Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 680

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2020       08        19                                   2020/ШЦТ/680

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч М.Энхбаатар,

шүүгдэгч И.Б, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр,

нарийн бичгийн даргаар Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хорин овогт И.Б холбогдох эрүүгийн 2011000000621 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн 1982 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эцэг, эхийн хамт Дундговь аймгийн Адаацаг сумын 1 дүгээр баг, Тавин 9 гудамжны 5 тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, урьд нь 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 328 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 10 дугаар шийтгэх тогтоол, тус аймгийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний 09 тоот магадлалд зааснаар эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сар 10 хоног хорих ял шийтгүүлж, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Хорин овогт И.Б

           

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч И.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч И.Б нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Доод салхитын 3 дугаар гудамжны 46 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай 2 монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, зүүн гэрээс нь Манал бурхан, тамхи, “Хьюндай элентра” загварын автомашины хар хайрцаг, баруун гэрээс нь дунд гарын мөнгөн аяга, хүзүүнд зүүдэг насны 3 бурхан, архи, Елцин“Jelzin” нэртэй архи, ууттай ааруул зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж, Д.Банзрагчид 592.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 - шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- И.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хулгай хийх зорилготой явж байгаад 7 буудлаас хойш Дарь эх явах төв замын хойд талд эзэнгүй хашаандаа 2 гэртэй, нэг эвдэрхий машинтай, цагаан байшинтай айлын хоёр гэрийн цоожийг нь отверткаар хөшиж орж зүүн талын улаан хаалгатай гэрээс нь шармал бурхан 1 ширхэг, баруун талын гэрээс нь дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн хүрээтэй бурхан 1 ширхэг, Де121П гэсэн бичиг бүхий архи зэргийг хулгай хийж жижиг хар цүнхэнд хийж үүрээд гарсан. Тэгээд автобусанд сууж Чингэлтэй дүүрэг 17 гэх буудал дээр буугаад өөрт байсан 10.000 төгрөгөөр нэг лааз пиво авч 13 дугаар хорооны хойд талын станцын хажуу талд нөгөө пивоо ууж байсан чинь хоёр цагдаа ирээд яагаад гудамжинд архи уугаад байгаа юм бэ, бичиг баримт байна уу гэж шалгаад миний авч явсан цүнхийг үзээд хаанаас авсан талаар асуухаар нь хулгай хийсэн гэж үнэнээ хэлсэн. Би энэ хулгайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Хулгай хийсэн эд зүйлээ цагдаа нарт хүлээлгэж өгсөн байгаа. Харин мөнгөн аягыг нь эвдэж мөнгийг нь зарах гэж байсан чадаагүй баригдсан” /хх-ийн 51-52х/ гэх мэдүүлэг,

           - хохирогч Д.Банзрагчийн мэдүүлэг мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Манайх Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 3-46 тоотод хашаандаа нэг байшин, 2 монгол гэртэй амьдардаг юм. Би 2020 оны 06 дугаар сарын 05-ны өглөө эрт гэрээсээ гарч яваад аав Шарбаатар, ээж Дагийдаа нар үлдсэн. тэгтэл ээж залгаад аав бид 2-г чинь Бөмбөгөр ороод ирэх хооронд гэрт хулгай орчихжээ гэсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай ээж Дагийдаа өндөр настай болохоор би хохирогчоор оролцоно. Манай зүүн талын гэрээс Манал бурхан, парламент тамхи, Хьюндай элентра загварын автомашины хар хайрцаг, баруун гэрээс дунд гарын мөнгөн аяга, хүзүүнд зүүдэг насны 3 бурхан, эрхи, Де1г1п нэртэй архи, ууттай ааруул зэрэг эд зүйл авсан байсан. Мөнгөн аяга 250.000 төгрөг, архи 45.000 төгрөг, ааруул 10.000 төгрөг, зарим зүйлийн үнийг сайн мэдэхгүй байнаа, манай гэрээс алдсан зүйлийг бүрэн хүлээж авсан, санал гомдолгүй, миний болон манай гэр бүлийн зүгээс нэхэмжпэх зүйлгүй”  /хх-ийн 16-17х/ гэх мэдүүлэг,

            - гэрч Д.Дагийдаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Манай нөхрийн харшил нь хөдлөөд болохгүй болохоор өнөөдөр нөхрийнхөө хамт 12 цагийн үед гарч яваад Бөмбөгөр худалдааны төвийн хажуугийн эмийн сан орж харшлын эмийг нь авчихаад сая гэртээ иртэл монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж эвдээд гэрийн хойморт байх авдар доторх эд зүйлсийг эмх цэгцгүй болгож тараагаад хаясан байна. Тэгээд айгаад цагдаад дуудлага өгсөн.Одоогоор миний харснаар дунд гарын мөнгөн аяга алга байна, уг мөнгөн аягыг 2019 оны 09 дүгээр сард манай том охины охин айлд бэр ороход хадам талаас нь надад бэлэглэсэн юм. Мөн эртний Манал бурхан, Насны 3 бурхан гадуураа мөнгөөр бүрсэн, мөн миний бор өнгийн эрхи алга байгаа. Одоогийн зах зээлийн ханшаар мөнгөн аягыг 250,000 төгрөгөөр үнэлнэ, алдагдсан бурхануудаа хэдэн төгрөгөөр үнэлүүлэхийг хэлж мэдэхгүй байна. /хх-ийн 19х/ гэх мэдүүлэг,

- гэрч Л.Сандуйжавын мэдүүлэг мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дэд ахлагч С.Бат-Эрдэнийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутагт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад цүнх үүрсэн сэжиг бүхий хүн пиво уугаад сууж байхаар нь очиж шалгахад өөрийгөө Дундговь аймагт оршин суудаг, Эрдэнэчулууны Эрдэнэболд гэдэг гэсэн. Цүнхэн дотор нь гуулин бурхан, архи, мөнгөн аяга, тамхи, ууттай ааруул зэрэг байсныг тэмдэглэл үйлдэж жижүүрийн бүрэлдхүүнд хүлээлгэж өгсөн. Сангаас хайж үзэхэд нэрээ буруу хэлсэн байсан, нэр нь Итгэлмаагийн Болдбаатар гэж хүн байсан. Өөрөө цүнхтэй эд зүйлээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо орчмын айлаас хулгайлсан гэж байсан. /хх-ийн 20х/ гэх мэдүүлэг,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт болох улаан иштэй отвертка, хар өнгийн цүнх /хх-ийн 5-13х/ гэх мэдүүлэг,

     - Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан. /хх-ийн 26-27х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч И.Быг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Д.Банзрагчийн байнга амьдрах орон байр болох  2 монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, нийт 592.300 төгрөгийн эд зүйлийг нь хулгайлан авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Д.Банзрагчид учирсан хохирлыг тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад биет байдлаар нь буцаан өгсөн болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч И.Бт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй байдал, урьд хулгайн гэмт хэрэг үйлдэж 2 удаа шүүхээр шийтгүүлж байсан, ялаа эдэлж дуусаад удаагүй байхдаа дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан үзэж түүнийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн цүнх, улаан иштэй отверткыг И.Б нь хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан  байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд зүйл устгах комисст шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Хорин овогт И.Б нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар И.Бт 3 /гурав/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар И.Бт цагдан хоригдсон нийт 73 /далан гурав/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар И.Бт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн цүнх 1 ширхэг, улаан иштэй отверк 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, И.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            С.БАТГЭРЭЛ