Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 472

 

Б.Баярмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/01487 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Баярмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Оюунбаяр, Б.Булганбаатар нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 1 991 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Ч.Оюунбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Баярмаа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Батхүү

Хариуцагч Ч.Оюунбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Цэндсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Ч.Оюунбаярт нэг жилийн хугацаатай итгэмжлэл олгож өөрийн эзэмшлийн 26-12 УБУ улсын дугаартай “Ауди 80” маркийн суудлын автомашиныг худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурж худалдсан. Гэтэл Ч.Оюунбаяр дээрх автомашиныг Б.Булганбаатар гэдэг хүнд зарсан болохыг 2015 оны 12 дугаар сард шүүхээс намайг дуудахад мэдсэн.

Б.Булганбаатар нь 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр авто осол гаргаснаар Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрээр надаас 1 991 600 төгрөгийг гаргуулж Б.Баттулгад олгохоор шийдвэрлэсэн. Миний хувьд өөрийн эзэмшлийн автомашиныг 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Ч.Оюунбаярт худалдсан тул шүүхийн шийдвэрээр надаас гаргуулахаар болсон 1 991 600 төгрөгийг Ч.Оюунбаяраас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Оюунбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Баярмаа нь надад 26-42 УБУ улсын дугаартай “Ауди 80” маркийн автомашиныг худалдах, нэр шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурж нэг жилийн итгэмжлэл хийж өгөн худалдсан. Миний бие уг автомашиныг 2013 оны намар өөр машинаар солих болсон Энэ үед миний итгэмжлэлийн хугацаа дууссан байсан учраас машин сольсон хүндээ Б.Баярмаагийн утасны дугаарыг өгч, нэрээ шилжүүлж аваарай гэж хэлсэн. Б.Баярмаагийн нэхэмжлэлд дурдсан осол аваараас болж учирсан хохирол нь надтай ямар ч хамааралгүй болох нь энэ бүгдээс харагдаж байна. Учир нь сүүлд уг машиныг худалдаж авсан Б.Булганбаатар 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зам тээврийн зөрчил гаргасан бөгөөд үүнээс хойш 2014 оны 9 дүгээр сард Б.Баярмаа, Б.Булганбаатар нар холбогдож машины нэрээ шилжүүлсэн байсан. Гэтэл Б.Баярмаа нь нэхэмжлэлд шүүхээс нэхэмжлэл иртэл Б.Булганбаатар гэдэг хүнд автомашин худалдсан байсныг мэдээгүй гэдэг нь худал бөгөөд Б.Баярмаа энэхүү нэхэмжлэлийг Б.Булганбаатарт холбогдуулж гаргах ёстой байсан гэдгээ мэдсээр байж, надад холбогдуулан гаргаж байгаа нь үндэслэлгүй гэдэг нь тодорхой байна. Иймээс энэ бүх байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Булганбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны намар 26-12 УБУ улсын дугаартай “Ауди” маркийн автомашиныг Ч.Оюунбаяраас зээлээр авсан. Ч.Оюунбаяр нь уг машиныг надад өгөхдөө Б.Баярмаа гэдэг хүний утасны дугаарыг өгөөд утсаар нь холбогдоод авто машины нэрийг шилжүүлж аваарай гэж хэлсэн. Би өөрөө Архангай аймагт амьдардаг, Улаанбаатар хотод хааяа ирдэг байсан бөгөөд ирэх үедээ Б.Баярмаагийн дугаар луу залгахад утсаа авахгүй эсхүл холбогдох боломжгүй байсан.

Улмаар 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 51-95 улсын дугаартай “Хьюндай Старикс” маркийн авто машинтай мөргөлдөн зам тээврийн зөрчил гаргасан. Уг ослын дагуу дуудлага өгснөөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн байцаагч үзлэг хийж байхад Монгол даатгал компанийн ажилтан ирж зөрчил гарсан газрын зураг болон тээврийн хэрэгслийн зургийг авч тэмдэглэл үйлдээд явсан.51-95 УНА дугаартай автомашинд үнэлгээ хийлгэхээр болсон бөгөөд нь “Вэндо” ХХК-ийг сонгоод 2 300 000 төгрөгийн хохирол гарсан. Үнэлгээний хөлс 20 000-30 000 төгрөгийг би төлсөн. Хохирол болох 2 300 000 төгрөгийг “Монгол даатгал” ХХК-иас барагдуулахаар болж тээврийн хэрэгсэлтэй холбоотой шалгалтын ажил дууссан. 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр надад зам тээврийн зөрчилтэй холбогдуулан 192 000 төгрөгийн торгууль ногдуулсан байсан бөгөөд торгууль тухайн үед батлагдсан Өршөөлийн тухай хуульд хамрагдан өршөөгдсөн. Иймээс би 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн уг зам тээврийн асуудал бүрэн дууслаа гэж ойлгосон. Гэтэл захиргааны арга хэмжээ авагдсанаас хойш 1 жил 11 сарын дараа уг хэрэг ахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан нь холбогдох хуулийн заалттай зөрчилдөж байна. Үүнд: 2014 оны 7 дугаар сард “Вэндо” ХХК-ийн тогтоосон хохирлын акт байгаагүй, 2014 онд зам тээврийн осол гаргасан “Хюндай Старикс” маркийн автомашины зах зээлийн үнэ 3 500 000 төгрөгөөс 4 000 000 төгрөгийн үнэтэй байсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ч.Оюунбаяр 995 800 төгрөгийг, хариуцагч Б.Булганбаатараас 995 800 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Баярмаад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46 820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Оюунбаяраас 23 410 төгрөгийг, хариуцагч Б.Булганбаатараас 23 410 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Баярмаад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ч.Оюунбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. М.Цэндсүрэн би хариуцагч Ч.Оюунбаяраас 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 1 жилийн хугацаатай итгэмжлэл авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлсэн. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр надад шүүх хуралдааныг товыг мэдэгдэлгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн байна. Шүүх хуралдааныг товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу хэргийн оролцогч надад мэдэгдээгүйд гомдолтой байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх эрхийг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Баярмаа нь хариуцагч Ч.Оюунбаярт холбогдуулан гэм хорын хохиролд 1 991 600 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Булганбаатарыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хариуцагч Ч.Оюунбаярт эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэнд шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн талаар баримтгүй байна.

 

Хэргийн 64 дүгээр талд авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад Ч.Отгонбаярт 99180734 дугаарын утсаар хурлын тов хүргүүлсэн гэх боловч уг этгээд нь хэргийн оролцогч биш байгаагаас гадна мэдэгдэх хуудсаар мэдэгдэх, мэдэгдэх боломжгүй тохиолдолд утсаар мэдэгдэх хуульд заасан ажиллагааны дараалал зөрчжээ.

 

Иймд анхан шатны шүүх шүүх хуралдааны товыг хариуцагч Ч.Оюунбаярт мэдэгдээгүй, үүний улмаас хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчимд нийцээгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчжээ.

 

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Булганбаатарыг хамтран хариуцагчаар татсан боловч нэхэмжлэлийн шаардлага нь хэнд ямар хэмжээгээр хамааралтай талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх ялгаж зааглаж тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй болно.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/01487 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар харуицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогчид магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНХАНД

 

                                         ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА