Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Өлзийн Уянга |
Хэргийн индекс | 181/2017/00209/и |
Дугаар | 706 |
Огноо | 2017-03-13 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 706
2017 оны 03 сарын 13 өдөр Дугаар 181/ШШ2017/00706 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 53 байр, 106 тоотод байрлах, “Тавин гурав” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 53 байрны 3 давхрын 6 тоотод оршин суух, Боржигон овогт Лувсанпунцагийн Түмэндэмбэрэл /РД:ХГ77091273/-д холбогдох,
Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 375,351 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
“Мөнгөн Тулга Цамхаг” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 53 дугаар байр нь 2013 онд ашиглалтад орсон. Эхний 1 жил СӨХ-г өөрсдөө ажиллуулаад дараа нь хаяад явсан байсан. 2015 оны 1 дүгээр сар гэхэд байрны гэрэл шатсан, лифт ажилладаггүй байсан. 2015 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр оршин суугчдын хурал болж дотроосоо СӨХ байгуулахаар болж, уг хурлаас сонгогдсон удирдах зөвлөлийн тогтоолоор намайг гүйцэтгэх захирлаар томилсон. Мөн тэр хурлаар СӨХ-ны дүрмийг баталж, өмнө авч байсан тарифаар л СӨХ-ны төлбөр авахаар заасан байгаа.
Дүрэмд зааснаар сар бүр СӨХ-ны болон захирлын цалин, засвар үйлчилгээнд 10,000 төгрөг, жижүүрт 5,600 төгрөг, лифт 5,000 төгрөг, гэхдээ 3 давхарын айлаас 4,500 төгрөг, гэрэлтүүлэг 2,500 төгрөг тус тус авч байхаар болсон.
Би ажил авснаас хойш бүх гэрлийг хийж, хашаа хороог засаж, лифтийг ашиглалтад оруулсан. Хийсэн ажлаа оршин суугчдын хурал дээр тайлагнасан.
Л.Түмэндэмбэрэлийнх 2016 оны 1 сараас эхлэн төлбөр төлөөгүй, би 1 сард СӨХ-ны төлбөрөө төлөх талаар хэлэхэд “Мөнгөн Тулга цамхаг” ХХК-аас авах ёстой авлагыг суутгуулна гэсэн зүйл хэлсэн. Тухайн үед компани, СӨХ 2 тусдаа гэдгийг хэлж ойлгуулсан. 2016 оны 4 дүгээр сард төлбөрөө төлөхийг шаардахад мөнгөгүй байна, удахгүй төлнө гэсэн боловч төлбөр хийгээгүй болохоор нь 2016 оны 10 дугаар сард дахин шаардахад төлбөр төлөхгүй гэсэн.
Бид оны эхний 1 сард хурал хийж, хийсэн ажлынхаа тайланг тавьдаг. Л.Түмэндэмбэрэл хуралдаа суудаггүй. 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хурал хийж уг хариуцагчтай учраа олсон, төлбөрөө 2 хувааж төлнө гэсэн. Гэтэл одоо эргээд ойлгогдохгүй зүйл ярьж байна.
Төлбөр төлөөгүй орон суугчид алданги төлөх зохицуулалт нь “Тавин гурав” СӨХ-ны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т байгаа.
Хариуцагч нь 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сарын 22,806 төгрөг, нийт 273,672 төгрөгийг төлөөгүй тул дүрэмд зааснаар алданги тооцож 104,679 төгрөг гарсан тул нийт 378,351 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Сарын төлбөрт СӨХ-ны 10,000 төгрөг, жижүүрийн 5,600 төгрөг, лифтний 4,500 төгрөг, гэрэлтүүлгийн 2,500 төгрөг, банкны хураамж 206 төгрөг тус тус багтсан байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 53 байрны 3 давхарын 6 тоотын өмчлөгч нь Л.Түмэндэмбэрэл мөн. 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх төлбөр төлөөгүй нь үнэн. Сарын төлбөрөөс жижүүр, гэрэлтүүлэг, лифтний мөнгийг төлнө. Үлдэгдэл төлбөрийг төлөхгүй.
Ц.Өлзийг бид сонгоогүй. СӨХ-ны дүрмийг мэдэхгүй, ямар засвар үйлчилгээ хийдгийг мэдэхгүй, ямар учраас тариф тогтоосныг мэдэхгүй, хийсэн ажил нь харагддаггүй, хог нь бөөгнөрч өмхий үнэртдэг, халууны улиралд доод давхрын айл амьдрах боломжгүй болдог, зун бүтэн сар жижүүргүй байсан, гэтэл бүрэн төлбөр шаардаж байгаа нь үндэслэлгүй.
Хийсэн ажил нь тодорхойгүй тул энэ хүнд цалин төлөхгүй, ядаж 3 өдөр бүтэн ажилласан гэдгээ нотлох юм бол төлбөр төлнө. Манайх СӨХ-той гэрээ хийгээгүй, гишүүн нь биш гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Тавин гурав” СӨХ нь хариуцагч Л.Түмэндэмбэрэлд холбогдуулан 2016 оны 1 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 273,672 төгрөг, төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс үүссэн алдангид 104,679 төгрөг, нийт 378,351 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч сар бүрийн лифт, жижүүр, гэрэлтүүлгийн төлбөрийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөхгүй гэж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Л.Түмэндэмбэрэл нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 53 дугаар байрны 3 давхрын 6 тоотод байрлах орон сууцны өмчлөгч, “Тавин гурав” СӨХ тухайн байранд үйл ажиллагаа явуулдаг болох нь талуудын тайлбар, 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 13/037 тоот гэрчилгээ, хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байх ба талууд энэ үйл баримтад маргаагүй.
Орон сууцны өмчлөгч нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт зааснаар тухайн орон сууцны сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байх бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууцны өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй.
Хариуцагч Л.Түмэндэмбэрэл нь 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд хуулиар хүлээсэн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүргээ хэрэгжүүлээгүй нь талуудын тайлбараар тогтоогдсон тул шүүх нэхэмжлэгчийг энэ хугацааны зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзлээ.
“Тавин гурав” СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д зааснаар сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, орон сууцны байшингийн харуул хамгаалалттай холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох журам, хувь хэмжээг сар бүр СӨХ 10,000 төгрөг, лифт 5,000 төгрөг, жижүүр 5,600 төгрөг, гэрэлтүүлэг 2,500 төгрөг байхаар тогтоож, холбооны гишүүдээс сар бүр авах хураамжийг сар бүрийн 25-ны дотор Төрийн банканд тушаах хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0,2%-ийн алданги тооцож авах асуудлыг дүрмээрээ зохицуулсан байх тул сууц өмчлөгч нь тогтоогдсон энэ хэмжээ, журмын дагуу зардал төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэлийн шаардлагаас СӨХ 10,000 төгрөг, лифт 4,500 төгрөг /3 давхар/, жижүүр 5,600 төгрөг, гэрэлтүүлэг 2,500 төгрөг буюу сарын 22,600 төгрөгийн зардал болон төлбөр төлөх хугацаа хожимдуулснаас үүсэх алданги нь дүрэмд заасан журмын дагуу гаргасан шаардлага гэж үзэхээр байх тул хариуцагч Л.Түмэндэмбэрэлээс 375,879 /22,600х12сар+104,679алданги/ төгрөгийг гаргуулж, “Тавин гурав” СӨХ-нд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин банкны хураамж гэх 206 төгрөгийн талаар дүрэмд тусгагдаагүй, банк энэ хэмжээний хураамж авдаг талаарх баримт хэрэгт авагдаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2,472 /206х12/ төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Сууц өмчлөгчдийн холбоо нь засвар, үйлчилгээ хийгээгүй, оршин суугч нар Ц.Өлзийг гүйцэтгэх захирлаар сонгоогүй гэх хариуцагчийн тайлбар нь “Тавин гурав” СӨХ-ны 2016 оны тайлан болон Ц.Өлзийг гүйцэтгэх захирлаар томилсон “Тавин гурав” СӨХ-ны удирдах зөвлөлийн 2015 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 02 тоот тогтоол зэргээр няцаагдсан болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан Л.Түмэндэмбэрэлээс 375,879 төгрөгийг гаргуулж “Тавин гурав” СӨХ-д олгож, “Тавин гурав” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,472 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11,926 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА