Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2017/00433

 

О.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,            

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/01451 дүгээр шийдвэртэй,            

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн            

2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 297 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч О.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Естнорм” ХХК-д холбогдох,

Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргалын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Эрдэнэчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Дашдулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Э.Билгүүн, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 05 дугаар сард Ж.Берик, н.Галамж нар надтай холбогдож Завхан аймгийн Тэс сумын Нисэг багт байрлаж, үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэрийг худалдаж авах талаар санал гаргаж, бид 644 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирсон. Манай үйлдвэрийн тусгай зөвшөөрөл “ЭДГС” ХХК-ийн нэрээр гарсан байсан тул худалдах, худалдан авах гэрээний хүрээнд “ЭДГС” ХХК-ийн 1 бүрийн үнэ 10 000 төгрөгөөр үнэлэгдэх 70 ширхэг хувьцааг 700 000 төгрөгөөр худалдах, худалдан авах болон компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэрээ хийх болсон. Анх Ж.Берик надад хэлэхдээ “ЭДГС” ХХК-ийн хувьцааны 70 хувийг бидэнд шилжүүлээд өгчихвөл бүх төлбөрийг барагдуулна гэсэн бөгөөд түүний өөрийнх нь “Остнорм” ХХК-ийн нэр дээр компанийн хувьцаа эзэмших шилжүүлэх гэрээ хийсэн боловч улсын бүртгэлд бүртгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул “Естнорм” ХХК-ийг байгуулж, тус компанитай гэрээ байгуулсан.

Улмаар манай үйлдвэрийн үл хөдлөх эд хөрөнгүүд, газар нь О.Эрдэнэчимэг, Г.Энхдарь нарын өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй тул 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “ЭДГС” ХХК-ийг төлөөлж итгэмжлэлийн үндсэн дээр үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа Хайса Шауеттай буюу “ЭДГС” ХХК-тай газар ба цогцолборыг худалдах, худалдан авах тухай урьдчилсан гэрээ, газар ба цогцолбор түрээслэх гэрээ, эд хөрөнгийг худалдах, худалдан авах тухай 3 гэрээг байгуулсан. Худалдах, худалдан авах тухай урьдчилсан гэрээнд эд хөрөнгийн үнэ болох 644 000 000 төгрөгийг хэрхэн төлөх талаар тохиролцсон ба уг тохиролцооны дагуу “Естнорм” ХХК-иас 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд ХААН банкаар надад 50 000 000 төгрөгийг, миний өмнөөс Д.Гэрэлд 200 000 000 төгрөгийг төлсөн нь үнэн. Мөн хувьцааны үнэ 700 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлсөн нь үнэн. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр “ЭДГС” ХХК-ийн 70 ширхэг хувьцааг “Естнорм” ХХК-д шилжүүлсний дараагаар намайг Улаанбаатар хотод ажилтай явж байх хойгуур “ЭДГС” ХХК-ийн тамга, гэрчилгээг гээгдүүлсэн гэж худал зарлуулж, хууль бус аргаар гаргуулан авах оролдлогыг, мөн компани үүсгэн байгуулагчдын хурлыг зарлаж, гүйцэтгэх удирдлагаас намайг чөлөөлөх оролдлогыг тус тус хийснээс маргаан гарсан. Үүнээс болж надтай худалдах, худалдан авах гэрээ хийх зорилгогүй, манай компанийн нэрээр бусдаас санхүүгийн дэмжлэг авах зорилгоор хууран мэхлэх замаар миний “ЭДГС” ХХК-ийн хувьцааг худалдан авах гэрээ хийсэн байна гэж үзэж байна. Иймд “Естнорм” ХХК-тай байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Естнорм” ХХК нь 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа ба гадаад худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай компани нь иргэн О.Эрдэнэчимэгтэй 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 1-д зааснаар “ЭДГС” ХХК-ийн нэг бүр нь 10 000 төгрөгөөр үнэлэгдэх 70 ширхэг хувьцааг нийт 700 000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Өөрөөр хэлбэл “Естнорм” ХХК-ийн зүгээс хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 5 дугаар зүйлийн 5.4, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу “ЭДГС” ХХК-ийн Хувьцааг худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээг хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн “Естнорм” ХХК нь “ЭДГС” ХХК-ийн 70 хувийн хувьцааны хууль ёсны эзэмшигчээр бүртгүүлсэн. “Естнорм” ХХК болон О.Эрдэнэчимэг нарын хооронд байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ бөгөөд 43 дугаар зүйлийн 43,2.1, 43.2.3, Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.8-д заасны дагуу бид сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж, биечлэн нотариатаар гэрчлүүлэн холбогдох байгууллагад бүртгүүлсэн хуулийн хүчин төгөлдөр гэрээ юм.

Түүнчлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасны дагуу хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэрийг компанийн үүсгэн байгуулагчид гарын үсэг зурж баталгаажуулах шаардлагатай бөгөөд нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигч нь өөрөө хувьцаагаа эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийн хүрээнд сайн дурын, хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр эзэмшлийн хувьцаагаа бусдад хуульд заасан хэлбэрээр шилжүүлэх боломжтой. Иймээс иргэн О.Эрдэнэчимэг, “Естнорм” ХХК-ийн хооронд байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн хуулийн хүчин төгөлдөр гэрээ бөгөөд Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Урьдчилсан тохиролцооны тухай хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулахдаа “ЭДГС” ХХК-ийн үйл ажиллагааг тогтвортой явуулах, хөрөнгө оруулахаар тохиролцсон бөгөөд энэ тохиролцооныхоо хүрээнд “Естнорм” ХХК-иас дараах байдлаар хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагааг явуулж байгаа болно. “ЭДГС” ХХК нь мах боловсруулах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд О.Эрдэнэчимэгтэй газар ба цогцолборыг худалдах, худалдан авах тухай урьдчилсан гэрээг байгуулан гэрээний урьдчилгаа төлбөр болон 25 000 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр О.Эрдэнэчимэгийн ХААН банкны 5029112774 тоот дансанд шилжүүлсэн. Мөн мал нядлах, мах боловсруулах ба хадгалах үйлдвэрлэлийн цогцолборыг түрээслэх гэрээг байгуулан түрээсийн төлбөрийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр О.Эрдэнэчимэгийн ХААН банкны 5029112774 тоот дансанд шилжүүлсэн.

О.Эрдэнэчимэгийн өмчлөлийн үйлдвэрлэлийн цогцолбор нь иргэн Д.Гэрэлээс авсан 200 000 000 төгрөгийн 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээний барьцаанд байсан бөгөөд О.Эрдэнэчимэгийг зээлийн төлбөр болох 200 000 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Д.Гэрэлийн Хаан банкны 5005130585 тоот дансанд төлсөн. “ЭДГС” ХХК-ийн үйл ажиллагааг тасралтгүй тогтвортой явуулах үүднээс 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр санхүүжилт хэлбэрээр 22 000 000 төгрөгийг үйлдвэрийн үйл ажиллагааны санхүүжилтэд хийсэн. Дээрх байдлаар “Естнорм” ХХК нь “ЭДГС” ХХК-ийн үйл ажиллагааг тасралтгүй тогтвортой явуулах үүднээс нийт 272 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд дээрх хөрөнгө оруулалтыг “Естнорм” ХХК дангаараа санхүүжүүлж байсан, компанийн нөгөө хувьцаа эзэмшигч /30 хувь/ О.Эрдэнэчимэг хамтран санхүүжүүлж байх үүрэгтэй хэдий ч огт санхүүжилт хийгээгүй болохыг тэмдэглэж байна. Гэтэл О.Эрдэнэчимэг нь зээлийн гэрээний төлбөрийг төлж, мал нядлах, мах боловсруулах ба хадгалах үйлдвэрлэлийн цогцолборт тоног төхөөрөмжийг авч, ажилчдыг сургалтад хамруулан үйл ажиллагааг эхлэхэд бэлэн болсон энэ үед өөрийн хүсэл зоригийн дагуу “ЭДГС” ХХК-ийн 70 хувийн хувьцааг бидэнд худалдсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээг санхүүжилт хийгээгүй, хөрөнгө оруулаагүй гэж хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Иргэн О.Эрдэнэчимэг болон “Естнорм” ХХК-ийн хооронд байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь холбогдох хууль тогтоомжид нийсэн худалдагч талын хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/01451 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар “Естнорм” ХХК-д холбогдуулан гаргасан 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай О.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 297 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/01451 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Магадлалын үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагч талыг компанид нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилт болон мах бэлтгэлийн ажил хийгээгүй, өөрийг нь компанийн гүйцэтгэх удирдлагаас чөлөөлөх асуудал хэлэлцэх гэж байгаа нь дээрх гэрээнүүдийн эцсийн үр дүнг төөрөгдүүлсэн гэж тайлбарласан бол шүүх хуралдаан дээр ... компанийн нэрээр бусдаас санхүүгийн дэмжлэг авах зорилгоор хууран мэхлэх замаар “ЭДГС” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хийсэн... гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилсөн тохиолдолд бичгээр гаргуулж, хариуцагчид гардуулан өгч, тайлбар авах ажиллагааг хийх ёстой” гэжээ.

Нэхэмжлэгч О.Эрдэнэчимэг нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Естнорм” ХХК-д холбогдуулан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж тайлбарладаг. Тодруулбал нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Естнорм” ХХК нь өнөөдрийн байдлаар компанид ямар нэгэн нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилт хийгээгүй бөгөөд гэрээ байгуулснаас хойших хугацаанд мах бэлтгэлийн ажил хийгээгүй, нэмэлт санхүүжилт хийнэ гэж итгүүлэн хууран мэхэлж хэлцэл xийсэн” гэж тайлбарладаг. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тодорхойлоогүй байдаг бөгөөд анхан шатны шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тодорхойлохдоо Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хууран мэхлэж хийсэн хэлцэл тул талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсэлтэй байгаа талаараа тайлбарласан. Анхан шатны шүүх хуралдаан дээр уг шаардлагаа дэмжин оролцсон, тиймээс нэхэмжлэлийг дахин хариуцагчид гардуулах ажиллагаа хийгдэхгүй. Иймээс анхан шатны шүүхээс маргааны зүйл болох “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ" болон “Эрх шилжүүлэх гэрээ”-г хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг нэхэмжлэгч тал өөрсдөө анхнаасаа Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан байхад нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулаагүй гэж дүгнэн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Магадлалын үндэслэх хэсэгт "...маргааны зүйлийн үндэслэл болсон “ЭДГС” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хэрэгт баримтаар авагдаагүйгээс талуудын хооронд байгуулагдсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулах болсон хүсэл зоригийн илэрхийлэл тодорхойгүй, хэргийн бодит нөхцөл байдал тодорхойгүй болжээ” гэжээ. Дээр дурдсанчлан маргааны гол зүйл нь компанийн хувьцаа худалдах худалдах авах болон эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах бөгөөд нэхэмжлэгчээс шаардлагын үндэслэлээ санхүүжилт хийнэ гэсэн боловч хийгээгүй, хууран мэхлэж хийсэн гэж тайлбарладаг. Манай компанийн хувьд иргэн О.Эрдэнэчимэгтэй 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр "Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ” болон “Компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус байгуулж хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 1-д зааснаар “ЭДГС” ХХК-ийн нэг бүр нь 10 000 төгрөгөөр үнэлэгдэх 70 ширхэг хувьцааг нийт 700 000 төгрөгөөр худалдахаар тохирсон бөгөөд манай компани нь 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэн О.Эрдэнэчимэгийн ХААН банкны 5029112774 тоот дансанд 700 000 төгрөгийг шилжүүлсэн.

Түүнчлэн Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэх үүднээс "Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ” болон “Компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулахдаа “ЭДГС” ХХК-ийн үйл ажиллагааг тогтвортой явуулах, хөрөнгө оруулахаар тохиролцсон тохиролцооныхоо хүрээнд “Естнорм” ХХК-ийн зүгээс О.Эрдэнэчимэгийн бусдаас зээлсэн зээлийн төлбөрийг төлж, “ЭДГС” ХХК-ийн үйл ажиллагааг тасралтгүй тогтвортой явуулах үүднээс нийт 272 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаарх баримтыг гаргаж өгсөн билээ. Шүүхээс хэргийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болох компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах маргаанд уг гэрээний зүйл болох “ЭДГС" ХХК-ийн тусгай зөвшөөрлийн баримт хамааралгүй байх тул давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргийнхээ хүрээнд гаргаж буй тайлбарууд нь өөр хоорондоо зөрүүтэй байгаа нь нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй болохыг харуулах ёстой байтал давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь зөрүүтэй байгааг анхан шатны шүүх тодруулаагүй гэж үзсэн нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад огт нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө ч нэг чигт тайлбарлаж чадахгүй шат шатны шүүх хуралдаан дээр зөрүүтэй, хэрэгт ач холбогдолгүй зарим тохиолдолд бодит байдалд үл нийцэх тайлбаруудыг өгч байгаа нь түүний хувьд давуу байдал бий болгох хууль зүйн үндэслэлгүй гэж хариуцагчийн хувьд үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан шаардлагад нийцжээ.

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг нэхэмжлэлийн үндэслэлтэй хэрхэн уялдаж байгааг анхаараагүй байх ба магадлалд заасан үндэслэлээс гадна тухайн маргааны оролцогч талуудын эрх зүйн байдалд үнэлэлт өгөөгүй, хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч О.Эрдэнэчимэг нь хариуцагч “Естнорм” ХХК-д холбогдуулан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” болон “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч нь нэмэлт санхүүжилт хийнэ гэж итгүүлэн, гэрээний эцсийн үр дүнг төөрөгдүүлсэн” гэж анх тодорхойлжээ.

Харин анхан шатны шүүх хуралдаан дээр “бидний хооронд махны үйлдвэрийг нийт 644 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах хэлцэл байгуулагдсан. Компанийн 70 хувийг хариуцагчид шилжүүлсэн ба гэрээнд заасны дагуу төлбөрийг хийх байсан. Гэтэл хариуцагч нь “ЭДГС” ХХК-ийн гэрчилгээ, тамгыг гээгдүүлсэн гэж худал зарлуулж, хууль бус аргаар гаргуулан авахыг оролдсон, үүсгэн байгуулах хурлыг хуралдуулж намайг гүйцэтгэх удирдлагаас чөлөөлөх оролдлогыг хийснээс үзэхэд худалдах, худалдан авах гэрээ байгуулах зорилгогүй, компанийн нэрээр бусдаас санхүүгийн дэмжлэг авах зорилгоор, хууран мэхлэх замаар гэрээ хийсэн” гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон байна. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл өөрчлөгдсөн байхад зохигчдыг мэтгэлцэх боломжоор хангаагүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэлийн үндэслэл болох “ЭДГС” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах болон “Компанийн эрх шилжүүлэх” гэрээнүүд нь “ЭДГС” ХХКомпани болон “Естнорм” ХХК-ийн хооронд хийгдсэн байхад О.Эрдэнэчимэг гэрээний талаар нэхэмжлэл гаргасан, энэ байдлыг хариуцагч эсэргүүцэж тайлбар гаргаагүй хэдий ч шүүх гэрээний талуудыг тодруулах, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тогтоох  шаардлагатай байжээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг дүгнэхэд нэхэмжлэгч нь гэрээ байгуулагдсан эсэх талаар маргасан, эсхүл гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, эсхүл хуурч мэхэлсний улмаас гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн ямар шаардлага гаргасныг тодорхойлох боломжгүй байна.

Иймд хэрэгт авагдсан баримт болон зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлал хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 297 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргалийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 99 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

    ШҮҮГЧ                                                     П.ЗОЛЗАЯА