Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 21

 

Э.Батхүүд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор М.Буяннэмэх,

Шүүгдэгч Э.Батхүүгийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг,

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 126 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 745 дугаар магадлалтай, 201501000051 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.Батхүү, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, 2000 онд Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2001 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хорих ялаар тогтоосон, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Энхтүвшингийн Батхүү нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр, бүлэглэн, хууль бусаар олж авах, хадгалах”, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх заалтад заасан “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг давтан борлуулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Батхүүг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр, бүлэглэн, хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг, мөн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг давтан борлуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх заалтад зааснаар Э.Батхүүг 10 жил 01 сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Батхүү, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарын гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Батхүү хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Намайг 2015 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд бусдад 2 удаа “Мөс” гэх нэршилтэй хар тамхийг зарж борлуулсан гэж хорих ял шийтгэсэн бөгөөд гүйцэтгэх ажлын шугамаар хийгдсэн, төрийн нууцад хамааралтай гэх хэнд, хэзээ, хаана, хэдээр худалсан нь тодорхойгүй, ил болгох боломжгүй баримт байгаа гэснээр яллаж байгаад гомдолтой байна. 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр миний бие Э.Энхбилэгийн дуудлагаар түүн дээр очиж түүнд байсан “Мөс” гэх бодисыг хамт хэрэглэсэн даруйдаа цагдаад баригдаж хоригдсон бөгөөд тухайн үед Э.Энхбилэг нь Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.2 гэх зүйл ангиар сэжиглэгдэн шалгагдаж байхдаа уг хэргээсээ мултрахын тулд миний талаар цагдаад худал мэдүүлж, намайг гүтгэсэн гэж надад ойлгогдож байна. 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр миний биед болон амьдарч байсан гэрт үзлэг, нэгжлэг хийхэд ямар ч хар тамхины зүйл илрээгүй, мөн Э.Энхбилэгийн машин дотроос гарч ирсэн “Мөс” гэх бодисыг Э.Энхбилэг нь минийх биш Э.Батхүүгийнх гэж мэдүүлэг өгсөн хирнээ дараа нь над руу “Машин дотроос гарсан “Мөс”-ийг чи минийх гээд хэлчих” гэсэн захиа илгээсэн нь уг захиагаар нотлогдох бөгөөд хавтаст хэрэгт хавсаргагдсан байгаа. Мөн уг хэрэгт байгаа 0.5 гр, 0.7 гр жинтэй 2 ширхэг ууттай “Мөс”-ийг намайг баривчлагдсанаас хойш нэг жилийн дараа буюу 2016 оны 06 дугаар сарын 15-нд шинжээчийн дүгнэлтээр ирүүлсэн байдаг. Гэтэл намайг 2015 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд бусдад 2 удаа “Мөс”-ийг борлуулсан гэж ялласан. 2016 оны 06 дугаар сард намайг цагдан хоригдож байхад байцаагч Эрдэнэдалай нь хорих 461 дүгээр ангиас түр бичгээр авч яван машинд суулган мөнгө тоолж байгаагаар болон хүнд юм өгч байгаагаар, мөн энд хэдэн ширхэг байна гэх зэргээр хэлүүлэн дүрс бичлэг хийсэн. Миний бие уг бичлэгийг хийлгэхээс татгалзсан боловч байцаагч Эрдэнэдалай нь хүчээр хийлгэсэн. Уг дүрс бичлэгийг монтаж хийж засварласны зэрэгцээ шинжээчийн дүгнэлт гаргуулж миний эсрэг баримт болгон ашигласан байж болзошгүй юм. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Э.Батхүүд холбогдох 8 хавтаст хэргээс 1-6 дугаар хавтаст хэрэгт Э.Батхүүтэй холбоотой ямар ч баримт нотолгоо байдаггүй, 7-8 дугаар хавтаст хэрэгт л Э.Батхүү болон Э.Энхбилэгтэй холбоотой баримт нотолгоо авагдсан байдаг юм. Тухайн өдөр Э.Батхүү нь Э.Энхбилэгийн дуудсанаар очиж түүний автомашинд сууж түүний олж авч хадгалсан байсан “Мөс” гэх бодисыг хамт хэрэглэсэн. Гэтэл Э.Батхүүг олж авч хадгалсан гэж дүгнэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна. Машинаас илэрсэн “Мөс” гэх бодис нь Э.Энхбилэгийнх болох нь хэрэгт цугласан нотлох баримт, захидал, мэдүүлэг зэргээр батлагдсан байтал шүүх бодитойгоор тал бүрээс нь дүгнэж үзэлгүй шийдсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн Э.Батхүүг 2015 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд 2 удаагийн давтан үйлдлээр бусдад “Мөс” гэх зүйлийг борлуулсан гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан. Гэтэл Э.Батхүү нь хэзээ, хаана, хэнд, ямар хэмжээтэй, юуг, хэдэн цагт борлуулсан талаар ямар ч нотлох баримт байхгүй, харин түүнийг гэмт хэрэгт холбоогүйг нотлох баримт авагдсан байдагийг анхаарч үзээгүй нь учир дутагдалтай, хууль бус шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Э.Батхүүг Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсон нь хангалттай нотлох баримтгүй, зөвхөн гүйцэтгэх ажиллагааны баримтыг үндэслэсэн байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт “гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлж болох ба ингэхдээ нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх үйл ажиллагааны эх сурвалжийг нууцална” гэж заасан болохоос тухайн гэмт хэрийг хэрхэн үйлдсэн нь тодорхой байх ёстой юм. Гэтэл Э.Батхүүг буруутгаж байгаа дээрх нөхцөл байдлууд нь нотлогдон тогтоогдоогүй. Иймд Э.Батхүүд холбогдох хэрэг нь хөдөлбөргүй баримтаар нотлогдоогүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Уг хэргийн тухайд 8 дугаар хавтаст хэргийн 212 дугаар хуудсанд байгаа материал болон шинжээчийн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүнийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Шүүгдэгч Э.Батхүүгийн үйлдлийг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Э.Батхүү нь 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 12 дугаар байрны гадна талын авто зогсоолд 0604 УНЛ улсын дугаартай, “Приус-20” загварын автомашин дотор “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” Нэгдсэн Үндэстний  байгууллагын 1971 оны конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Метамфетамин /Methamphetamine/-ын агууламж бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх “мөс” гэх нэршилтэй бодисыг Э.Энхбилэгтэй бүлэглэн борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан,

мөн 2015 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт давтан үйлдлээр “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” Нэгдсэн Үндэстний  байгууллагын 1971 оны конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Метамфетамин /Methamphetamine/-ын агууламж бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх “мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх Э.Батхүүд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх заалтад хамаарах гэмт хэргийг  2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Шүүх Э.Батхүүд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх заалтад хамаарах гэмт хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх бөгөөд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан Э.Батхүүд 10 жил 01 сар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэхээр тогтоосон нь шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, үйлдсэн хэргийн шинж чанар, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Түүнчлэн Э.Батхүүд холбогдох Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын хүрээнд, гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглан олж авсан баримт сэлтийг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь хуулийн шаардлага зөрчөөгүй байх бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Төрийн нууцын тухай хууль, Гүйцэтгэх ажлын хуулинд заасны дагуу үйл ажиллагааны эх сурвалжийг нууцалсныг буруутгах үндэслэлгүй байна.     

Мөрдөн байцаалтын шатанд дээрх гүйцэтгэх ажиллагааны явцад олж тогтоосон баримт сэлт, мэдээлэл, эд мөрийн баримт зэргийг эрүүгийн байцаан шийтгэх тодорхой ажиллагаагаар баталгаажуулан, нотлох баримтаар үнэлж болох хэмжээнд хэрэгт хавсарган ирүүлснийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж нотлох баримтаар үнэлж, хэргийн нөхцөл байдлын талаарх бусад нотлох баримттай уялдуулан, харьцуулж хянаж үзсэний үндсэн дээр үйл баримт тогтоогдсон гэж анхан болон давж заалдах шатны шүүх нь Э.Батхүүг гэм буруутайд тооцсоныг үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн шүүгдэгч Э.Батхүү, “...уг хэрэг хөдөлбөргүй баримтаар нотлогдоогүй тул Э.Батхүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарын гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 126 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 745 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Батхүү, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                            ДАРГАЛАГЧ

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                            ШҮҮГЧ                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН