| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Амарсайхан |
| Хэргийн индекс | 182/2017/02059/И |
| Дугаар | 001/ХТ2018/001202 |
| Огноо | 2018-09-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2018/001202
Д.А нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2018/00040 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 640 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч Д.А нэхэмжлэлтэй
Хариуцагч “ТОСК ” ТӨҮГ-т холбогдох,
Авто зогсоол худалдах-худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд ТОСК йн ерөнхий захирлын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/109 дугаар тушаалын хавсралт 2-т заасны дагуу өөрчлөлт оруулах, илүү төлсөн 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баднайсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэлмэг, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Д.А-тай нь “ТОСК ” ТӨҮГ-тай 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр авто зогсоол худалдах-худалдан авах гэрээ байгуулж, гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар авто зогсоолыг 20 000 000 төгрөгөөр худалдан авсан.
Тухайн үед “ТОСК ” ТӨҮГ нь авто зогсоол худалдан борлуулах журмыг батлаагүй, худалдан борлуулах жишиг үнийг тогтоогоогүй байсан бөгөөд гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан үнийн дүн нь өөрөө суурь судалгаагүй, үндэслэл бүхий жишиг үнэгүй, албан ёсны баримт бичгийг үндэслээгүй, аль нэг талын дураараа санал болгосон үнийн дүнгээр зарагдсан.
Ийнхүү нэхэмжлэгч нар нь “ТОСК ” ТӨҮГ-ыг авто зогсоол худалдан борлуулах журмаа батлах, журамд батлагдсан жишиг үнээр авто зогсоол худалдах тухай асуухад батлагдана, та нартай байгуулсан гэрээний үнийн дүнгийн дагуу батлагдана. Эсхүл одоо байгуулж, буй үнийн дүнгээс ч өндөр болж магадгүй гэж хэлж байсан. Хамгийн гол нь журмаа батлахаас өмнө тогтоосон авто зогсоолын төлбөр 20 000 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөлт хийхгүй тохиолдолд гэрээг цуцлах, алданги тооцох зэрэг арга хэмжээ авна гэсний дагуу аргагүйн эрхэнд үнийг төлсөн.
Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгч миний худалдан авсан авто зогсоолын жишиг үнэ, мөн худалдан борлуулахтай холбоотой журмыг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/109 дүгээр ТОСК йн ерөнхий захирлын тушаалаар баталж, тушаалын хавсралт 2-оор худалдан авсан авто зогсоолын үнийг 14 000 000 төгрөг байхаар тогтоосон.
Засгийн газрын 2014 оны 36 дугаар тогтоолын хавсралт Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд баримтлагдсан Буянт-Ухаа 1 хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журмын 7 дугаар зүйлийн 7.2-т “Энэхүү журмаар зохицуулаагүй бусад асуудлыг ТОСК-ийн Буянт-Ухаа 1 хорооллын орон сууцыг худалдан борлуулах үйл ажиллагааг зохицуулахаар дотооддоо мөрдөх журмаар зохицуулна” гэж тодорхой тусгасан байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Монгол Улсын Засгийн газраас төрөөс орон сууцны талаар баримтлах бодлогыг хангах, орон сууцны төвлөрсөн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын 2013 оны 253 дугаар тогтоолоор “ТОСК ” ТӨҮГ-ыг байгуулж, дүрмийг баталсан.
“ТОСК ” ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 16 дугаар зүйлийн 16.4 болон байгууллагын дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т зааснаар үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллах үүрэгтэй. “ТОСК ” ТӨҮГ нь үүсгэн байгуулагдсан зорилго чиглэлийнхээ хүрээнд Улаанбаатар хот, орон нутагт Буянт-Ухаа 1 хорооллын 1764 айлын орон сууц, Буянт-Ухаа 2 хорооллын 3000 айлын орон сууц, аймаг бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд 8 аймагт 1235 орон сууц барьж, ашиглалтад оруулан, иргэдэд орон сууцыг өртгөөр нь худалдан борлуулдаг бөгөөд дүрэмд заасан өөрийгөө санхүүжүүлэх, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломжоо авто зогсоол болон үйлчилгээний төвөө зах зээлийн зарчмаар худалдан борлуулж бий болгодог.
Тодруулбал, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд манай байгууллага өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдан борлуулах, түүний үнийг тогтоохдоо аливаа суурь судалгаа, жишиг үнийг баримтлах шаардлагагүй бөгөөд өөрийн өртөг зардал, ашгаа шингээсэн дурын боломжит үнээр худалдан борлуулах нь манай байгууллагын болон худалдан авах иргэний хүсэл зоригоор тодорхойлогдох бөгөөд талууд худалдах-худалдан авах хүсэл зоригоо Иргэний хуулийн дагуу хангалттай илэрхийлж, худалдан авах гэрээ байгуулж, талуудын хүсэл зоригийн үр дүнд хийсэн хэлцэл бүрэн хангагдсан гэж үзэж байна.
“ТОСК ” ТӨҮГ нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэн Д.А-тай авто зогсоолын захиалгын гэрээг бичгээр байгуулж, хуульд заасан арга хэлбэрээр баталгаажуулсан байна. Иргэн Д.А-тай нь авто зогсоолын үнийг манай байгууллагад 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн төлж, манай байгууллагаас авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, түүний бичиг баримтыг гаргаж, талууд гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Уг гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу иргэн Д.А-тай авто зогсоолын үнийг “ТОСК ” ТӨҮГ-т бүрэн төлж авто зогсоол болон түүний өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагчид шилжүүлснээр эрхийн болон биет байдлын доголдолтой холбогдуулан шаардах эрхээс бусад нөхцлийн хувьд дуусгавар болсон. Иргэн нэхэмжлэлийн шаардлагадаа авто зогсоолын эрхийн болон биет байдлын талаар, эсхүл худалдагч талын гэрээний үүргээ зөрчсөн талаар аливаа шаардлага гаргаагүй бөгөөд худалдах-худалдан авах гэрээний үнэ нь талуудын гэрээ байгуулагдахаас өмнө тохиролцсон хүсэл болно.
Тодруулбал, “ТОСК ” ТӨҮГ-ын 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/22 тоот Орон сууцны нэгжийн үнэ тогтоох тухай тушаалаар Буянт Ухаа 1 хороолол төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд барьж ашиглалтад орсон орон сууцны авто зогсоолын худалдан борлуулах үнийг 20 000 000 төгрөг байхаар баталсан. Иргэн Д.А нэхэмжлэлд дурдагдсан хохиролд 6 000 000 төгрөг гаргуулах шаардлага нь Иргэний хуульд заасан ямар эрх ашгаар хамгаалагдаж буй нь тодорхой бус, худалдагчийн зүгээс захиалагчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн аливаа үйлдэл байхгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2018/00040 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 244 дүгээр зүйлийн 244.1-д заасныг тус тус баримтлан “ТОСК ” ТӨҮГ-аас нэхэмжлэгч Д.А авто зогсоол худалдах-худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/109 дүгээр ТОСК йн ерөнхий захирлын тушаалын хавсралт 2-т заасны дагуу өөрчлөлт оруулах, өөрчлөлт орсонтой холбоотойгоор илүү төлсөн 6 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн Д.А нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 640 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2018/00040 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Маргаан бүхий автозогсоол худалдах-худалдан авах гэрээний нийтлэг үндэслэлийн 1.2-т батлагдаагүй, удахгүй 20 сая төгрөгөөр батлагдана гэж амласан журмаа үндэслэж энэхүү гэрээг байгуулсан байдаг. Тйимдээ ч батлагдаагүй байсан учраас тушаалын дугаарыг “...” гэж хоосон орхисон байдаг.
Журам гаргах үүргээ Засгийн газрын тогтоолоор хүлээсэн атлаа гаргалгүй, үйлчлүүлэгчдийг хохироож, өөрсдөө дур мэдэн үнэ тогтоож автозогсоолыг худалдан борлуулсан үйлдлийг харж болно. ...Нэхэмжлэгчийн зүгээс гэрээг хүчин төгөлдөр гэдэгт маргаагүй бөгөөд зөвхөн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг үндэслэж, гэрээний бэлтгэл үе шатанд санаатайгаар худал мэдээлэл өгч, гэрээ байгуулсан мөн нэг талын тулган шаардалтаар 3.1 дэх заалтын үнийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан, гэрээ байгуулагч талуудад шударга бус хандсан гэх үндэслэлүүдийг дурдаж, энэхүү заалтыг өөрчлүүлэхээр маргаан үүсгэсэн. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь энэхүү үндэслэлүүдийг харгалзан үзэж цаашлаад гэрээний 3.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болгож, гэрээнд өөрчлөлт оруулах үндэслэл буй эсэх талаар шалгалгүй гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр үү гэдэг асуудлыг чухалчлан үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
...Гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд гэрээний талууд нь үнэн зөв мэдээлэл өгөх үүргээ зөрчиж, журмаар зохицуулагдах харилцааг өөрсдөө дур мэдэн үндэслэлгүй үнэ тогтоож, энэхүү үнээрээ худалдан авахыг шаардсан. Гэрээний 4.4, 6.3.1 зэрэг заалтуудад үндсэн болон үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд “ТОСК ” ТӨҮГ нь гэрээг дангаар цуцлах, алданги нэхэмжлэх эрхтэй байсан бөгөөд хамгийн гол нь тухайн журам батлагдсан ч энэхүү “20 сая гэсэн үнэ өөрчлөгдөхгүй, нэгэнт автозогсоолын захиалга өгсөн бол урьдчилгаа болон үлдэгдэл төлбөрөө яаралтай төл, тэгэхгүй бол захиалгыг цуцлана” гэж “ТОСК ” ТӨҮГ-аас шаардаж байсан тул аргагүйн эрхэнд мөн тэдний өгсөн мэдээлэлд итгэж, шахалтаар гэрээг байгуулсан.
...Мөн журам батлахаас өмнө гэрээ байгуулсан зарим иргэдийн гэрээг журамтайгаа дүйцүүлж, 20 сая төгрөгний үнийг буулгаж, 14 сая болгож үнийг өөрчилсөн байдаг. Энэ нь “ТОСК ” ТӨҮГ нь иргэдтэй тэгш харилцах зарчмыг зөрчиж шударга бус хандсан болно. Дээрх 20 сая төгрөгийг 14 болгож өөрчилсөн үйл баримтыг гол нь чухалчилж байгаа бөгөөд ийнхүү өөрчлөлтийг хийх л байсан бол иргэдтэй эрх тэгш, шударга хандах ёстой. Мөн бид эдийн засгийн нөхцөл байдлаар гэрээний зүйлийн үнэ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 6 сая төгрөгийг нэхэмжлээгүй, анхчлан тогтоосон 14 сая гэх үнээрээ автозогсоолоо худалдан борлуулна уу, мөн журам батлагдсантайгаар бусад иргэдийн гэрээнд 20 сая төгрөгийг 14 болгож өөрчилсөнтэйгээ ижил нэхэмжлэгч нартай хандана уу, судалгаагүйгээр дур мэдэн тогтоосон үнийг гэрээ байгуулах үе шатанд баталгаатай өөрчлөгдөхгүй үнэ мэтээр хууран мэхэлж гэрээ байгуулсан зэрэг үндэслэлээр маргаж байгаа болохоос эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч аливаа эд зүйлийн үнэ өсч буурсан нөхцлийг үндэслэж нэхэмжлэлээ гаргаагүй, үндэслээгүй ба анхан шатны шүүх нь энэхүү өнцгөөр хэргийг илт өөр агуулга руу оруулж шийдвэрлэж буйд гомдолтой байна.
Дээр дурдсан үндэслэлээр гэрээний 3.1 дэх заалттай маргаад байгаа асуудлыг анхан шатны шүүх нь анхаарч үзэлгүй энэхүү үндэслэлүүдэд дүгнэлт өгөөгүй атлаа “гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр” гэдэг хэрэгт ач холбогдолгүй нөхцөл байдлаар хэрэгт дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 640 дүгээр магадлалд хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Д.А-тай нь автозогсоол худалдах-худалдан авах гэрээний үнийг үндэслэл бүхий биш гэж үзэж, үнэ тодорхойлсон гэрээний заалтыг өөрчлөх, илүү төлсөн 6 000 000 төгрөгийг буцаан авах тухай шаардлагыг хариуцагч “ТОСК ” ТӨҮГ-т холбогдуулан гаргажээ. Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдах 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “ТОСК ” ТӨҮГ нь авто зогсоол худалдан борлуулах журмыг батлаагүй, худалдан борлуулах жишиг үнийг тогтоогоогүй байсан ба энэхүү журам “ТОСК ” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/109 дүгээр тушаалаар батлагдсан учир энэ журамд заасан үнээр худалдах-худалдан авах гэрээний үнэ тодорхойлогдох учиртай гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон байна.
Хариуцагч “ТОСК ” ТӨҮГ нь шаардлагыг эс зөвшөөрч, уг корпораци нь “Буянт Ухаа 1” хороолол төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд барьж ашиглалтад орсон орон сууцны авто зогсоолын худалдан борлуулах үнийг ерөнхий захирлын 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Орон сууцны нэгжийн үнэ тогтоох тухай” А/22 тоот тушаалаар баталсан тул энэ үнийг нэхэмжлэгч Д.А-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээнд баримталсан гэж нэхэмжлэлээс татгалзжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигч нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “автозогсоолын захиалгын” нэртэй гэрээ байгуулж, нэхэмжлэгч Д.А-тай нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Буянт-Ухаа-1” орон сууцны хорооллын А395 дугаартай 15 мкв талбай бүхий автозогсоолыг 20 000 000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг бүрэн төлж, 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр уг автозогсоолын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлжээ. Шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан шаардлагад нийцсэн байна.
Хариуцагч “ТОСК ” ТӨҮГ нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буянт-Ухаа 1” хорооллыг барьж, ашиглалтад орсон 1764 айлын орон сууцны худалдан борлуулах нэгж мкв талбай, автозогсоол, үйлчилгээний төв, оффисын барилгын үнийг ерөнхий захирлын 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А\22 дугаар тушаалаар баталсан жишиг үнээр тогтоож, захиалагч, худалдан авагчидтай гэрээ байгуулж байсан байна. Энэхүү тушаалд зааснаар дундын гараашийн нэгж автозогсоолын үнийг 20 000 000 төгрөгөөр тогтоосон байх ба нэхэмжлэгч Д.Ахудалдаж авсан автозогсоолын үнэ 20 000 000 төгрөг байна.
Нэгжийн үнэ тогтоосон дээрх тушаал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4, 20 дугаар зүйлийн 1-ийн 9-д заасан зохицуулалтад үндэслэжээ. Хуулийн эдгээр зохицуулалтын дагуу аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрөө бие даан борлуулах, үйлдвэрийн газрын захирал нь улсаас хатуу тогтоосноос бусад бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ, тарифыг тогтоох бүрэн эрхтэй байна.
Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 298 дугаар тогтоолоор батлагдсан \зохигчийн хооронд гэрээ байгуулагдсан 2014 онд даган мөрдөгдөж байсан\ “ТОСК ” ТӨҮГ-ын дүрмийн 4.1.5.-д корпораци нь захиалан бариулсан орон сууцны хотхон, хороололтой цогцоор нь барьсан арилжааны зориулалттай барилга байгууламж, талбайг ашиг олох зорилгоор түрээслүүлэх, худалдан борлуулах бүрэн эрхтэй гэж заажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолоор батлагдсан “Зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд баригдсан “Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журам”-ын 6.1., 7.2.-т зааснаар хариуцагч “ТОСК ” ТӨҮГ нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хүн амыг орон сууцжуулах төсөл, хөтөлбөрийн захиалагчийн эрх, үүргийг хэрэгжүүлж орон сууцыг иргэдэд худалдан борлуулах ажиллагааг энэ журам болон захиалга авах, худалдан борлуулах талаар дотооддоо мөрдөгдөх холбогдох журмын дагуу хариуцан зохион байгуулах, энэхүү журмаар зохицуулаагүй бусад асуудлыг ТОСК-ийн “Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцыг худалдан борлуулах үйл ажиллагааг зохицуулахаар дотооддоо мөрдөх журмаар зохицуулах ёстой байна.
Хариуцагч “ТОСК ” ТӨҮГ-ын ерөнхий захирал 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Буянт-Ухаа 1” хорооллын автозогсоолд захиалга авах, зээлээр худалдан борлуулах журам батлах тухай А\104 дүгээр тушаал гаргасан ба уг тушаалын 1 дүгээр хавсралтаар журам, 2 дугаар хавсралтаар үнэ, зээлийн хүү, хугацааны ерөнхий нөхцөл зэрэг батлагджээ. Энэхүү тушаалын 2 дугаар хавсралтад автомашины том зогсоол 14 000 000 төгрөг, жижиг зогсоол 11 000 000 төгрөгийн үнэтэй байх ерөнхий нөхцөл тусгагджээ.
Дээрх тушаалаар “Буянт-Ухаа 1” хорооллын автозогсоолд захиалга авах, зээлээр худалдан борлуулах журам батлагдсанаас гадна ийнхүү захиалга авах, зээлээр худалдан борлуулах үнэ батлагдсан байх ба журмын зохицуулалт нь үнэ тогтоосон тушаалын зохицуулалтыг үгүйсгээгүй, борлуулалтын үнийг тодорхойлоогүй байна. Өөрөөр хэлбэл, “ТОСК ” ТӨҮГ-ын ерөнхий захирал Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 9-д заасан бүрэн эрхийн хэмжээнд 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А\22 дугаар тушаал болон 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдийн А\104 дүгээр тушаалаар автозогсоол борлуулах үнэ тогтоосон бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А\104 дүгээр тушаалаар автозогсоолд захиалга авах, зээлээр худалдан борлуулах журам давхар батлагдсан байх нь үнэ тогтоох хуулиар олгогдсон захирлын бүрэн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.
Энэ утгаар автозогсоолын захиалга авах, борлуулах журам гараагүй байх үед зохигчийн хоорондох гэрээнд тусгагдсан 20 000 000 төгрөгийн үнийг “ТОСК ” ТӨҮГ-аас “дур мэдэн” тогтоосон гэж үзэх, гэрээний энэ талаарх заалтыг журмаар тодорхойлсон үнээр өөрчлөх тухай нэхэмжлэгчийн тайлбар, шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзнэ.
Гэрээ байгуулагдах үед нийтэд баримталж байсан жишиг үнэ гэрээ байгуулагдаж, хэрэгжсэнээс хойш өөрчлөгдсөн байх нь гэрээний үнийг ихэсгэх, эсхүл багасгахыг шаардах эрхийг худалдагч болон худалдан авагч талд үүсгэхгүй болно. Хуульд заасан бүрэн эрхийн хэмжээнд эрх бүхий этгээдээс гаргасан заавал даган мөрдөх шинжтэй хэм хэмжээг тухайн актад заасан, эсхүл энэхүү акт хүчин төгөлдөр болсон үеэс дагаж мөрдөх учиртай.
Нөгөө талаар, “ТОСК ” ТӨҮГ нь зарим захиалагч, худалдан авагч нартай урьд байгуулсан гэрээний үнийн талаарх заалтыг 2015 онд дээрх журам батлагдсанаас хойш өөрчилж, автозогсоолын үнийг анхны гэрээнд зааснаас багасгасан атлаа нэхэмжлэгч Д.Агэрээнд өөрчлөлт оруулахаас татгалзаж, тэгш бус хандсан гэх нэхэмжлэгч талын гомдол үндэслэл муутай байна.
Нэхэмжлэгч тал шаардлагынхаа дээрх үндэслэлийг нотолж, иргэн Г.Нямсүрэнгийн тодорхойлолт, “ТОСК ” ТӨҮГ-аас иргэн Г.Нямсүрэнтэй байгуулсан автозогсоолын захиалгын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн С149 гэрээ, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн С блок-149 гэрээ, эргэн төлөлтийн график зэргийг шүүхэд баримтаар өгчээ.
Дээрх баримтаас үзвэл, иргэн Г.Нямсүрэн нь хариуцагч “ТОСК ” ТӨҮГ-тай автозогсоолын захиалгын С 149 дугаартай гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан ба нэхэмжлэгч Д.Аадил 15 мкв талбай бүхий автозогсоолыг 20 000 000 төгрөгөөр худалдан авахаар болсон байна. Г.Нямсүрэн гэрээний үнээс урьдчилгаанд 6 000 000 төгрөг төлсний дараа “ТОСК ” ТӨҮГ-ын захирлын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А\104 дүгээр тушаал гарч, худалдагч тал 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дахин гэрээ байгуулж, автозогсоолын үнийг 14 000 000 төгрөгөөр тогтоож, үлдэгдэл 8 000 000 төгрөгийн төлбөрийг төлөх хуваарийг гаргасан байна.
“ТОСК ” ТӨҮГ-ын захирлын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А\104 дүгээр тушаалаар “Буянт-Ухаа 1” хорооллын автозогсоолд захиалга авах, зээлээр худалдан борлуулах журам, ийнхүү захиалга авах, зээлээр худалдан борлуулах үнэ батлагдсан учир автозогсоолыг зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаатай иргэнтэй шинэчилж гэрээ байгуулсан үйл баримтыг буруутгах үндэслэлгүй болно.
Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1., 220.3.-т зааснаар гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй бөгөөд гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй байна. Дуусгавар болоогүй гэрээнд хамааралтай хуулийн уг зохицуулалтыг дуусгавар болсон гэрээнд адилтган хэрэглэх боломжгүй гэж үзнэ.
Автозогсоолын жишиг үнийг өөрөөр тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр гарах үед гэрээ дуусгавар болсон буюу худалдах-худалдан авах гэрээний төлбөр бүрэн төлөгдөж, гэрээний зүйлийн өмчлөх эрх худалдагч талд шилжсэнээс хойш 5 сарын дараа жишиг үнэ өөрчлөгдсөн байх нь дуусгавар болсон гэрээний үнийг өөрчлөх үндэслэл болохгүй юм.
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй учир нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2018/00040 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 640 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН