Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 128/2021/0079/З |
Дугаар | 221/МА2022/0332 |
Огноо | 2022-05-17 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2022/0332
МГ ХХК-ийн
шштдхг А.Э-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал
Илтгэгч: Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б
Нэхэмжлэгч: МГ ХХК-д тдхг А.Э
Хариуцагч: БОАЖЯ , АМГТГГУУКХ
Нэхэмжлэлийн шаардлага: БОАЖЯ ны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/02 дугаар дүгнэлт, АМГТГКХД-ын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах;
Нийслэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2022/0125 дугаар шийдвэртэй
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Э, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагч АМГТГГУУКХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эр, хариуцагч БОАЖЯ ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.М
Хэргийн индекс: 128/2021/0079/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч МГ ХХК-д тдхг А.Э оос БОАЖЯ , АМГТГГУУКХ т тус тус холбогдуулан “БОАЖЯ ны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/02 дугаар дүгнэлт, АМГТГКХД-ын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 125 дугаар шийдвэрээр: “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 27 дугаар зүйлийн 1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтыг баримтлан БОАЖЯ ны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/02 дугаар дүгнэлт, АМГТГКХД-ын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч МГ ХХК-д тдхг-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “"МГ" ХХК-д томилогдсон Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн нэхэмжлэлтэй, БОАЖЯ , АМГТГКХ-т тус тус холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2022/0125 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна.
3.1. Тус шүүхийн шийдвэрт "... байгаль орчинд хортой нөлөө үзүүлсэн ямар үйл ажиллагаа явуулсныг нотлоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй хэмээн маргаж, мөн тусгай зөвшөөрөл хүчингүй үлдвэл захиран зарцуулах замаар дампуурлын хэргийг өр төлбөрийг барагдуулахад, тусгай зөвшөөрлүүдийн талбайд нөхөн сэргээлтийг хийхэд ач холбогдолтой хэмээн тайлбарлажээ" гэжээ. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс эрх зүйн маргаантай харилцааг бүрэн тогтоож, маргаж буй үндэслэл тус бүрт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй бөгөөд төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны үйл ажиллагаагаар тогтоож чадаагүй нотлох баримтыг нөхөн гүйцэтгэж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд нь гомдолтой байна.
Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс “... 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүхээс "МГ" ХХК-ийг төлбөрийн чадваргүй гэж тогтоосон учраас үйл ажиллагаа нь Дампуурлын тухай хуулийн дагуу түдгэлзсэн ...нэхэмжлэгч буюу дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шийдвэр, захиргааны үйл ажиллагааны талаар тухайн захиргааны байгууллагаас мэдэгдэж байгаагүй ... Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот бичгээр гаргасан саналд үндэслэн мөн өдөрт нь буюу 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/02 тоот дүгнэлтийг БОАЖЯ наас гаргасан.
Орон нутгийн саналд байгаль орчинд хортой нөлөөлсөн нөхцөл байдлыг тогтоосон нотлох баримтыг хавсаргаж ирүүлээгүй, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ажлын хэсэг хуралдаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй, ажлын хэсгийн гишүүд нь тухайн нөхцөл байдалд ямар саналтай байсан нь тодорхойгүй гэдэг тайлбарыг ирүүлсэн нь үндэслэлгүй, хэргийн бодит байдлыг захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу тогтоогоогүй, сонсох ажиллагаа хийхгүй байх үндэслэл нотлох баримтаа тогтоогдоогүй, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг тусгай эзэмшигчид болон хэрэг гүйцэтгэгчид өгөөгүй, БОАЖЯ ны маргаан бүхий дүгнэлтэд Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлыг дурдаагүй, Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасан үндэслэл арилсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байсан, байгаль орчны хохирлын үнэлгээ хийсэн "ӨТ" ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн эрхгүй, төрийн захиргааны байгууллага нь шийдвэр гаргах үйл ажиллагаанд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6-д заасан тусгай зарчмуудыг зөрчсөн, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу нөхөн сэргээлтийн баталгаа болгож орон нутгийн төвлөрсөн дансанд хөрөнгө мөнгө байршуулсан, тусгай зөвшөөрлүүдийг цуцалснаараа үлдсэн талбайг хэн нөхөн сэргээх нь тодорхойгүй" зэрэг өргөн агуулгаар маргаж, мэтгэлцсэн бөгөөд давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд эдгээр үндэслэлүүдээ бүрэн дэмжиж байгаа болно.
Гэтэл анхан шатны шүүх нь маргаж буй үндэслэл бүрийг няцаасан дүгнэлтийг анхан шатны шүүхийн бичгээр гаргасан шийдвэрт дүгнэх ёстой байтал зөвхөн ...байгаль орчинд хортой нөлөө үзүүлсэн ямар үйл ажиллагаа явуулсныг нотлоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй... гэх үндэслэлийг явцууруулан дүгнэсэн нь учир дутагдалтай байгааг давж заалдах шатны шүүхээс анхааран үзнэ үү.
3.2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5-д "... тухайн компани нь байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, байгаль орчинд хортой нөлөө учруулж буйг, тодруулбал уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө батлуулалгүй олборлолт хийж, ашиглалт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийгээгүй, голын гольдролыг сэргээх арга хэмжээ аваагүйгээс хаягдал усны далан задарч үйлдвэрлэлд ашиглагдсан бохир ус голтой нийлж, ус бохирдуулсан, цэвэр ус урсгах зориулалттай суваг шуудуу бөглөрч зарим газраар задарч карьер руу орсон, усан сан бүхий хамгаалалтын газрын онцгой хамгаалалтын бүсийн хил заагийг тогтоогоогүй, газар дээр нь тэмдэгжүүлээгүй болохыг орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагаас удаа дараагийн хяналт шалгалтаар хангалттай шалгаж тогтоосон байх тул "байгаль орчинд хортой нөлөө үзүүлсэн ямар үйл ажиллагаа явуулсныг нотлоогүй" хэмээн маргаж буй нь үндэслэлгүй байна" гэжээ.
Архангай аймгийн Засаг даргын орлогчийн БОАЖЯ анд санал хүргүүлсэн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №02/975 тоот албан бичигт “... MV-002426, MV-002427 тусгай зөвшөөрлүүдийг эзэмшигч МГ ХХК ийн үйл ажиллагаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6 дахь хэсэгт заасны дагуу байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа ... тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасны дагуу “холбогдох дүгнэлт гаргаж тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү" гэж, БОАЖЯ ны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/02 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтэд "... Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №02/975 тоот албан бичгийг үндэслэн МГ ХХК-ийн эзэмшдэг MV-002426, MV-002427 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй" гэснээс үзэхэд зөвхөн байгаль орчинд хортой нөлөө учруулж байгаа гэх үндэслэлийн дагуу маргаан бүхий захиргааны акт гарсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д "тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан" гэж заасан. Гэвч шүүхээс байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө батлуулалгүй олборлолт хийж, ашиглалт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийгээгүй, усан сан бүхий хамгаалалтын газрын онцгой хамгаалалтын бүсийн хил заагийг тогтоогоогүй, газар дээр нь тэмдэгжүүлээгүй..." гэж маргаанд хамааралгүй асуудлаар дүгнэсэн буюу Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтад заасан бүх үндэслэлийн талаар дурьдаж байгаа нь ойлгомжгүй байна.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно", 24.2-т "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ", Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6 дахь заалтад “байгаль орчинд хортой нөлөөлөх" гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна", 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ", мөн хэсгийн 1 дэх заалтад "байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах" гэж тус тус заасан байна.
Хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох БОАЖЯ нь нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн байгаль орчинд хортой нөлөөлөл учруулж байгаа гэх үндэслэлийн талаар хууль тогтоомжид бүрэн нийцүүлэн бодит нөхцөл байдлыг тогтоох ёстой байтал орон нутгаас санал гарсан даруйд нь ажлын хэсгийг хуралдуулж, санал өгөлгүйгээр, холбогдох нотлох баримтыг цуглуулахгүйгээр МГ ХХК-ийн MV-002426, MV-002427 тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах дүгнэлт гаргасан нь хууль ноцтой зөрчсөн.
Нутгийн захиргааны байгууллагаас БОАЖЯ анд тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах саналыг гаргахдаа байгаль орчинд хортой нөлөөлсөн талаарх нотлох баримтыг хавсарган ирүүлээгүй, харин БОАЖЯ нь тухайн асуудлыг нотолбол зохих үйл баримтуудыг бүрэн цуглуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрхий болсон байтал анхан шатны шүүхээс ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах нэрийн доор хариуцагч нарын хууль зөрчсөн үйлдлүүдийг хаацайлан хамгаалж, маргаан бүхий захиргааны актыг гаргах үйл ажиллагаанд дурьдагдаж, цуглуулагдаагүй Мэргэжлийн хяналтын газрын холбогдох нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд нь гомдолтой байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 102/Ш32016/19307 дугаартай захирамжийн Үндэслэх хэсэгт “... Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2365 дугаар захирамжаар хариуцагч МГ ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлж, улмаар нэхэмжлэгчдийн анхны хурлыг товлон хуралдуулжээ" гэсэн байна. Шүүхийн шийдвэрт дурьдагдаж буй Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн шаардлага, хяналт шалгалтын танилцуулга, үүрэг даалгавар өгөх тухай эрх зүйн баримт бичгүүд нь МГ ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцогдсон цаг хугацаанаас дампуурах хүртэлх хугацаанд албажиж гарсан байх ба албан шаардлагууд нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-д заасан арга хэмжээ авахаар гарсан байна.
Нөгөөтэйгүүр дээрх Мэргэжлийн хяналтын газрын эрх зүйн баримт бичгүүд нь БОАЖЯ ны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/02 тоот дүгнэлттэй шууд уялдаа холбоотой гарч байгаагүй бөгөөд зөвлөсөн, зааварласан шинжтэй уг эрх зүйн баримтуудыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6-д заасан “байгаль орчинд хортой нөлөөлсөн үндэслэлд” хамаатуулан дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.
3.3. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6-д "... улсын байцаагч зөрчлийг арилгуулахаар хугацаа тогтоон албан шаардлага өгч, үйл ажиллагааг түр зогсоож байсан байх тул сонсох ажиллагаа явуулаагүй хэмээн маргаж буй нь үндэслэлгүй байна" гэж дүгнэсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална". 4.2.6-д "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах", 26 дугаар зүйлийн 26.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно", 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ", 27 дугаар зүйлийн 27.1-д "Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно", 28 дугаар зүйлийн 28.1-д "Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно", 28.1.1-д "нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол" гэж сонсох ажиллагаа явуулах болон сонсох ажиллагаа явуулах болон сонсох ажиллагаа хийхгүй байх үндэслэлийн талаар тус тус тогтоосон байна.
Архангай аймгийн Засаг даргын орлогчийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №02/975 тоот албан бичгийг БОАЖЯ анд хүргүүлэхээс өмнө болон БОАЖЯ ны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/02 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг гаргахаас өмнө тусгай зөвшөөрөл эзэмшигч МГ ХХК-д болон миний үйлчлүүлэгч дампуурлын хэрэг гүйцэтгэгчид урьдчилан мэдэгдэж эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж тайлбар, санал гаргах боломжийг огт олгоогүй ба БОАЖЯ наас сонсох ажиллагаа огт явуулаагүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлгийн явцад хүлээн зөвшөөрдөг болно. Харин АМГТГКХД-ын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн "Тусгай зөвшөөрөл цуцлах тухай" 416 дугаартай шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасныг үндэслэсэн буюу нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол сонсох ажиллагаа хийхгүй байх хуулийн зохицуулалтад үндэслэсэн байна.
Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүхээс албан шаардлага өгч, үйл ажиллагааг түр зогсоож байсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн сонсох ажиллагаа явуулаагүй хэмээн маргаж буй үндэслэлийг няцааж байгаад нь гомдолтой байна. Түүнчлэн ашигт малтмалын эрх зүйн харилцааг нарийвчлан зохицуулсан хуу болох Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т "Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана", 56.3-т "Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ", 56.4-т "Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ" гэж заасан. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа сонсох ажиллагаа явуулахгүй байх үндэслэлийн талаар маргадаг хэдий ч Ашигт малтмалын тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг зайлшгүй гаргах үүрэгтэй.
Цаашилбал, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг хүргүүлэх хуульд заасан үүргээ биелүүлсэн тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдээс мэдэгдэлд заасан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн талаарх тайлбар. гомдлоо төрийн захиргааны байгууллагад хандан гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байтал шүүхээс хуулийн үндэслэлгүйгээр дээрх дүгнэлтийг гаргасан нь учир дутагдалтай байна.
3.4. Шүүхийн шийдвэрийн 8-д "Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүчингүй болсноор нөхөн сэргээлтийг хэрхэн хийх нь тодорхойгүй үлдэнэ гэх тайлбар үндэслэлгүй шүүхийн шийдвэрээр нөхөн сэргээлтийн зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн, 2 тусгай зөвшөөрлийн талбайн хувьд тодорхой мөнгөн дүн тусгай Дансанд байршуулсан байх тул нөхөн сэргээлтийг хийлгэхийн тулд тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр үлдээх зайлшгүй шаардлага үүсэхгүй байна" гэж, 9-д "Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уурхайг хаах талаар энэ хуулийн 38, 39, 45 дугаар зүйл болон байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүй тул өөр этгээдүүдийн хууль бусаар алт олборлосон уйл ажиллагаанаас үүссэн хариуцлагыг МГ ХХК-д хүлээлгэсэн гэх гомдол Үндэслэлгүй, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр өөр этгээд нэвтрэх, үйл ажиллагаа явуулах боломжгүй" гэж дүгнэжээ.
Баянгол дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2441 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын дагуу Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу МГ ХХК-ийг дампуурсанд тооцож, компанийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Э-д шилжүүлж шийдвэрлэсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д "Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана", 108.2-т "Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно" гэж заасан. Гэвч анхан шатны шүүхээс 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг тайлбарлахдаа "... "Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т заасны дагуу “нэхэмжлэгчийг нөхөн сэргээх үүргээс чөлөөлөгдөхгүй" гэсэн агуулгаар тайлбарласан бөгөөд шүүхийн шийдвэрт уншиж сонсгосноос өөр агуулгаар өөрт ашигтай тайлбарласан нь үндэслэлгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл эзэмшигч биш бөгөөд Дампуурлын тухай хуульд заасны дагуу компанийн эд хөрөнгийг захиран зарцуулах, аж ахуйн уйл ажиллагааг тодорхой үндэслэл журмын дагуу эрхлэн явуулах эрхтэй этгээд бөгөөд энэхүү нөхцөл байдалд тулгуурлан эрх зүйн дүгнэлтийг маргаж буй өөр үндэслэл рүү хазайлган дүгнэж бичгээр гаргасан шийдвэрт оруулсан нь гайхшрал төрүүлж байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эвдэгдсэн талбайг нөхөн сэргээх үүргээ хуульд заасны дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй хэдий ч тусгай зөвшөөрөл эзэмшигч МГ ХХК нь дампуурсантай холбоотойгоор тусгай зөвшөөрлүүдийг цуцалснаараа үлдсэн талбайг хэн нөхөн сэргээх нь тодорхойгүй нөхцөл байдалд хүрэх юм.
Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2022/0125 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргаас гомдолд ирүүлсэн тайлбартаа: “Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байрлах "Шийртийн салаа" нэртэй 173.11 гектар талбайд ашигт малтмал ашиглалтын MV-002427 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албанаас /хуучин нэрээр/ 2000 оны 06 дугаар сарын 29-ний өдөр анх "Баяраам" ХХК-д олгожээ.
4.1. Геологи, уул уурхайн кадастрын албаны /хуучин нэрээр/ даргын 2000 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 565 дугаар шийдвэрээр МГ ХХК-д шилжүүлж бүртгэгдсэн байна. Архангай аймгийн Засаг дарга 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичгээр тус аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа МГ ХХК-ийн үйл ажиллагаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6-д заасан байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаад холбогдох дүгнэлт гаргуулахаар, БОАЖЯ анд хандсан байдаг.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан "Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-т заасан дүгнэлт гаргах" ажлын хэсэг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн дүгнэлт гаргасан байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/5820 тоот албан бичгээр МГ ХХК-д холбогдох дүгнэлтийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлснийг мөн Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсэн. ...
4.2. БОАЖЯ ны 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2019/02 дугаар дүгнэлтэд МГ ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд олборлолт хийхдээ байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул ашигт малтмалын ашиглалтын MV-002426, MV-002427 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах нь зүйтэй” гэсэн байна.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр болж, мөн 28.1.2-т "гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол" сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан.
4.3. Төрийн захиргааны байгууллага 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар шийдвэрийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 01/5820 тоот албан бичгээр ирүүлсэн 2019/02 дугаар "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай" дүгнэлтийг үндэслэн ашигт малтмалын MV-002426, MV-002427 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцалж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт байна.
Тус хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож 128/ШШ2022/0125 дугаар шийдвэрийг гаргаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэж, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэгч талын өмгөөлөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Г-21 тоот гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-т заасны дагуу НДЗХАШШүүхийн 128/ШШ2022/0125 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
5. Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Нэхэмжлэгч МГ ХХК-ийн шштд хэрэг гүйцэтгэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан.
4. Нэхэмжлэгч МГ ХХК-ийн иргэний шүүхийн шийдвэрээр дампуурлын хэрэг гүйцэтгэгчээр томилогдсон А.Э-оос хариуцагч БОАЖЯ болон Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст холбогдуулан “ ...БОАЖЯ ны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/02 дугаартай дүгнэлт, MV-002426, MV-002427 дугаар тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан АМГТГКХД-ын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар шийдвэрийг хүчингүй тус тус болгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Ингэхдээ нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, зорилгоо маргаан бүхий актуудын улмаас дампуурлын хэргийн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж тодорхойлсон байна.
5. Хариуцагч БОАЖЯ наас “...нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу болон холбогдох хууль журмыг баримтлан Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгийг үндэслэн дүгнэлт гаргасан“ гэсэн ,
-хариуцагч АМГТГГУУКХ-ээс “... шийдвэрийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт, БОАЖС-ын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 01/5820 тоот албан бичгээр ирүүлсэн 2019/02 дугаар "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай" дүгнэлтийг үндэслэн ашигт малтмалын MV-002426, MV-002427 дугаар тусгай зөвшөөрлүүдийг цуцалж шийдвэрлэсэн ...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэсэн тайлбаруудыг тус тус гаргаж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл МГ ХХК нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байрлах “Өлийн гол” нэртэй нутагт орших 1875 гектар талбайд ашигт малтмал ашиглалтын MV-002426 дугаар тусгай зөвшөөрлийг /хуучнаар ашигт малтмал ашиглах лицензийн гэрчилгээ 2426А/ Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны /хуучин нэрээр/, 2000 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 565 шийдвэрээр эзэмшиж байгаад, 2006 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 930 дугаар шийдвэрээр 1501 гектарыг хэсэгчлэн “АМ” ХХК-д шилжүүлж, үлдэх 374 гектар талбайн хэмжээгээр,
-Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байрлах Шийртийн салаа нэртэй нутагт орших 173.11 гектар талбайд ашигт малтмал ашиглалтын MV-002427 дугаар тусгай зөвшөөрлийг /хуучнаар ашигт малтмал ашиглах лицензийн гэрчилгээ 2427А/ Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны 2000 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 565 дугаар шийдвэрээр тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэснээс хойш ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд алт олборлолтын үйл ажиллагаа явуулжээ. Энэ талаар талууд маргаагүй.
7. МГ ХХК нь ашигт малтмалын ашиглалтын MV-002426, MV-002427 дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдийн талбайнуудад алтны шороон ордод олборлолтын үйл ажиллагааг 2015-2019 онуудад явуулахдаа;
7.1.уурхайд байх баримт бичгийн бүрдэл хангаагүй туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжийг оруулж уулын ажлыг эмх замбараагүй явуулсан, ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, ус ашиглах гэрээ байгуулалгүйгээр үйл ажиллагаа явуулсан,
7.2. голын гольдролыг сэргээх арга хэмжээ аваагүйгээс хаягдал усны далан задарч үйлдвэрлэлд ашиглагдсан бохир ус голтой нийлж голын ус бохирдуулсан,
7.3. гэрээт аж ахуйн нэгжүүд нь угаах төхөөрөмжүүдэд тавьсан улсын байцаагчийн лацыг хөндөж, эфель угаасан, голын гольдролыг сэргээх арга хэмжээ аваагүйгээс хаягдал усны далан задарч үйлдвэрлэлд ашиглагдсан бохир ус голтой нийлж ус бохирдуулсан, нөхөн сэргээлтийн график төлөвлөгөө гаргаагүй,
7.4.ТЭЗҮ-г шинэчлэн батлуулаагүй, уулын ажлын төлөвлөгөөний дагуу олборлолт явуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгүй, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллаагүй, хаягдал сангийн далан хаалтыг инженерийн тооцоонд тулгуурлан барьж байгуулаагүйгээс хур тунадас ихэссэн үед нэвчих, шүүрэх, сэтрэх зэргээр үйлдвэрлэлд ашиглагдсан бохир ус голтой нийлж ус бохирдуулсан,
7.5. уурхайд байх бичиг баримтыг бүрдүүлэлгүй гэрээт аж ахуйн нэгжүүдийг ашиглалтын талбайд оруулж үйл ажиллагаа явуулсан, усны онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоогоогүй,
7.6. улсын байцаагчийн актаар уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоосон байхад гэрээт аж ахуйн нэгж, иргэдийг уурхайн талбайд оруулж 12 угаах төхөөрөмжийг суурилуулан хөрс хуулж, элс бэлтгэх, эфель галийг угаалганд бэлтгэсэн,
7.7. уурхайг улсын комисст хүлээлгэж өгөөгүй, уулын ажлын хөрс хуулалт ТЭЗҮ-д заасны дагуу хийгээгүй, хэт олон жижиг аж ахуйн нэгжийг оруулж уулын ажлын төлөвлөгөөг зөрчсөн, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн хил заагийг тогтоолгож, газар дээр нь тэмдэгжүүлээгүй, газар ашиглах гэрээ байгуулаагүй, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг хийлгээгүй, хөрс элэгдэх, эвдрэх, бохирдох, хордохоос сэргийлэх арга хэмжээ аваагүй, ус ашиглах эрх аваагүй, ус авах цэгт тоолуур байршуулж баталгаажуулаагүй,
7.8. 2015-2019 онуудад ашиглалт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийж орон нутагт хүлээлгэн өгөөгүй, уулын ажлын төлөвлөгөөгүй, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө батлагдаагүй байхад гэрээт аж ахуйн нэгжүүд, иргэдийг уурхайн талбайд оруулж олборлолтын үйл ажиллагаа явуулсан, туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн эмх замбараагүй ашиглалтын улмаас уурхайн талбайд байгуулсан цэвэр ус урсгах зориулалттай суваг шуудуу бөглөрч, зарим газраар задарч карьер руу орсноос хаягдлын далангийн ус нэмэгдэж ус бохирдуулах нөхцөл үүссэн,
7.9. цэвэр ус урсгах зориулалттай суваг шуудуу бөглөрч зарим газраар задарч карьер руу орсон, хаягдал усны далан хаалтыг бэхжүүлэх арга хэмжээ аваагүй, далан задарч үйлдвэрлэлд ашиглагдсан бохир ус, Орхон голтой нийлж ус бохирдуулсан,
зэргээр Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Усны тухай хууль Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль , Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулиудад заасан үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан.
8. Улмаар ашиглалтын талбайд хууль бус ажиллагаа явуулсны улмаас үйлдвэрлэлд ашиглагдсан бохир усаар голын ус бохирдуулж, тухайн орон нутгийн байгаль орчин хөрс, ургамлыг бохирдуулсан “байгаль орчинд хортой нөлөө үзүүлсэн зөрчил” гаргасан болох нь,
8.1 Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар, геологи, уул уурхайн хяналтын болон байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч, хөдөлмөрийн хяналтын байцаагч нарын 2015 оны 09 дүгээр сарын 04, 10 дугаар сарын 05-ны өдрийн 03/05/017/146, 03-05-017/154, 2016 оны 6 дугаар сарын 09, 7 дугаар сарын 29, 08 дугаар сарын 08-ны өдрүүдийн 03-05-017/145, 03-05-017/162, 03-05-017/164 дугаартай албан шаардлагууд,
8.2 Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар, геологи, уул уурхайн хяналтын болон Цэнхэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид, БОАЖЯ , Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмалын газар, Мөрдөн байцаах газар, мэргэжилтнүүд, орон нутгийн төрийн байгууллагатай хамтарч явуулсан шалгалтаар илрүүлсэн улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 03-05-017/39 дугаартай акт,
8.3 Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар геологи, уул уурхайн хяналтын болон Цэнхэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль орчин,газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч нарын 2017 оны 7 дугаар сарын 18, 10 дугаар сарын 30-ны өдрийн 03-05-017/01/154, 03-05-017/187 дугаартай албан шаардлагууд ,
8.4 Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн №1/114 албан мэдэгдэл, мөн газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 08, 7 дугаар сарын 16-ны өдрийн 03-05-017/115, 03-05-017/133, 2019 оны 4 дүгээр сарын 05, 6 дугаар сарын 24-ний өдрийн 03-05-017/68, 03-05-017/73, 03-05-017/196 дугаартай албан шаардлагууд, Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хяналт шалгалтын танилцуулга зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
9. Мэргэжлийн хяналтын байгууллагын уул уурхайн хяналт, байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч нараас МГ ХХК-д “байгаль орчинд буюу гол усанд хортой нөлөө үзүүлсэн” хууль бус үйл ажиллагаа явуулсан үйлдэлд зөрчлөө арилгахыг шаардаж удаа дараа албан шаардлага акт үйлдэж өгсөөр байтал хууль зөрчсөн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулсаар байсан байна.
10. Мөн МГ ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь баримт бичгийг уурхай дээр байлгана:”,35.3.2-т “ашигт малтмал ашиглах техник, эдийн засгийн үндэслэл болон зохих байгууллагаар хянуулсан уулын ажлын төлөвлөгөө;”,35.3.3-т “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;” 35.3.4-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөө; 35.3.7.газар, ус ашиглах тухай гэрээ”, 38 дугаар зүйлийн 38.1.1-т “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, 38.1.2-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөнд хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгах”, 39 дүгээр зүйлийн 39.1-т “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ”, 39.1.4.4-т “энэ хуулийн 38.1.2-т заасан нөхөн сэргээх арга хэмжээ” гэсэн хуулиар хүлээлгэсэн үүргийг зөрчжээ.
11. Иймээс “байгаль орчинд хортой нөлөө үзүүлсэн” зөрчлийг тогтоосон Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэн мэргэжлийн, хяналтын байцаагч нараас 2015-2019 онуудад гаргасан дээрхи шийдвэрүүдийг үндэслэж Архангай аймгийн Засаг дарга “ Санал хүргүүлэх тухай” 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн № 02/975 албан бичгийн дагуу “тусгай зөвшөөрлийн цуцлах” санал хүргүүлсэн байх бөгөөд уг саналыг үндэслэн БОАЖЯ ны ажлын хэсгийн 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр гаргасан 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “ Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлт нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасантай нийцэж байна.
12. Өөрөөр хэлбэл Төрийн захиргааны төв байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Газрын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль ...энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Төр нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 2-т “Төр нь байгаль орчныг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараахь зарчим баримтална: 1/хүний амьдрах, хөдөлмөрлөх, амрах байгаль орчны тааламжтай нөхцөл бүрдүүлэх, 4/ байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг ашиглах шийдвэр, үйл ажиллагаа ил тод байх” 5/ байгалийн нөөц, баялгийн халдашгүй байдлыг хангах” , 15 дугаар зүйлийн 15.1.1-т “ Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохиролоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.. “ гэж тус тус заасан байгаль орчныг хамгаалах талаар бүрэн эрхийг хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа баримтлах үүрэгтэй.
13. Байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд хортой нөлөөлөхөөс сэргийлэх, байгаль орчинд ноцтой хохирол учирч байгаа нөхцөл байдлыг таслан зогсоох үүрэг хүлээсэн Төрийн захиргааны төв байгууллага болох БОАЖЯ нь дүгнэлтийг гаргахдаа тушаалаар ажлын хэсэг байгуулж, мэргэжлийн хяналтын газрын шийдвэрүүд, Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн №02/975 дугаар “ ...үйл ажиллагаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6 дахь хэсэгт заасны дагуу байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа ...холбогдох дүгнэлт гаргаж тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү“ гэсэн санал зэргийг судалж үзсэний үндсэн дээрхи хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн байна.
14. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална”, 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан;” гэж заажээ.
15. Дээр дурьдсан Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газар, Архангай аймгийн Засаг даргын санал, Төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт зэргийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар шийдвэрээр МГ ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-002426, MV-002427 тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1,4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасантай нийцсэн эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасан байна.
16. Өөрөөр хэлбэл МГ ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд Орхон голын ус болон Архангай аймгийн Цэнхэр сумын нутгийн байгаль орчин, хөрс, ургамлыг бохирдуулсан, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх, байгаль орчинд ноцтой хохирол учирсан нөхцөл байдал үүссэн нь Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын удаа дараагийн хяналт шалгалтаар илэрч тогтоогдсон, Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүргээ болон бусад хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас тусгай зөвшөөрлийг цуцлагдах үндэслэл бүрдсэн байх бөгөөд “сонсох ажиллагаа хийхгүйгээр” захиргааны байгууллага шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “ Нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” сонсох ажиллагаа хийхгүй байж болно гэж заасантай нийцэж байна.
17. Энэ талаарх нэхэмжлэгчийн “ ... Байгаль орчин хортой нөлөө үзүүлсэн ямар үйл ажиллагаа явуулсныг нотлоогүй...хэргийн бодит байдлыг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу тогтоогоогүй, сонсох ажиллагаа хийхгүй байх үндэслэл нотлох баримтаар тогтоогдоогүй ...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
18. Хэргийн оролцогчдын тайлбар, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2441 дүгээр шийдвэр зэргээс үзвэл Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2.-т “ Хариуцагч үүргээ биелүүлж чадахгүй болсныг өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх хүсэлт гаргасан” гэж заасны дагуу Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2365 дугаар захирамжаар МГ ХХК- д дампуурлын хэрэг үүсгэж, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2441 дүгээр шийдвэрээр МГ ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах шүүхийн шийдвэр гаргаснаас үзэхэд МГ ХХК нь 2015 оноос хойш аж ахуйн хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй буюу санхүүгийн чадваргүй болсон байна.
19. Энэ нь МГ ХХК-ийг нөхөн сэргээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
20. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “...МГ ХХК нь дампуурсантай холбоотойгоор тусгай зөвшөөрлүүдийг цуцалснаараа үлдсэн талбайг хэн нөхөн сэргээх нь тодорхойгүй нөхцөл байдалд хүрэх юм” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
21. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасан журмыг бүрэн хэрэгжүүлж, Захиргааны ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хууль,Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаан бүхий үйл баримтад зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2022/0125 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА