гэдэгтээ санал нэг байна. Монгол Улсад шударга ёсыг тогтооё гэсэн хоёр үзэл баримтлалтай шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Үүнийг юу баталж байна гэвэл нэгдүгээрт, Ижил төстэй ажил 600,000,000 /зургаан зуун сая/ төгрөгнөөс гэх зүйл байгаа. Үүнтэй холбоотойгоор энэ гэрээ байгуулагдсанаас хойш 5 сарын дотор ажил үүрэг гүйцэтгэж дууссан байна энэ гэрээг байгуулахад 16 сардаа багтааж хийх хувиартай байхад яаж ажлыг хийх вэ ямар үр дүн гаргахав ямар техник ашиглах вэ энэ бүхэн тусгагдаж байж энэ мөнгөний тооцоо ажил гүйцэтгэх хугацааны тооцоо гардаг. Гэтэл энэ хугацаа богино байгаа нь миний үйлчлүүлэгчийг 85,000,000 /наян таван сая/ төгрөгийн ажил ийм л ажил юм байна гэх хардлагыг төрүүлэхэд хүргэсэн. Ажил гүйцэтгэсэн акт байхгүй байгаа ГУ17-004 гэх ажил хүлээлцсэн акт энэ нь “Гантиг уул” ХХК-ийн өгсөн тодорхойлолт. “Гантиг уул” ХХК-ийн тодорхойлолт өөрөө эргэлзээ төрхөөр баримт байна гэж үзэж байна. Хүлээлцсэн акт гэж баримт байгаа тухайн баримтад ажил гүйцэтгэсэн гэрээний хавсрал акт гэж байна. Үүнд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрыг төлөөлж Байгаль орчны Улсын байцаагч Д.Маналжав гэх хүн орсон гэдэг. Гэтэл Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг дарга манайх оролцоогүй гэдэг. Энэ байдлууд нь өөрөө миний үйлчлүүлэгчийг энэ тендер шударга бус явагдсан, хуурамч баримт дээр үндэслэж энэ тендерийг явуулсан байна гэж үзэх үндэслэл бий болсон. Иймд Л.Б гуай шударга ёсыг тогтооё гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай Монгол Улсын хууль байгаа юм .Энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т Монгол Улс эсхүл үүсгэн байгуулагдсан Улсын хуулийн дагуу татвар хураамж төлбөр төлөөгүй бол тендерт шалгаруулахгүй гэх ерөнхий нөхцөл байгаа юм. Л.Бат-Эрдэний илүү төлөлт 47,000,000 /дөчин долоон сая/ дутуу төлөлт 45,000,000 /дөчин таван сая/ ерөнхийдөө 2сая төгрөгийн илүү төлөлттэй. Би хүсэлт гаргахдаа уншиж хэлэлцүүлсэн “Т” ХХК нь  2017 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 4,698,000 / дөрвөн сая зургаан зуун ерэн найман мянга/-н төгрөгийн татварын өртэй” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХЧ ХХК-ийн гаргасан Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлт /ЧД, БГД 11.0 км/ НХОГ  2018-А/131-2 дугаартай тендерт Т ХХК 2018 оны 04 дүгээр сарын 30-ны 4/975, мөн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 4/1368 тоот шийдвэрээр шалгаруулсныг хүчингүй болгох, уг тендерийг дахин үнэлүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

            Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Эрх шилжүүлэх тухай А/131 дүгээр захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2018 онд санхүүжих төсөл арга хэмжээг баталсан. Баруун уулын үерийн хамгаалалтын засвар шинэчлэлт /ЧД, БГД 11.0 км/ төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг манай газарт даалгасан байдаг. Уг ажлыг зохион байгуулахаар НХОГ  даргын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/19 дүгээр тушаалаар ҮХ г байгуулсан. Тендерт шалгарсан “Т” ХХК, “ХЧ” ХХК-иас ТБОНӨХБАҮХАТХ-ийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэхх хэсэгт “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж зааснаар хамгийн бага харьцуулах үнэтэй “Т” ХХК-ийг сонгон шалгаруулсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.9-д “ҮХ ” гэж энэ хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор захиалагчийн байгуулсан ажлын хэсгийг хэлнэ гэж. Үүний дагуу НХОГ  даргын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/19 дүгээр тушаалаар ҮХ  байгуулагдсан ҮХ  хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулаагүй гэж уг хуулийн 52 дугаар зүйл төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх гэдгийн 52.1.7-д заасан хэргийг хянан хэлэлцээд тендерт оролцогч эрхээ зөрчигдсөн гэж үзвэл ҮХ нд хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж эрх бүхий байгууллага болох Сангийн яаманд гомдол гаргана.

            Нэхэмжлэгч “ХЧ” ХХК нь гомдол гарснаар Сангийн яамнаас 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 6-1/3023 тоот албан бичгээр Гомдол гаргагч “ХЧ” ХХК-ийн ирүүлсэн материалыг үзэхэд 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлын гэрээ, акт, фото зураг ирүүлээгүй байгаа нь ТШӨХ-ийн 5.2-д  буюу “сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын хүлээлгэж өгсөн улсын комиссын акт, фото зураг, ажил гүйцэтгэх гэрээний хамт ирүүлнэ /2015, 2016, 2017 он/ гэж заасан шаардлагыг хангахгүй байна

            Эхний удаад энэ 2 компанийг хоёуланг нь шаардлагад нийцсэн гэж үзсэн. “ХЧ” ХХК-аас 917,706,638 /есөн зуун арван долоон сая долоон зуун зургаа мянга зургаан зуун гучин найм/-ан төгрөгийн санал ирүүлсэн. “Т” ХХК-аас 903,524,144 /есөн зуун гурван сая таван зуун хорин дөрвөн мянга нэг зуун дөчин дөрөв/-өн төгрөгийн үнийн санал ирүүлсэн. Хуулийн 28 дугаар зүйлийн 28.11-т заасны дагуу захиалагч шаардлагад нийцсэн тендерийн үнийг хамгийн сайн үнэлсэн тендер шалгаруулах шалгуур үзүүлэлтүүдийн тендерийн бичиг баримтуудад заасан журмын дагуу ашиглан гээд Сангийн сайдын 2007 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Журам шинэчлэн батлах тухай 81 дүгээр тушаалын дагуу аргачлалаар бодоод 7,5 хувиар бууруулж “Т” ХХК-г шалгаруулсан байгаа.

“Т” ХХК нь 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлын гэрээ, акт фото зураг ирүүлээгүй нь ТШӨХ-ийн 5.2 дахь заалтыг хангахгүй байна, хуулийн дагуу дахин үнэлгээг хийхийг мэдэгдсэн. ҮХ ны нарийн бичгийн дарга О.Баярмаа нь Сангийн яамны мэргэжилтэн н.Амгалантай уулзаж тендерийн бичиг баримтын ТШӨХ 5.2(г)-д заасны дагуу /Т ХХК нь шаардлага хангасан байсан/ шийдвэр гаргасан тухай хэлсэн бөгөөд ҮХ ны хурлын шийдвэрээ /2018.04.23 №3/ хэвээр үлдээж болно гэсэн хариуг алдаа гаргаж тендерийн материалыг дутуу хянасан болохоо хүлээн зөвшөөрсөн. /Сангийн яамнаас 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 6-1/3609 тоотоор албажуулсан/. 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дахин хуралдаж “Т” ХХК-ийг шалгаруулсан 2018 оны 04 дүгээр сарын 23-ны №3 үнэлгээний шийдвэрийг хэвээр үлдээсэн болно” гэв.

Гуравдагч этгээд “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ХЧ” ХХК-ийн Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлт /Чингэлтэй, Баянгол дүүрэг 11.0 км/ ажил НХОГ  2018-А/131-2 дугаартай тендерт “Т” ХХК-ийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны 4/975 тоот, мөн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 4/1368 тоот шийдвэрээр шалгаруулсныг хүчингүй болгох, уг тендерийг дахин үнэлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг өгч байна.

  1. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 2018 оны 04 дүгээр сарын 12 ны өдрийн зарласан тендерийн “Тендер шалгаруулалт өгөгдлийн хүснэгт” буюу ТОӨЗ /5.3 (б)-д ижил төстэй ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих хугацаа: Сүүлийн 3 жил 2015, 2016, 2017 онд хэрэгжүүлсэн аль нэг жилд 600,000,000 /зургаан зуун сая/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна. Уг ажлын гэрээ, ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын акт, захиалагчийн тодорхойлолтыг хавсаргана/ гэж заасан.

Манай компанийн хувьд 2017 онд “Гантиг уул” ХХК-тай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу 855,412,00 /найман зуун тавин сая дөрвөн зуун арван хоёр мянга/ төгрөгний өртөгтэй “Төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн хаягдлын далан байгуулах ажил”-ийг хийж гүйцэтгэсэн.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар багийн нутагт байрлах Төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн хаягдлын далан бариулах ажлыг “Т” ХХК хийж гүйцэтгэсэн уг ажлыг байнгын ажиллагаанд оруулахад сумын Засаг дарга оролцоогүй болно гэх бичиг байгаа. “Т” ХХК нь “Гантиг Уул” ХХК-д ажлыг хийсэн хүлээн авах ажилд Засаг дарга оролцоогүй гэх тоот өгсөн байгаа. Хариуцагчаас үнийн дүн асуусан байгаа. Үүнд нэмээд хэдэн тайлбар өгье. “ХЧ” ХХК нь 917,706,638 /есөн зуун арван долоон сая долоон зуун зургаа мянга зургаан зуун гучин найм/-ан төгрөг, “Т” ХХК нь 835,754,834 /найман зуун гучин таван сая долоон зуун тавин дөрвөн мянга найман зуун гучин дөрөв/-өн төгрөгөөр үнийн саналаа явуулсан. Хуулийн 28 дугаар зүйлийн 28.11-т заасны дагуу шалгарсан.

            Мөн 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Барилга байгууламж хүлээлгэн өгсөн акт” үйлдэж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан акт, “Гантиг Уул” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт захиалагчийн тодорхойлолтыг тус тус хүргүүлсэн ба журамд заасны дагуу манай компаниас холбогдох бүх материалыг захиалагчид хүргүүлсэн.

Нэхэмжлэгчээс яагаад “Т” ХХК-ийн тендерийн материал эргэлзээтэй гэж үзээд байна вэ гэвэл Сангийн яамнаас ирүүлсэн бичиг байгаа 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 06-01/3023 гэх бичиг байгаа техникийн алдаа гаргасан байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн байгаа. Иймд техникийн алдаа гаргаж буруу бичиж мэдэгдэл хүргүүлсэн гэх зүйлийг хэлсэн. Сангийн яам дараагийн албан бичигтээ энэхүү алдаагаа залруулсан 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 06-01/3609 тоот тушаал байгаа үүнд захиалагчийн гаргасан тендерийн баримт бичиг нь тендер шалгаруулалтыг ерөнхий хүснэгтийн 5.3 Б –д сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 оны аль нэг жилд хэрэгжүүлсэн 600,000,000 /зургаан зуун сая/ төгрөгөөс багагүй үнэтэй ижил төстэй ажлыг үндсэн бүтцээр ажилласан байна гэх шалгуурыг “Т” ХХК хангасан болно гэх. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийг дэмжээд шаардлагыг шүүх Сангийн яамнаас тодруулга авъя гэсэн. Тодруулга ирсэн тухайн бичигт үүнтэй төстэй бичиг ирсэн байгаа. Тухайн бичиг 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 06/4897 тоот албан бичиг байгаа.

  1. ҮХ  үнэлгээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалтад “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэсэн заалтыг үндэслэн шийдвэр гаргасан.

Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх хэсэгт “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасныг үндэслэн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт зохих үнэлгээг хийж манай компанийг шалгаруулсан гэж үзэж байна. “Т” ХХК-ийн хувьд ямар нэгэн хууль зөрчиж тендерт ялалт байгуулсан зүйл байхгүй. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар үнэн зөв тендер явуулсан гэж үзэж байна.

            Иймд “ХЧ” ХХК-ийн “Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлт /Чингэлтэй, Баянгол  дүүрэг 11.0 км/ ажил НХОГ 2018-А/131-2 дугаартай тендерт “Т” ХХК-ийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны 4/975 тоот, мөн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 4/1368 тоот шийдвэрээр шалгаруулсныг хүчингүй болгох тухай “ХЧ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс НХОГ  “ҮХ ”-ны /цаашид “ҮХ ” гэх/ “Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлт /Чингэлтэй, Баянгол дүүрэг 11,0 км/ НХОГ 2018-А/131-2” дугаартай тендерт “Т” ХХК-ийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/975 тоот, мөн 2018 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 4/1368 тоот шийдвэрээр шалгаруулсныг хүчингүй болгож, уг тендерийг дахин үнэлүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...ТОӨЗ 5.3 (б)-д заасан сүүлийн 3 жил 2015, 2016, 2017 онд хэрэгжүүлсэн нь аль нэг жилд 600.000.000 /зургаан зуун сая/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх шаардлагад нийцэхгүй “Т” ХХК-ийн хуурамч баримтыг үнэлж, 2017 оны жилийн эцэст татварын өртэй байхад тендерт шалгаруулсан нь хууль бус, хуурамч баримтаар шалгаруулдаг буруу жишиг тогтож аж ахуйн нэгжүүдийг хохироож байгаа нь төрийн байгууллагын шударга бус үйлдэл”гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд “татварын өртэй компанийн баримтыг шаардлагад нийцсэн гэж үзсэнээрээ нэхэмжлэгч тендерт шалгарах боломжийг үгүйсгэж нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна” гэх агуулгаар тодруулан тус тус тайлбарласан ба хариуцагчаас “.....хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж” үзнэ гэж хуульд заасан дагуу хамгийн бага харьцуулах үнэтэй “Т” ХХК-ийг тендерт сонгон шалгаруулсан нь хуульд нийцсэн, тендерийн баримт бичгийг хуульд заасан дагуу зөв үнэлсэн” гэх агуулгаар нэхэмжлэгчийн үндэслэлийг үгүйсгэсэн болно.

1. Хэргийн үйл баримтын талаар НХОГ  даргын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/19 дүгээр тушаалаар[1] “Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлт /Чингэлтэй, Баянгол дүүрэг 11,0 км/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ҮХ г 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байх ба тендерийн урилгад заасны дагуу 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг 00 минутад нээлтийг хийхэд “Т” ХХК 903,524,144 төгрөгийн, “ХЧ” ХХК 917,706,638 төгрөгийн, “Усны барилга” ХХК 860,429,005 төгрөгийн, “Хурдны зам” ХХК 927,116,063 төгрөгийн, “Эм даблью ти” ХХК 872,356,439 төгрөгийн үнийн санал бүхий, тендерийн материалуудыг ирүүлсэн байна.[2]

ҮХ  2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №3 дугаар хуралдаанаараа дээрх таван компанийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид “Тендерийн хууль” гэх/ 27 дугаар зүйлд заасан дагуу хянан үзээд “Усны барилга” ХХК, “Хурдны зам” ХХК, “Эм даблью ти” ХХК-иудын тендерийг тус тус “шаардлагад нийцээгүй” гэж үзэн татгалзаж, харин “Т” ХХК болон “ХЧ” ХХК-ийн тендерийг мөн Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасан дагуу “шаардлагад нийцсэн” гэж үзэн үнэлгээ хийсэн байх ба Тендерийн хуулийн 28 дугаар зүйл 28.7.4-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасныг үндэслэл болгон “Т” ХХК-ийг тендерт шалгаруулж, энэ тухай мэдэгдлийг хариуцагчаас 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2/1367 дугаар албан бичгээр[3] “Т” ХХК-нд, нэхэмжлэгч “ХЧ” ХХК-д 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4/975 дугаар албан бичгээр[4] тус тус хүргүүлжээ.

Нэхэмжлэгчээс “тендерт шалгаруулаагүй” тухай хариуцагчийн дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 03/1 дүгээр албан бичгээр[5] Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан байх ба Монгол Улсын Сангийн яамнаас нэхэмжлэгчийн гомдлыг хянан үзээд 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 6-1/3023 дугаар[6] “Гомдол хянан үзсэн тухай” албан бичгийг хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүргүүлснээр “ҮХ ” 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тендерийг дахин хянан үзсэн №4 хуралдаанаараа[7] “Т” ХХК-г тендерт шалгаруулсан 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №3 хурлын шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж, хариуцагчаас энэ тухай 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 4/1368 дугаар мэдэгдлийг[8] мөн нэхэмжлэгч “ХЧ” ХХК-д хүргүүлсэн байна.

2. Нэхэмжлэгч түүний төлөөлөгч, өмгөөлөгчийн “Татварын өртэй компанийг тендерт шалгаруулсан” гэх үндэслэлийн талаар Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны /цаашид “ТОӨЗ” гэх/ “Эрх бүхий тендерт оролцогч” гэх 4 дэх хэсгийн[9] 4.2-т “Дараах тохиолдолд тендер оролцогч (түншлэлийн гишүүн нэгэн адил хамаарна)-ийг эрх бүхий бус гэж үзнэ”, 4.2.2-т “Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй” гэж заасан байх ба “Т” ХХК-иас цахим тендерийн материалдаа “Тендерт оролцогчийн чадвартай болохыг тогтооход шаардлагатай баримт бичгүүд” болох Үндэсний татварын албаны Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт гаргасан татварын дутуу үлдэгдэлгүй, хүчинтэй хугацаа нь 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 19 цаг 11 минут/ гэсэн 1803260591702 дугаартай[10] тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Ниймгийн даатгалын хэлтсийн “2018 оны 1 дүгээр улирлын байдлаар өр авлагагүй” тухай 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн №10 тодорхойлолт[11], Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны “Т” ХХК нь шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй” гэх 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн № 50609 дугаар тодорхойлолт[12], мөн “Т” ХХК-иас Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хаягласан “...ТЕГ, харилцагч банк, НДЕГ, Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон бусад байгууллагад хандаж тодорхойлолт хүсэхэд татгалзах зүйлгүй” гэж дурдсан 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 16/104 дугаар албан бичигт[13] хавсарган ирүүлснийг хянан үзэхэд гуравдагч этгээд “Т” ХХК-ийг татварын өртэй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл “Т” ХХК-ийн дээрх баримтуудыг хянан үзээд “Эрх бүхий тендерт оролцогч” гэж, улмаар гуравдагч этгээдийн тендерийг “шаардлагад нийцсэн” гэж үзсэн ҮХ ны шийдвэр зөв байна.

Харин “ТОӨЗ 5.3 (а)”-д[14] “Борлуулалтын хэмжээ сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын борлуулалтын дундаж орлого 700.000.000 /долоон зуун сая/ төгрөгөөс багагүй байна”, “ТОӨЗ 5.3 (б)”-д[15] “Ижил төстэй ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих хугацаа сүүлийн 3 жил 2015, 2016, 2017 онд хэрэгжүүлсэн аль нэг жилд нь 600.000.000 /зургаан зуун сая/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна. Уг ажлын гэрээ, ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын акт, захиалагчийн тодорхойлолтыг хавсаргана” гэж заасны дагуу “Т” ХХК-иас сүүлийн 3 жилийн борлуулалтын орлого, мөн эдгээр 3 жилийн аль нэгэнд 600 сая төгрөгийн үнийн дүнтэй ажил хийснээ нотлох зорилгоор 2015-2017 оны аудитаар баталгаажсан санхүүгийн тайлангуудыг захиалагчид цахимаар хүргүүлсэн тендерийн материалдаа хавсарган хүргүүлсэн ба үүнээс “Бизкон Аудит” ХХК-ийн хараат бус аудитороос “Т” ХХК-ийн аудит хийсэн 2017 оны жилийн Санхүүгийн байдлын тайланд 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар татварын өглөг 4.698299.62[16] /дөрвөн сая зургаан зуун ерэн найман мянга хоёр зуун ерэн есөн төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийн өглөгтэй гэж тэмдэглэгдсэн байгааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гуравдагч этгээд “Т” ХХК-ийг татварын өртэй байсан гэж ташаа ойлгон маргасан нь үндэслэлгүй байна.

Учир нь Тендерт шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн[17] “ТОӨЗ 4.2.2”-т “Монгол Улсын эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байна. Татварын ерөнхий газрын www.e-tax.mta.mn сайтыг ашиглан цахим тодорхойлолт, ...тодорхойлолт нь тендер нээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр байна” гэж заасан шаардлагыг дээр дурдсан Үндэсний татварын албаны цахим тодорхойлолт /хэвлэсэн огноо цагийг (3/26/2018, 7.11 PM) гэж тэмдэглэсэн/ хангасан байна гэж үзсэн хариуцагч ҮХ ны дүгнэлт үндэслэлтэй, өөрөөр хэлбэл сүүлийн 3 жилийн борлуулалтын болоод хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын үнийн дүнг тус тус нотлох зорилгоор тендерийн баримт бичигт хавсарган хүргүүлсэн Санхүүгийн тайланд “Т” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар татварын өглөгтэй гэж тусгагдсан байгаа нь түүнийг тендерт материалаа ирүүлэхээр Үндэсний татварын албанаас тодорхойлолт авах 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд татварын өрөө төлөөгүй гэж үзэх, цаашлаад Монгол улсын хэмжээнд Үндэсний татварын албанаас гарган өгч буй цахим тодорхойлолтыг хүчин төгөлдөр бус гэж тус тус үзэх үндэслэл болохгүй юм.

Иймээс “татварын өртэй компанийг тендерт шалгаруулсан” гэж нэхэмжлэгч түүний төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс маргасан нь үндэслэлгүй байна

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Т” ХХК-ийн Хэнтий аймагт 855 сая төгрөгөөр ажил хийсэн гэх баримтууд нь хуурамч, 855 сая төгрөг санхүүгийн баримтад хэрхэн туссан нь тодорхойгүй байхад тендерт ялагчаар шалгаруулсан” гэх үндэслэлийн талаар

“ТОӨЗ 5.3 (а)”-д “Борлуулалтын хэмжээ сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын борлуулалтын дундаж орлого 700.000.000 /долоон зуун сая/ төгрөгөөс багагүй байна” гэж заасан шалгуур үзүүлэлтэд хамааруулан тендерийн баримт бичигт ирүүлсэн “Т” ХХК-ийн 2015, 2016, 2017 онуудын жилийн Санхүүгийн санхүүгийн тайлангийн “Орлогын дэлгэрэнгүй тайлан”-д 2015 оны[18] Борлуулалтын орлого (цэвэр) 1,527, 522, 969.27 /нэг тэрбум таван зуун хорин долоон сая таван зуун хорин хоёр мянга есөн зуун жаран есөн төгрөг хорин долоон мөнгө/, 2016 оны[19] Борлуулалтын орлого (цэвэр) 1,449, 130, 634.64 /нэг тэрбум дөрвөн зуун дөчин есөн сая нэг зуун гучин мянга зургаан зуун гучин дөрвөн төгрөг жаран дөрвөн мөнгө/,2017 оны[20] Борлуулалтын орлого (цэвэр) 2,435, 358,390.52 /хоёр тэрбум дөрвөн зуун гучин таван сая гурван зуун тавин найман мянга гурван зуун ерэн төгрөг тавин хоёр мөнгө гэж тус тус тусгагдсан байх бөгөөд эдгээр Санхүүгийн тайлангууд нь аудитаар баталгаажсан байна. Үүнээс “Т” ХХК нь сүүлийн 3 жилийн борлуулалтын дундаж орлогыг тооцоолон үзэхэд 3 жилийн борлуулалтын нийт орлого 5,412,011,994.43 төгрөг /1,527,522,969.27+1,449,130,634.64+2,435,358,390.52=5,412,011,994.43/3=1,804,003,998.14/ үүнээс 3 жилийн дундаж нь 1,804,003,998.14 төгрөг болж байна.

Иймээс Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн “ТОӨЗ 5.3 (а)”-д “Борлуулалтын хэмжээ сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын борлуулалтын дундаж орлого 700.000.000 төгрөгөөс багагүй байна” гэж заасан шаардлагыг “Т” ХХК нь бүрэн хангасан гэж үзсэн тендерийн ҮХ ны шийдвэр үндэслэлтэй.

Түүнчлэн гуравдагч этгээд “Т” ХХК-иас Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт “Гантиг уул” ХХК-ийн “Төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн хаягдлын далан байгуулах” 855.412.000 төгрөгийн үнэ бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн талаарх “Гантиг уул” ХХК-тай байгуулсан 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн №17/г-27 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”[21], “Гантиг уул” ХХК-ийн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хаягласан 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 231 дүгээр албан бичиг[22] /тодорхойлолт/, барьж байгуулсан далангийн ажлын явцын фото зураг[23] зэрэг баримтуудыг цахим тендерийн баримт бичигтээ хавсарган ирүүлсэн нь “ТОӨЗ 5.3 (б)”-д “Ижил төстэй ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих хугацаа сүүлийн 3 жил 2015, 2016, 2017 онд хэрэгжүүлсэн аль нэг жилд нь 600.000.000 /зургаан зуун сая/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна. Уг ажлын гэрээ, ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын акт, захиалагчийн тодорхойлолтыг хавсаргана” гэж заасан тендерийн шаардлагад нийцсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...энэ ажлыг ийм өндөр үнээс хийсэн гэдэг нь эргэлзээтэй, баримт нь хуурамч” гэж маргасан нь үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь хариуцагч тендерийн ҮХ ны үйл ажиллагаа нь тендерийн хууль, бусад хууль тогтоомж, журамд заавар нийцсэн байх учиртай бөгөөд Монгол Улсын Сангийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “ҮХ ны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-д зааснаар ҮХ ны гишүүн тус бүр өөрийн дотоод итгэлээр, илээр тэгш эрхтэйгээр санал өгч тендерийн баримт бичгийг хянан үзэж үнэлэхээр байна.

Тэрээр ҮХ ны гишүүн тус бүр Сангийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан /Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 330 дугаар тушаалаар уг хавсралтад өөрчлөлт оруулсан/ “ҮХ ны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлэг”-ийг[24] бөглөн, тендерийн үнэлгээг шуурхай, шударга хийж гүйцэтгэхээ илэрхийлсэн баталгааг гаргасан байх ба мөн Улсын Их хурлын хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Ашиг сонирхлыг зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг[25] гарган сонирхлын зөрчилгүй болохоо илэрхийлсэн байгааг дурдах нь зүйтэй.

Дээрхийг дүгнэн үзэхэд гуравдагч этгээд “Т” ХХК-ийн тендерийн баримтдаа ирүүлсэн “Гантиг уул” ХХК-тай байгуулсан 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн №17/г-27 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”, “Гантиг уул” ХХК-ийн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хаягласан 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 231 дүгээр албан бичиг /тодорхойлолт/, барьж байгуулсан далангийн ажлын явцын фото зураг зэрэг баримтуудыг шаардлага хангасан гэж үзсэн нь Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага” гэж заасантай нийцсэн байна ҮХ ны шийдвэрийг буруутгах, улмаар дээрх баримтуудыг шүүхээс хуурамч нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй, мөн дээр дурдсан санхүүгийн тайланд тусгагдсанаар гуравдагч этгээдийн сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын жилийн дундаж 1.8 тэрбум төгрөг болж байгаа, эдгээр тайлангууд нь аудитаар баталгаажсан, хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан буюу үнэн зөвийг нотариатаар гэрчлүүлсэн хэлбэрээр хэрэгт авагдсаныг үгүйсгэх өөр ямар нэг баримт тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

4. “Тендерийн нээлтийн тэмдэглэл, үнийн саналууд /тендерийн нээлт дээр зарлагдсан үнийн дүнгээр/”[26] гэх хүснэгтэд тэмдэглэснээр нэхэмжлэгч “ХЧ” ХХК 917,706.638 төгрөг, гуравдагч этгээд “Т” ХХК 903.524,144 төгрөгийн /67, 764,310 төгрөгийн үнийн хөнгөлөлттэй/ үнийг тендерт ирүүлсэн нь тогтоогддог ба тендерийн үнийн саналын талаар хэргийн оролцогчдоос маргаагүй болно.

Сангийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “ҮХ ны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 4.1-д “ҮХ ны үйл ажиллагаа нь хуралдааны хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд хуралдаанаас хамтын шийдвэр гаргана” гэж заасан. Хариуцагч ҮХ ноос 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №3 дугаар хуралдаанаараа[27] тендерт материалаа ирүүлсэн нийт 5 компанийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ” гэж заасны дагуу хянан үзээд нэхэмжлэгч “ХЧ” ХХК, гуравдагч этгээд “Т” ХХК-ийн тендерийг “шаардлагад нийцсэн” гэж үнэлж улмаар “Т” ХХК-ийг тендерт шалгаруулсан талаар өмнөх хэсэгт дүгнэсэн.

Үүний дараа ҮХ ноос Сангийн яамны шийдвэрийн дагуу тендерийг дахин үнэлсэн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн №4 дугаар хуралдаанаараа[28] тендерийн хуулийн 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 28 дугаар зүйлийн 28.3-д “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”, 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж тус тус заасан дагуу хамгийн бага үнийн саналтай гуравдагч этгээд “Т” ХХК-ийн тендерийг хамгийн бага харьцуулах үнэтэй буюу “хамгийн сайн үнэлэгдсэн тендер” гэж үзэн шалгаруулсан өмнөх 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №3 дугаар хуралдаанаас гаргасан шийдвэрээ хэвээр үлдээн шийдвэрлэсэн байх ба хариуцагч ҮХ ны энэхүү шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцсэн бөгөөд энэхүү шийдвэрийн улмаас нэхэмжлэгч “Хүчит чулуу” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн “Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлт /Чингэлтэй, Баянгол дүүрэг 11,0 км/ НХОГ 2018-А/131-2” дугаартай тендерт “Т” ХХК-ийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/975 тоот, мөн 2018 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 4/1368 тоот шийдвэрээр шалгаруулсныг хүчингүй болгож, уг тендерийг дахин үнэлүүлэхийг хариуцагч НХОГҮХ нд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс ханган шийдвэрлэх үндэслэлгүй юм.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын шаардлага, татгалзлын үндэслэлийг дүгнэх замаар хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтыг гуравдагч этгээд “Т” ХХК-ийн тендерт ирүүлсэн цахим баримттай /шүүх хуралдаанд цахим тендерийн баримтыг CD-нээс үзэж шинжлэн судалсан/ харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 28 дугаар зүйлийн 28.1, 28.3, 28 дугаар зүйлийн 28.7.4-д тус тус заасныг баримтлан НХОГ  “ҮХ ”-нд холбогдуулан гаргасан “Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлт /Чингэлтэй, Баянгол дүүрэг 11,0 км/ НХОГ 2018-А/131-2” дугаартай тендерт “Т” ХХК-ийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/975 тоот, мөн 2018 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 4/1368 тоот шийдвэрээр шалгаруулсныг хүчингүй болгож, уг тендерийг дахин үнэлүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэгч “ХЧ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ХЧ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан “Цахим тендерийн баримт бичиг” болох цагаан өнгийн 2 ширхэг CD-г хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа хариуцагч тендерийн “ҮХ ”-нд буцаан олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ОТГОНТУЯА

 


[1] 1 дүгээр хавтас 44  дүгээр хуудас

[2] 2 дугаар хавтас 83  дугаар хуудас

[3] 1 дүгээр хавтас 52 дугаар хуудас

[4] 1 дүгээр хавтас 99 дүгээр хуудас

[5] 1 дүгээр хавтас 8 дугаар хавтас

[6]1 дүгээр хавтас 9 дүгээр хуудас

[7] 1 -р хавтаст хэрэг 21 -р хуудас

[8] 1 -р хавтас 10 -р хуудас

[9] 2 -р хавтас 5-р хуудас

[10] Цахим тендерийн баримт бичгийн 81 -р хуудас, хэргийн 1-р хавтас 225-р хуудас

[11]Цахим тендерийн баримт бичгийн 82 –р хуудас, хэргийн 1-р хавтас 226–р хуудас

[12]Цахим тендерийн баримт бичгийн 143–р хуудас, хэргийн 1-р хавтас 227–р хуудас

[13]Цахим тендерийн баримт бичгийн 147–р хуудас, хэргийн 1-р хавтас 228–р хуудас

[14] 2-р хавтас 5-р хуудас

[15] 2-р хавтас 5-р хуудас

[16] 1-р хавтас, 220-р хуудас

[17]2-р хавтас 2-р хуудас

[18] 1-р хавтас 187-р хуудас

[19] 1-р хавтас 205-р хуудас

[20] 1-р хавтас 222-р хуудас

[21] 1-р хавтас 128-р хуудас

[22] 1-р хавтас 127-р хуудас

[23] 1-р хавтас 132-133-р хуудас

[24] 2-р хавтас 68-72-р хуудас

[25] 2-р хавтас 73-82-р хуудас

[26] 2 -р хавтас 83-р хуудас

[27] 2 -р хавтас 102-р хуудас

[28] 1 дүгээр хавтас, 21-22-р хуудас