Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 297

 

 

О.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг  даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/01451 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Естнорм” ХХК-д холбогдох,

 

Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: О.Эрдэнэчимэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Цэрэнжаргал

Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Билгүүн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 5 дугаар сард Ж.Берик, н.Галамж нар надтай холбогдож Завхан аймгийн Тэс сумын Нисэг багт байрлаж, үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэрийг худалдаж авах талаар санал гаргаж, бид 644 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирсон. Манай үйлдвэрийн тусгай зөвшөөрөл “ЭДГС” ХХК-ийн нэрээр гарсан байсан тул худалдах, худалдан авах гэрээний хүрээнд “ЭДГС” ХХК-ийн 1 бүрийн үнэ 10 000 төгрөгөөр үнэлэгдэх 70 ширхэг хувьцааг 700 000 төгрөгөөр худалдах, худалдан авах болон компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэрээ хийх болсон. Анх Ж.Берик надад хэлэхдээ “ЭДГС” ХХК-ийн хувьцааны 70 хувийг бидэнд шилжүүлээд өгчихвөл бүх төлбөрийг барагдуулна гэсэн бөгөөд түүний өөрийнх нь “Остнорм” ХХК-ийн нэр дээр компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийсэн боловч улсын бүртгэлд бүртгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул “Естнорм” ХХК-ийг байгуулж, тус компанитай гэрээ байгуулсан. Улмаар махны үйлдвэрийн үл хөдлөх эд хөрөнгүүд, газар нь О.Эрдэнэчимэг, Г.Энхдарь нарын өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй тул 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “ЭДГС” ХХК-ийг төлөөлж итгэмжлэлийн үндсэн дээр үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа Хайса Шауеттай буюу “ЭДГС” ХХК-тай газар ба цогцолборыг худалдах, худалдан авах тухай урьдчилсан гэрээ, газар ба цогцолбор түрээслэх гэрээ, эд хөрөнгийг худалдах, худалдан авах тухай 3 гэрээг байгуулсан.

Худалдах, худалдан авах тухай урьдчилсан гэрээнд эд хөрөнгийн үнэ болох                 644 000 000 төгрөгийг хэрхэн төлөх талаар тохиролцсон ба уг тохиролцооны дагуу “Естнорм” ХХК-иас 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд Хаан банкаар надад            50 000 000 төгрөгийг, миний өмнөөс Д.Гэрэлд 200 000 000 төгрөгийг төлсөн нь үнэн. Мөн хувьцааны үнэ 700 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлсөн нь үнэн.  Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр “ЭДГС” ХХК-ийн 70 ширхэг хувьцааг “Естнорм” ХХК-д шилжүүлсний дараагаар намайг Улаанбаатар хотод ажилтай явж байх хойгуур “ЭДГС” ХХК-ийн тамга, гэрчилгээг гээгдүүлсэн гэж худал зарлуулж, хууль бус аргаар гаргуулан авах оролдлогыг, мөн компани үүсгэн байгуулагчдын хурлыг зарлаж, гүйцэтгэх удирдлагаас намайг чөлөөлөх оролдлогыг тус тус хийснээс маргаан гарсан. Үүнээс болж надтай худалдах, худалдан авах гэрээ хийх зорилгогүй, манай компанийн нэрээр бусдаас санхүүгийн дэмжлэг авах зорилгоор хууран мэхлэх замаар миний “ЭДГС” ХХК-ийн хувьцааг худалдан авах гэрээ хийсэн байна гэж үзэж байна. Иймд “Естнорм” ХХК-тай байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Естнорм” ХХК нь 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа ба гадаад худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай компани нь иргэн О.Эрдэнэчимэгтэй 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 1-д зааснаар “ЭДГС” ХХК-ийн нэг бүр нь 10 000 төгрөгөөр үнэлэгдэх 70 ширхэг хувьцааг нийт 700 000 төгрөгөөр худалдахаар тохирсон бөгөөд манай компани нь 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэн О.Эрдэнэчимэгийн Хаан банкны 5029112774 тоот дансанд 700 000 төгрөгийг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, “Естнорм” ХХК-ийн зүгээс Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн болно.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 5 дугаар зүйлийн 5.4, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу “ЭДГС” ХХК-ийн Хувьцааг худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээг хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн “Естнорм” ХХК нь “ЭДГС” ХХК-ийн 70 хувийн хувьцааны хууль ёсны эзэмшигчээр бүртгүүлсэн. “Естнорм” ХХК болон О.Эрдэнэчимэг нарыг хооронд байгуулсан Хувьцаа худалдах,худалдан авах гэрээ болон Компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ бөгөөд 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.3, Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.8-д заасны дагуу бид сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж, биечлэн нотариатаар гэрчлүүлэн холбогдох байгууллагад бүртгүүлсэн хуулийн хүчин төгөлдөр гэрээ юм.

Түүнчлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасны дагуу хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэрийг компанийн үүсгэн байгуулагчид гарын үсэг зурж баталгаажуулах шаардлагатай бөгөөд нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигч нь өөрөө хувьцаагаа эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийн хүрээнд сайн дурын, хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр эзэмшлийн хувьцаагаа бусдад хуульд заасан хэлбэрээр шилжүүлэх боломжтой. Иймээс иргэн О.Эрдэнэчимэг, “Естнорм” ХХК-ийн хооронд байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн хуулийн хүчин төгөлдөр гэрээ бөгөөд Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Урьдчилсан тохиролцооны тухай хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулахдаа “ЭДГС” ХХК-ийн үйл ажиллагааг тогтвортой явуулах, хөрөнгө оруулахаар тохиролцсон бөгөөд энэ тохиролцооныхоо хүрээнд “Естнорм” ХХК-иас дараах байдлаар хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагааг явуулж байгаа болно. Үүнд:

1. “ЭДГС” ХХК нь мах боловсруулах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд О.Эрдэнэчимэгтэй Газар ба цогцолборыг худалдах, худалдан авах тухай урьдчилсан гэрээг байгуулан гэрээний урьдчилгаа төлбөр болон 25 000 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр О.Эрдэнэчимэгийн Хаан банкны 5029112774 тоот дансанд шилжүүлсэн. Мөн мал нядлах, мах боловсруулах ба хадгалах үйлдвэрлэлийн цогцолборыг түрээслэх гэрээг байгуулан түрээсийн төлбөрийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр О.Эрдэнэчимэгийн Хаан банкны 5029112774 тоот дансанд шилжүүлсэн. О.Эрдэнэчимэгийн өмчлөлийн үйлдвэрлэлийн цогцолбор нь иргэн Д.Гэрэлээс авсан 200 000 000 төгрөгийн 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээний барьцаанд байсан бөгөөд О.Эрдэнэчимэгийг зээлийн төлбөр болох 200 000 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Д.Гэрэлийн Хаан банкны 5005130585 тоот дансанд төлсөн. “ЭДГС” ХХК-ийн үйл ажиллагааг тасралтгүй тогтвортой явуулах үүднээс 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр санхүүжилт хэлбэрээр 22 000 000 төгрөгийг үйлдвэрийн үйл ажиллагааны санхүүжилтэд хийсэн. Дээрх байдлаар “Естнорм” ХХК нь “ЭДГС” ХХК-ийн үйл ажиллагааг тасралтгүй тогтвортой явуулах үүднээс нийт 272 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд дээрх хөрөнгө оруулалтыг “Естнорм” ХХК дангаараа санхүүжүүлж байсан, компанийн нөгөө хувьцаа эзэмшигч /30 хувь/ О.Эрдэнэчимэг хамтран санхүүжүүлж байх үүрэгтэй хэдий ч огт санхүүжилт хийгээгүй болохыг тэмдэглэж байна. Гэтэл О.Эрдэнэчимэг нь зээлийн гэрээний төлбөрийг төлж, мал нядлах, мах боловсруулах ба хадгалах үйлдвэрлэлийн цогцолборт тоног төхөөрөмжийг авч, ажилчдыг сургалтад хамруулан үйл ажиллагааг эхлэхэд бэлэн болсон энэ үед өөрийн хүсэл зоригийн дагуу “ЭДГС” ХХК-ийн 70 хувийн хувьцааг бидэнд худалдсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээг санхүүжилт хийгээгүй, хөрөнгө оруулаагүй гэж хүчин төгөлдөр буст тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Иргэн О.Эрдэнэчимэг болон “Естнорм” ХХК-ийн хооронд байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь холбогдох хууль тогтоомжид нийсэн худалдагч талын хүсэл зоригийг үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар “Естнорм” ХХК-д холбогдуулан гаргасан 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай О.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хариуцагч Ж.Берик, н.Галамж нар надтай холбогдож Завхан аймгийн Тэс сумын Нисэг багт байрлаж, үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэрийг худалдаж авах талаар тохирч нийт үнийг 920 000 000 төгрөгөөр тохирсон. Тухайн үед үйлдвэрийг зээлийн барьцаанд тавьсан байгаа яаралтай зээлээ төлөх тухай итгэсний үндсэн дээр бүх асуудлаа хэлсэн. Гэвч дараагаар нь "ЭДГС" ХХК-ийн тусгай зөвшөөрөл нь гадагш мах гаргахад шаардлагатай гэж үзэн үйлдвэрийг "ЭДГС" ХХК-ийн хамт худалдан авахаар гэрээг 70/30 хувиар тохиролцон "30 хувийн хүрээнд санхүүжилт хийхгүй үйл ажиллагаанд оролцохоор тохирон хамтарч ажиллах гэрээ болгон өөрчлүүлж Компанийг 70 хувийн хувьцааг шилжүүлэх юм бол үйлдвэрийн үнийн 70 хувь болох 640 000 000 төгрөгийг өгнө, гарын үсгээ зурчих л юм бол мөнгийг бүрэн төлнө гэж хууран мэхэлж гэрээг байгуулсан. Хэдийгээр үйлдвэрийн төлөх ёстой 640 000 000 төгрөгөөс 250 000 000 төгрөгийн төлбөр хийгдсэн боловч үлдэгдэл төлбөрүүдийг одоо болтол төлөөгүй байгаа билээ. "ЭДГС" ХХК-ийн нэр, мах боловсруулах үйлдвэрийг ашиглан хөрөнгө оруулалт татах мөн 2016 оны 09 дүгээр сард тамга болон гэрчилгээг гээгдүүлсэн мэтээр баримт бүрдүүлж шинээр авах оролдлого хийсэн зэрэг бодит үйлдлүүд нь намайг хуурч мэхлэх зорилготой байсныг тодорхойлж байна.

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ заалтаар хохирогчийн зөвхөн эд хөрөнгө, өмчийг хамгаалаад зогсохгүй түүний хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хамгаалдаг ба хууран мэхлэх замаар нөлөөлсөн хүсэл зоригийн илэрхийлэл, энэ үндсэн дээр хийсэн хэлцэл нь анхандаа бүрэн хүчин төгөлдөр байх боловч Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 57.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр буст тооцуулахаар нэхэмжлэл гарган маргаж болох хуулийн үндэслэлтэй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна.

Түүнчлэн шүүхээс 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан "Газар ба цогцолборыг худалдах, худалдан авах тухай урьдчилсан гэрээ", “Газар ба цогцолборыг түрээслэх гэрээ", "Эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ", " Өрийг нэхэмжлэх эрхийг шилжүүлэх гэрээ" зэрэг тус тус эдгээр дөрвөн гэрээнүүд нь шүүхийн харьяаллын бус арбитрт хандаж шийдвэрлүүлэхээр харьяаллыг тодорхойлсон байгаа нь энэ үүссэн маргаантай хольж холбогдуулах нь нийцэхгүй бөгөөд тухайн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөрт тооцох нэгэн үндэслэл болох ёсгүй юм. гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах ажиллагаа явуулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч О.Эрдэнэчимэг нь хариуцагч “Естнорм” ХХК-д холбогдуулан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” болон “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагч талыг компанид нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилт болон мах бэлтгэлийн ажил хийгээгүй, өөрийг нь компанийн гүйцэтгэх удирдлагаас чөлөөлөх асуудал хэлэлцэх гэж байгаа нь дээрх гэрээнүүдийн эцсийн үр дүнг төөрөгдүүлсэн гэж тайлбарласан /хх 1 дэх тал/ бол шүүх хуралдаан дээр дээрх 2 гэрээг байгуулах болсон урьдчилсан нөхцөл болох өөрийнх нь өмчлөлийн, Завхан аймгийн Тэс сумын Нисэх багт байрлаж, үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэрийг 644 000 000 төгрөгөөр худалдахтай холбоотой уг махны үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг “ЭДГС” ХХК эзэмшдэг тул тус компанийн 70 хувийг хувьцааг худалдах замаар зөвшөөрлийг шилжүүлсэн, худалдах, худалдан авах гэрээ байгуулах зорилгогүй, компанийн нэрээр бусдаас санхүүгийн дэмжлэг авах зорилгоор хууран мэхлэх замаар “ЭДГС”ХХК-ийг хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилсөн тохиолдолд бичгээр гаргуулж, хариуцагчид гардуулан өгч, тайлбар авах ажиллагааг хийх ёстой. Энэ ажиллагааг хийгээгүйгээс хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлээгүй, талууд энэ талаар мэтгэлцээгүй байна.

Түүнчлэн маргааны зүйлийн үндэслэл болсон “ЭДГС” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хэрэгт баримтаар авагдаагүйгээс талуудын хооронд байгуулагдсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулах болсон хүсэл зоригийн илэрхийлэл тодорхойгүй, хэргийн бодит нөхцөл байдал тодорхойгүй болжээ.

Иймд давж заалдах шатны шүүхээс зохигчдын мэтгэлцээгүй асуудлууд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/01451 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                          ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА