| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 105/2016/0321/Э |
| Дугаар | 222 |
| Огноо | 2018-03-06 |
| Зүйл хэсэг | 148.4., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 222
Б.Хд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Эрдэнэ,
шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч О.Одхүү,
хохирогч Б.Бы өмгөөлөгч Ж.Батхүү,
иргэний хариуцагч Т.Энхжаргалын өмгөөлөгч Т.Алдармаа, Б.Цэцэнбилэг,
нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 190 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Эрдэнийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 17 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Б.Хд холбогдох 201301020514 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
.............. овогт ................ийн ................., 1967 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, түүхийн багш, хүмүүжлийн ажлын арга зүйч мэргэжилтэй, “Жи Вэлл Монголиа Интернэшнл” ХХК-д Ерөнхий захирал ажилтай, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт ................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................./,
Б.Х нь шунахайн сэдэлтээр 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Украйнская кухня” зоогийн газарт хохирогч Б.Бд “Кан повер Монголия Энтерпрайс” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 15 хувийн хувьцаагаа зарж шилжүүлэхээр тохиролцож түүнээс 10 хувийн хувьцаатай тэнцэх 100.000 ам.долларыг авч хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж буюу 139.483.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Хын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолд “мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих байдлууд, тухайлбал гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн гүйцэд тогтоох, Б.Хын үйлдэл холбогдол гэм буруугийн байдлыг тодруулах зайлшгүй шаардлагатай гэжээ. Анхан шатны шүүх нь дээд шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр хуульд заасан байгаагаас гадна хэргийн талаар нотлобол зохих байдлуудыг шалгаж тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэх үндэслэлээр Б.Хд холбогдох 201301020514 дугаартай эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүхийн 246 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн нэг дэх заалтад Б.Х нь “Кан повер монголия энтерпрайс” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 15 хувийн хувьцаагаа “150.000 ам.доллараар зарж шилжүүлэхээр тухайн компанийн гүйцэтгэх захирал Э.Анарын санал болгосноор иргэн Б.Бтай харилцан тохиролцож түүнээс 10 хувийн хувьцаатай тэнцэх 100.000 ам.долларыг авсан үе, эсхүл компанийн хувьцааг шилжүүлэх асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхгүй байгаа үеийн аль цаг хугацаанд нь гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг тогтоох шаардлагатай. Уг асуудлыг шалган тогтоох нь дээрх үйлдэлд Б.Х ганцаараа буруутай эсэх, түүний бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд хэн нэгэн санаатай саад учруулсан эсэх, энэ нь гэмт хэргийн шинжтэй эсэх, үүнд Б.Х хамтран оролцсон эсэх зэргийг тодруулахад ач холбогдолтой гэж үзнэ. Мөн тогтоолын тогтоох хэсгийн хоёр дахь заалтад шүүгдэгч Б.Х нь Б.Баас авсан гэх 100.000 ам.долларын зарим хэсгийг “Кан повер монголия энтерпрайс” ХХК-ийн үйл ажиллагаа буюу бараа захиалахад шилжүүлсэн эсэх, үүнээс ашиг хүртсэн эсэхийг тогтоох шаардлагатай бөгөөд иргэний хариуцагчаар уг хуулийн этгээдийг татах, хохирол, иргэний нэхэмжлэлийн тодорхой хэсгийг хариуцах эсэх асуудлыг шалган шийдвэрлэх нь зүйтэй...” гэжээ. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйл буюу “Залилах” гэмт хэргийг Улсын Дээд шүүхийн 2006 оны 51 дүгээр тогтоолын 16-д тайлбарлахдаа “Залилан мэхэлж авах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцно” гэж заасан байна.
Хохирогч Б.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “..Эхлээд би Э.Анарт “танай компанийн хувьцаанаас чинь авъя” гэхэд “Б.Х эгчийн хувьцаанаас асууж өгье” гэсэн. Дараа нь Б.Х эгч хувьцааныхаа 15 хувийг 150.000 ам.доллараар зарна гэж байсан гэсэн санал тавьсан. Би мөнгөө олчихлоо гэж Э.Анар руу 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр залгасан. Тэгсэн намайг Украйнская кухня гэдэг газарт хүрээд ир гэсэн. Би эхлээд 15 хувийн хувьцааны 150.000 ам.долларыг бүтнээр нь бэлдэж чадсангүй 100.000 ам.доллар бэлдчихлээ, 50.000 ам.долларыг нь хэд хоногоос олоод өгөхийг бодъё гэж хэлсэн. Б.Х нь дүүдээ их баярлалаа, хамтран ажиллахаар боллоо гэсэн. Тэгээд хоорондоо гар барилцаад тохиролцсон гэж бодсон. Би 100.000 ам.долларыг өөрийнхөө гараар Б.Хд өгсөн. Б.Х нь өнөө маргаашгүй чамайг компанийхаа хувь эзэмшигч болгочихно гэж хэлэхэд нь би итгэсэн” гэх мэдүүлэг /хх-1, х-112-127/,
гэрч Э.Анарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хоёр хүний хувь эзэмшигчтэй компани байхад Б.Б манай компанийн хувийг сонирхож эхэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө хувиа зарахгүй, харин Б.Х эгч 15 хувиа зарна гэж байна лээ, чамайг уулзуулъя гэж хэлсэн. 2012 оны 9 дүгээр сарын эхээр энэ хоёрыг Украйнская кухня ресторанд уулзуулж, тэд ярилцаж тохироод 100.000 ам.долларыг Б.Б Б.Х эгчид бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-1, х-158-163, хх15, х-1-2/,
гэрч Ш.Цогтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.Х нь нано технологиор бүтээгдсэн түлш хэмнэх бүтээгдэхүүн оруулж ирэх гэсэн юм, хөрөнгө оруулалт хэрэгтэй байна гээд тухайн үед 50.000 ам.доллар нэхэж байсан. Тэгээд судлаад байхдаа Э.Анарт санал болгоод бид хоёр хамт бүтээгдэхүүнээ туршиж байхад боломжийн болж хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээд үйл ажиллагаа явуулах гээд бүх зүйл болох гэж байхад компанийн хувьцаанаас найз Б.Б авъя гэж санал ирээд Б.Х эгчид мөнгө хэрэгтэй байсан учраас хувьцаагаа зарахаар болсон. Б.Б нь Б.Хд хувьцааны мөнгө болох 100.000 ам.долларыг өгчихсөн. Б.Хын гарт Голомт банкны бор тортой мөнгө байсан...” гэх мэдүүлэг /хх-1, х-164-168/,
гэрч Т.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатад өгсөн “...2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр ТУЗ-ийн гишүүд хуралдаж тус компанийн гүйцэтгэх захирлаар намайг томилсон тогтоол гарсан. Эхний хуралд Эрдэнэтуяа гэх хүнийг гүйцэтгэх захирлаар томилох асуудал ярихад Хишигжаргал өөрөө хүлээн зөвшөөрөөгүй учраас хойшлуулсан. Хоёр дахь хурлаар намайг гүйцэтгэх захирал болгосон. Компанийн дүрэмд хэрвээ хувьцаа эзэмшигч хувьцаагаа зарах бол эхний ээлжинд компанийн хувьцаа эзэмшигч нарт албан ёсоор албан бичгээр хандаж гарын үсгээр баталгаажуулж зөвшөөрөл авдаг. Тэгэхлээр тийм хувьцаа зарах асуудал болоогүй, яригдаагүй, одоо л сонсож байна. ТУЗ-ийн гишүүдийн хурал дээр Батсайхан гэсэн хүний талаар огт яригдаагүй. Эхний хурал дээр Эрдэнэтуяа, Батсайхан, Даваадорж гэх хүмүүсийн анкет орж ирж байсан. Харин Анар нь тухайн үеийн хурал дээр Эрдэнэтуяа, Даваадорж нарт өөрийнхөө 9 хувийн хувьцааг зарах гэж байна гэж албан ёсоор бичгээр хүсэлт гаргаж ирсэн. Компанийн дүрмийн дагуу зөвшөөрч бид нар гарын үсэг зурж өгсөн. Батсайхан гэдэг хүний талаар яриа байгаагүй, албан ёсоор хандаж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-1, х-170-173/,
гэрч Ж.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр удаагийн хуралд ямар нэгэн хэн нэгний хувьцааны асуудлаар яригдаагүй зөвхөн компанийн төсөв, төлөвлөгөө хэлэлцсэн.” гэх мэдүүлэг /хх-1, х-178-181/ зэрэг нотлох баримтуудаар яллагдагч Б.Х нь хохирогч Б.Бд “Кан повер Энтерпрайс” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 15 хувийн хувьцаагаа зарж шилжүүлэхээр тохиролцож түүнээс 10 хувийн хувьцаанд тэнцэх 100.000 ам.долларыг 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр авч, үүнийгээ захиран зарцуулсан байгаа боловч хохирогч Б.Бд хувьцаагаа шилжүүлэх асуудлыг санал, санаачлага гаргаж компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй, 100.000 ам.долларыг хохирогчид буцаан төлөөгүй болох нь мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Яллагдагч Б.Х нь Б.Баас авсан гэх 100.000 ам.долларын зарим хэсгийг буюу 40.000 ам.долларыг “Кан повер монголия энтерпрайс” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан нь “Тэд-Аудит” ХХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Аудитын дүгнэлт”-ээр тогтоогдсон /хх-1, х-230-250/ ба хохирол, иргэний нэхэмжлэлийн тодорхой хэсгийг хариуцах эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой буюу мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагчаар “Кан повер Монголия Энтерпрайс” ХХК-ийг төлөөлүүлж захирал Т.Энхжаргал татагдсан, үүний дагуу анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанд иргэний хариуцагчийг төлөөлж өмгөөлөгч оролцож байсан байна. Иймд мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоосон, шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдалд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байтал хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокурор оролцсон байтал хэргийг прокурорт буцаасан захирамждаа прокурор оролцоогүй мэт тэмдэглэгдээгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 190 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Б.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг 3 үндэслэлээр эсэргүүцэж байна. Эсэргүүцэлд Улсын Дээд шүүхийн 2006 оны 51 дүгээр тогтоолын 16-д тайлбарлахдаа “Залилан мэхэлж авах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцно” гэж заасан байна. Хэрвээ уг тогтоол хүчинтэй байгаа бол 3, 4, 5, 6, 9, 10, 11 дүгээр заалтуудыг хэрэгжүүлсэн тохиолдолд намайг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж 16 дугаар заалтаар буруутгах боломжтой. Үүнийг мөрдөн байцаалтын шатанд нотлобол зохих зүйлүүдийг нотлогдоогүй гэж үзээд Улсын Дээд шүүх буцаасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Улсын Дээд шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх нь биелүүлэх үүрэгтэй гэж шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний хариуцагчаар татагдсан асуудлын нотолбол зохих асуудлууд нотлогдохгүй байна. Энэ маргаан нь хувьцаа эзэмшигч нарын маргааны асуудал байдаг. Ганц миний хариуцлагын асуудал биш, компаниараа юм уу, багаараа хариуцлага хүлээлгэх учраас энэ нь нотлогдож тогтоогдоогүй байна. Өнөөдрийн байдлаар миний бие 9 дэх удаагийн шүүх хуралдаанд оролцож байна. Хэрэг урьд нь 361 дугаартай шүүгчийн захирамж, 767 дугаар тоот шүүгчийн захирамж, 493 тоот магадлалаар хэрэг буцаж байсан. Одоо 246 дугаар магадлалаар буцаж байсан удаа дараагийн шат шатны шүүхийн захирамж, магадлал, тогтоол зэргээр бүгд даалгавар өгч буцааж байсан. Эдгээр даалгавар нь бүрэн дүүрэн хангагдаагүй. Үүнд гомдолтой байна. Яагаад гэхээр миний бие шударгаар шалгуулж чадахгүй байгаа үндэслэл нь хамгийн эхний гол үндэслэл нь шүүгчийн захирамжид заасан даалгаврыг яагаад биелүүлэх байна вэ гэдэгт гайхаж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шудрагаар хэргээ шалгуулах хүсэлтэй байна.” гэв.
Шүүгдэгч Б.Хын өмгөөлөгч О.Одхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 190 дүгээр шүүгчийн захирамж үндэслэл бүхий байх тул дараах тайлбарыг гаргаж байна. Улсын Дээд шүүхээс энэ хэргийн хувьд шалгаж тогтоох зүйлүүд шалгагдаагүй байгаа тул урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан. Үүнийг үндэслэн Баянзүрх дүүргийн анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн. Өмгөөлөгчийн зүгээс 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүсэлт гаргасан. Хүсэлтдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан нөхцөл бий болсон учраас урьдчилсан хэлэлцүүлгээр уг асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлт гаргасан. Гэтэл захирамжид хөөн хэлэлцэх дууссан учир хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан мэтээр алдаатай бичигдсэн байдаг. Өмгөөлөгчийн зүгээс тийм утгаар хүсэлт гаргаагүй. Прокурорын эсэргүүцэлд Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан заалтуудыг давхар эсэргүүцэж байгаа мэт харагдаж байна. Улсын Дээд шүүхийн тогтоолд хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх, тогтоогдвол зохих асуудлууд шалгаж тогтоохоор заасан. Үүний дагуу анхан шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэл бүхий байна.” гэв.
Хохирогч Б.Бы өмгөөлөгч Ж.Батхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс прокурорын эсэргүүцлийн үндэслэлтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл уг хэрэг 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хэрэг үйлдэгдсэн. Хэрэгт 1 хохирогч, 1 яллагдагч хэрэгт холбогдсон. Хэргийн үйл баримт 5 жил 6 сарын хугацаанд шалгагдаж тогтоогдсон. Хэдийгээр Улсын Дээд шүүхээс тухайн хэргийг шалгаж тодруулах шаардлагатай гэж үзсэн боловч хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шалгаж тогтоох зүйл байхгүй. Хохирсон мөнгөний тоо тодорхой 100.000 ам.долларыг 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хэрэгт холбогдогч Б.Хд өгсөн. Б.Х уг мөнгийг авч хэрхэн зарцуулалт хийсэн талаар шүүхийн бүх шатанд мэдүүлдэг. Тэгэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцааж шалгах ажиллагаа байхгүй, ямар ч тогтоогдох зүйл байхгүй. Өөр бусад тогтоогдох асуудал байдаг бол тогтоогдох боломжтой. Иймд үйлчлүүлэгч хохироод 5 жил 6 сар хугацаа өнгөрсөн байна. Дахин тодруулах асуудал яригдах юм бол Б.Хд мөнгөө өгсөн нь үнэн, Б.Х хохирогч Батсайханаас мөнгө авснаа үгүйсгэдэггүй учраас хэргийг аль болох хугацаа алдалгүй шүүхээр хэлэлцүүлж өгнө үү.” гэв.
Иргэний хариуцагч Т.Энхжаргалын өмгөөлөгч Т.Алдармаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй.” гэв.
Иргэний хариуцагч Т.Энхжаргалын өмгөөлөгч Б.Цэцэнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. “Кан повер монголия энтерпрайс” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах үндэслэл байгаа эсэх, ямар нэгэн хэлбэрийн тодорхой хэсгийг хариуцах нь үндэслэлтэй эсэх талаар тодруулах талаар Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан. Иргэний хариуцагч нь иргэний нэхэмжлэгчтэй холбоотой. “Кан повер монголия энтерпрайс” ХХК Т.Энхжаргалаас иргэний нэхэмжлэл гаргаагүй. Энэ асуудлыг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, асуудлыг шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэж байна. Улсын яллагч нь Улсын Дээд шүүхийн тогтоолыг эсэргүүцээд прокурорын эсэргүүцэл гаргасан гэж өмгөөлөгчийн зүгээс ойлгохгүй байна. Гол нь анхан шатны шүүхэд хангалттай баримт цугларсан учраас хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн учраас улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн тул асуудлыг шийдвэрлэж өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Батмөнхийн Хишигжаргалд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 246 дугаартай тогтоолоор “Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд, тухайлбал гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн гүйцэд тогтоох, Б.Хын үйлдэл холбогдол, гэм буруугийн байдлыг тодруулах зайлшгүй шаардлагатай” гэж дүгнэн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаасны дагуу Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 190 дугаартай захирамжаар Б.Хд холбогдох хэргийг прокурорт буцаажээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолд “Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих байдлууд, тухайлбал гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн гүйцэд тогтоох, Б.Хын үйлдэл холбогдол гэм буруугийн байдлыг тодруулах зайлшгүй шаардлагатай” гэсэн байх тул Б.Хд холбогдох эрүүгийн хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдалд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно” гэж заажээ.
Батмөнхийн Хишигжаргалд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 246 дугаартай тогтоол хүчин төгөлдөр байгаа бөгөөд энэхүү тогтоолыг заавал биелүүлэх ёстой тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 190 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Эрдэнийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 17 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Б.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД М.ПҮРЭВСҮРЭН
Ц. ОЧ