Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2018/ХТ2018/01917

 

Д.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

         2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2018/00990 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1531 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: Д.О

         Хариуцагч: “Б...н” ХХК

         Хариуцагч: “Г...Н” ХХК нарт холбогдох

         Гэм хорын хохиролд 34 317 783 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагч “Б...н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.м-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Т, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Б...н ХХК-ийн барьж буй барилгад 2011 оны 07 дугаар сараас эхлэн туслах ажилчнаар ажилласан. 2011-10-24-ний өдөр Б...н ХХК-ийн 11 давхар барилга дээр ажиллаж байгаад 1 давхраас 2 давхарт ажиллах газраа очих гэж яваад гэрэлтүүлэггүй лифтний хонгилд доошоо унаж хүнд гэмтэл авч, нуруу нугасны хүнд хагалгаанд орсон. Унаж гэмтсэн лифтний нүх ямар нэгэн хаалт хашлагагүй, анхааруулга, тэмдэг, тэмдэглээгүй, гэрэлтүүлэггүй байсан. Тухайн үед цагдаагийн байгууллага шалгах явцад ажлын газраас надад эмчилгээний зардал 5 сая төгрөг өгч, цаашид дэмжиж тусална гэсэн тул би “гомдолгүй” гэж хэлж, эрүүгийн хэрэг хаагдаж, үйлдвэрлэлийн ослын акт гараагүй өнгөрсөн. Одоо гэмтлийн дараах нугасны саажилт, доод мөчдийн саажилт гэсэн оноштой, байнгын асаргаанд байдаг. Гэмтсэнээс хойш байгууллага нь 5сая төгрөг өгснөөс өөрөөр туслалцаа үзүүлээгүй. Иймд прокурорт дахин гомдол гаргасан боловч Баянгол дүүргийн прокурорын газраас 2017-03-09-ний өдөр 242 тоотоор  хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн хариу ирүүлсэн. БНСУ-ын Сөүл хотын нуруу нугасны мэдрэлийн эмнэлэгт Монгол дахь төлөөлөгчийн газар БНСУ-ын Б. Т. М. компанийн Улаанбаатар дахь салбар төлөөлөгчийн газраар дамжуулан холбогдох материалуудаа явуулснаар Мэдрэлийг дарж буй нугасны даралт шахалтыг чөлөөлж өгнө. Ингэснээр нурууны өвдөлт болон хөл гуя дагаж өвдөх өвдөлтийг багасгах, бөгсөн биеийн мэдээ алдалтаас сэргийлнэ, төлбөрийн зардал 12,5 сая вон гэсэн хариу ирсэн. Уг гэмтлийн улмаас байнгын асаргаа шаардлагатай болж Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн эмнэлгийн төрөлжсөн эмч нарын хяналтад орж 2018-08-02-ныг хүртэл асаргаанд байх шийдвэр гарсан. БНСУ-д эмчилгээнд явахад асран хамгаалагч хамт явах зайлшгүй шаардлагатай нь баримтуудаар нотлогдоно. БНСУ явж энэ эмчилгээнд орж эмчилгээ хийлгэх зардал мөнгийг  гэмтэл учруулж, бие махбодид насан туршийн гэм хор учруулсан байгууллагаас гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд  2017-10-06-ны өдрийн ханшаар тооцон 12,5сая воныг 27сая төгрөг, БНСУ  асран хамгаалагчийн хамт онгоцоор явах ирж очих тийзийн үнэ нийт 4,064,200 төгрөг, хоёр хүний буудалд байх зардал 1.321 ам.доллар буюу 3,253,583 төгрөг, нийт 34,317,783 төгрөгийг “Б...н” ХХК болон “Г...Н” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч “Б...н” ХХК хариу тайлбартаа: Г...Н ХХК-тай 2011-05-10-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Намуун дэнж орон сууцны цогцолбор хорооллыг барьж байгуулахдаа Г...Н ХХК-тай барилгын каркасын бүтцийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Барилгын зургийн дагуу зоорь, 7-12 давхруудад төмөр бетон багана, шат, дам нуруу, хучилтын хавтан, лифтний хана, шат цутгах ажил, тагтны хавтан зэрэг ажлуудыг хийлгэсэн юм. Ийнхүү ажиллаж байх хугацаанд Г...Н ХХК-ийн ажилтан гэх Д.О унаж гэмтсэн гэдэг. Осол гэмтэл гарсан үед Г...Н ХХК, Д.О нар холбогдох байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлэсэн гэж бид ойлгосон. Б...н ХХК-ийн хэрэгжүүлсэн төсөл Намуун дэнж цогцолбор хорооллын барилга угсралтын ажил хийгдэж байх явцад Д.О унаж гэмтсэн ч гүйцэтгэгч компани болох Г...Н ХХК барилга угсралтад ажиллах ажилтнууд болон хөдөлмөр хамгаалалтай холбогдох бүхий л ажлыг гэрээний дагуу хариуцаж ажилласан. Д.О нь Г...Н ХХК-ийн ажилтан байсан бөгөөд унаж гэмтсэн тухайгаа холбогдох хууль хяналтын байгууллагад мэдэгдэж, улмаар Г...Н ХХК, ажилтан Д.От учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Иймд  нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

       Хариуцагч Г...Н ХХК хариу тайлбартаа: Манай компанийн шууд буруутай үйлдэл биш Б...н ХХК-ийн буруутай үйлдлээс болсон гэж үзэж байгаа. Б.О Г...Н ХХК-ийн аюулгүй ажиллагаа журам зөрчсөн буруутай үйлдлээс болж гэмтэл учирсан нь тогтоогдоогүй. Б...н ХХК, Г...Н ХХК нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ байдаг. Энэ гэрээний 2.1.1-т Б...н ХХК-д туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Г...Н ХХК ямар ажлыг ямар талбайд хийж гүйцэтгэх талаар тодорхой зааж өгсөн. Тухайн гүйцэтгэх ажлын дагуу 7-12 давхрын бетон, шал, дам нуруу зэргийг хийж гүйцэтгэх гэсэн. Гэтэл осол болсон газар нь 1 давхарт болсон. Тэгэхээр энэ нь Г...Н ХХК-ийн хариуцаж байсан ажлын талбай биш юм. Гэхдээ Б.Оын мэдүүлгээр лифтний нүх рүү унаж гэмтсэн гэдгийг цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ дурдсан байдаг. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст өгсөн мэдүүлэгтээ “..нэг давхар харанхуй байсан. хувцсаа солиод дээшээ гарах гэж яваад лифтний нүхээр зоорийн давхарт уначихсан... гэрэлтүүлэгтэй байдаг байсан ч тэр үед гэрэлтүүлэггүй лифтний хаалтгүй байсан. Урд нь гэрэлтүүлэгтэй, лифтний нүхэнд панераар хаалт хийчихсэн байдаг байсан. Б...н ХХК урд өдөр нь гагнуур хийсэн..” гэсэн байдаг. Гоё хаан ХХК нь өөрийн хариуцаж байгаа 7-12 давхрын хаалт хашилтыг зохицуулах ёстой болохоос биш нэг давхрын үйл ажиллагаанд үүрэг хүлээхгүй гэж үзэж байна. Барилгыг бүхэлд нь Г...Н ХХК хариуцаж ажиллаж байгаа биш. Зөвхөн 7-12 дугаар давхрын үйл ажиллагааг явуулж аюулгүй ажиллагааг хангаж ажиллаж байсан гэж үзэж байна. Б...н ХХК нэг давхрын лифтний хаалтыг тавиагүй. 1 давхраас унаж гэмтсэнийг цагдаагийн байгууллага шалгаж Б.О нь лифтний нүх рүү унаж өөртөө гэмтэл учруулсан нь тогтоогдсон. Баригдаж байгаа барилга нь өөрөө аюултай нөхцөлд байдаг. Хөдөлмөр аюулгүй байдлыг урьдчилан сэргийлэх боломжтой байсан. Компанийн зүгээс нэхэмжлэгчид 10.850.000 төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсэн. Энэ хүнийг маш түргэн яаралтай эмнэлэгт хүргэж яаралтай мэс засал хийлгэх ёстой гэдэг үүднээс энэ хүний хагалгааны зардал, эмчилгээний зардлыг төлсөн. Д.О нь 2011 оны 07 сараас Г...Н ХХК-д туслах ажилтнаар орсон байдаг. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

       Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2018/00990 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар  Б...н ХХК, Г...Н ХХК тус бүрээс 11,439,261 төгрөг гаргуулж  Д.От олгож, нэхэмжлэлээс 11,439,261 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч нараас 272.342 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1490 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2018/00990 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхижээ.

      Хариуцагч “Б...н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Хариуцагч талууд хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлагыг хариуцах этгээдийг гэрээгээр тодорхойлсон гэх хэдий ч “Г...Н” ХХК болон “Б...н” ХХК-ийн хооронд байгуулсан эрсдэл хуваарилах тухай тохиролцоо нь нэхэмжлэгчийн гэм хорын хохирол шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж заасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь талуудын хоорондын харилцаанд Иргэний хууль эрх зүйн эх сурвалжаар ашиглагдах боловч шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ нэн түрүүнд Иргэний хуулийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу “Гэрээний чөлөөт байдлын зарчим”-д үндэслэж “Б...н” ХХК болон “Г...Н” ХХК-ийн хоорондын “Ажил гүйцэтгэх гэрээ”-г эх сурвалжийн эрэмбэ дарааллын хувьд нэн түрүүнд авч ашиглах ёстой байсан. Иймд тус “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.1.3.5, 3.3.3, 3.3.8, 3.3.17, 3.3.19, 3.3.20, 8 дугаар зүйл, 13.3.3-с харвал Д.Оын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт “Б...н” ХХК болон “Г...Н” ХХК-иуд нь хамтран хариуцагч болохгүй. Ажилтны эрүүл мэндэд гэм хор учирсан үйлдэлд хариуцлага хүлээх этгээд нь түүний ажил олгогч “Г...Н” ХХК болно. Иймд магадлалын “Б...н ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Д.О 2017-10-09-ний өдөр “Г...Н” ХХК, “Б...н ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 12,500,000 воны эмчилгээний төлбөр 27,000,000 төгрөг, БНСУ руу асран хамгаалагчийн хамт онгоцоор ирж очих үнэ нийт 4,064,200 төгрөг, буудалд байрлах хоёр хүний зардал 1321 ам.доллар буюу 3,253,583 төгрөг нийт 34,317,783 төгрөг шаарджээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

       Анхан шатны шүүх хариуцагч тус бүрээс 11,439,261 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ . 

      Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч Б...н ХХК-ийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Г...Н ХХК-ийн туслах ажилтан Б.О Б...н ХХК-ийн ажил гүйцэтгэж  байсан барилгын  1 давхрын цахилгаан шатны хонгил руу 2011 оны 10 сарын 24-ний өдөр унаж, гэмтэл авсан байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй байна.

       Б.О хүнд зэргийн гэмтэл авсан нь зохигч нарын тайлбар, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогджээ.

       Нэхэмжлэгч эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарах зайлшгүй зардал нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497, 505 дугаар зүйлд нийцэж байна.

       Бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй юм.  

       Б...н ХХК, Г...Н ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлагыг хуульд заасан журмын дагуу хангаагүй, хяналт тавиагүй гэм буруутай байх тул Д.Оын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг хариуцах үүрэг хүлээнэ.

       Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. Б...н ХХК нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх боловч  нэхэмжлэгчид хохирол учирсан нь хариуцагчийн буруугаас болоогүй гэдгийг нотлоогүй тул энэ тухай гомдол Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн зохицуулалтад нийцэхгүй байна.

       Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Барилгын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2018/00990 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1531 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Б...н ХХК-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 272.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.ЗОЛЗАЯА

 ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ