Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 312

 

“Бүрэнцутгамал” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч “Бүрэнцутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Наранбулаг нарыг оролцуулан хийж,   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 403 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 492 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Бүрэнцутгамал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 403 дугаар шийдвэрээр: Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 10 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан “Бүрэнцутгамал” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын “Бүрэнцутгамал” ХХК-ийн жагсаал, цуглаан зохион байгуулах мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 492 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 403 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Булганмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Бүрэнцутгамал” ХХК болон иргэн Б.Батдэлгэрээс дүүргийн Засаг даргад хандан жагсаал цуглаан хийхээр ирүүлсэн мэдэгдлийг хүлээн авч тухай бүр хуульд заасан хугацаанд хариу өгч байсан. Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгох эсэх асуудал нь зохицуулагдаагүй бөгөөд иргэдээс улс төр, нийгэм эдийн засаг, хүний эрх эрх чөлөөтэй холбоотой асуудлаар үзэл бодол санал шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор зохион байгуулж байгаа үйл ажиллагааг бүртгэж авах эсэх асуудлыг зохицуулсан байдаг.

Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохыг даалгах шаардлага нь Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар Засаг даргад эрх олгогдоогүй асуудлыг хөндсөн бөгөөд анхан шатны шүүхээс уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь эрх зүйн хувьд Засаг даргыг хууль бус үйлдэл хийхийг шаардсан асуудал болж байна.

Өөрөөр хэлбэл Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9.1 дэх хэсэгт “Гудамж талбайд жагсаал цуглаан хийх мэдэгдлийг сум дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ” гэж жагсаал цуглаан хийх мэдэгдлийг бүртгэх эрхийг тусгайлан зааж өгсөн бөгөөд энэ эрхэд нь шүүхээс халдан жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохыг даалгаж байгаа нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчээс уг шүүхийн шийдвэрийг ашиглан хэдэн ч удаа жагсаал, цуглаан зохион байгуулж, хууль зөрчих боломжийг бүрдүүлж байгаа хэрэг болно.

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан дүүргийн Засаг даргад хандан “Сант” сургуулийн удирдлагаас ирүүлсэн бичгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй. “Сант” сургуулийн захиргааг гуравдагч этгээдээр татах хариуцагчийн хүсэлтийг шүүх хуралдааны үе шатанд авч хэлэлцээгүй нь дүүргийн Засаг даргаас “Бүрэнцутгамал” ХХК-д 2016 оны 1/1637 дугаар, иргэн Б.Батдэлгэрт 2016 оны 1/1659 дүгээр албан бичгээр тус тус хариу өгснөөр дурдагдсан хоёр байгууллагын хооронд үүссэн харилцааг нотлох боломж олгоогүй, “Бүрэнцутгамал” ХХК болон “Сант” сургуулийн хоорондын шүүхээр шийдвэрлүүлж байгаа хэрэг маргааны талаарх асуудлыг тодруулах боломжийг бүрдүүлээгүй, нэхэмжлэгчээс хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах нэрийн дор “Сант” сургуультай хамаатай шүүхийн шийдвэрт нөлөөлөх оролдлогыг анхаарч үзээгүй нь хэргийг нэг талаас харж шийдвэрлэх үндэслэл болсон. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг буруу тодорхойлсон байх тул шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан Сант сургуулийн гадна замын эсрэг талд цуглаан зохион байгуулахаас татгалзсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохыг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд “улсын комисст хүлээлгэн өгөөгүй барилгыг ашиглан сургалтын үйл ажиллагаа явуулж, хүүхдийн эрх зөрчиж байгааг нийтэд мэдээлэх” зорилгоор Сант сургуулийн замын эсрэг талд цуглаан зохион байгуулахыг хүсчээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйл “Монгол Улсын иргэн дараах эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхтэй. Жагсаал цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэсний дагуу Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг хууль тогтоогчоос баталж, уг хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэдээс улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор зохион байгуулж байгаа үйл ажиллагааг “цуглаан” гэж тодорхойлжээ.

Тухайн тохиолдолд нэхэмжлэгч энэхүү хуулийн хүрээнд хүүхдийн эрх ашигтай холбоотой асуудлаар үзэл бодлоо нийтэд мэдээлэхийг хүссэн нь хуулийн дээрх заалтад заасан цуглаанд хамаарахаар бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цуглаан хийхийг хориглосон хязгаарлалтад хамаарахгүй байх тул хариуцагчийн “хоёр байгууллагын төлбөр, тооцоотой холбоотой хувийн асуудал” гэх татгалзал хууль бус байна.

Мөн хариуцагчийн “хуульд цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгох эсэх асуудал зохицуулагдаагүй, Засаг даргад цуглааныг зөвхөн бүртгэж авах эрх олгосон байхад зөвшөөрөл олгохыг даалгаж байгаа нь хууль бус” гэх гомдол үндэслэлгүй.

Учир нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар цуглааныг бүртгэн авч байгаа захиргааны байгууллагын үйлдэл нь цуглаан зохион байгуулахыг зөвшөөрсөн утгыг агуулж, бүртгүүлсний дараа цуглаан хийх талаар нийтэд мэдээлэх эрх үүсч байна.

Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагын цуглааныг бүртгэж байгаа үйлдэл нь цуглаан зохион байгуулахыг зөвшөөрсөн үр дагаврыг агуулж байх ба энэ талаар давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Харин анхан шатны шүүх “нэхэмжлэлийг компани эсхүл иргэн гаргасан эсэхээс үл хамааран цуглаан хийх үндсэн эрхийг хязгаарласан эсэхэд дүгнэлт өгнө” хэмээн нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээс уг алдааг зөвтгөөгүй нь буруу байна.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цуглааныг Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй гэж зохицуулжээ.

Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 16-д Монгол Улсын иргэн гэж ерөнхий агуулгаар зохицуулсан боловч хууль тогтоогчоос уг харилцааг зохицуулсан нарийвчилсан хуулийг батлахдаа дээрх байдлаар зөвхөн Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага гэсэн гурван этгээд цуглаан хийх эрхтэй байдлаар тусгайлан заажээ. Иймээс хуулийн этгээдэд цуглаан зохион байгуулах эрх олгоогүй гэж үзлээ.

Иргэн Б.Батдэлгэр нь анх хуулийн этгээдийн хувьд цуглаан зохион байгуулахаар Засаг даргад хандаж, татгалзсан хариу авсан учир уг асуудлаар маргалгүй, зөрчлийг засч, иргэний хувьд дахин захиргааны байгууллагад хандсан, шүүхэд хандахдаа иргэн болон хуулийн этгээдийн аль алинаар нь нэхэмжлэл гаргасан байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Шүүхийн энэ алдаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт шууд нөлөөлөхгүй, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй, зөвтгөх боломжтой байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч анхнаасаа иргэний хувиар захиргааны байгууллагад маргаан үүсгэж байсан байдлыг харгалзаж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмыг хэрэглэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн “гуравдагч этгээдээр Сант сургуулийг татаагүй, хүүхдийн эрх ашгийг хамгаалах нэрийн дор Сант сургуультай хамааралтай шүүхийн шийдвэрт нөлөөлж байгааг анхаараагүй” гэх гомдлын тухайд энэхүү маргааны улмаас Сант сургуулийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл үүсэхгүй, хоёр байгууллагын хоорондын маргаан биш, харин бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолтой холбогдуулан иргэний үзэл бодлоо илэрхийлэх зорилготой тайван цуглаан байх тул дээрх гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн шүүхээс цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохыг Засаг даргад даалгах нэхэмжлэлийг хангаж байгаатай холбогдуулан, цаг хугацаа өнгөрсөн өөрчлөлтийг харгалзаж, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь цуглаан хийх тухай Засаг даргад урьдчилан мэдэгдэж, цуглаан хийх цаг хугацааг тохиролцох үүрэгтэй болохыг тэмдэглэв.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр магадлалд өөрчлөлт оруулав. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 403 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 492 дугаар магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Батдэлгэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын цуглаан зохион байгуулахаас татгалзсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохыг даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                              М.БАТСУУРЬ 

ШҮҮГЧ                                                                                     П.СОЁЛ-ЭРДЭНЭ