Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2021/0027/З |
Дугаар | 221/МА2022/0387 |
Огноо | 2022-06-02 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2022/0387
Л.Э-гийн нэхэмжлэлтэй
нийслэлийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,
Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэчимэг,
Нэхэмжлэгч: Л.Э,
Хариуцагч: нийслэлийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: Д.Л, Л.С нар,
Нэхэмжлэлийн шаардлага: “нийслэлийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 230 дугаар захирамжаар иргэн Д.Л, Л.С нарт газар өмчлүүлж шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай“,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 143 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, өмгөөлөгч Т.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х, өмгөөлөгч Ч.М нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Номин,
Хэргийн индекс: 128/2021/0027/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Э нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 230 дугаар захирамжаар иргэн Д.Л, Л.С нарт газар өмчлүүлж шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 143 дугаар шийдвэрээр: ”Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай 12 дугаар зүйлийн 12.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн “нийслэлийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 230 дугаар захирамжаар иргэн Д.Л, Л.С нарт газар өмчлүүлж шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй.
3.2. Нэхэмжлэгч өмнө эзэмшиж байсан газраа байршлын дагуу өмчлөх асуудал болохоос гуравдагч этгээд нарын өмчлөлийг бүхэлд нь хүчингүй болгуулах, тэдний эрхийг зөрчих асуудал биш юм.
3.3. Шүүх шинжээч томилохоор албан бичиг явуулж байсан атлаа нэхэмжлэгчийн шинжээч томилуулах хүсэлтийг удаа дараа хангахаас татгалзсан, маргааны гол зүйл болох орон сууцны баруун талын ногоон байгууламжийн талаар огт дурдаагүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
3.4. Гуравдагч этгээд нарын хувьд эзэмшиж байгаагүй, нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрын зарим хэсгийг шууд өмчилсөн байгаа нь хууль зөрчсөн гэж үзэх хангалттай үйл баримт юм.
3.5. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 143 дугаар шийдвэрийг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч, гуравдагч этгээд нар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
3. Шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:
3.1. Нийслэлийн Засаг дарга 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжийн холбогдох хэсгээр Д.Б-т Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтаар, 290 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна.
3.2 Нийслэлийн Засаг дарга Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д “аймгийн төвийн сумын Засаг дарга болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах” гэж заасны дагуу газар эзэмших өргөдлийг үндэслэн иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.
3.3. Иргэн Д.Л, Л.С нар 2006 оны 03 дугаар сарын 29, иргэн Д.Б 2006 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тус тус “Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 1204 м.кв талбай бүхий газар дээр барьсан орон сууцуудын газрыг Д.Б, Д.Л, Г.А нарт тэнцүү хувааж, газрын гэрчилгээ олгуулах тухай” хүсэлтүүдийг нийслэлийн Газрын албанд гаргажээ.
3.4. Д.Л, Д.Б нараас гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахаар гаргасан өргөдлүүддээ “иргэний гэр бүлийн гишүүдийн үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, өмчлөх газрын байршлын кадастрын зураг” зэрэг баримтуудыг хавсаргасан нь хэрэгт авагдсан нийслэлийн Газрын албаны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01-08/1425, 01-08/1426 дугаар албан бичгүүдээр тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь зүйлийг тусгана”, 20.2-т “Өргөдөлд өргөдөл гаргасан он, сар, өдрийг бичиж 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн бүр гарын үсэг зурсан байна”, 20.3-д “Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргах” гэж заасан шаардлагуудыг хангажээ.
3.5. Энэ тохиолдолд хариуцагч нийслэлийн Засаг дарга 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 230 дугаар захирамжийн холбогдох хэсгээр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Б-т (түүний хамтран өмчлөгч, эхнэр Л.Э) 331.0 м.кв, Д.Л-д (түүний хамтран өмчлөгч, хүү Л.С) 345.0 м.кв газруудыг тус тус гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасанд нийцсэн байна.
3.6. Иргэн Д.Б, Д.Л нарын өмчилсөн нэгж талбарын 1600600035, 1600600023 дугаартай 330, 345 м.кв газрууд нь хоорондоо давхцалгүй болох нь хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2/4561 дүгээр албан бичгээр (1 дэх хавтасны 130 дахь тал) тогтоогдсон байна.
3.7. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн “Д.Б-ын эзэмшиж байсан газрыг Д.Л-д өмчлүүлсэн” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
3.8. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2-т “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамааралгүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх”-ээр заасан.
3.9. Иймд хариуцагчийн “гуравдагч этгээд Д.Л-д газар өмчлүүлсэн маргаан бүхий захиргааны акт”-ыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар нэхэмжлэгчийн “эзэмшиж байгаагүй газраа шууд өмчилсөн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
4. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 143 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР