Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 1254

 

 

   

 

 

 

   2020            9               29                                       2020/ДШМ/1254

 

 

И.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Хулан,

шүүгдэгч И.Б, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр,  

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

                Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/680 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч И.Бын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2011000000621 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

И.Б,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 328 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах,

2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 10 дугаар шийтгэх тогтоол, тус аймгийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 9 дүгээр магадлалд зааснаар Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сар 10 хоног хорих ял шийтгүүлж, 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РП:ЗЮ82081919/,

И.Б нь 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Доод салхитын 3 дугаар гудамжны 46 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай 2 монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, зүүн гэрээс нь Манал бурхан, тамхи, “Хьюндай элентра” загварын автомашины хар хайрцаг, баруун гэрээс нь дунд гарын мөнгөн аяга, хүзүүнд зүүдэг насны 3 бурхан, архи, Елцин “Jelzin” нэртэй архи, ууттай ааруул зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж, Д.Банзрагчид 592.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: И.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч  И.Б нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар И.Бт 3 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар И.Бт цагдан хоригдсон нийт 73 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар И.Бт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн цүнх 1 ширхэг, улаан иштэй отверк 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдаж, тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, И.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч И.Б тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...И.Б миний бие 2020 оны 6 дугаар сарын 5-нд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч дэслэгч Отгонбаатар байцаагч эрүү үүсэн байцааж эхэлсэн. Тухайн үед хэргээ үнэн зөвөөр нь мэдүүлж хурдан шийдүүл гэхэд 4 үйлдлийг үнэн зөвөөр хүлээж байцаалт өгсөн. Маргааш нь буюу 2020 оны 6 дугаар сарын 6-ны өдөр зам шалгалтаар явж хулгай хийсэн айл, хашаа байшинг зааж өгсөн. ...эхний 3 айлыг ухахдаа тээврийн хэрэгсэл ашиглан миний бие И.Б мөн Энхтөр түүний найз гурвуулаа явсан гэдэг нь замын камер, ломбардны камерт бичигдсэн байдаг. Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаах тасаг руу шилжүүлж ахлах дэслэгч Баттөмөр хавтаст хэргийг хүлээж авсан. Тухайн үед хэргийг нэг мөр шийдүүлье гэхэд хам хэрэгтэн олдохгүй байна, эрэн сурвалжилж байгаа. Прокурор хэргийг хурдлуул гэсэн гээд хамгийн сүүлд буюу 2020 оны 6 дугаар сарын 5-нд ганцаар үйлдсэн хэргийг тусгаарлан шийдсэн. Тухайн үед миний хэрэг дээр ажиллаж байсан прокурор амралтаа авсан гэх шалтгаанаар уулзаж хүсэлтийг минь хүлээж аваагүй. Шүүх хуралдаанд оролцсон прокурор зөвхөн гэм буруу, яллах талыг баримталж ажилласан гэж үзэж байна. Шүүх хуралдаан дээр миний тавьсан санал хүсэлтийг зөвхөн хэрэг хойшлуулах гэсэн байдал гаргалаа, угаасаа шүүгдэгч нар ийм байдал гаргадаг, ярьдаг гэсэн байр суурь илэрхийлж байсан.

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн тасгийн дэслэгч Отгонбаатар, мөн хэлтэсийн мөрдөн байцаагч ахлах дэслэгч Баттөмөр нар нь бүх нотлох баримт хавтаст хэрэг, камерийн бичлэг байсаар байхад хэргийг тусгаарлаж байгаа нь миний эрх зүйн байдалд хүндээр тусч байна. Ийм байдлаар үргэлжлэх юм бол ял эдлэх хугацаанд ахин дуудлагаар авчирч ахин давтан ял шийтгэл оногдуулах болоод байна. Уг хулгайн үйлдэл нь дараалан 4 өдөр үргэлжилсэн байхад яг сүүлийн нэг өдрийн хохирол гомдолгүй хэргийг тусгаарлаж, хохирол гомдолтой 3 үйлдлийг тусад нь авч үлдээд байгаад эргэлзэж байна. Энэ бүгдийг харгалзаж үзэж хэргийг нэмж нэгтгэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.   

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өсөхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...И.Бын давж заалдах гомдлыг дэмжиж байна. Энэ үйлдлээс гадна И.Бын 3 үйлдэл Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч Балжин дээр шалгагдаж байгаа. Эдгээр үйлдлүүдээ нэгтгүүлж шийдвэрлүүлэх саналтай байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд ч гэсэн энэ талаар саналаа хэлж байсан боловч хүлээн авалгүй шийдвэрлэсэн. Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар дараа нь нэмж нэгтгэх бүрэн боломжтой гэх байх. Гэхдээ үргэлжилсэн нэг гэмт хэрэгт 2 шийтгэх тогтоолоор ял авах магадлалтай байгаа учраас хэргийг нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...И.Бт энэ хэргээс өөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн болон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа хэрэг байгаа эсэх талаар нотлох баримт байхгүй. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн болон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол байхгүй байсан учраас прокурор хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийг удирдлага болгон “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүх хавтас хэргийн хүрээнд шүүхэд шилжүүлсэн учраас 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 680 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

                Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан заасан ба тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолдог хэдий ч шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд хэргийг прокурорт буцаах үндэслэл болдог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дэх хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж заажээ.

Эрүүгийн хэргийн нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох гэдэг нь тухайн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, шалгах, үнэлэх процесс ажиллагааны цогц утгаар илэрхийлэгддэг.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр шүүхээс гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой тогтоож, энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

Учир нь анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотлогооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлыг нотломжийн түвшин, агуулга зэрэгт эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.

Шүүгдэгч И.Бт холбогдох хэргийг хянахад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байх тул энэ магадлалд заасан дараах ажиллагааг хийх шаардлагатай гэж үзэв. Үүнд:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад И.Бын “...нилээн хэдэн газар хулгай хийсэн, ...” /хх 48/, “...Н.Энхтөртэй хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн. Энэ гэмт хэрэгт Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч Отгонбаатар дээр 2 хэрэг байсан. Уг хэргийг би өчигдөр явж хулгай хийсэн айлаа зааж өгсөн байгаа. ...Уг айл Чингэлтэй дүүргээс Дарь эх явах төв замаас хойш төмөр гүйдэг ногоон хаалгатай модон хашаатай айл байсан ба хашаанд 2 гэр нэг байшин эвдэрхий цагаан машин байсан. Би хоёрт гэрт орж хулгай хийсэн. Байшинд ороогүй. ...үйлдсэн өөр гэмт хэрэгт бол ломбард болон хувь хүнд зарсан байгаа. ...зурагт тавьсан газрыг зааж өгсөн байгаа...” /хх 52/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 06/337 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн Итгэлмаагийн И.Бын зүүн гарын дунд хурууны дардас нь санд “2016-026-ЧД” гэж кодлон оруулсан “ЧД-ийн 13 дугаар хороо Сургуулийн 20-312в тоотод хулгай орсон” хэргийн газраас ирүүлсэн №4 дугаарын гарын мөртэй, баруун гарын долоовор хурууны дардас нь №2 дугаарын гарын мөртэй, зүүн гарын эрхий хурууны дардас №1 дугаарын мөртэй тохирч байна. ...” гэх дүгнэлт зэрэгт прокуророос огт дүгнэлт хийгэлгүй орхигдуулсан нь ойлгомжгүй болжээ.

Өөрөөр хэлбэл хэрэгт Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 27и/2б-4308 тоот албан бичгээр /хх 102/ Төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсээс И.Бын нэрийг зааж, түүнийг гэмт хэрэгт шалгагдаж байгаа эсэх лавлагааг авсан хэдий ч хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад И.Бын өөр хулгайлах гэмт үйлдсэн талаараа дүрслэн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд гэмт хэргийн газраас илэрсэн хурууны хээ шүүгдэгчийн зарим хурууны хээтэй тохирч байгаа зэргийг дахин нягтлан шалгах шаардлагатай.     

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, мөрдөгч, прокурорын шийдвэр нь хууль зүйн үр дагаврыг ямагт үүсгэж байдаг бөгөөд тухайн хэргийн талаар бусад баримт сэлт хүрэлцээгүй, хомс байсан ч түүнийг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгож болохгүй.

Нотлох ажиллагааны явцад цугларсан шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж түүнд үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах нотлох баримтын чухал суурь болдог.  

И.Бын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд дурьдсан нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу И.Быг нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж зааснаар И.Б эрх зүйн байдал дээрдэх юм.

 

Нөгөөтэйгүүр И.Б “...би мөнгө олох гэж хулгай хийдэг. ...миний мэдэж байгаагаар би 2020 оны 4 дүгээр сарын 20-ны үеэс 6 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл хулгай хийсэн. 30 орчим айлаас хулгай хийсэн байх гэж бодож байна. ...” /хх47-48/, “...би мөнгө олох гэж хулгай хийдэг. ...30 орчим айлаас хулгай хийсэн байх гэж бодож байна. ...” /хх 52/ гэх мэдүүлгүүдийг өгчээ.

 

Хууль тогтоогч “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдэгдсэн тохиолдолд хохирол нь бага бус хэмжээнээс доогуур байсан ч гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Нэг төрлийн болон төсөөтэй гэмт хэргийг гурав буюу түүнээс дээш удаа үйлдэх нь байнга гэсэн шинжийг илэрхийлдэг бөгөөд байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж хулгайлах гэмт хэрэг, зөрчлийг тогтвортой гурав ба түүнээс удаа үйлдэж олсон хууль бус орлогоороо өөрийгөө болон гэр бүл, бусдыг тэжээн тэтгэж байгаа явдлыг ойлгоно.

Эрүүгийн шүүн таслах ажиллагаанд хууль ёсны зарчим нь Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтууд болон бусад хуульчилсан хэм хэмжээг чанд сахих, тэдгээрт бүрэн захирагдаж, өчүүхэн ч хазайхгүй биелүүлснээр нэг мөр дагаж мөрдөх явдлыг хангах байдлаар илэрдэг.

Бусдын эд хөрөнгийг хулгайлахдаа байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосныг иргэний хуулиар хамгаалагдсан эрх ашигт ноцтой аюул учруулсанд тооцох тул И.Бын мэдүүлэг үнэн зөв бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт тусгасан хүндрүүлэх шинж байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоох нь зүйтэй.

Эдгээрийг шалгаж тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, ...хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн тухайн хуулийн зорилгод нийцэх юм.

Иймд шүүгдэгч И.Бын “...хэргийг тусгаарлаж байгаа нь миний эрх зүйн байдалд хүндээр тусч байна. ...хэргийг нэмж нэгтгэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэх гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/680 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч И.Бт холбогдох эрүүгийн 2011000000621 дугаартай хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч И.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

           

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧ                                                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

                        ШҮҮГЧ                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ