Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 181/2017/03186/И |
Дугаар | 001/ХТ2018/01239 |
Огноо | 2019-09-21 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2018/01239
“МИ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03268 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 682 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч “МИ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Ц.А-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 26 254 400 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Туяажаргалын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Ц.А, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Тус банк бус санхүүгийн байгууллага нь иргэн Ц.А-д 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр №ЗГ/16/04/018 тоот зээлийн гэрээ байгуулж, 12 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож №БГ/16/04/018 тоот зээлийн барьцааны гэрээгээр Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 33-1 гудамжны 29-А тоот Г-2203004104 бүртгэлийн дугаартай 415 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 32-1 гудамжны 29-А тоот байрлалтай Г-2203009221 бүртгэлийн дугаартай 202 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар барьцаалсан.
Ц.А нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 12 000 000 төгрөг, зээлийн үндсэн хүү 11 974 400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 280 000 төгрөг, нийт 26 254 400 төгрөгийг тус байгууллагад төлөх үүрэгтэй байна. №ЗГ/16/04/018 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох нийт 26 254 400 төгрөгийг зээлийн барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, төлбөрийг гаргуулж, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие “МИ ББСБ” ХХК-иас эргэлтийн хөрөнгийн зориулалттай 12 000 000 төгрөгийг авсан нь үнэн болно. Барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийг зарах гэж олон удаа зар тавьсан боловч одоог хүртэл зарагдаагүй өдийг хүрсэн. “МИ ББСБ” ХХК-иас 12 000 000 төгрөгийн зээл авсан атлаа 15 200 000 төгрөг болгож төлөх боломжгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй. 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үндсэн төлбөр 12 000 000 төгрөг, хүү 2 086 400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 417 280 төгрөгийг, нийт 14 503 680 төгрөгийг нэхэмжлэх боломжтой.
Зээлийн хүүг Иргэний хуульд зааснаар багасгаж өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03268 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.А-гаас 16 318 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МИ ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 9 936 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.А нь үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 33-1 гудамжны 29-А тоот улсын бүртгэлийн Г-2203004104 дугаарт бүртгэлтэй 415 м.кв талбайтай газар, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 32-1 гудамжны 29а тоот байрлалтай улсын бүртгэлийн Г-2203009221 дугаарт бүртгэлтэй 202 м.кв талбайтай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2. 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “МИ ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.А-гаас улсын тэмдэгтийн хураамжид 239 542 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МИ ББСБ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.А энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал, журмын дагуу төлбөр гаргуулах ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 682 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03268 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.А-гаас 25 488 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “МИ ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 766 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “МИ ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.
Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
...Зээлдэгч Ц.А-гийн тус ББСБ-д төлөх ёстой төлбөр нь үндсэн зээл 12 000 000 төгрөг, хүү 2 086 400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 456 000 төгрөг буюу 14 542 400 төгрөг болж байна. Гэтэл зээлдүүлэгч МИ ББСБ нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дуусаж дахин гэрээний хугацааг сунгаагүй байтал 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүүг бодож хүү нь 11 974 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 280 000 төгрөг гэх тооцоолол гаргаж нийт 26 254 400 төгрөгийг бүхэлд нь хангуулахаар гомдол гаргаж, уг гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03268 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Ц.А-гаас 16 318 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МИ ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэснийг хариуцагч Ц.А-гаас үндсэн зээл 12 000 000 төгрөг, зээлийн хүү 11 240 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 248 000 төгрөг нийт 25 488 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МИ ББСБ” ХХК-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэлгүй, тооцооллын хувьд алдаатай буруу шийдвэр болсон хэмээн хариуцагчийн зүгээс үзэж байгаа юм.
Иймд давж эаалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Нэхэмжлэгч “МИ ББСБ” ХХК нь хариуцагч Ц.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26 254 400 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, зээлийн тооцооллыг буруу гэж үзэн, нэхэмжлэлийн зарим хэсгийг татгалзжээ.
Зохигч нь 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 12 000 000 төгрөгийн, сарын 6 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ц.А нь өөрийн өмчлөлийн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай хоёр газрыг барьцаалж, нэхэмжлэгчтэй мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. Дээрх хоёр гэрээг шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 156 дугаар зүйлийн 156.1., 156.2.-т заасан зохицуулалтад нийцсэн, хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хариуцагчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн хэмжээг зөв тодорхойлж, үндсэн зээл, гэрээний хугацааны хүү, хугацаа хэтэрсэн үеийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг хууль зүйн үндэслэлтэй тооцоолж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Шүүх зээлдэгчийн төлбөл зохих төлбөрийн хэмжээг тодорхойлохдоо түүний гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн үеийн хүүг тооцсон нь хууль зөрчөөгүй тул “зээлийн гэрээний хугацаа 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дуусаж дахин гэрээний хугацааг сунгаагүй байтал 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүүг бодсон”-ыг алдаатай гэж үзсэн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.
Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 682 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 162 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН