| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2017/0027/Э |
| Дугаар | 661 |
| Огноо | 2020-08-12 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 661
2020 08 12 2020/ШЦТ/661
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Д.Ренченхорол, шүүгч Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэйгээр
иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг,
улсын яллагч М.Энхбаатар,
хохирогч Д.Энхтөрийн өмгөөлөгч Ч.Батбаяр
иргэний нэхэмжлэгч Н.Одмөнхийн өмгөөлөгч П.Одонтунгалаг,
иргэний хариуцагч И.Дэлгэрсүх,
иргэний хариуцагч Д.Оюундалай, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,
иргэний хариуцагч П.Нарангэрэлийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат,
шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Аззаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ц.Э холбогдох 201301042108 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Баянгол дүүрэг 14 дүгээр хороо 3 дугаар хороолол 20-52 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 387 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ц.Э
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/ яллагдагч Ц.Э нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 11 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, хуурамч баримт бичиг ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад нийт 597.247.300 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Э нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 11 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, хуурамч баримт бичиг ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад нийт 597.247.300 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь 2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд шинээр нэмэгдсэн юм. Тус хуулийн тусгай ангид шинээр нэмэгдсэн дээрх зүйл заалт нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хугацаанд үйлдэгдсэн гэмт хэрэгт хамааруулан зүйлчлэхээр хуульчилжээ. Иймд Ц.Эы сүүлийн залилах гэмт хэрэг нь 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн байх тул түүнд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, шүүх түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Эыг ганцаараа болон бусадтай бүлэглэн залилах гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан зохих зүйл заалтыг журамлаагүй байх бөгөөд үүнийг зөвтгөх нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй тул шүүх түүнд гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг нэмж журамлахаар шийдвэрлэв.
1. Шүүгдэгч Ц.Э нь Д.Оюундалайтай бүлэглэн 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Г.Бат-Очиртой "Д.Оюунтуяа" гэх хуурамч иргэний үнэмлэх ашиглан зээлийн болон барьцааны гэрээ байгуулан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХААН банкны салбарт 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 18.700.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- хохирогч Г.Бат-Очирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Оюунтуяа гэдэг хүүхэнд 18.700.000 төгрөг зээлүүлээд авч чадаагүй өнөөдрийг хүрсэн юм. Анх би зар сонинд "мөнгө хүүтэй зээлдүүлнэ" гэсэн зарыг тавьсан байсан юм. Тэгээд нэг өдөр буюу 2010 оны 8 дугаар сарын 10-ны өдөр "мөнгө зээлдүүлнэ" гэсэн зарын дагуу ярьж байна гээд нэг хүн ярьсан. Тэгээд энэ өдрөө уулзаад зээлийн гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулаад мөнгөө авсаны дараа барьцааныхаа гэрээг хийе гэж тохироод гэрээ байгуулсан. Тухайн өдрөө мөнгөө авч өгөх гэсэн боловч орой болсон, банк хаасан байсан учраас маргааш нь буюу 2009 оны 8 сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хуучнаар Ард кино театрын хажуу талын Хаан банкнаас би хадгаламжаасаа 18.700.000 төгрөгийг авч Оюунтуяа гэх хүүхэнд өгсөн юм. Тухайн үед Оюундалай нь Оюунтуяа гэсэн бичиг баримтаар зээлийн гэрээ хийгээд авч байсан юм. Би тухайн үед Оюундалай биш Оюунтуяа гэдэг хүнтэй харьцаж байна гэж ойлгож байсан. Тэгээд үл хөдлөх дээр очиж барьцааны гэрээгээ баталгаажуулах гээд зээлийн гэрээ болон материалаа бүрдүүлж өгсний дараа намайг үл хөдлөхөөс дуудаж энэ Оюунтуяа гэдэг хүний иргэний үнэмлэх хуурамч байна гэхэд нь тухайн үед өгч байсан Оюунтуяагын утсаар ярих гэхэд холбогдохгүй байсан. Хамт явж байсан Эрдэнэчулууны гар утас руу мөн залгахад холбогдохгүй байсан. Анх авахдаа 7 хоногийн дараа өгнө гэсэн мөртлөө таг чиг алга болчихоор нь Цагдаагийн байгууллагад өргөдөл өгөөд шалгуултал Оюунтуяа биш Оюундалай өөрөө хуурамч бичиг баримт иргэний үнэмлэх хийгээд авсан байсан нь тогтоогдсон. Тэгээд авсан мөнгөө Эрдэнэчулуунд өгсөн гээд байгаа юм. Эрдэнэчулуун надруу анх утасдаад Оюундалайгийн байсан газар нь хамт орж манай гэр гэж үзүүлээд хамт явж гэрээг хийсэн. Энэ зурган дээр байгаа залуу мөн учраас Эрдэнэчулуун, Оюундалай хоёр бүлэглэн хийсэн нь нотлогдож байна. Эрдэнэчулуун тухайн үед өөрийгөө ийм, тийм гэж танилцуулж байгаагүй шууд утсаар "зарын дагуу ярьж байна, мөнгө зээлье, байраа барьцаанд нь тавъяа" гэж хэлээд байраа үзүүлэхээр нь тохироод очсон нь тэр юм. Эрдэнэчулуун нь банкнаас зээл авахад мөнгөний хэрэг болоод байна гээд надаас зээл авсан. Анх намайг 20.000.000 төгрөг зээлчих гэхээр нь би боломжгүй байна гээд 18.700.000 төгрөг зээлж байсан юм. Оюундалай ч гэсэн Эрдэнэчулууны хэлснийг батлаад миний хажууд Эрдэнэчулуунд "банкны хүмүүс чинь хүлээгээд байгаа хоёулаа мөнгөө хурдан аваачиж өгье" гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 117-119х/,
- гэрч Н.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Эдгээр хүмүүс материалаа манай байгууллагад материал хүлээн авах газарт аваачиж өгсний дагуу, надад дүүрэг хорооны харьяаллын дагуу ирснээр би материалыг авч үзэхэд зээлдэгчийн иргэний үнэмлэхний серийн дугаар зөрүүтэй, мөн иргэний үнэмлэх олгосон он, cap, өдөр нь ижилхэн дугаартай манай архивт байгаа иргэний үнэмлэхний дугаартай эрс зөрүүтэй байхаар нь мэдүүлэг дээрээс холбогдох хүний гар утас руу нь ярьж хэлээд барьцааны гэрээ хийхгүй, бичиг баримт нь зөрүүтэй талаар хэлээд буцаасан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 124-125х/,
- иргэний хариуцагч Д.Оюундалайгийн сэжигтнээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2010 оны 08 дугаар сарын 09-нд Эрдэнэчулуун гэрт дахин ирээд "танай эгч чамтай адилхан юм чинь эгчийнхээ нэрээр УБЕГ-т Оюунтуяа болоод байраа барьцаалуулчих, ямар ч асуудал байхгүй, 7 хоноод л эргүүлээд төлчихнө, байр барьцаалаад зээл өгөх таньдаг хүн байна" гэхээр нь зөвшөөрсөн. 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэрт ирээд "иргэний үнэмлэхээ өгчих, иргэний үнэмлэхэн дээр чиний зургийг чинь тавиад хүнээс 20 сая төгрөгийн зээл авъя" гэхээр нь хамт гарч Ард кинотеатрын зурагчин дээр зургаа даруулаад Эрдэнэчулуунд өгөөд явуулсан. Маргааш нь 17 цагийн орчим Бат-Очиртой гэрт ирээд "зээл өгөх гэж байгаа таньдаг хүн байгаа юм" гээд хамт гараад Алтай дэлгүүрийн хойд талын байранд орж, зээлийн гэрээг Бат-Очир аваад талбайн хажуу талд байдаг нотариатч дээр очоод зээлийн гэрээний урьдчилсан гэрээг байгуулсан. Тэндээс гараад Ард кинотеатрын Хаан банкинд очиход хаасан байсан. Андуудын ХААН банк руу очиход бас хаасан байсан тул маргааш өглөө уулзахаар тохироод салсан. Өглөө нь 08 цаг 40 минутад Эрдэнэчулуун Бат-Очирын хамт гэрээс ирж намайг аваад Ард кинотеатрын ХААН банкнаас 18.700.000 төгрөгийг 6 хувийн хүүтэйгээр 7 хоногийн хугацаатай Бат-Очироос авч мөнгө авсан баримтанд гарын үсэг зуралцсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 154-155х/,
- хохирогч Г.Бат-Очироор яллагдагч Ц.Эы зургийг таньж олуулсан ажиллагааны тэмдэглэл /2хх-ийн 120-121х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар нотлогдон тогтоогдсон.
2. Шүүгдэгч Ц.Э нь И.Дэлгэрсүхтэй бүлэглэн 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртлэх хугацаанд хохирогч Ц.Хорлоод өөрсдийгөө "Хөдөө аж ахуйн яаманд төсөл хариуцсан мэргэжилтэн" гэж танилцуулан "хөдөө аж ахуйн яамнаас бага хүүтэй зээл авч өгнө" хэмээн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 40.935.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- хохирогч Ц.Хорлоогийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Манай нөхөр Ганхуяг бид хоёр Өвөрхангаи аймгиин төвд худалдааны төв ажиллуулж бизнес эрхэлдэг. 2011 оны 08 сараас эхэлж дахиж нэг худалдааны төв барихаар хөөцөлдөж байсан юм. Би тэгж байгаад Одхүүгийн эгч Тогоохүүтэй таараад юм ярьж байгаад "Одхүүг хаана, юу хийж байгааг нь асуухад Хятад Монголын хамтарсан барилгын компанид ажиллаж байгаа" гэсэн. Би Тогоохүүд юу ч хэлэхгүй Одхүүгийн утасны дугаарыг аваад Одхүүтэй утсаар ярьсан. Одхүү намайг Улаанбаатар хотод орж ирэхээрээ уулзаарай гэж хэлсэн. Одхүүд би "банкнаас зээл авч барилга барих гэж байна" гэж хэлж байсан ба сүүлд банкны зээлийн хүү өндөрсөөд зээлийн хэмжээ нь багассан. Тэгэхээр нь 2012 оны 01 дүгээр сарын дундуур Одхүүд "зээл сайн бүтэхгүй байна, энэ жилдээ барилгын ажиллаа өнжихөөр шийдлээ" гэж хэлсэн. Тэгсэн Одхүү надад "миний таньдаг ах дүүгийн маань хүн яаманд ажилладаг хүмүүстэй танил юм. Би тэр хүмүүстэй чамайг уулзуулж өгье, яамнаас эхний жилдээ хүүгүй, дараагийн жилдээ 0,1 хувийн хүүтэй зээл олгодог, тэр хүмүүстэй уулзуулж өгье" гэсэн. Тэгээд 2012 оны 02 дугаар сарын 10-ны үеэр Одхүүтэй уулзахаар болсон. Одхүү намайг Цэвээнсүрэн гэдэг хүнтэй уулзуулж өгье, энэ хүн яаманд ажиллаж байгаа хүмүүстэй танилцуулж өгнө гэж хэлсэн. Тэгээд Цэвээнсүрэн "өөрийгөө автомашины наймаа хийдэг" гэсэн. Тэгсэн Цэвээнсүрэн "одоо миний танилцуулах гээд байгаа хүний ард Улсын Их Хурлын гишүүн байдаг юм. Миний тэр хүн Хөдөө аж ахуйн яаманд ажилладаг, гэхдээ тэр хүний талаар танд мэдээлэл өгөхгүй, харин энэ хүмүүстэй танилцуулаад зээл бүтэх шатандаа орох юм бол нийт мөнгөн дүнгийн 15 хувийг бид авна, ханш нь тийм байдаг юм" гэсэн. Би Цэвээнсүрэнд барилгын зураг болон бүх бичиг баримтаа үзүүлээд "манай зээл бүтэх юм болов уу" гэхэд "би цаанаа сайн мэддэг хүмүүсээс нь асуугаад хурдан хариу өгье гэж хэлээд салсан". 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутагт байрлах АТА зоогийн газарт Одхүүгийн хамт очиж Дэлгэрсүхтэй уулзсан. Дэлгэрсүх "өөрийгөө Хөдөө аж ахуйн яаманд ойн төслийн чиглэлээр ажилладаг мэргэжилтэн" гэж танилцуулаад 91657878 дугаарын гар утсаа өгсөн. Дэлгэрсүхэд би бүх материалаа үзүүлсэн. Дэлгэрсүх үзчихээд "танайх шаардлага хангах юм байна, танайх барилгын зураг төслөө хийчихсэн тул төслөө бичээд зээл авахад болох юм байна, яаманд ажилладаг манай багийн 6-7 хүн байдаг, бид нар нэг том төсөл дээр ажиллачихъя гэж яриад байгаа, тэр төсөлд танайх болох юм байна. Би багийнхаа төсөл шийддэг хүнтэй ярьчихаад хурдан хариу өгнө" гэсэн. Тэгээд Дэлгэрсүхээс Одхүү, Ганхуяг бид 3 салаад Одхүүг гэрт нь хүргэж өгөх гээд явж байтал араас Дэлгэрсүх утсаар яриад "би төсөл мэддэг хүнтэйгээ ярилаа, та нартай уулзая гэж байна, саяны уулзсан АТА зоогийн газартаа хүлээж байя" гэж хэлсэн. Дэлгэрсүхтэй хамт махлагдуу, өндөр нуруутай, шардуу царайтай залуу хоол идээд сууж байсан ба Дэлгэрсүх тэр залуугаа "Эрдэнэчулуун гэдэг, энэ хүн манай төсөл хариуцсан ажилтан байгаа юм, энэ хүн л бүх юмыг мэдэж байгаа" гэсэн. Тэгэхээр нь Эрдэнэчулуунд нөхөр бид хоёр барилгатай холбоотой материалаа үзүүлсэн. Эрдэнэчулуун баримтуудыг үзчихээд "танайх ер нь шаардлага хангах юм байна, танайд 10 тэрбум хүртэл зээл олгож болох юм байна, та нар яг хэдэн төгрөгийн зээл авах юм, тэр тоогоо одоо хэлээдэх, хамгийн гол нь танай зээлээс 15 хувийг авна гэдгийг мэдэж байгаа биз дээ" гэсэн. Эрдэнэчулуун хэлэхдээ "зээл нь жилийн 0,8 хувийн хүүтэй эхний нэгээс гурван жил зөвхөн хүүг нь хийгээд түүнээс хойш зээлээ журмаар нь төлөх юм" гэж хэлж байсан. Эрдэнэчулуун бид нарт "та нар эхний удаа 20 сая төгрөгийн урьдчилгаа өгөөд дараа материал бүрдүүлж ир" гэсэн... Маргааш нь бүх бичиг баримтаа бүрдүүлээд Одхүүд үлдээгээд Эрдэнэчулууны өгсөн 5034307108 тоот данс руу 20 сая төгрөг шилжүүлээд Ганхуяг бид хоёр нутаг руугаа явсан. Эрдэнэчулуун хэлэхдээ "танай зээл 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гэхэд бүтнэ, миний 91091818, Дэлгэрсүхийн 91657878 дугаарын утас руу залгаад асууж байгаарай, бид нар тухай бүр мэдээлэл өгч байна" гэж хэлсэн. Нөхөр бид хоёр Эрдэнэчулуун, Дэлгэрсүх нартай байнга л утсаар яриад юу болж байна гэхэд "зээл чинь бүтнэ" гээд байдаг байсан. Энэ хоорондоо Эрдэнэчулуун "мөнгө өг, хэрэг болоод байна, яаралтай мөнгө өгөөдөх" гээд байхаар нь Эрдэнэчулууны 5034307108 тоот данс руу 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 1.500.000 төгрөг өгсөн. Мөн тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа Эрдэнэчулуун утсаар яриад "оройны 17 цагаас өмнө надад чухал мөнгөний хэрэг байна" гээд нэхээд байхаар нь нөхрийнхөө төрсөн эгч Аптанцэцэгийн утасны мобайл банкаар Эрдэнэчулууны 5034307108 тоот данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг шилжүүлсэн огноог сайн санахгүй байна. Эрдэнэчулууны дансны хуулга авбал харагдах байх. Тэгж байгаад 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Эрдэнэчулуун дахиж утсаар яриад "маргааш зээл чинь гарах гээд байна, танайд олгох зээлийг Японы сангаас олгохоор боллоо, түүнд 5.000 доллар байршуулах шаардлагатай байна, яаралтай 10.300 доллараа миний данс руу хийчих" гэхээр нь 1 долларыг 1327 төгрөгөөр тооцож 5000 доллар аваад 6.035.000 төгрөгийг Эрдэнэчулууны дансанд хийсэн. Тэгсэн даруйдаа Эрдэнэчулуун дахиж утсаар яриад "надад 1.000.000-1.500.000 төгрөгийн хэрэг байна, та надад бололцоогоороо хийгээдэх" гэхээр нь би "500.000 төгрөг байна" гээд 500.000 төгрөгийг Эрдэнэчулууны 5034307108 тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд маргааш нь болсон чинь Эрдэнэчулуун "нөгөө зээл чинь болохоо байчихлаа, Авлигатай тэмцэх газраас бид нарыг шалгаад байна, танай зээл 10 хоногоор хойшилж байна шүү" гэж хэлсэн. Тэгсээр байгаад 2012 оны 06 дугаар cap гарсан. Тэгэхэд Эрдэнэчулуун "танай зээл хариугүй бүтнэ, та нар хүлээж бай" гэдэг болсон. Тэгэхээр нь ер нь болохоо байлаа гэж бодоод Эрдэнэчулуунд уулзъя гэж хэлээд уулзсан. Эрдэнэчулуунтай уулзахад "та нар түр хүлээж бай, танай зээл хариугүй бүтлээ, та нар хэд хоног хүлээж бай" гэж хэлдэг байсан. Зарим үед утсаар ярихад "өнөөдөр 14 цагт зээл нь гарч байгаа юм" гэдэг байсан. Тэгж явсаар байгаад хамгийн сүүлд 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Эрдэнэчулуунтай уулзахад "одоо ёстой найдвартай, маргааш хамгийн эцсийн өдөр, үүнээс хойш өдөр байхгүй" гэж хэлээд салсан. Маргааш нь нөгөө зээл бүтээгүй, Эрдэнэчулуунтай утсаар ярихад "манай нэг ажилтан сонгуулийн ажлаар мөнгө тараасан гэсэн юманд орооцолдоод балраад байна, манай багийнхан 100.000.000 төгрөг бүрдүүлэх гээд байна, та хоёр туслаач надад 10.300.000 төгрөг зээлээч, би энэ мөнгийг чинь 2 хоногийн дараа буцаагаад таны дансанд хийчихнэ" гэж хэлсэн. Би дотроо мөнгө өгөхгүй гэж бодож байтал манай нөхөр "өгчих, өгчих" гээд байхаар нь 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Эрдэнэчулууны нөгөө л данс руу 10 300 000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш Эрдэнэчулуун утсаа салгаад сураггүй алга болсон. Нөхөр бид хоёр Эрдэнэчулуунд нийт 40.935.000 төгрөг өгсөн байсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 47-49х/,
- гэрч Д.Ганхуягийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Эрдэнэчулуунд бид нар авч явсан бүх материалаа үзүүлэхэд манай материалыг үзчихээд "танайх зээлэнд хамрагдах боломжтой юм байна, танайд 10 тэрбум хүртэл төгрөгийн зээлийг би өгч чадна, танайх авч байгаа юм чинь нэг мөр ахиухан авах хэрэгтэй" гэж хэлсэн... Эрдэнэчулуун "танай зээл 2012 оны 04 сард бүтнэ" гэж хэлсэн. Тэгээд хэлсэн хугацаа нь өнгөрөхөөр нь Эрдэнэчулуунтай утсаар ярихад "04 сарын 20-доор бүтнэ" гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэчулуунтай байнга утсаар ярьдаг байсан. Ярих үед "5 сарын 10-даар бүтнэ, 20-д гээд бүтнэ, сонгуулийн дараа бүтнэ" гээд дандаа хугацаа сунгаад байдаг байсан. Тэгж хугацаагаа сунгаж байх үедээ "надад мөнгө хэрэгтэй байна" гээд мөнгө нэхээд аваад байдаг байсан. Хамгийн сүүлийнхийг нь 2012 оны 07 дугаар сарын 07, 08-ны үед Эрдэнэчулууны данс руу 10.300.000 төгрөг шилжүүлсэн. 2012 оны 07 дугаар сарын 12, 13-ны үед Эрдэнэчулууны утас руу залгаж яриад хамгийн сүүлд шилжүүлсэн 10.300.000 төгрөгөө нэхэхэд "би хуралтай байна, утсаар ярих боломж алга гээд" утсаа тасалсан. Тэгээд түүнээс хойш утсаа авахаа болиод сураггүй алга болсон. Эрдэнэчулуунд нийт 40.935.000 төгрөг өгсөн... Эрдэнэчулуун эхлээд Хүнс хөдөө аж ахуйн яаманд олгох зээл гэж байснаа сүүлдээ Японоос санхүүжүүлсэн зээл олгох юм яриад явчихсан юм...” гэх мэдүүлэг /3хх-ийн 50-51х/,
- гэрч П.Цэвээнсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2012 оны 04, 05 дугаар сарын үед Одхүү эгчтэй уулзахад "манай нэг найз зээл авах гээд хөөцөлдөж байгаа" гэхээр би "миний нэг таньдаг хүн зээл гаргаж өгнө гэж байсан, 500 сая төгрөгөөс дээш хэмжээтэй зээл гаргаж өгнө гэж" хэлж байсан. Тэгсэн Одхүү эгч "манай найзууд Өвөрхангайд байдаг, Өвөрхангайгаас ирж хотод эмчилгээ хийлгэж байгаа, хоёулаа хамт уулзая" гэж хэлсэн. Тэгээд маргааш нь Гранд плаза дээр Одхүү эгч бид хоёр Өвөрхангайд байдаг найз эмэгтэйтэй нь уулзсан, нэрийг нь Хорлоо гэж байсан. Хорлоо надаас "ямар хүн юм бэ гэхээр нь би энэ хүн ямар ч байсан зээл гаргадаг хүн" гээд Дэлгэрсүхийн дугаарыг өгсөн. Түүнээс хойш Одхүү эгч, Дэлгэрсүхийн алинтай нь ч уулзаагүй. 2012 оны 06 дугаар сарын үед манай нөхөр бид хоёр хувийн ажлаар Өвөрхангай явсан. Тэгэхдээ Дэлгэрсүхийг хамт салхинд гараад ирье гээд дагуулаад явсан. Өвөрхангай ороод Хорлоотой утсаар яриад "таны зээл чинь юу болсон бэ, би Өвөрхангайд байна" уулзах уу гэхэд надтай уулзахгүй гээд Дэлгэрсүхийг дуудаад уулзсан юм. Бид нар Өвөрхангайгаас буцаад хотод ирсэн. Өвөрхангай явж байхад Дэлгэрсүх "Хорлоогийн зээл бараг бүтэж байгаа, 20 хоногийн дараа гэхэд бараг бүтчих байх" гэж байсан. Би Дэлгэрсүхтэй танилцахад хамт Эрдэнэчулуун гээд нэг залуу явж байсан. Тэр үед нь би тэр залуутай уулзаагүй, холоос л харсан. Эрдэнэчулууныг Японы төсөл дээр ажилладаг гэж Дэлгэрсүх хэлж байснаа сүүлдээ барилгын компанитай барилга бариулдаг гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 52х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар нотлогдон тогтоогдсон.
3. Шүүгдэгч Ц.Э нь хохирогч Г.Галбадрахад "өөрийгөө яаманд ажилладаг" гэж танилцуулан "Япон улсын хөрөнгө оруулалттай ой мод нөхөн сэргээх төсөлд хамтарч ажиллая, бид төслөө бичээд Япон луу явуулчихна хэмээн" хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 6.500.000 төгрөг, 2012 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 8.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, бэлнээр 500.000 төгрөгийг буюу нийт 15.000.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- хохирогч Г.Галбадрахын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2012 оны 02 дугаар сарын дундуур манай эгч болох Одхүүгийн гэрт би очсон бөгөөд тухайн үед Одхүү эгч надад "манай нэг найз таньдаг тэгшхэн газартай хүн байна уу, мод тарих төсөл байна" гэж байна гээд асуугаад байсан төслийг нь тухайн хүн өөрөө бичээд өгнө гэсэн, чи авахгүй юм уу" гэхээр нь зөвшөөрөөд тухайн хүнтэй нь уулзахаар болсон бөгөөд 2012 оны 03 дугаар сард Ц.Э гэдэг хүн Одхүү эгч бид гурав уулзсан бөгөөд тухайн төслийн талаар сайн лавлаж асуухад Ц.Э нь "энэ төсөл нь Япон улсын хөрөнгө оруулалттай төсөл бөгөөд гол нь тэгшхэн газартай хүн хэрэгтэй байгаа юм. Хэрэв чи зөвшөөрвөл бид нар өөрсдөө төслийг нь бичээд Япон луу явуулчихна" гэхээр нь зөвшөөрөөд газрын гэрчилгээ болон компанийхаа гэрчилгээг өгсөн мөн эхний ээлжинд 15 сая төгрөг хэрэгтэй байна гэхээр нь 2012 оны 03 дугаар сарын 05-нд 6,5 сая төгрөгийг Эрдэнэчулууны 5034307108 дугаартай дансанд шилжүүлсэн мөн түүний дараа 3-4 хоногийн дараа дахин 8 сая төгрөг шилжүүлсэн бөгөөд түүнээс хойш утасдаж нөгөө "төсөл чинь юу болж байна гэхээр одоо удахгүй бүтэх гэж байгаа" гээд байдаг байсан бөгөөд наадмын өмнөхөн утас нь холбогдохоо больчихсон, одоог хүртэл хаана байгаа нь мэдэгдэхгүй байна... Хаана гэдгийг нь мэдэхгүй ямар ч байсан яаманд ажилладаг гэж байсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 69-70х/,
- гэрч Д.Одхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2012 оны өвөл би Цэвээнсүрэнтэй уулзахад Цэвээнсүрэн надад төслийн мөнгө авч өгч чадах хүн байна гэж хэлсэн. Тэгээд тэр хүнтэй нь уулзахаар болоод би Цэвээнсүрэн, Хорлоо хоёртой хамт тэр хүнтэй нь уулзахад өөрийгөө Дэлгэрсүх гэж танилцуулсан нэг хүүхэнтэй уулзсан. Дэлгэрсүх нь миний цаана Эрдэнэчулуун гэж хүн байгаа. Манай Эрдэнэчулуун төслийн мэргэжилтэн байгаа юм гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэчулуунтай уулзахаар болсон. Маргааш нь Хорлоо, Ганхуяг бид гурав Дэлгэрсүх, Эрдэнэчулуун нартай уулзсан. Тэгээд тэд нар хоорондоо зээлийнхээ тухай яриад байсан. Энэ уулзалт ингээд өнгөрсөн. Би Галбадрахад зээл гаргадаг хүн байна гэж хэлэхэд Галбадрах би уулзъя гээд уулзсан юм. Сүүлд Галбадрахыг Эрдэнэчулуунд мөнгө өгөөд алдсан гэдгийг нь мэдсэн...” гэх мэдүүлэг /3хх-ийн 72х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар нотлогдон тогтоогдсон.
4. Шүүгдэгч Ц.Э нь И.Дэлгэрсүх, П.Нарангэрэл нартай бүлэглэн хохирогч Н.Баттөмөр, Ц.Энхжаргал, Г.Энхтунгалаг нараас "Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт ой мод сэргээх ажилд хамтарч ажиллая, мөн мөнгө өгвөл 14 хоногийн дараа өсгөөд өгье, ашигтай бизнес байна" хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий оолгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг Улаанбаатар зочид буудлын үүдэнд уулзаад 10.000.000 төгрөг, 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 5.000.000 төгрөгийг дансаар буюу нийт 15.000.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- хохирогч Н.Баттөмөрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би Нарангэрэл гэдэг хүнтэй 2011 оны 11 дүгээр сард ТИС дээр танилцаж байсан. Танилцах үедээ Нарангэрэл нь өөрийгөө багш гэж надад хэлж байсан. Би багш мөн бишийг нь мэдээгүй, тухайн үедээ хүүхдийнхээ сургалтын талаар хөөцөлдөж байгаад танилцсан. Тэгээд сарын дараа санагдаж байна над руу яриад нэг хоолонд орсон. Хоолонд ороход Энхтунгалаг, Дэлгэрсүх нар сууж байсан ба хоолон дээр "Төв аймгийн Батсүмбэрт ой мод сэргээх ажилд хамтран ажиллах санал тавьж 15 сая төгрөг хэрэгтэй гэхээр" нь би зөвшөөрөөгүй, харин үнэхээр юм хийх гэж байгаа бол хамтран ажиллах хүмүүстэй чинь уулзаж байж болно гэж хэлсэн. Тэгээд маргааш нь билүү нөгөөдөр нь Нарангэрэл хамт Төв аймаг Батсүмбэр сум явъя гээд санал тавиад би зөвшөөрч хамт миний машинтай Төв аймаг Батсүмбэр сумын Үдлэг багт очсон. Тэгээд газрыг нь харахад их боломжийн санагдахаар нь 15 сая төгрөг бол чадахгүй гэхэд хүн бүр 5 сая төгрөг нийлүүлж хамтран ажиллаж, 14 хоногийн дараа өсгөж өгнө гэсэн. Тэгээд би 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар зочид буудлын урд Дэлгэрсүх, Нарангэрэл, Энхтунгалаг, Энхжаргал нартай уулзаад миний хувьд Энхжаргалд мөнгөө цуглуулаад Эрдэнэчулуунд өгсөн... Эхний ээлжинд 5 сая төгрөг өгөөд Олон улсын байгууллагаас төсөл орж ирэхээр өгсөн мөнгөө өсгөж буюу нугалж аваад ирсэн төслийг хэрэгжүүлж Төв аймаг Батсүмбэр сум Үдлэг багт байгаа шатсан ойг цэвэрлэж мод тарина. Модоо тариад дахин олон улсын байгууллагаас мөнгө авна. Нийтдээ 1 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжинэ гэж байсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 86х/,
- хохирогч Ц.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Баттөмөр, Энхтунгалаг бид гурав бие биенээ урд өмнө нь таньдаггүй байсан. Миний хувьд Нарангэрэл гэдэг хүнийг 2011 онд найз Гансүхээр дамжуулан танилцаад уулздаг байсан. Гэтэл Нарангэрэл нь 2011 оны 09 дүгээр сард хөгшинд нь мөнгө хэрэг болоод байна гээд 1 сая төгрөг зээлээч гэхээр нь Сүхбаатар аймагт байхдаа Нарангэрэлд 1 сая төгрөг шилжүүлж байсан. Тэгээд тэр мөнгөө цувуулаад өнөөдрийн байдлаар одоо 700.000 төгрөг аваад байгаа. Би Нарангэрэлд дээрх өгсөн 1 сая төгрөгөө хөөцөлдөж байх үед буюу 2012 оны 01 дүгээр сард Нарангэрэл намайг Баянбүрд дээр хүрээд ир гэхээр нь би түүнээс мөнгөө авах гэж Баянбүрдийн гадаа очиход Баттөмөр, Энхтунгалаг, Нарангэрэл, Дэлгэрсүх нар байсан ба би Нарангэрэлээс мөнгөө нэхсэн чинь одоогоор мөнгөний боломж байхгүй байна, гэхдээ найз нь хөдөө хүмүүстэй юм хийгээд байгаа юм, тэрийг очиж хараач гэхээр нь хамт Батсүмбэр сумын Үдлэг бригад руу өглөө яваад орой ирсэн. Тэгээд нэг шатсан 2 ойтой газар үзүүлээд Нарангэрэл нь надад хэлэхдээ "найз нь энэ дээр ойн нөхөн сэргээлт, ойн цэвэрлэгээ хийж төсөл хэрэгжүүлээд олон улсын байгууллагаас мөнгө авна" гэж хэлсэн. Хөдөөнөөс наашаа ирж байхдаа Нарангэрэл нь Дэлгэрсүх, Баттөмөр, Энхтунгалаг нарт "ойг нөхөн сэргээж төслөөс мөнгө аваад энд цэцэгжүүлнэ, үүнийг хийхийн тулд эхний ээлжинд 15 сая төгрөг хэрэгтэй байна, тэгээд Нарангэрэл намайг хамтрахгүй юмуу" гэхээр нь би 5 сая төгрөг нийлүүлээд хамтран ажиллаж болно гээд хэлчихсэн. Тэр явдлаас хойш 5 хоногийн дараа 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр санагдаж байна Нарангэрэл, Дэлгэрсүх, Баттөмөр нар над руу утасдаад "Улаанбаатар зочид буудал дээр хүрээд ир, Баттөмөр, Энхтунгалаг нар мөнгөө өгөх гэж байна, чи яасан бэ" гэхээр нь "минийх арай болоогүй байна" гэсэн чинь хүрээд ир гээд байхаар нь би очсон. Тэгээд Улаанбаатар зочид буудлын ресторанд очоод Баттөмөр, Энхтунгалаг, Нарангэрэл, Дэлгэрсүх нартай уулзаад Энхтунгалаг, Баттөмөр нарын мөнгийг би аваад Улаанбаатар зочид буудлын үүдэнд байсан Эрдэнэчулуунтай уулзаж Энхтунгалаг, Баттөмөр хоёрын 10 сая төгрөгийг өгч, гарын үсэг зуруулж түүний дансны дугаарыг нь аваад маргааш данс руу чинь шилжүүлнэ гэж хэлээд салсан. Мөнгө өгөхөд Эрдэнэчулуун таны мөнгө нэмэгдэх юм чинь 15 сая төгрөг авлаа гэж бичээд өгье гээд надад 10 сая төгрөг авсан мөртлөө 15 сая төгрөг авлаа гэж бичиж өгсөн. Ингээд би маргааш нь Цэдэнбалын Эрдэнэчулуун гэсэн данс руу ХААН банкаар 5 сая төгрөг шилжүүлж 14 хоногийн дараа мөнгөө авах ёстой байсан боловч мөнгөө өгөхгүй хугацаа хойшлуулсаар байгаад өдий хүрсэн...” гэх мэдүүлэг /3хх-ийн 93х/,
- хохирогч Г.Энхтунгалаг мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Би Дэлгэрсүх гэдэг хүнийг найзаараа дамжуулан 2009 оноос таньдаг болсон. 2012 оны 01 дүгэзр сард надтай уулзмаар байна гээд уулзсан чинь "Төв аймаг Үдлэг суманд шатсан газар байна, тэрийг нөхөн сэргээж ойжуулаад олон улсын байгууллагын төсөлд оруулаад хамтран ажиллах" санал тавьсан. Тэгэхээр нь би "одоо шийдвэр гаргаж чадахгүй, дүүтэй ярьж байж болно" гээд салсан. Тэгээд хэд хоногийн дараа Дэлгэрсүх уулзмаар байна гээд Хүнсний 1-ийн ойролцоо кафенд уулзсан. Тэгээд уулзаад удаагүй байхад Нарангэрэл, Баттөмөр нар орж ирээд бас л төсөл ярьсаар орж ирсэн. Нарангэрэл, Дэлгэрсүх нар нь Баттөмөр ах бид хоёрт ойлгуулахдаа "Төв аймаг Батсүмбэр сум Үдлэг багт байгаа шатсан газрыг цэвэрлээд, мод тариад нөхөн сэргээж олон улсын байгууллагаас мөнгө өгнө, төслийг нь бичээд эхний ээлжинд 15 сая төгрөг шаардлагатай байна" гэсэн. Тэгэхээр нь Баттөмөр ах бид хоёр "мөнгө яриад яахав газрыг чинь харна гээд" маргааш нь Төв аймаг явсан. Тэгээд Төв аймаг явах гэж байхад Энхжаргал эгч ирээд хамт явсан. Төв аймгийн Батсүмбэр сум Үдлэг багт яриад байсан шатсан газар байсан ба тэр газрыг Нарангэрэл, Дэлгэрсүх нар заагаад энэ газрыг нөхөн сэргээж төслөөс мөнгө орж ирэхээр мөнгийг чинь нугалаад өгнө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /3хх-ийн 105х/,
- гэрч Д.Батбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай гэр Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт байдаг. Нарангэрэл 2011 оны 09 дүгээр сараас Үдлэг багийн төвийн ойр орчимоос шуудайтай мод Улаанбаатар хотруу зөөдөг байсан. Тэр үедээ манайхаар орж гарч танилцсан юм. 2011 оны 12 дугаар сарын үед Нарангэрэл нь надад "Японы Жайкагийн сангаас мод тарих төсөл орж ирэх юм гэнээ. Надад манай нэг дүү хүүхэн хэллээ. Намайг ойн сантай хүн олж өг гээд байн. Танайх ойн сантай юм чинь болох юм байна гэж" хэлсэн. Нарангэрэл би чамайг цаад хүнтэйгээ уулзуулж өгнө гээд салсан. 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цагийн үед надруу 91657878 дугаарын утаснаас нэг эмэгтэй хүн залгаад "намайг Дэлгэрсүх гэдэг юм, та Нараа багшийн хэлээд байсан хүн мөн үү, манай төсөл хэрэгжих гээд байнаа та материалаа аваад хүрээд ирээч, маргааш өглөө ирээрэй" гэж хэлсэн. Би маргааш нь Улаанбаатар хот ороод 5-р сургуулийн зүүн талд 15 цагийн үед Эрдэнэчулууны 50- 83 УНО улсын дугаартай буруу талдаа үрүүлтэй машинд уулзсан. Машин дотор Эрдэнэчулуун, Дэлгэрсүх 2 байсан. Энэ 2-той тэр үед л танилцсан. Эрдэнэчулуун, Дэлгэрсүх хоёр бид нар "Японы Жайка төсөл хэрэгжүүлэх юм. Мөнгө нь сангийн яамаар дамжиж ирнэ. Та материалаа өг, таны материал чухал байгаа манай төсөл бол 3 жилийн хугацаатай хэрэгжинэ. Нийт 1 тэрбум төгрөгийн төсөл орж ирнэ. Үүнээс бид нар 20% буюу 200 сая төгрөгийг нь авна. Та 80% буюу 800 сая төгрөг авна. Харин та тайлан гаргахдаа 3 жилийн хугацаанд 1 тэрбум төгрөгийн ажил хийсэн гүйцэтгэл гаргаж өгнө" гэж хэлсэн. Дэлгэрсүх, Эрдэнэчулуун нар надад төслийнхөө талаар танилцуулчихаад "таны энэ төслийг бүтээхийн тулд 10 сая төгрөг хэрэгтэй, та энэ мөнгийг гарга, маргааш өглөө 9 цагт бэлэн мөнгө өг" гэж хэлсэн. Тэгэхээр нь би Дэлгэрсүх, Эрдэнэчулуун нараас "та нар төсөл, тендерийн материалаа надад үзүүлээч гэхэд бүх материал англи хэл дээр учир та ойлгохгүй" гэж хэлсэн. Мөн "манай энэ төсөл энэ орой боогдоод Япон яваад хянагдаад 7 хоногийн дараа буцаж ирнэ. Санхүүжилт Сангийн яамаар дамжаад 4 сарын дараа бэлэн болно. Та материалаа хурдан өг" гээд манай нөхөрлөлийн гэрчилгээний хуулбар, албан бичгийн бланк хоёр ширхэг, нөхөрлөлийн газрын гэрчилгээ зэрэг зүйл аваад бид нар салсан. Албан бичгийн бланк, 2 гарын үсэг зуруулаад тамга даруулаад авсан ба дээр нь бид нар өөрсдөө Англиар гомдлыг нь бичнэ гэсэн. Тэгээд салж явсны дараа орой 19 цагийн үед Эрдэнэчулуун надруу 91091818 дугаараас яриад "та мөнгөө бүтээсэн үү, мөнгөө бүтээгээгүй бол манай төсөл орохгүй шүү" гэхээр нь "би мөнгө бүтээж чадаагүй, тэгээд ч чамд мөнгө өгч чадахгүй, чамд надад танилцуулсан ямар ч баримт байхгүй, энэ төсөл бүтвэл чи 20 хувийг нь авахаас цааш төслөө бүтсэн хойно надаас 20 сая болгон аваарай" гэж хэлэхэд Эрдэнэчулуун "тийм юм гэж байдаггүй юм, мөнгө яг одоо л хэрэгтэй байна, энэ 10 сая төгрөгийг би өөрөө авахгүй, төсөл бүтээх 5-6 хүнд хувааж өгнө, одоо хүний гар дээр мөнгө тавихгүй бол ажил бүтэхээ больсон цаг" болсон гэж хэлсэн. Тэгээд би Эрдэнэчулуунтай утсаар ярьж дуусчихаад хөдөө гэрлүүгээ явсан. Маргааш өглөө нь 09 цагт Эрдэнэчулуун 91091818 дугаарын утсаар манай 96441940 утас руу яриад "та манай төсөлд орчихлоо, би хөөцөлдөж шөнөжин явж байж орууллаа, та ямар нэг аргаар мөнгөө хийхгүй юм уу" гэхээр нь "би чадахгүй" гэж хэлэхэд "та намайг аллаа даа төсөл явчихсан байдаг мөнгө нь танай дээр л орно шүү дээ гэж" хэлсэн. Би Эрдэнчулуунд "тэгвэл ажил чинь бүтчихсэн юм байна шүү дээ" гэж хэлээд утсаа тасалсан. Эрдэнэчулуунтай утсаар ярьснаас хойш 2 хоногийн дараа Нарангэрэл над руу утсаар яриад нөгөө Эрдэнэчулуун танайхыг "5 сая төгрөг гаргачих гэнэ, өөрөө 5 саяыг нь гаргая гэнэ эргээд төслөө бүтээгээд хурдан хэрэгжүүлмээр байна" гэж яриахаар нь би "Эрдэнэчулуун нэгэнт 5 сая төгрөг гаргасан юм чинь нэмээд 5 сая төгрөг гаргаад 10 сая төгрөг болгоод өөрөө өгчих гэж" хэлээд тасалсан. Тухайн үед Нарангэрэл 91887017 дугаарын утсаар ярьсан юм. Түүнээс хойш нэг хэсэг таг болсоноо 2012 оны 01 дүгээр сарын 21-22-ны үед Нарангэрэл утсаар яриад "хэрэв энэ 10 сая төгрөгийг бид нар олоод авчихвал /үг дарав/ хийчихвэл танайх төслийн 40 хувиа бид нарт өгөх юм уу" гэхээр нь би "үнэхээр төсөл чинь бүтдэг юм бол хэдэн ч хувийг авсан хамаагүй нэгэнт л эргэн төлөгдөхгүйгээс хойш би 100 хувь гүйцэтгэл хийж чадна гэж" хэлсэн. Тэгсэн 2012 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Нарангэрэл, Дэлгэрсүх хоёр над руу яриад "танайд төсөл хэрэгжүүлэх багийнхаа хүмүүсийг авч очно, төсөл цагаан сараас өмнө бүтэж мөнгө нь орж ирнэ, танайх 40 хувиа найдвартай өгнө биз дээ" гэхээр би "тийм ээ, төсөл чинь хэрэгжиж байвал хэлсэн ярьснаараа" гэж хэлсэн. Маргааш нь Нарангэрэл Дэлгэрсүх хоёр манайд хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүнтэй хамт ирээд энэ манай төслийн багийнхан гээд Баттөмөр, Энхжаргал, Энхтунгалаг нарыг танилцуулсан. Тэгэхээр нь би төсөл хэрэгжүүлж болох газраа болон өөрийнхөө хийсэн ажпыг үзүүлж танилцуулсан. Баттөмөр манай газрыг үзчихээд энэ аргагүй л төсөл хэрэгжих газар мөн юм байна гэж хэлж байгаад явсан. 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Нарангэрэл, Дэлгэрсүх хоёр утсаар яриад 40 хувийг авах хүмүүс чинь гэрээ байгуулна гээд байхаар нь Улаанбаатар хот орж харилцан тохиролцох гэрээ байгуулсан. Ингэж уулзах бүрт л дандаа пабд уулздаг байсан. Би Дэлгэрсүхээс чи хаана ажилладаг юм бэ ажиллаа танилцуулаач гэхэд, "би ажил дээрээ хамаагүй аваачиж болохгүй ээ, хүний нүдэнд өртөчихнө, миний утсыг чагнаж байдаг, утсаар хамаагүй юм ярьж болдоггүй тул та болгоомжтой ярьж байгаарай" гэж сануулсан юм. Тэгсэн 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Дэлгэрсүх, Нарангэрэл хоёр над руу утсаар яриад танайх шинээр нөхөрлөл байгуулж данс нээлгэ, мөнгө орох гээд байна гэж хэлсэн. Тэгээд 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Төв аймаг орж Үдлэг баг нэртэй нөхөрлөл байгуулж Голомт банкны 1405008077 тоот валютын данс нээлгэсэн. Бид нарт Дэлгэрсүх нь мөнгө удахгүй орно гэж хэлсэн. Нөхөрлөлийн дараа нягтлан бодогчоор Энхтунгалаг томилогдсон бөгөөд дансаа байнга шалга гэж хэлсэний дагуу Энхтунгалаг байнга дансаа шалгадаг байсан боловч мөнгө ороогүй байдаг байсан. Төв аймаг явж байх үедээ би Баттөмөр, Энхжаргал, Энхтунгалаг нарт төсөл хэрэгжүүлэх төслийн ажилчид биш харин төсөл бүтвэл 20 хувь авах хүмүүс гэдгийг нь мэдсэн. Тэр үед тэр гурав төсөл гаргахад шаардагдах мөнгө гаргасан гэдгийг мэдсэн. Тэгсэн 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дэлгэрсүх надруу утсаар яриад "орой 19 цагт Чингэлтэй дүүргийн 5-р сургуулийн зүүн хойд талын Соёмбо будалд Эрдэнэчулуун төслөө танилцуулна, та хурдан ир" гэж хэлсэн. Тэгээд тэнд нь очиход Нарангэрэл, Дэлгэрсүх. Энхжаргал, Баттөмөр, Энхтунгалаг нартай уулзсан. Эрдэнэчулуун хэлэхдээ "та нар надад итгэ, юм бүтэж байгаа эцсийн хугацаа нь 4 сарын 01-ний өдөр гэж хэлье" гэсэн. Би Эрдэнэчулуунаас "төслийн материал үзүүлээ ч" гэхэд "та санаа зоволтгүй бүх юм бүтнэ" гэж хэлсэн. Тэгээд баахан архидаж аваад салсан. Үүнээс хойш Эрдэнэчулуун уулзаагүй, залгахаар утсаа авахгүй болсон. Би бүх үйл явдлыг цаг өдөртэй нь санаж байгаа нь би тэд нартай уулзсан өдрөө цаг минуттай нь тэмдэглэж байсан юм. Дэлгэрсүх, Нарангэрэл хоёр манайд 5-6 удаа ирсэн. Тэр бүртээ манай Эрдэнэчулуун төсөл бүтээх гээд хөөцөлдөж байгаа, өдөр шөнөгүй явж байгаа гэж хэлдэг байсан юм...” гэх мэдүүлэг /3хх-ийн 114-120х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар нотлогдон тогтоогдсон.
5. Шүүгдэгч Ц.Э нь И.Дэлгэрсүх, П.Нарангэрэл нартай бүлэглэн "1 тэрбумын төсөлд 20.000.000 төгрөг төлж төсөл бичүүлээд 200.000.000 төгрөгийг хувааж авах боломжтой, Эрдэнэчулуун нь өөрийгөө Японы Жайкагийн төслийн ажилтан, Дэлгэрсүх нь Жайкагийн төслийн орчуулагч" хэмээн танилцуулж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Н.Мягмаржав, П.Ганбаяр, Г.Тунгалаг нараас 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг Ард кино театрын хажууд 7.700.000 төгрөгийг, 2012 оны 06 дугаар зарын 17-ны өдөр 3.400.000 төгрөгийг дансаар буюу нийт 11.100.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- хохирогч Н.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Нарангэрэл гэж хүнтэй Улс төр менежментиин академид хамт 2012.04.31-с 2012.08.28 хүртэл 3 сарын хугацаатай сурсан юм. Тэгтэл Нарангэрэл 2012.05.22-нд хичээл тараад явж байхдаа "1 тэрбумын төсөл байна 20 саяыг төлж төсөл бичүүлээд 1 тэрбум төгрөгийг авна, эргээд бид нар 200 саяыг хувааж авна" гэсэн яриа болсон. Тэгэхээр нь би болон манай ангийн Ганбаяр, Тунгалаг нар хамт оролцохоор болж зөвшөөрсөн юм. 2012.05.25-нд Мөнгөнморьт руу явж төсөл хэрэгжих газраа очсон. Тэнд Нарангэрэл, Дэлгэрсүх, Ганбаяр болон би мөн Баярмагнай гээд Төв аймгийн хорихын ажилтан нар явсан юм. Тэнд очоод уулын ам үзүүлж харуулаад баахан бичиг баримт үзүүлж харуулаад байсан. Ирээд 2012.05.28-нд Ганбаяраас 3,7 сая, Тунгалагаас 4 сая төгрөг нийт 7,7 сая төгрөгийг Эрдэнэчулуун гэх хүнд өгсөн. Нарангэрэл зуучилж өгсөн юм. Тэр Эрдэнэчулуун гэгч нь Жайкагийн төслийн ажилтан гэж Нарангэрэл тэд нар яриад байсан. Дандаа л зурагтаар гардаг та нар хараагүй юу гээд байсан. Бид нар Эрдэнэчулууныг хараагүй бөгөөд бид нар ярилцаж байгаад 7,7 сая төгрөгөө Тунгалагаар өгүүлсэн. Тэр мөнгийг авахдаа Ард кино төатрын хажууд авсан ба мөнгө өгөлцөж авалцсан гэрээг Тунгалагтай хийсэн. 2012.06.17-нд Нарангэрэл "үлдсэн мөнгөө өг гэж шавдуулсаар байгаад Ганбаяраас 2,1 сая төгрөг, Тунгалагаас 1 сая төгрөг, надаас 300.000 төгрөг нийт 3,4 сая төгрөгийг банкаар данс руу гуйвуулсан. Хуулбар нь байгаа авчирч өгнө. Ингээд нийт 11,1 сая төгрөг Дэлгэрсүх нь өөрийгөө Япон хэлний орчуулагч, Жайкагийн төслийн орчуулагч, Эрдэнэчулуунтай хамт ажилладаг гэж байснаа сүүлдээ тийм биш болох нь мэдэгдсэн. Биднээс Ганбаяр нь 5,8 сая төгрөг, Тунгалаг нь 5 сая төгрөг, би 300.000 төгрөгөө Эрдэнэчулуун, Нарангэрэл, Дэлгэрсүх нараас нэхэмжилж байна. Эрдэнэчулууны гэрт очиход тийм хүн байхгүй гэсэн...” гэх мэдүүлэг /3хх-ийн 133х/,
- хохирогч П.Ганбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2012 оны 05 болон 06 дугаар сард Нарангэрэл, Эрдэнэчулуун, Дэлгэрсүх нарт би болон Мягмаржав, Тунгалаг нартай нийлж 11,1 сая төгрөгөө залилуулж алдсан. Би 5,8 сая төгрөг, Тунгалаг 5 сая төгрөг, Мягмаржав 300.000 төгрөгөө залилуулж алдсан. Нарангэрэл, Эрдэнэчулуун, Дэлгэрсүх нар Жайкагийн төсөл бичих мөнгө гэж хэлээд тэр мөнгийг бид нараас аваад залилж одоо болтол алга болсон байна...2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Мягмаржав надад "Нарангэрэл 1 тэрбум төгрөгийн Жайкагийн ойжуулах төсөл байна, 20 сая төгрөгийг төсөл бичдэг хүнд өгвөл 1 тэрбум төгрөгнөөс 200 сая төгрөгийг нь хувааж авах боломжтой гэнэ, 200 сая төгрөгийг төсөл бичиж өгөх Эрдэнэчулуун авна гэнэ. Эрдэнэчулуун Жайкад ажилладаг гэнэ, үлдсэн 600 сая төгрөгийг төсөл хэрэгжүүлэх хүн авах юм байна" гэж хэлсэн. Түүний дагуу 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Жайкагийн орчуулагч Дэлгэрсүх бид нартай ирж уулзаад одоо Төв аймгийн Мөнгөнморьт суманд төсөл хэрэгжүүлэх газарт очих шаардлагатай байна гэж хэлсэн. 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Дэлгэрсүхтэй уулзсан ба маргааш нь буюу 2012.05.25-ны өдөр Цогтбаатарын делика машинаар Төв амгийн Мөнгөнморьт сум руу явсан. Тухайн үед Цогтбаатар машинаа бариад түүний эхнэр Сугарсүрэн, Нарангэрэл, Мягмаржав, Дэлгэрсүх, Баярмагнай бид нар явсан юм. Бид нарыг Нэргүй гэх хүмүүс тосож аваад хамтдаа Чагнаадорж гэх айлд очсон. Чагнаадорж нь бид нарыг байж байтал Батбаяр гээд Чагнаадоржийн хамаатны хүн ирсэн. Батбаяр тэнд нэг уулын ам эзэмшдэг юм байна лээ. Нарангэрэл, Дэлгэрсүх нар хэлэхдээ Батбаярын уулын аманд мод тарьж, ойжуулж төслөө хэрэгжүүлнэ гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /3хх-ийн 135, 138х/,
- хохирогч Г.Тунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 08 дугаар сарын 20-ныг хүртэл Улс төр менежментийн академид суралцсан. Энэ үед надтай хамт Мягмаржав, Ганбаяр, Нарангэрэл нар нэг ангид сурч байсан. 2012 оны 05 дугаар сарын 15-16-ны үед байх Нарангэрэл Мягмаржав эгчид Жайкагийн төсөл байна гэж хэлсэн гэсэн. Түүнийг нь Ганбаяр, Мягмаржав бид гурав Нарангэрэлээс тодруулж асуухад Жайкагийн төслөөр мод тарих 1 тэрбум төгрөгийн төсөл орж ирнэ, энэ 1 тэрбум төгрөгийг Японоос оруулж ирнэ. Мод тарих газар бэлэн байгаа, Төв аймгийн Мөнгөнморьт суманд мод тарих юм, энэ 1 тэрбум төгрөгийг оруулж ирэхэд мөнгө өгөх Япончуудад бичсэн төслөө үзүүлэх юм. Хөрөнгө оруулагч бид нарын бичсэн төслийг үзэж байж сонгох юм, 20 сая төгрөг байвал Эрдэнэчулуун гэдэг хүнд өгөөд төслөө бичүүлэх юм. Эрдэнэчулуун энэ төслийг хариуцаж шалгаруулдаг гол хүн гэж хэлсэн. Тэгээд мод тарих газрыг нь үзэхээр Ганбаяр, Мягмаржав, Сугарсүрэн, Нарангэрэл нар хамт явсан. Би тэр үед нь хамт явж чадаагүй юм. Ганбаяр, Мягмаржав нар явж газрыг нь үзэж ирчихээд газрыг нь үзлээ, мод тарихад боломжийн сайхан газар байна, Нарангэрэлд итгэж болох юм шиг байна, бүгдээрээ итгээд хөрөнгө оруулъя" гэж хэлсэн. Нарангэрэл мөнгөө та нар хурдан өг гээд 2012 оны 05 дугаар сарын 21-22-ны өдрийн хооронд мөнгөө тараах гэж байна гэж хэлсэн. Тэгээд бид нар мөнгөө цуглуулж. Ганбаяр эгч 3,7 сая төгрөгөө Ард кинотеатрын тэнд нэг кафед Нарангэрэл эгчид өгсөн гэсэн. Би тэр өдөр Нарангэрэл, Эрдэнэчулуун нартай уулзаад 4 сая төгрөгөө өгсөн. Би 4 сая төгрөгөө Эрдэнэчулуунд өгсөн. Эрдэнэчулуун мөнгөө авчихаад үлдсэн мөнгөө хэзээ өгөх юм бэ гээд яваад өгсөн. Нарангэрэл эгч надаас мөнгө авчихаад үлдсэн мөнгөө 7 хоногийн дотор цуглуулж өгөөрэй гэсэн. Ганбаяр мөнгөө нэмж өгөх гээд 3.100.000 төгрөг олсон байсан. Тэгээд тэр мөнгөө Эрдэнэчулуунтай уулзаж өгнө гэхэд Нарангэрэл тэр хүн чинь яаманд том ажил хийдэг юм, зурагтаар байнга гарч байдаг, Жайкагийн төслийн талаар яриад зурагтаар гарсан шүү дээ, том ажил хийдэг болохоор олон хүнтэй уулзахгүй гээд байна, одоо анх уулзсан Тунгалагтай л уулзана гээд байна гэж хэлсэн. 2012 оны 06 дугаар сарын эхээр Нарангэрэл эгч надад Эрдэнэчулууны дансны дугаарыг өгөөд энэ дансанд үлдсэн мөнгөө хийгээрэй, Эрдэнэчулуун хөдөө орон нутагт төслийн ажпаар яваа гэж хэлсэн. Тэгээд би Ганбаяр эгчээс 3.100.000 төгрөг, Мягмаржав эгчээс 300.000 төгрөг аваад Нарангэрэлийн өгсөн Эрдэнэчулууны дансанд 2012 оны 06 дугаар сарын дундуур хийсэн...” гэх мэдүүлэг /3хх-ийн 144х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар нотлогдон тогтоогдсон.
6. Шүүгдэгч Ц.Э нь И.Дэлгэрсүх, П.Нарангэрэл нартай бүлэглэн "Нарангэрэл нь өөрийгөө Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш, Дэлгэрсүхийг Засгийн газрын ордонд орчуулагч, Эрдэнэчулууныг Япончуудтай холбож өгөх хүн хэмээн танилцуулж", "Жайкагийн ойжуулалтын төсөл байна, хамтарч ажиллах уулын амтай хүн хэрэгтэй, газраа нөхөрлөл байгуулж компаний нэр дээр болгох хэрэгтэй" хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Ё.Нэргүйгээс 2.000.000 төгрөг, С.Анхбаяраас 1.500.000 буюу нийт 3.500.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- хохирогч Ё.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод ажиллаар ирээд явж байгаад найз Баярмагнайтай таарахад Баярмагнай надад "би Нарангэрэл, Дэлгэрсүх гэж эмэгтэйчүүдтэй танилцлаа, тэр хоёр надад ойжуулалтын төсөл байна, хамтарч ажиллах уу, уулын амтай хүн хэрэгтэй байна гэсэн. Чамд уулын ам байна уу гэхээр нь би ойжуулалтын юм бол уулын ам олдох байх гэж" хэлсэн. Тэгээд Төв аймгийн Мөнгөнморьт суманд очоод найз Анхбаярт энэ тухай хэлэхэд "Анхбаяр надад газар байгаа, наад төслийг чинь хэрэгжүүлье" гэж хэлсэн. Тэгээд Нарангэрэл, Дэлгэрсүх нартай утсаар яриад "ямар бичиг бүрдүүлэх вэ" гэхэд эхний ээлжинд "нөхөрлөл байгуулсан байх шаардлагатай, тэгээд түүний гэрчилгээ, засаг даргын тодорхойлолт, банкны тодорхойлолт, газрын гэрчилгээ" өгч байгаа юм гэж хэлсэн. Та нар энэ төслийн талаар хүмүүст ярьж болохгүй гэж хэлж байсан. Сүүлдээ нөгөө мөнгө чинь Жайкагийн шугамаар Монголд орж ирэхээр болсон. 3 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болсон. Энэ хугацаанд ой мод тарьсан бол эргэн төлөлтгүй мөнгийг нь тэр чигт нь өгнө гэж хэлдэг болсон юм... Сумандаа буцаж ирээд Нарангэрэл, Дэлгэрсүх нар мөнгө өг гээд байсан болохоор Дэлгэрсүхэд 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 3.500.000 төгрөгийг банкаар шилжүүлсэн. Шилжүүлэхдээ ХААН банкны И.Дэлгэрсүхийн 5746018628 тоот дансанд хийсэн. Үүнээс хойш хааяа нэг Нарангэрэл, Дэлгэрсүх нартай утсаар яриад "төсөл юу болж байна гэж асуухад өнөө маргаашгүй болно, төсөл бичиж байгаа, Эрдэнэчулуун Япон явсан байгаа, төслийн ажпыг хөөцөлдөж байгаа, Эрдэнэчулуун ирээгүй байгаа" гэж удаа дараа хэлж байсан. 2012 оны 05 дугаар сарын дундуур би тэр хоёроос мөнгөө буцааж нэхсээр байгаад эхлээд 1.900.000 төгрөг авсан. Тэгээд сүүлд нь 100.000 төгрөгийг өгсөн. Дэлгэрсүх, Нарангэрэл нарт өгсөн 3.500.000 төгрөгнөөс 2 сая төгрөг нь миний мөнгө байсан юм. Би өөрийнхөө мөнгөө авчихаад Анхбаярт би мөнгөө авчихлаа, чи мөнгөө нэхэж аваарай наадах чинь нэг л худлаа болоод байна шүү гэж хэлсэн. Анхбаяр тэд нараас мөнгөө нэхэж байж эхлээд 1.400.000 төгрөг авсан. Үлдэгдэл 100.000 төгрөгөө 2013 оны 01 дүгээр сарын үед авсан гэсэн. 2012 оны 05 дугаар сарын сүүлээр Нарангэрэл, Дэлгэрсүх нартай утсаар яриад төсөл асуухад удахгүй танай газар дээр хэрэгжүүлэх төслийн хүмүүсийг дагуулж очно, бэлдэж байгаарай гэж хэлсэн. Тэгээд нэг өдөр Анхбаяр бид хоёр тэд нарыг хотоос гарчихсан гэхээр нь тосож байгаад Төв аймгийн Мөнгөнморьт суманд тэд нартай уулзаад хамтдаа Мөнгөнморьт сумын Байдлаг багийн нутагт оршин сууж байгаа Батжаргалын гэрт очсон... 2012 оны 11 дүгээр сарын сүүлээр утсаар яриад "төсөл юу болсон бэ, бид нар нөхөрлөлөө татан буулгаж тараалаа шүү" гэхэд "түр хүлээж бай, яваандаа газар үнэд орно, та нарт газар хэрэгтэй шүү дээ гэж хэлж" байсан. 2013 оны 01 сард Дэлгэрсүх утсаар яриад нөгөө төсөл худлаа болсон шүү, Эрдэнэчулуун алга болсон гэж хэлсэн. Тэгсэнээ 2013 оны 04 дүгээр сарын 05-ны үед над руу Дэлгэрсүх утсаар яриад цагдаагаас чамайг дуудах байх, чи Нарангэрэл бид хоёрт мөнгө өгч авалцсанаа битгий хэлээрэй гэж хэлэхээр нь би энэ асуудлыг үнэнээр нь хэлнэ гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /3хх-ийн 156-157х/,
- хохирогч С.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Нарангэрэл, Дэлгэрсүх нартай Баярмагнайгаар дамжуулж танилцсан. Тэр хоёртой танилцах болсон шалтгаан нь гэвэл 2012 оны 04 дүгээр сарын эхээр байсан байх. Нэргүй надад ойжуулалтын төсөл байна гэнэ, төсөл хэрэгжүүлэх уулын амтай хүн хайж байгаа гэнэ. Баярмагнай тэр хүмүүстэй танилцсан гэнэ гэж хэлсэн. Надад Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг Шороон гэдэг газар 700 м2 талбай бүхий өвөлжөө байдаг юм. Манай өвөлжөөний хажууд хүргэн ах Батжаргал ахын 700 м2 талбайтай өвөлжөө байдаг юм. Тэгэхээр нь би энэ хоёр өвөлжөөгөө нэгтгээд төслийг нь хэрэгжүүлээд ойжуулж авъя гэж бодсон. Манай өвөлжөөний газар хуучин мод бэлтгэлийн газар байсан болохоор мод нь нилээн сийрэг болчихсон газар байсан юм. Тэгээд Нэргүй бид хоёр Баярмагнайтай уулзахад энэ төсөлд зуучлах хүмүүс байгаа гээд бид хоёрыг Нарангэрэл, Дэлгэрсүх нартай уулзуулж өгсөн. Дэлгэрсүх, Нарангэрэл нартай уулзахад та хоёр газрынхаа зурийг аваад ир, газартай нь үнэн юм уу гээд бид хоёроор баримт бүрдүүлүүлж авсан юм. Нэргүй бид хоёр тэр баримтыг нь бүрдүүлж өгөхөд та хоёр энэ газар дээрээ нөхөрлөл байгуулах хэрэгтэй, тамга тэмдэгтэй байж төсөл авдагүй юм гэсэн. Тэгээд Нэргүй, Батжаргал, Нарангэрэл нар Төв аймгийн төв орж Байдлаг хамтын хүч нөхөрлөл байгуулсан. Тэгэхэд нөхөрлөлийн бичиг баримтыг Нарангэрэл, Дэлгэрсүх нар хувилж аваад үлдсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа Нарангэрэл, Дэлгэрсүх нар утсаар яриад танай газар дээр хэрэгжүүлэх төслийг бичих хүнд мөнгө өгөх хэрэгтэй байна, 20 сая төгрөг урьдчилгаа болгож өг гэж хэлсэн. Нэргүй бид хоёрт тийм их хэмжээний мөнгө байхгүй байсан болохоор өөрсөддөө байсан мөнгийг нийлүүлээд 3.500.000 төгрөг болгоод Дэлгэрсүхийн дансанд хийсэн. Энэ мөнгөний 1.500.000 төгрөг нь миний мөнгө байсан, 2.000.000 төгрөг нь Нэргүй ахын мөнгө байсан. Мөнгө авснаасаа хойш Нарангэрэл, Дэлгэрсүх нар нь утсаар яриад төсөл бичих хүнд өгөх 20 сая төгрөг дутаад бүрдэж өгөхгүй байна, энэ 20 сая төгрөгт хөрөнгө оруулах хүмүүс байна, энэ хүмүүс газар үзнэ гээд байна, бид хоёр тэр хүмүүсээ аваачиж газраа үзүүлнэ, Баярмагнай газарчилж очно, гэж" хэлсэн. Тэгээд тэд нарыг хотоос гарлаа гэхээр Нэргүй бид хоёр Мөнгөнморьт сумын төвд хүлээж байхад Нарангэрэл, Дэлгэрсүх, Баярмагнай нар хажуудаа 3 авгайтай ирсэн. Тэр гурван авгай нь очиж газар үзчихээд гоё газар байна, хөрөнгө оруулалт хийнэ гээд хоорондоо яриад байсан. Тэр хүмүүс тэнд хоноод маргааш нь буцсан. Үүнээс хойш Нарангэрэл, Дэлгэрсүх нар төсөл бичигдээд Япон яваад дэмжигдсэн байгаа, өнөө маргаашгүй Монголд ирээд мөнгө нь шийдэгдэнэ гэдэг байсан. Тэгээд төсөл орж ирэхгүй нилээн удсан. Тэгсэн Нэргүй ах тэд нараас мөнгөө нэхэж авчихаад надад би мөнгөө авчихпаа, энэ худлаа болсон шүү, чи наад хүмүүсээсээ мөнгөө аваарай гэж хэлсэн. Би тэгээд Дэлгэрсүх, Нарангэрэл нараас мөнгөө нэхсээр байгаад 1.400.0 төгрөгийг нь 2012 оны 07 дугаар сарын үед авсан. Яг хэзээ авсныг санахгүй байна. Үлдсэн 100.000 төгрөгийг 2013 оны 02 дугаар сард өгсөн юм...” гэх мэдүүлэг /3хх-ийн 163-165х/,
- гэрч Ц.Сугарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай найз Ганбаяр, Мягмаржав нар надад "Нарангэрэл, Дэлгэрсүх нарын төсөл хэрэгжүүлэх газрыг нь явж үзэх гээд байна, машин хэрэгтэй байна" гэхээр би нөхөр Цогтбаатарын хамт машинтай явж үйлчилж өгсөн. Тэгэхэд Төв аймгийн Мөнгөнморьт сум ороод Чагнаадорж гэдэг айлд очсон. Тэнд очоод Ганбаяр, Мягмаржав нар газар үзээд хоорондоо ажиллаа яриад яваад байсан. Би тэд нарын ажилд оролцоогүй юм. Тэгээд хөдөө явахад Ганбаяр, Мягмаржав, Нарангэрэл, Дэлгэрсүх, Баярмагнай бид нар явсан юм...” гэх мэдүүлэг /3хх-ийн 171х/,
- гэрч Ш.Баярмагнайгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2012 оны 02 дугаар сард Нарангэрэл над руу утсаар яриад чамтай уулзах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд Нарангэрэлтэй уулзахад Нарангэрэл "Ерөнхийлөгчийн санаачилж байгаа Японы хөрөнгө оруулалттай төсөл байна, чи Мөнгөнморьтод ажилладаг байсан юм чинь чамд таних ойн амтай хүн байна уу, нийт 17 тэрбум төгрөгийн төсөл байгаа, уг төслийн мөнгийг 17 компанид хувааж өгч хэрэгжүүлэх юм, Дэлгэрсүхийн таньдаг хүн нь бид нарт 1 тэрбум төгрөгийг нь авч өгье" гэсэн. Тэгээд "газар хэрэгтэй байна, чи газраа олоод өгвөл 1 тэрбум төгрөгнөөс 200 сая төгрөг нь ерөнхийлөгчийн дансанд орно, 600 сая төгрөгийг төсөл хэрэгжүүлэх хүн авна, 200 сая төгрөгийг нь Дэлгэрсүх гурвуулаа төсөл бичиж байгаа хүнтэйгээ нийлж хувааж авна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би найз Нэргүйтэй уулзаад Нарангэрэлийн хэлснийг хэлээд "ойн амтай хүн байна уу" гэхэд байгаа гэж хэлсэн. Тэгээд Нэргүй, Анхбаяр бид гурав Нарангэрэл, Дэлгэрсүх нартай уулзсан. Тэгэхэд Нарангэрэл, Дэлгэрсүх нар "одоо урьдчилгаа 15 сая төгрөг хэрэгтэй байна, энэ мөнгийг төсөл бичиж байгаа хүнд өгөх юм" гэж хэлсэн. Анхаа "би газартай" гэж хэлэхэд Нарангэрэл, Дэлгэрсүх нар "наад газраа компаний өмч болго, заавал аж ахуйн нэгж байж мөнгө орж ирнэ" гэж хэлсэн. Тэгэхээр нь Анхаа, Нэргүй бид гурав Байдраг ХХК-г Анхаагийн хүргэн ахын нэр дээр байгуулсан. Анхаагийн хүргэн ах Төв аймгийн Мөнгөнморьт суманд уулын ам эзэмшиж хамгаалдаг юм байна лээ. Тэгээд Нарангэрэл, Дэлгэрсүх нарт компанийхаа бүх бичиг баримтыг бүрдүүлж өгсөн. Нарангэрэл, Дэлгэрсүх нар нь төсөл бичиж байгаа хүндээ мөнгө өгөх хэрэгтэй байна, та нар 15 сая төгрөгөө өгөөч гээд байхаар нь Нэргүй, Анхаа нар 3 сая төгрөг өгсөн. Тэгж байгаад 2012 оны 05 сард Нарангэрэл, Дэлгэрсүх нар Нарангэрэлийн найзуудын хамт очиж газар үзнэ гээд байсан. Тэгээд Нарангэрэл, Дэлгэрсүх болон Нарангэрэлийн найзууд гэх 3 авгай болон 3 авгайгийн нэгнийх нь нөхөр хамт явсан. Намайг хамт яваадах гэхээр нь би хамт явсан... Миний ойлгосноор Нарангэрэл, Дэлгэрсүх нар дагуулж явсан 3 хүүхнээсээ 15 сая төгрөг авсан юм шиг байна лээ. Түүнээс биш би мөнгө төгрөг өгөлцөж авалцаж байхыг нь хараагүй...” гэх мэдүүлэг /3хх-ийн 172-173х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар нотлогдон тогтоогдсон.
7. Шүүгдэгч Ц.Э нь 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Таван богд моторс" ХХК-иас "Волксваген тоуарег" маркийн автомашиныг 47.000 /дөчин долоон мянга доллар буюу 61.964.800 төгрөгний үнэ бүхий/ америк доллароор худалдан авна гэж хуурч, урьдчилгаа 2000 америк доллар буюу 2.636.800 төгрөгийг төлөн захиалж, үлдэгдэл 59.328.000 төгрөгийг төлөлгүй залилсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- хохирогч М.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Тэрэлт цамхаг" ХХК-ны захирал Ц.Этай Автомашин захиалгын гэрээ хийгээд 2000 америк долларыг төлсөн. Ингээд 06 дугаар сарын 07-ны өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Тэгээд Волвасвагон Тигуан маркийн хар саарал өнгийн автомашиныг 47.000 америк долларын үнэтэй зарсан. Гэрээ хийсэн Баярсайханд Эрдэнэчулуун автомашиныг авахдаа урьдчилгаа 20 хувь болох 9.400 ам.долларыг төслөн гэж худлаа яриад авсан байсан. Ингээд Эрдэнэчулуун руу утсаар ярихад би хөдөө явж байгаа очоод төлчихье гэж хэлсэн. Ингээд үүнээс хойш сураггүй алга болсон. Эрдэнэчулуун нь өөрийгөө Гэрэлт цамхаг компаны захирал хийдэг Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 20-110 тоотод байрладаг гэсэн. Тэр газарт нь очиход байгаагүй. Уг машинд 04-47 УНХ улсын дугаар тавигдсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 200-202х/,
- хохирогч С.Уранмандахын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Таванбогд трейд ХХК-ын хуулийн зөвлөхөөр 2012 оны 12 дугаар сараас хойш ажиллаж байна. Ц.Э манай охин компани болох Таванбогд ХХК-с 2012 оны 06 дугаар сард Волгасвагон Тигуан маркийн автомашиныг залилан мэхэлж авч явсан байсан ба энэ асуудалд тухайн үеийн компаний удирдлага гомдол гаргаад цагдаад шалгуулсан. Эрдэнэчулуун нь Сэлэнгэ аймгийн нутгаас баригдаж манайх машинаа хүлээж авсан юм байна лээ. Машинаа хүлээж аваад манай байгууллага Ц.Эаас хохирол гэж 5000 ам.доллар, 3.356.000 төгрөг нэхэмжилж байсан. Гэтэл Эрдэнэчулуунаас авсан машинаа зарах үед машины үнэлгээ өөрчлөгдөж төлөвлөж байсан үнээс бага үнээр зарагдсан. Одоо манай компани Ц.Эаас 17.356.570 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /3хх-ийн 205х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар нотлогдон тогтоогдсон.
8. Шүүгдэгч Ц.Э нь 2012 оны 04 дүгээр сард "хамтран хамгаалалтын алба байгуулъя, надад тусгай зөвшөөрөл байгаа" хэмээн хуурч,"оффисын тавилга, албаны хувцас авна" гэх нэрийдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Мөнхсүхээс 2.500.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- хохирогч Б.Мөнхсүхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2012 оны 03 дугаар сард Лаванда нэртэй паб ажиллуулж байхад Эрдэнэчулуун орж ирж үйлчлүүлж байгаад танилцаж найзууд болсон. Ингээд би Эрдэнэчулуунд хамгаалалтын алба нээж ажиллуулъя гэтэл надад тусгай зөвшөөрөл байгаа гэж хэлсэн. Ингээд хамгаалалтын албаны оффисын өрөө нээх гээд Баянгол дүүргийн замын цагдаагийн хойд талын 20 дугаар байрны подволыг тохижуулаад би гэрээсээ ДВД тоглуулагч, Тошиба маркийн саарал өнгийн нөүтбүүк эд зүйлийг авчирч тавьсан. Эрдэнэчулуун оффисын тавилга, хувцас авна гэхээр нь ХААН банкны дансаар 2.500.000 төгрөгийг түүнд шилжүүлсэн. Ингээд 2012 оны 07 дугаар сарын 20-ны үед Эрдэнэчулуун ДВД тоглуулагч, нөүтбүүкийг оффисын тавилгануудын хамт аваад явсан байсан. Оффисын өрөө түрээсийн байр байсан. Үүнээс хойш Эрдэнэчулуун олдоогүй. Хохирлоо барагдуулж авна, гомдолтой...” гэх мэдүүлэг /3хх-ийн 211х/,
- гэрч Б.Мөнххалиуны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Мөнхсүх нь миний төрсөн ах байгаа юм. Одоогоор манай ах Улаанбаатар хотод байхгүй, хөдөө сүлжээ барьдаггүй газар ажил хийж байгаа гэсэн. Бид нартай хааяа л нэг холбогддог, би яг хаана, юу хийж байгааг нь мэдэхгүй байна...би энэ хэргийн талаар сонсож байсан. Сүүлд ахтай уулзахад дэлгэрэнгүй ярьж байсан. Эрдэнэчулуун гэх хүнд ямар ч байсан 2.500.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд өгч залилуулаад одоог хүртэл мөнгөө авч чадаагүй байгаа талаар ярьсан...хохирлыг болж өгвөл авчихаарай гэж хэлсэн. 2.500.000 сая төгрөгийг Эрдэнэчулуун гэдэг хүнээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /10хх-ийн 232х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар нотлогдон тогтоогдсон.
9. Шүүгдэгч Ц.Э нь 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нотариатын газарт "30 км замын тусгай зөвшөөрөлтэй тендер авчихсан компани зарна" хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Д.Энхтөрөөс зээлийн гэрээгээр халхавчлан 250.000 /хоёр зуун тавин мянга америк долларыг /408.547.500 төгрөг/ залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- хохирогч Д.Энхтөрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Одмөнх 2013 оны 09 дүгээр сарын 10-ний үед над дээр ирээд "бэлэн замын тендер авсан компани байна, нэг хоногийн дотор зарна, үнэ нь нийтдээ 4.000.000 сая ам доллараар худалдана, 2.000.000 сая долларыг нь урьдчилгаанд нь өгье, тодорхой хэмжээний ашиг гарна, ашгийг нь 2-уулаа хувааж авъя. Та энэ компанийг сонирхох уу, эсвэл зам барих компани олоод өгөөч" гэж хэлж байсан юм. Би Одмөнхөөс тухайн үед нь "наадах чинь хэр зэрэг найдвартай юм бэ" гэж асуухад "100% найдвартай, Алтанхуяг сайдын хамгийн ойрын хүн байгаа юм, тийм учраас найдвартай" гэж хэлсэн. Ингэж яриа болсоноос 3 хоногийн дараа би өөрийнхөө түнш хятад иргэнийг дагуулаад Одмөнх болон тэр замын тендертэй компани зарах гээд байгаа хүмүүстэй нь хуучин тээврийн товчооны орчим уулзацгаасан.Тэнд бас манай нутгийн Хасар гэх залуу ирсэн байсан. Бид гурав уулзаад байж байтал нөгөө компани зарах гээд байгаа Алтанхуягын хүн гэх 1 залуу ирсэн. Тэр залуу ганцаараа ирсэн санагдаж байна. Тэр сүүлд ирсэн залуу нь "би өөрийнхөө нэр ус, хаана юу хийдэг зэргийг тодорхой ярьмааргүй байна, тусгай албаны ажилтан" гэх мэт зүйл яриад өөрийнхөө нэрийг хэлээгүй. Тэр залуутай бид нар уулзахад "замын тендер авчихсан, бичиг баримт нь бэлэн болчихсон компани байна, та нар мөнгөө өгчих юм бол 24 цагийн дотор бичиг баримтыг шилжүүлээд өгнө" гэсэн зүйл яриад байсан. Би тухайн үед өөрийн түнш хятадыг авч очисон байсан ба тэр хүнтэй нь уулзаж ярилцаад компани авахаар бол хамтарч ажиллах сонирхолтой байсан юм. Тэгээд тэр компани зарах хүнтэй нь уулзсан чинь нөгөө компани, зарах хүн нь "урьдчилгаа бэлэн мөнгө авч байж компаний бичиг баримтыг шилжүүлж өгье" гээд байхаар нь манай түнш хятад "бэлэн мөнгө төгрөг өгч байж болох юм бол хэрэггүй байх, хэрвээ чи компаныхаа бичиг баримтыг аваад ирэх юм бол хамаа алга би чамтай ажиллана, худалдаад авч болно" гэсэн зүйл яриад татгалзсан. Тэгээд тэр өдөр дуусаад Одмөнх, Хасар мөн нөгөө компани зарах гээд байсан залуу тэд нар намайг манай ажилруу хүргэж өгөх гэж явж байх замд Одмөнх "энэ залуу өмнө нь 2 ч удаа замын тендер аваад өгчихсөн, Налайхад нэг замын тендер авч өгч байсан, би тэрийг нь үзсэн" гэсэн зүйл ярьсаар байгаад бид нар манай ажил дээр ирээд би "хэдүүлээ манай ажпын өрөөнд орж байж яръя" гэсэн чинь нөгөө залуу нь "би хүний ажил дээр ордоггүй, тусгай албаны хүн болохоор болохгүй" гэсэн зүйл яриад татгалзаад байхаар нь Одмөнхөд "за би энэ хүмүүстэй ойлголцохгүй юм байна" гээд ажил руугаа орчихсон. Тэгсэн чинь Одмөнх маргааш нь над дээр ирээд "би энэ асуудлыг 100 хувь хариуцна. Би ярьсаар байгаад нөгөө урьдчилгааг нь 500.000 ам доллар болгочихлоо. Та байгаагаа надад өгчих, би зөрүүг нь өгье, тэгээд хамтарч ажиллая" гээд байсан. Тэгэхээр нь би "чамд ямар баталгаа байгаа юм бэ, энэ асуудлын цаана нь ямар хүмүүс байгаа юм бэ, баталгаа байна уу" гэж асуухад Одмөнх надад "Хасар ахын найз, манай ардын намын Энхтүвшин ах байгаа юм. Ер нь бол би энэ тендерийн асуудлыг энэ шугамаар олж авсан юм" гэхээр нь би "за Одмөнхөө би наад хүнийг чинь танихгүй, мэдэх ч үгүй, чиний наад яриад байгаа хүн чинь их л сэжигтэй байна, байгаа байдал нь нэг л таалагдахгүй байна" гэсэн чинь Одмөнх "би энэ хүнтэй хэд хэдэн удаа уулзаж байсан, бас би энэ асуудал бүтэхгүй байсан ч би 100 хувь хариуцна, хэрвээ эрсдэлд орох юм бол таны мөнгийг би 101 хувь төлнө, тийм болохоор та байгаагаа л өгчих, би зөрүүг нь гаргана" гээд байсан. Тэгээд маргааш нь буюу 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Одмөнх манай ажил дээр ирээд "найдвартай, би эрсдэлийг нь даана" гээд байхаар нь байгууллагынхаа касснаас 300.000 ам долларыг бэлнээр аваад Одмөнхөд "зээл" гэсэн баримт хийлгүүлээд өгсөн юм...Тэгээд мөнгө өгсөнөөс хойш 5-6 хоногийн дара Хасар, Одмөнх нар манай ажил дээр "бид нар мөнгөө хүнд залилуулчихлаа" гэсэн зүйл яриад ороод ирсэн. Тэгэхээр нь би Одмөнхөд 'би чамд анхнаасаа хэлсэн, чи өөрөө эрсдэлийг 100 хувь хариуцна гэсэн, чи наад асуудлаа зохицуулж миний мөнгийг олж" өг гэж хэлээд явуулсан. Тэгсэн чинь 2013 оны 09 сарын 30-ний өдөр Одмөнх надад 50.000 ам доллар өгсөн...Тэрнээс хойш Одмөнх цагдаад өргөдөл өгөөд болж байгаа үйл явцын талаар надад зүгээр утсаар мэдэгддэг байсан. Сүүлдээ нөгөө мөнгө залилж авсан залууг баривчилсан, бид нараас авсан мөнгөөрөө машин аваад унасан байна, тэр машиныг нь Цагдаагийн байгууллагаас битүүмжилсэн, тэр мөнгө залилсан нөхөр энэ машиныг давхар авто ломбарданд тавьчихсан юм байна гэсэн асуудал ярьж эхэлсэн. Тэгэж байгаад нэг өдөр Одмөнх "нөгөө битүүмжилсэн машиныг авахаар боллоо, та машин тэрэг авах хүн мэдэж байгаарай, ломбардны мөнгө төгрөг гэж хэдэн төгрөг өгөх байх" гэж хэлсэн...Тэрнээс хойш 1, 2 сарын дараа "нөгөө машиныг чинь араас нь мөргөчихсөн юм байна, авах гэсэн хүн нь хямдхан авах гээд, машиныг нь өгчихсөн мөнгөө авч чадахгүй байна" гэсэн зүйл яриад байсан. Тэгэж байснаа 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Одмөнх над дээр ирээд "нөгөө автомашиныг 70-80 мянган ам доллараар зарлаа, энэ тань оногдох хувь шүү гээд 25.000 мянган ам доллар өгсөн... Одмөх нь надад 2013.09.30-ны өдөр 50.000 мянган ам доллар, 2014.05.27-ний өдөр 4941 ам доллар, 2015.03.07-ны өдөр 25.182 мянган ам долларыг төлсөн байгаа. Одоо надад 219.876 мянган ам доллар авах дутуу байгаа...” гэх мэдүүлэг. /9хх-ийн 104-107х/,
- иргэний нэхэмжлэгч Н.Одмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...250.000 ам доллараас машин зарсан үнийг хасаад хэд болж байгааг би мэдэхгүй байна. Би өөрөөсөө тухайн үед машиныг барьцаанаас гаргасан мөнгөө бусдаас зээлж авсан ба энэ мөнгийг дээрхи машиныг зарсаны дараа төлж үлдэгдэл мөнгийг Энхтөрд өгсөн. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /10хх-ийн 212х/,
- гэрч Н.Одмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Гэрээ байгуулахаас өмнө Энхтөр, Эрдэнэчулуун нар хоёр удаа уулзсан. Ингээд би Энхтөр ахаас "та юмаа сайн нягталсан биз дээ" гэж асуухад "шалгасан, ямар ч байсан бодитой юм шиг байна, чи очоод гэрээгээ хийчих" гэсэн...би Энхтөрийн ажлын газраас 300.000 ам доллар бэлнээр аваад явсан. Ингээд би Хасарыг дагуулаад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хуучнаар Монгол даатгал компаний байранд очоод гэрээ хийхээр болсон чинь "Эрдэнэчулуун урьдчилгаа хэрэгтэй гээд 24 цагийн хугацаатай зээлийн түр гэрээ хийсэн. Энэ гэрээн дээр Эрдэнэчулуунтай хамт явсан Төмөрсүх гэх залуу надтай гэрээ байгуулсан. Эрдэнэчулуун тухайн үед өөрийгөө тусгай албаны ажилтан учраас би болохгүй, манай найзтай гэрээ байгуулчих, 24 цагийн дараа материалаа авчир ч өгөөд үлдэгдэл мөнгийг нь авна гэж хэлсэн...ингээд би 250.000 доллар бэлнээр өгөөд гэрээн дээр 500.000 доллар гэж бичсэн...” гэх мэдүүлэг /9хх-ийн 90-91х/,
- гэрч Х.Баасанжавын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие "Билиг насан" банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг бөгөөд 2013 оны 09 дүгээр сарын 27-н билүү 28-ны үед 95001488 дугаарын утаснаас нэг эмэгтэй яриад "Лексус 570 маркийн автомашин байна, 2013 оны машин юмаа" гэж хэлэхээр нь "ирээд үзүүлчих" гэж хэлсэн. Ингээд 2-3 хоногийн дараа Чулуунбат гэж машины эзэн залуу ирээд 40.000 ам.долларын зээл авахаар тохирч миний нэр дээр уг автомашиныг шилжүүлсэн. Тэгээд шилжүүлчихээд буцаж манай байгууллага дээр ирж зээлийн гэрээгээ хийж нотариатаар орсон...” гэх мэдүүлэг /4хх-ийн 29х/,
- гэрч Б.Чулуунбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ингээд Эрдэнэчулуун нь 2013 оны 09 сарын үеэр над руу яриад "хөгшин нь машин худалдаж авах гэсэн юм, таньдаг ченж байна уу" гэхээр нь би "чи яасан баяжчихсан юм уу" гэхэд "би их ашигтай наймаа хийсэн юмаа" гэж хэлж байсан. Ингээд 09 сарын сүүлээр бид хоёр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн урд талд авто салон дээр очоод 2012 оны Лексус 570 маркийн автомашин 113.000 ам.доллараар худалдаж авсан. Тэгээд машины нэр шилжүүлэх болсон чинь намайг Эрдэнэчулуун "би иргэний үнэмлэхээ авч ирээгүй байна, чи баримтаараа авчих, би маргааш эхнэрийнхээ нэр дээр хийчихье" гэж хэлсэн. Тэгзхээр нь би уг автомашиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчихсан. Тэгээд нэрээ шилжүүлэхгүй явсаар байгаад над руу 20-иод хоногийн өмнө холбогдоод "нөгөө машиныг ломбарданд тавиадхаач" гэхээр нь би хадгаламж зээлийн хоршоо руу очоод тэр машиныг 40.000 ам.доллараар тавиад тэр мөнгийг Эрдэнэчулуунд өөрт нь өгсөн. Уг автомашиныг Нарны гүүрний хажуу талын банк бус санхүүгийн байгууллагын ажилтан Баасанжав гэж хүнээс зээл авч нөгөө машинаа хүний нэр дээр шилжүүлсэн. Уг автомашин одоо надад ямар ч хамаагүй ээ, дээрхи автомашин нь 11-02 УНИ улсын дугаартай...” гэх мэдүүлэг /4хх-ийн 35х/,
- гэрч Г.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Одмөнх гэж залуу надаар үе үе гэрээ хийлгэдэг зүс таних залуу байгаа юм. Одоо санахад 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр М.Одмөнхөөс Төмөрсүх гэгч нь 500.000 ам.долларын зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тухайн өдөр бэлнээр 250.000 ам.долларыг миний нүүрэн дээр Төмөрсүх гэж өөрийгөө хэлж байсан залуу цүнхлээд аваад явсан. Харин үлдэгдэл 250.000 ам.долларыг 24 цагийн дотор өгнө гэсэн тохироо хийсэн. Тухайн үед би долларыг Томоо гэх хүн цүнхэндээ хийхийг харсан. Тэгээд энэ Томоо гэж хүн мөнгийг авч байгаа юм бол хамтран зээлдэгчээр орох ёстой гэж хэлэхэд зүгээрээ манай найз энэ мөнгийг авч байгаа юмаа, би найздаа итгэж байна гэж хэлсэн. Тухайн үед Одмөнх ч хажуунаас хэрэггүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /4хх-ийн 37х/,
- гэрч Д.Хасарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2013 оны 08 дугаар сарын дундуур манай найз Г.Энхтүвшин над руу утсаар "яриад замын ажилпаа авчихсан компани зарах гэж байна, авах хүн байна уу" гэхээр нь "би хүнээс асууя" гэж хэлээд Одмөнхөд Г.Энхтүвшингийн хэлсэн зүйлийг хэлээд орхисон. Тэгээд би түүнийг мартчихсан байсан. Тэгтэл 2013 оны 09 сарын эхээр Г.Энхтүвшин над руу дахиж залгаад нөгөө компани чинь зарагдсан байна. Налайх чиглэлд зам авсан компани байсан юм байна. Одоо ажил нь эхэлчихсэн байна, би очоод үзээд ирлээ, би уг нь тэр компанийг дүүтэйгээ нийлж авах гээд чадсангүй гэж хэлсэн. Тэгсэн 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Г.Энхтүвшин над руу утсаар яриад "нөгөө хүн чинь дахиж өөр компани зарна гэж хэлж байна. Чи авах юмуу, зарах хүн байна" гэж хэлэхээр нь "компани зарах хүнийг чинь хэн гэдэг юм бэ, хаана ажилладаг хүн юм бэ" гэж асуухад "тэр залууг Томоо гэдэг, Аптанхуяг сайдын бие хамгаалагч хийдэг юм гэнэ" гэж хэлээд Томоо гэх залуугийн утасны дугаар гээд 91111102 дугаарыг надад өгсөн. Би Томоо гэх залуугийн дугаар луу залгаад уулзъя гэхэд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны Кудами зоогийн газар дээр хүрээд ир гэж хэлсэн. Би ороход өөрийгөө Томоо /жинхэнэ нэрийг Эрдэнэчулуун гэдгийг нь сүүлд мэдэж авсан/ гэх залуу ганцаараа сууж байсан. Ц.Э өөрийгөө төрийн тусгай хамгаалалтанд ажилладаг гэж хэлсэн. Ц.Э надад "бид нар компани байгуулаад зам авчихаад компаниа замын ажилтай нь хамт зарчихдаг юм. Энэ бол хууль зөрчсөн асуудал биш ээ. Тэгзэд танай хүмүүс чинь худлаа хэлээд байх юм. Түрүүнд нэг компани зарагдсан, наад хүмүүс чинь зарж чадахгүй алдчихсан юм" гэж хэлсэн. Танай хүмүүс гэж надад Энхтүвшинг хэлсэн. Эрдэнэчулуун өөр юу ч ярилгүй бид 2 салсан. Би Эрдэнэчулуунаас салаад Одмөнхтэй утсаар яриад Эрдэнэчулуунтай уулзсан тухайгаа хэлсэн. Дахиж Эрдэнэчулуунтай ярихгүй, Энхтүвшинтэй л ярьж байсан ба Энхтүвшин надаас "компани авах хүн олж байна уу гэж асуугаад байсан" юм. Энэ үед Эрдэнэчулуун бол компани зарах юм байна гээд Одмөнх бид хоёр итгэчихсэн байсан ба Одмөнх тэр компанийг авна гэж шийдсэн. Энхтүвшингээс Эрдэнэчулууныг компаниа хэдэн төгрөгөөр зарахыг нь асуулгахад 1 сая ам.доллар гэж хэлсэн. Тэгээд 2013 оны 09 сарын 16-17-ны үед Одмөнх бид хоёр Эрдэнэчулуунтай уулзаад хамт хоол идээд компаниа 500.000 ам.доллараар зарахаар ярилцаад урьдчилгаа 250.000 ам.доллар өг, үлдэгдэл мөнгийг нь бичиг баримтаа гаргасны дара авъя гэж хэлээд салсан. Тэгээд 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нотариат дээр Одмөнх бид хоёр ирэхэд Эрдэнэчулуун хажуудаа нэг залуутай ирсэн. Тэр залууг Төмөрсүх гэдгийг сүүлд мэдэж авсан. Тэгээд мөнгө өгөх болоход Эрдэнэчулуун би төрийн тусгай хамгаалалтын хүн болохоор өөрийнхөө нэр дээр мөнгө авахгүй, найз Төмөрсүхийн нэр дээр авна гэж хэлсэн. Тэгээд Төмөрсүхэд Одмөнх 250.000 ам.доллар зээлдүүлэх зээлийн гэрээ хийгээд мөнгөө Эрдэнэчулуунд нотариатын хажууд өгсөн...” гэх мэдүүлэг /4хх-ийн 88х/,
- гэрч Г.Энхтүвшингийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2013 оны 07 сарын үед байх манай дүү Батсайхан надад "Цэрэн гээд манай найз байдаг юм. Цэрэн надад замын ажил авчихсан компаниа зарах хүн байна гэж хэллээ та сонирхож байгаа хүн амьтан байвал асууж өгөөч" гэж хэлсэн. Би тэр үед өөрийн найз Хасарт энэ тухай хэлээд орхичихсон юм. Түүнээс хойш бараг нэг cap гаруйн дараа байх. Батсайхан надад нөгөө компани зарах хүмүүс авах хүн байна уу гэж асуугаад байна. Тийм хүн байна уу гэхээр нь би Хасартай ярьж асуучихаад Батсайханд Хасарын дугаарыг өгчихсөн юм. Батсайхан Хасар нар нэгнийгээ мэддэг юм. Тэгсэн Хасар над руу нилээн хэд хоногийн дараа утсаар яриад би нөгөө компани зарах гэж байгаа хүмүүстэй уулзлаа, боломжийн юм байж мгадгүй юм байна гэхээр нь би сайн судалж байж хуулийнх нь дагуу юм хийгээрэй гэхэд Хасар тэгнэ гэж хэлээд өнгөрсөн юм. Тэгсэн нэг өдөр Хасар над руу яриад нөгөө компаниа худалдаж авахаар гэрээ хийгээд нотариатаар орлоо, хурдан хугацаанд компаниа шилжүүлж авахаар боллоо гэж хэлсэн. Хасар надруу гэрээ хийлээ гэж ярьснаасаа хойш 7 орчим хоногийн дараа утсаар яриад компани зарах хүн чинь алга боллоо гэхээр нь би цагдаад хурдан мэдэгд гэсэн. Тэгээд Цэрэн, Батсайхан, Хасар, Одмөнх бид нар бүгд уулзаад тэр хүнийг ямар хүн байсныг нь ярихад тэр хүний нэрийг нь мэдэх хүн бид нар дотор байхгүй байсан. Тэр залуу өөрийгөө Томоо гээд л яваад байсан гэсэн. Сүүлд тэр залууг Эрдэнэчулуун гэдгийг Цэрэн мэдэж ирсэн юм...” гэх мэдүүлэг /4хх-ийн 90х/,
- гэрч Г.Батсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би Цэрэнгийн хамт компани зарна гэсэн хүнтэй нь уулзахад тэр залуу өөрийгөө Томоо гэж танилцуулсан. Томоо ах надтай танилцахдаа өөрийгөө төрийн тусгай хамгаалалтанд ажилладаг гэж хэлж танилцсан юм. Би Цэрэнгийн хамт Томоотой уулзаад танилцаад салсан юм. Би энэ тухай өөрийн ах Энхтүвшиндээ хэлээд орхисон юм. 2013 оны 08 дугаар сарын эхээр байх Цэрэн над руу яриад Томоо яриад байна, компани авах хүн байна уу гэж асуухаар нь Энхтүвшин ахаас миний хэлсэн зүйлийг хүмүүсээс асууж үзсэн үү? гэхэд Хасар сонирхож байна лээ. Хасарыг уулзуулъя гэж хэлсэн. Би тэгээд Томоод утсаар яриад ийм хүн байна гэхэд Томоо надад би наад хүнтэй чинь уулзъя гэж хэлэхээр нь Томоод Хасарын дугаарыг өгөөд орхисон...” гэх мэдүүлэг / 4хх-ийн 91х/,
- гэрч М.Төмөрсүхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Томоог Эрдэнэчулуун гэдгийг нь сүүлд Одмөнх, Хасар нараас сүүлд мэдэж авсан. Эрдэнэчулуун нь өөрийгөө надад Томоо гээд танилцуулаад яваад байсан. би Эрдэнэчулуунаас ямар ч мөнгө аваагүй, Эрдэнэчулуун нь мөнгөө бүгдийг нь өөрөө аваад явсан. Эрдэнэчулуун нь компани хэрэгтэй гээд л манай компаний нэр дээ гэрээ хийсэн юм. Одмөнх мөнгөө надад биш Эрдэнэчулуунд өгсөн юм. Одмөнх Эрдэнэчулуунд мөнгөө өгөхдөө "за ингээд ажил бүтчих юм байлгүй дээ" гэхэд Эрдэнэчулуун "маргааш ажил бүтчихнэ" гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /4хх-ийн 94-95х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар нотлогдон тогтоогдсон.
10. Шүүгдэгч Ц.Э нь 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр "Төв аймгийн нутагт газар авч өгнө" хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Д.Октябраас 10.000.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
-шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
-хохирогч Д.Октябрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Эрдэнээ гэх залуу нь 2013 оны 05 дугаар сарын 13-ны үеэр миний танил Болдоо гэдэг ах хүүг дагаж ирээд надтай танилцсан юм. Болдоо ахад би тэгэхэд Төв аймагт газар авмаар байгаа тухайгаа ярьсан чинь Эрдэнээ гэх залуу нь би Төв аймагт танил ихтэй газрыг авч өгч чадна гэж ярьж байсан юм. Тэгээд 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус Эрдэнээ гэх залуу над руу залгаад Төв аймаг явъя би Төв аймаг яваад газрын асуудлыг чинь зохицуулчихаад ирлээ одоо хамт явъя гээд хамт Төв аймаг орсон. Төв аймагт очоод засаг даргатай нь уулзаж байна гээд 2-3 хүнтэй уулзаад байсан. Тэгээд за газар асуудалгүй болсон 10 сая төгрөг хэрэгтэй гэсэн юм. Тэгээд хот орж ирээд 10 сая төгрөг Эрдэнээд тоолж өгөөд миний машинаас буусан юм. Тэр оройноо Эрдэнээ над руу яриад яаралтай машин хэрэгтэй байна гээд намайг жаахан уучихсан байхад манай гэрийн гаднаас миний машиныг аваад би замын ажил төрөл хөөцөлдөж байна унааны хэрэг гарчихаад байна, оройдоо авчирч өгье гэж хэлсэн. Тэгтэл тэр оройдоо ирээгүй алга болоод маргаашнаас нь утасдахаар ажилтай явж байна аваачаад өгье гэж явсаар сүүлдээ утсаа авахаа болиод 11 хоног болсон тул өргөдөл өгсөн юм...” гэх мэдүүлэг /4хх-ийн 116х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар нотлогдон тогтоогдсон.
11. Шүүгдэгч Ц.Э нь 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкаар дамжуулан найз Ц.Мөнхжаргалын 5023297715 дугаарын дансаар иргэн Б.Доржжамцаас "2016 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 10.000.000 төгрөгийг залилан авч, бусдад нийт 597.247.300 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- хохирогч Б.Доржжанцангын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Томоо гэдэг хүн манай найзтай хамт сууж байхад нь найзтайгаа уулзах гэж очоод танилцаж байсан юм. Тэгээд Томоо гэдэг хүнийг гэрт нь хүргэж өгсөн юм. Тэгтэл маргааш нь Томоо ах надруу залгаад бид хоёр хэд хэдэн удаа уулзсан. Тэгтэл Томоо ах миний машинд суугаад нэг хүнтэй юм ярьж байсан чинь нөгөө хүн нь Томоо ахаас "Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд нэр дэвших хүн байхгүй байгаап байна, үсрээд л 70-80 сая төгрөг хэрэг болно, тэгээд гарчихна ш дээ" гэж ярьсан...Тэгсэн Томоо ах тэр хүнийг буугаад явсаны дараа "ахын дүү нэр дэвшихгүй юм уу" гэж асуусан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд юу юу бүрдүүлж ирэх талаар асуусан. Тэгэхэд Томоо ах урьдчилгаа 10 сая төгрөгийг Хаан банкны 5023297715 дугаарын дансруу шилжүүлчих квот авна гэсэн...Тэгэхээр нь би 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хадам ах Идэрцогтоос 10 сая төгрөгийг зээлж түүний картнаас Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, багшийн дээдийн автобусны буудлын хойд талд байдаг экспресс банкнаас шилжүүлсэн. Тэгсэн чинь мөнгө шилжүүлсэний дараа "баярлалаа, баяртай" гэсэн мессеж бичсэн. Тэгээд л тэр өдрөөс хойш холбоо бариагүй, уулзаагүй, тэр чигтээ таг болсон...би анхаанаас намайг хуурах гэж байсан юм байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /9хх-ийн 191х/
- гэрч М.Идэрцогтын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Доржжанцан бол манай дүүтэй гэр бүл болсон манай хүргэн байгаа юм. Манай дүү 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр надруу яриад " нэг хүн ажил оруулж өгнө гэж хэлсэн. Тэгээд урьдчилгаа 10 сая төгрөгийг шилжүүлэх хэрэгтэй байна. Та мөнгө байвал шилжүүлээд өгөөч, өнөөдөр ажлын цаг дуусахаас өмнө данс руу нь хийх хэрэгтэй байна" гэхээр нь би хүнээс мөнгө асууж байгаад олоод Доржжанцангын хэлсэн 5023297715 дугаартай данс руу нь Доржжанцангын хэлсэнээр "Доржжанцан ажлын урьдчилгаа" гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Тэгээд одоо болтол надад тэр мөнгийг буцааж өгөөгүй байгаа. Нөгөө хүн нь хулхидчихлаа гээд одоо болтол тэр ажилдаа орж чадаагүй юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /9хх-ийн 194х/,
- гэрч М.Идэрцогтын Хаан банкны дансны хуулга. /9хх-ийн 195х/,
- Ц.Мөнхжаргалын сэжигтнээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2016 оны 05 дугаар сард...Эрдэнээ гэх залуутай танилцсан...түүнээс хойш бид хоёр үеэрхэж эхэлсэн ба дотно харьцаатай болсон...Доржжанцан нь Эрдэнээг Томоо ах гэж дууддаг юм. Миний Хаан банкны 5023297715 дугаарын дансны виза картыг Томоо буюу Эрдэнээ л ашигладаг байсан. Би өөрөө ашиглаагүй...” гэх мэдүүлэг /9хх-ийн 201х/,
- хохирогч Б.Доржжанцангаар түүнийг залилсан гэх Ц.Эы зургийг таньж олуулсан ажиллагааны тэмдэглэл. /9хх-ийн 210х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар нотлогдон тогтоогдсон.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Ц.Э нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын иргэний бүртгэл болон бусад бичиг баримтыг ашиглан хохирогчоос зээл авах, мөн өөрийгөө Хөдөө аж ахуйн яаманд ажилладаг, эсхүл тус яаманд танилтай мэтээр хохирогч нарт ойлгуулан төсөл тендерийг яамнаас авч өгч чадна гэж хуурах, мөн улс төрийн намд танилтай орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэх мэтээр хохирогчид итгүүлэн бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан нийт 11 удаагийн үйлдлээр эд хөрөнгийг нь авч, их хэмжээний буюу 597.247.300 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Эаас тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад 10.000.000 төгрөгийг хохирогч нарт хохирлыг төлүүлэхээр хураан авч прокурорын хохирлын дансанд байршуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлон тогтоогдож байна. Уг мөнгөнөөс хохирогч нарт учирсан хохирлыг барагдуулахдаа тэгш байдлыг ханган ижил хэмжээгээр олгох нь шударга ёсонд нийцнэ хэмээн шүүх үзэв. Иймээс Ц.Эы хохирол барагдуулах нийт 8 хохирогчид ижил хэмжээгээр буюу 1.250.000 төгрөгийг олгохоор шүүх шийдвэрлэв.
Ц.Э нь иргэний хариуцагч Д.Оюундалайтай бүлэглэн хохирогч Г.Бат-Очироос 18.700.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдлийн хохирлыг: шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Эы өгсөн “... Г.Бат-Очирт учруулсан бүх хохирлыг би төлнө...” гэх мэдүүлэг, иргэний хариуцагч Д.Оюундалайгийн өгсөн “... Г.Бат-Очироос авсан мөнгөнөөс би 200.000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг, прокурорын хохирлын дансанд байгаа мөнгөнөөс Г.Бат-Очирт 1.250.000 төгрөг олгогдохоор болсныг тус тус үндэслэн 17.250.000 төгрөгийг Ц.Эаас, 200.000 төгрөгийг Д.Оюундалайгаас тус тус гаргуулж, хохирогчид олгуулах нь зүйтэй.
Ц.Э нь иргэний хариуцагч И.Дэлгэрсүхтэй бүлэглэн хохирогч Ц.Хорлоогоос 40.935.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдлийн хохирлыг: шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Эы өгсөн “... Ц.Хорлоод учруулсан бүх хохирлыг би төлнө...” гэх мэдүүлэг, прокурорын хохирлын дансанд байгаа мөнгөнөөс Ц.Хорлоод 1.250.000 төгрөг олгогдохоор болсныг тус тус үндэслэн 39.685.000 төгрөгийг Ц.Эаас гаргаж хохирогчид олгох нь зүйтэй.
Ц.Э нь хохирогч Д.Энхтөрөөс 250.000 ам доллар буюу 408.547.500 төгрөгийг залилан авсан гэмт үйлдлийн хохирлоос одоо 342.069.328 төгрөгийн төлбөртэй болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Энхтөрийн өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Н.Одмөнхийн өгсөн мэдүүлэг, гэрч Х.Баасанжав, Б.Чулуунбат нарын өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Одмөнхийн өмгөөлөгч нарын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба прокурорын хохирлын дансанд байгаа мөнгөнөөс хохирогч Д.Энхтөрд 1.250.000 төгрөгийг олгогдохоор болсныг хасч тооцон Ц.Эаас нийт 340.819.328 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Ц.Эы залилах гэмт хэргийг үйлдэж бусад хохирогч нарт учруулсан хохирлоос одоо хохирогч Г.Галбадрахад 13.750.000 төгрөгийг, хохирогч М.Болормаад 16.106.570 төгрөгийг, хохирогч Б.Мөнгөнсүхд 1.250.000 төгрөгийг, , хохирогч Д.Октябрд 8.750.000 төгрөгийг, хохирогч Б.Доржжанцанд 8.750.000 төгрөгийг тус тус төлөх төлбөртэй болох нь хавтаст хэрэгт авадсан бичгийн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулж, хохирогч нарт олгуулахаар шүүх шийдвэрлэв.
Хохирогч П.Ганбаяр нь иргэний хариуцагч П.Нарангэрэл, И.Дэлгэрсүх нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Иймээс иргэний хариуцагч нараас хохирогч П.Ганбаярт төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Харин иргэний хариуцагч И.Дэлгэрсүх, П.Нарангэрэл нар нь хохирогч Г.Тунгалагт тус бүр 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөгийн төлөх төлбөртэй болох нь тогтоогдож байх тул иргэний хариуцагч нараас гаргуулж хохирогчид олгуулахаар шүүх шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Эаас,иргэний нэхэмжлэгч Н.Одмөнхөд төлөх учиртай гэх 56.607.250 төгрөгийг иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэхгүй гэх мэдүүлгийг үндэслэн, мөн бусад баримтаар шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгчид төлөх ёсгүй мөнгө болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангахгүй байх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ц.Эд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнд 5 жилийн хорих ял оногдуулж, эдлэх ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, ял дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Боржигон овогт Ц.Э ганцаараа болон бүлэглэн 11 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, хуурамч баримт бичиг ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийн авч залилан их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ц.Эд 5 /тав/ жил хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Ц.Эы цагдан хоригдсон нийт 372 /гурван зуун далан хоёр/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан, энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хохиролын дансанд хадгалагдж байгаа Ц.Эаас хураагдсан 10.000.000 /арван сая/ төгрөгөөс, хохирогч Г.Бат-Очир /РД:УК88072035/-д 1.250.000 /нэг сая хоёр зуун тавь/ төгрөгийг , хохирогч Ц.Хорлоо /РД:ЙД74041507/-д 1.250.000 /нэг сая хоёр зуун тавь/ төгрөгийг, хохирогч Г.Галбадрах /РД:ТЖ90022712/-д 1.250.000 /нэг сая хоёр зуун тавь/ төгрөгийг, хохирогч М.Болормаа /РД:ЧП85021507/-д 1.250.000 /нэг сая хоёр зуун тавь/ төгрөгийг, хохирогч Б.Мөнхсүх /РД:ХК81111111/-д 1.250.000 /нэг сая хоёр зуун тавь/ төгрөгийг, хохирогч Д.Энхтөр /РД:УС62112612/-д 1.250.000 /нэг сая хоёр зуун тавь/ төгрөгийг, хохирогч Д.Октябр /РД:ЧГ72110610/-д 1.250.000 /нэг сая хоёр зуун тавь/ төгрөгийг, хохирогч Б.Доржжанцан /РД:ЧВ84102173/-д 1.250.000 /нэг сая хоёр зуун тавь/ төгрөгийг тус тус олгосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Эаас нийт 446.360.898 /дөрвөн зуун дөчин зургаан сая гурван зуун жаран мянга найман зуун ерөн найм/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бат-Очир /РД:УК88072035/-д 17.250.000 /арван долоон сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг, хохирогч Ц.Хорлоо /РД:ЙД74041507/-д 39.685.000 /гучин есөн сая зургаан зуун наян таван мянган/ төгрөгийг, хохирогч Г.Галбадрах /РД:ТЖ90022712/-д 13.750.000 /арван гурван сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг, хохирогч М.Болормаа /РД:ЧП85021507/-д 16.106.570 /арван зургаан сая нэг зуун зургаан мянга таван зуун дал/ төгрөгийг, хохирогч Б.Мөнхсүх /РД:ХК81111111/-д 1.250.000 /нэг сая хоёр тавин мянга/ төгрөгийг, хохирогч Д.Энхтөр /РД:УС62112612/-д 340.819.328 /гурван зуун дөчин сая найман зуун арван есөн мянга гурван зуун хорин найм/ төгрөгийг, хохирогч Д.Октябр /РД:ЧГ72110610/-д 8.750.000 /найман сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг, хохирогч Б.Доржжанцан /РД:ЧВ84102173/-д 8.750.000 /найман сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг тус тус олгосугай.
Иргэний хариуцагч Д.Оюундалайгаас нийт 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бат-Очир /РД:УК88072035/-д,
Иргэний хариуцагч И.Дэлгэрсүхээс нийт 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөгийг төгрөгийг гаргуулж хохирогч Г.Тунгалаг /РД:ШД79100261/-д ,
Иргэний хариуцагч П.Нарангэрэлээс нийт 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Тунгалаг /РД:ШД79100261/-д тус тус олгосугай.
8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
9. Ц.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ
ШҮҮГЧИД Д.РЕНЧЕНХОРОЛ
Л.ГАЛБАДАР