Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 736

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 15 өдөр            Дугаар 181/ШШ2017/00736          Улаанбаатар хот

    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,                      

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 49 тоотод байрлах, “Тас Петролеум” ХХК /РД:2083574/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3-т байрлах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 852,150,000 төгрөгөөр тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Зориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ундрах, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

“Тас Петролеум” ХХК-аас 749,126,712 төгрөг гаргуулж Зоос банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн тогтоолыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба биелүүлэхдээ барьцаа 2 хөрөнгө байхад төлбөр авагчийн хүсэлтээр амьжиргааны эх үүсвэр болсон Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах обьект болон газраас төлбөр гаргуулах ажиллагаа явуулж байгаа нь өмчлөгчийн Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн хууль бус ажиллагаа болсон. Шүүхийн шийдвэр мөнгө төл гэсэн болохоос барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуул гэж гараагүйн дээр бид төлбөр авагчид төлбөрөө өөр байдлаар барагдуулах хүсэлтийг удаа дараа хүргүүлсэн боловч хүлээж аваагүйд гомдолтой байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба үйлдвэрийн зориулалттай обьект болон газрыг битүүмжилж, хураасны дараа зах зээлийн үнэ цэнийг үнэлгээчнээр тогтоолгосон мэдэгдлийг 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн.

Шинжээчээр томилсон үнэлгээчид нь согтуугаар зураг авах, хэмжилт хийх ажлыг явуулахдаа манай харуулыг түлхэж унагаад явсан байсан. Бид үнэлгээчин согтуу байсныг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хэлэхэд “шалгана” гэсэн хариу өгсөн бөгөөд 7 хоногийн дараа “эрүүл байсан байна, үнэлгээчид хийх ёстой зүйлээ хийсэн байна” гэсэн хариу өгсөн.

Үнэлгээчид 3 давхар обьектын засвар үйлчилгээ ямар болохыг мэдэхгүй байж 1,704,300,000 төгрөгөөр үнэлгээ гаргасныг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд обьектоо зах зээлийн бодит ханшаар л үнэлүүлэхийг хүссэн. Тус обьектын доторх үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нь л 2,000,000,000 тэрбум төгрөгийн үнэтэй байхад яаж үнэлэхээрээ 1,704,300,000 төгрөгөөр үнэлснийг ойлгохгүй, зөвшөөрөхгүй байна. Энэ үнэлгээний 70 хувиар 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр анхны албадан дуудлага худалдаа явагдсан боловч үнийн санал ирээгүй. Гэтэл 2 дахь албадан дуудлага худалдаанд 50 хувиар тооцож оруулах гэж байгаа нь бусдын өмчлөлийн хөрөнгийг үнэгүйдүүлж байгаа хэрэг болж байна.

Үнэлгээ хийх ажиллагаа зохих журмын дагуу хийгдээгүй тул уг үнэлгээг үндэслэн тогтоосон 2 дахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнэ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Зоос банкны эрх хүлээн авагчид 749,126,712 төгрөгийг гаргуулж олгох ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэт хурдан хийж, бусдын хөрөнгийг булаах гэсэн хүмүүсийн хүслийг гүйцэтгэхээр оролдож байгаад гомдож байна.

Бид 1,000,000,000 төгрөг зээлж аваад 1,488,000,000 төгрөг болгож өгсөн байхад яаж явахаараа 749,126,712 төгрөг төлөхөөр гардаг байна. Ямар үндэслэлээр Зоос банкны эрх хүлээн авагч нь амьжиргааны эх үүсвэр болсон барьцаа хөрөнгийг авах гэж улайрдаг байна. Энэ үйлдэл хууль бус гэж үзэж байна.

Иймд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 852,150,000 төгрөгөөр тогтоосон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Улсын Дээд шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 416 дугаар тогтоолоор “Тас Петролеум ХХК-аас 749,126,712 төгрөг гаргуулж, Зоос банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн.

Тус алба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж “Тас Петролеум ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах контор, үйлдвэрлэлийн зориулалттай обьектыг газрын хамт битүүмжлэн, хураасан.

Төлбөр төлөгч “Тас Петролеум ХХК-ийн захирал П.Бат, П.Зоригт нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн саналаа өгөхийг удаа дараа мэдэгдэж, мэдэгдлийг хүргүүлэхэд үнийн саналаа өгөөгүй, төлбөр төлөгч, төлбөр авагч нар үнэлгээг харилцан тохиролцох боломжгүй болсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар хөндлөнгийн шинжээч томилуулж “Мөнх Оргил трейд” ХХК-аар үнэлүүлэхэд 1,704,300,000 төгрөгөөр үнэлсэн.

Үнэлгээний талаарх 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 3/29474 тоот мэдэгдлийг хуулийн хугацаанд “Тас Петролеум ХХК-ийн захирал П.Зоригт мэдэгдэн, 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй.

Төлбөр төлөгч “Тас Петролеум ХХК-ийн захирал П.Зоригт албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан учир шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн.

Улсын Дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 921 дүгээр тогтоолоор гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар 2 дахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 1,704,300,000 төгрөгийн 50 хувь буюу 852,150,000 төгрөгөөр тогтоож, 2 дахь албадан дуудлага худалдааг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан нь хууль зүйн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Үнэлгээнд гомдсон “Тас Петролеум ХХК-ийн нэхэмжлэлийг Улсын Дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 921 дүгээр тогтоолоор хэрэгсэхгүй болгосон бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болсноор бид 2 дахь албадан дуудлага худалдааг товлосон болно гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Тас Петролеум” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 852,150,000 төгрөгөөр тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 “Тас Петролеум” ХХК-аас 749,126,712 төгрөг гаргуулж Зоос банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 416 дугаар тогтоолд 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 7285 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, одоо явагдаж байна.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан “Тас Петролеум” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201012568 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Таван шард байршилтай 502.2 м.кв талбайтай 3 давхар, 806.2 м.кв талбайтай 1 давхар контор, үйлдвэрлэлийн зориулалттай барилга, “Тас Петролеум” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 40/0019 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байршилтай 2,368 м.кв талбайтай газрыг 2014 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 14/02 тоот тогтоолоор битүүмжилж, 14/03 тоот тогтоолоор хурааж, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч харилцан тохиролцоогүй үндэслэлээр “Мөнх-Оргил Трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан байна.

 

Шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг 1,704,300,000 төгрөгөөр үнэлсэн байх ба уг үнэлгээнд үндэслэн 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 1,193,010,000 төгрөгөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна.

 

Нэхэмжлэгч нь шинжээчийн тогтоосон 1,704,300,000 төгрөгийн үнэлгээг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээр эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасныг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 3869 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1200 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 921 дүгээр тогтоолоор тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болжээ.

 

Улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар болж, албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг шинжээчийн тогтоосон 1,704,300,000 төгрөгийн 50 хувь болох 852,150,000 төгрөгөөр тогтоож, энэ тухай 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 3/043222 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч “Тас Петролеум” ХХК-ийн захирал П.Зоригт гардуулсан байх ба 2 дахь албадан дуудлага худалдаанд мөн үнийн санал ирээгүй үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй байна.

 

Талуудын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон дээрх үйл баримтад талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгчээс “...өндөр үнэ бүхий хөрөнгийг хэт үнэгүйдүүлж бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж байгаа нь төлбөр төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа, ...хэд хэдэн обьектыг санал болгосон боловч тэдгээрийг зарахгүй бидний амьжиргааны эх үүсвэр болсон обьектыг худалдаалах гээд байгаа нь шударга бус байна” гэх үндэслэлээр 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 825,150,000 төгрөгөөр тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2-т “Анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гараагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдааг явуулна”, 177.4-т “Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно” гэж тус тус заасан.

 

Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан “Тас Петролеум” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201012568 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах 502.2 м.кв талбайтай 3 давхар, 806.2 м.кв талбайтай 1 давхар контор, үйлдвэрлэлийн зориулалттай барилга, нэгж талбарын 40/0019 дугаартай 2,368 м.кв талбайтай газрыг 1,704,300,000 төгрөгөөр үнэлсэн “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн үнэлгээг үндэслэлгүй, зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, тэрчлэн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хоёр үл хөдлөх эд хөрөнгөөс Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.4-т заасныг үндэслэн төлбөр авагчийн хүсэлтээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг сонгож, үнэлүүлсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ажиллагаа хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3869 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 1200 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 921 дүгээр тогтоол хүчин төгөлдөр байгаа тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дээрх шийдвэрүүдээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

 

Иймд “...хэд хэдэн обьектыг санал болгосон боловч тэдгээрийг зарахгүй бидний амьжиргааны эх үүсвэр болсон обьектыг худалдаалах гээд байгаа нь шударга бус байна” гэх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Түүнчлэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2 дахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг “Мөнх Оргил Трейд” ХХК-ийн тогтоосон үнэлгээ болох 1,704,300,000 төгрөгийн 50 хувь буюу 852,150,000 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх зохицуулалтад нийцсэн, хуулиар тогтоосон хэмжээнд тохирсон байх тул “...өндөр үнэ бүхий хөрөнгийг хэт үнэгүйдүүлж бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж байгаа нь төлбөр төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа...” гэх нэхэмжлэгчийн гомдлыг шүүх хүлээж авах боломжгүй юм.

 

Дээр дурдсанаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 852,150,000 төгрөгөөр тогтоосон ажиллагааг явуулахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүх уг ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

    ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасныг баримтлан 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 852,150,000 төгрөгөөр тогтоосон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн “Тас Петролеум” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авах үүрэгтэй бөгөөд эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Ө.УЯНГА