Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/001199

 

Ц.А нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/00214 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 724 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Ц.А нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.А, Ө.Д нарт холбогдох,

15 476 895 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганхөлөгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Аилтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Ц.Ань өөрийн найз гэх Ж.А, түүний эхнэр Ө.Д нарт 2013 оны 11 дүгээр сард Япон улсаас оруулж ирсэн гаалийн бичигтэй, 2005 оны 180 кузовтой Тоёота кроун маркийн автомашин болон 2 100 ам.доллар өгсөн. Ж.А нь тухайн үед хэлэхдээ автомашин авах хүн олчихлоо, би зараад өгье гэхээр нь 10 500 000 төгрөгөөр бодож өгсөн. Тухайн үед Ж.А нь талбайн хойно ирээд автомашин авч явсан ба улмаар нотариат орж түүний нэр дээр шилжүүлж өгсөн. Гэтэл Ж.А, Ө.Д нарт нар нь автомашиныг зараад мөнгийг нь өгөөгүй. Мөн 2 100 ам.доллар нэмж авсан. Тэрээр хэлэхдээ Англи явна очиж байгаад 3 сарын дотор мөнгийг чинь өгнө, би чамд баримт болгоод үлдэж байгаагаар нь эхнэртээ бичиг үйлд гээд эхнэр Ө.Д нь мөнгө авсан гэж өөрийн гарын үсэгтэй бичиг бичиж өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл Ж.А, Ө.Д нарт нар нь нэг ч төгрөг өгөөгүй.

Иймд автомашины үнэ 10 500 000 төгрөг болон 2 100 ам.долларыг Ө.Д-гаас гаргуулж авах хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авч Ө.Д-гаас10 500 000 төгрөг болон 2 100 ам.доллар буюу Монгол банкны 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ханшаар /1 ам.доллар 2369.95 төгрөг/ 4 976 895 төгрөг, нийт 15 476 895 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Хариуцагч Ө.Д нь Тоёота кроун маркийн автомашиныг огт аваагүй. Ц.А нь уг автомашиныг өөрөө зарж борлуулан мөнгийг авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдана. 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Ө.Д-гийн нөхөр Ж.А Англи улс руу явсан байдаг. Ц.А нь Ж.А-ыг Англи улс руу явахын тулд бичиг баримт хөөцөлдөх гэх мэт ажилд нь тусалж 2 100 ам.долларыг өгсөн юм. Ж.А нь уг 2 100 ам.долларыг Англи улсад очиж ажил хийгээд буцаан төлөхөөр Ц.А-тай харилцан тохирсон. Гэвч Ж.А нь очоод тэр дороо баригдаж, улмаар ажил хийж чадалгүй 2014 оны 05 дугаар сард буцаж ирсэн. Түүнийг буцаж ирсний дараа Ц.А энэ болсон явдлыг шалгах гэж өөрөө Англи улс руу хүртэл явсан байдаг. Ө.Д-гийн хувьд 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Ө.Д миний бие Ц.А-д10 500 000 төгрөг, 2 100 ам.доллар өгөх нь үнэн болно” гэж бичиж өгсөн нь үнэн. Гэхдээ уг бичгийн агуулгаас харвал Ө.Днь ...өгөх нь үнэн гэж бичиж өгсөн болохоос ...авсан нь үнэн гэж бичээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.А нэхээд байгаа 2 100 ам.доллар болон 10 500 000 төгрөгийг Ө.Д-д өгснөө нотлоогүй байна.

Ж.А өмнө нь эрүүгийн хэрэгт шалгагдаж, улмаар бусдад өр төлбөр төлөхөөр ял авсан. Ж.А уг хэрэгт гэм буруугүй боловч төлбөрийг төлөхийн тулд Ц.А-аас7 000 000 төгрөгийг зээлж авч байсан. Гэхдээ буцааж төлсөн эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Нэгэнт Ө.Днэхэмжлэгчээс нэг ч төгрөг аваагүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Ж.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь зөвшөөрч байгаа. Ц.А нь өөрийн Япон улсаас оруулж ирсэн Тоёота кроун маркийн автомашиныг н.Өлзийжаргал гэж хүнд 9 500 000 төгрөгөөр зараад мөнгийг өөрөө авсан. Түүнээс биш Ж.А-аар заруулаагүй. Харин уг мөнгөнөөс Ж.А 7 000 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Уг мөнгийг Ж.А эрүүгийн журмаар төлөх ёстой төлбөрөө төлөх гэж зээлж авсан. 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 450 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 250 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 200 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 200 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 500 000 төгрөг, нийт 1 600 000 төгрөгийг Ж.А Ц.А-д буцаан төлсөн. Үлдсэн 5 400 000 төгрөгийг Ж.А буцааж өгөхөд татгалзах зүйлгүй. Харин 2 100 ам.долларыг бол Ж.А аваагүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг хүлээлгэж өгөөгүй учраас нэхэмжлэгч шаардах эрхгүй. Ц.А Ж.А-ыг Англи улс руу явахад тусалж 2 100 ам.долларын зардал гаргасан. Уг 2 100 ам.долларыг Ж.А Англи улс руу очиж ажил хийгээд буцаан өгөхөөр тохирсон мөнгө. Гэвч Англи улсад очоод ажил хийж чадалгүй баригдсан. Нэгэнт ажил хийж чадаагүй учраас буцааж өгөөгүй.

Иймд 5 400 000 төгрөгөөс бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/00214 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Д-гаас8 926 895 төгрөгийг, хариуцагч Ж.А-аас 5 400 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.А-долгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 150 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Д-гаас157 780 төгрөг, хариуцагч Ж.А-аас 101 350 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.А-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 724 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/00214 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.А-аас 10 376 895 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 100 000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Ө.Д-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хариуцагч Ө.Д-гаас157 780 төгрөг, хариуцагч Ж.А-аас 101 350 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.А-д олгосугай” гэснийг “хариуцагч Ж.А-аас 180 981 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.А-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ж.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 580 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ө.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157 780 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.А-аас 10 376 895 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, үлдэх 5 100 000 төгрөг болон хариуцагч Ө.Д-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Ж.А болон Ц.А нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй зөвхөн автомашин заруулсан болон 2100 ам.доллар өгсөн л үйл явдал болсон байхад ийнхүү үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагч Ө.Д нь 10 500 000 төгрөг болон 2100 ам.доллар төлөхийг зөвшөөрч гарын үсэгтэй бичиг үйлдэн баталгаажуулсан байдаг. Иймд Ө.Д нь өөрийн нөхөр болох Ж.А-ын өмнөөс үүрэг хүлээж буюу машины төлбөр 10 500 000 төгрөг болон 2100 ам.доллар төлөхийг зөвшөөрч ийнхүү бичиг үйлдсэн байхад давж заалдах шатны шүүхээс Ө.Д-г дээрх мөнгийг хариуцахгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Мөн энэхүү бичиг нь цаг хугацааны хувьд автомашин худалдсанаас хойш буюу 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ийнхүү бичиж өгсөн байгааг шүүх анхаарч үзнэ үү.

Иймд гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Ө.Д, Ж.А нараас автомашиныг бусдад худалдсан үнэ 10 500 000 төгрөг, зээл 2 100 ам.доллар гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч  Ө.Дшаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй, түүний автомашиныг бусдад худалдаагүй гэж нэхэмжлэлийг татгалзсан бол хариуцагч Ж.А нэхэмжлэгчээс 2 100 ам.доллар, автомашин худалдсан үнээс 7 000 000 төгрөг зээлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг татгалзсан байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.3.-т заасан зохицуулалтыг тухайн маргаанд буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагч Ө.Д болон нэхэмжлэгч Ц.А хооронд батлан даалтын гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн байна. Хариуцагч Ө.Д нэхэмжлэгчид өрийг хүлээн зөвшөөрч өгсөн бичгийг батлан даалтын гэрээ гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт алдаатай болсон ба энэ талаарх давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1.-д заасан зохицуулалтад нийцжээ.

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1.-д зааснаар батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээдэг байна.

Хариуцагч Ө.Д нь өөрийн нөхөр Ж.А-ын хүлээх үүргийг хүлээн зөвшөөрсөн явдал нь түүнийг батлан даагч гэж үзэх, хариуцагч Ж.А-ын өрийн хэмжээ, агуулгыг тодорхойлох үндэслэл болохгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд зохигчийн хооронд үүсэн үүргийн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэгч Ц.Аболон хариуцагч Ж.А хоёрын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгч Ц.А нь өөрийн өмчлөлийн Тоёота Кроун маркийн суудлын автомашиныг өөрөө бусдад худалдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба хариуцагч нар нэхэмжлэгчийн автомашиныг бусдад худалдсан гэх, мөнгийг нь нэхэмжлэгчид өгөөгүй гэх нэхэмжлэлд дурдагдсан үйл баримтууд нотлогдоогүй байна. Харин хариуцагч Ж.А гадаадад ажиллах зорилгоор явахдаа нэхэмжлэгчээс түүний бусдад автомашин худалдсан мөнгөнөөс 7 000 000 төгрөг, мөн 2 100 ам.доллар зээлсэн, гадаадад ажил хийгээд төлбөрөө төлөхөөр тохиролцсон үйл баримтыг хариуцагчийн хүлээн зөвшөөрснөөр шүүх тогтоогдсон гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй болно.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 724 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН