Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2021/0688/З |
Дугаар | 221/МА2022/0314 |
Огноо | 2022-05-11 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2022/0314
“Б.Х” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 78 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Б.Х” ХХК
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Б.Х” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-14786, XV-14788 тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлүүдийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2822 тоот шийдвэр болон Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1/3011 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, дээрх тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлүүдийг хүлээн авч холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 78 дугаар
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.О
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2021/0688/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 78 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.4, 64 дүгээр зүйлийн 64.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Б.Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн XV-14788 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн эс үйдэхүйг, XV-14788 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2822 тоот албан бичгийг, XV-14786, XV-14788 тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлүүдийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1-3011 тоот албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоож, дээрх тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлүүдийг хүлээн авч холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгаж” шийдвэрлэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: 2.1 “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хуулийн хугацаанд тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй болно. Тус компанийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 04/2021 дугаар албан бичгийг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан нь хэрэгт авагдсан албан бичгийн бүртгэлийн хяналтын хуудсаар нотлогдож байна. Ашигт малтмалын хайгуулын XV-14786 дугаар тусгай зөвшөөрлийн тухайд хугацаа сунгуулах өргөдөл холбогдох хавсралт баримт бичгүүдийг ирүүлээгүй, мөн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ашигт малтмалын хайгуулын XV-14788 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл ирүүлсэн ч байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хавсарган ирүүлээгүй байна.
2.2. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлэх чиг үүргийг заасан. Түүнчлэн төрийн захиргааны байгууллагын бүтцийн нэгж бүрээр хэрэгжүүлэх чиг үүргийг Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8-11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.23-д заасан асуудлыг эрхэлнэ” гэж хуулиар зохицуулсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана: 22.1.1-22.1.4-д хавсралтаар ирүүлэх шаардлагатай баримт бичгийг тусгасан байна.
2.3. “Б.Х” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлөө хавсралт баримт бичгийн хамт хавсарган хуулийн хугацаанд ирүүлээгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах “хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон” зарчимд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
2.4. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 78 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянахад хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлснээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 782 дугаар шийдвэрийг биелүүлж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрийн хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 454 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч “Б.Х” ХХК-д олгогдсон XV-14786, XV-14788 дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл сунгасан байна.
3. Маргаан бүхий хариуцагч Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Батмагнайгаас 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2822 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн ХҮ-14788 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөр огноолсон 04/2021 дүгээр хүсэлтэд “ХV-14788 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэж хариу өгчээ.
Харин Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнгээс 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1/3011 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 05/2021 дүгээр албан бичигт хариу өгөхдөө “... ХВ-14786, ... ХВ-014788 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болсон. ... танай гомдлыг хүлээн авах боломжгүйг мэдэгдье” гэжээ.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Б.Х” ХХК-ийн ХВ-014788 дугаар тусгай зөвшөөрөл сунгуулах тухай 2021.06.18-ны өдрийн огноотой 04/2021 дугаар хүсэлтийг хуульд заасан шаардлага хангаж, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө хүргүүлсэн нь тогтоогдоогүй, ХВ-014786 дугаар тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай 03/2021 дүгээр хүсэлтийг хариуцагч Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст дээрх 04/2021 дүгээр албан бичигтэй хамт гаргаагүй, хариуцагч хүлээж авсан нь тогтоогдоогүй байхад хугацааны хувьд адил тооцогдох 2 тусгай зөвшөөрлийн төлбөрийг адил 2021.06.18-нд төлсөн, хавсаргах баримтуудыг хэзээ бүрдүүлсэн нь тогтоогдоогүй байхад холбогдох этгээдээр батлуулсан байснаар, зарим баримтыг холбогдох газарт хянуулж байсан нь тогтоогдсоноор “041786 тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг мөн өдөр гаргаагүй байна гэж дүгнэх үндэслэлгүй” гэх зэргээр хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй хэргийн үйл баримтыг буруу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
5. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана: 22.1.1.хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар ...; 22.1.2.үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ... ажил гүйцэтгэсэн тухай баримт; 22.1.3. байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ... шинэчлэн батлуулсан баримт; 22.1.4.хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт.” гэж заасан.
6. Нэхэмжлэгчээс ХҮ-014788 дугаар тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлөө 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өгөхөөр ирсэн нь тогтоогдсон боловч дээрх хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөө хавсаргаагүй байсан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байна.
Үүнээс үзвэл тухайн хүсэлтэд Ашигт малтмалын тухай хуульд заасан хавсарах ёстой баримтыг хавсаргаагүй, хавсаргаагүй хүндэтгэн үзэх шалтгаан заагаагүй, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах үндэслэл байгаагүй нь тогтоогдсон байхад хариуцагч Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2822 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан /хууль зүйн факт болоод өнгөрсөн/ гэх үндэслэлээр тус өргөдлийг хүлээн авахаас татгалзсаныг хууль бус гэж үзэж, өргөдлийг дахин шийдвэрлэхийг даалгасан нь үндэслэлгүй.
7. Нэхэмжлэгч “Б.Х” ХХК-ийн захирал П.Олдошгүй нь “... 2021 оны 03, 04 дүгээр сард нүдний хагалгаанд орсон” нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх боловч тус компанийн захирал П.Олдошгүйн гарын үсэгтэй 2021 оны 04/2021 дүгээр албан бичигт энэ талаар дурдаагүй, харин хүсэлтийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө буюу 05 дугаар сарын 19-ний дотор өгөх байсан боловч хөл хорио тогтоосноос өгөх боломжгүй байсныг дурдаж, Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд байрлах ХҮ- 014788 тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүсчээ.
Захирал П.Олдошгүй нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг өдрийн өмнө огноолсон албан бичигт гарын үсэг зурснаас үзвэл уг хүндэтгэн үзэх шалтгаан нь тухайн үед арилсныг илэрхийлж байхаас гадна уг хүсэлтэд энэ хүндэтгэн үзэх шалтгаанаа заагаагүй, зөвхөн нэг сарын өмнө гаргаж чадаагүйд ковидын нөхцөл байдал нөлөөлснийг дурдаж, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж өгөхийг хүссэн байх тул захиралд тохиолдсон хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа сунгуулах өргөдлөө тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө гаргаж чадаагүй гэж үзэхээргүй байна.
Иймд хариуцагч Геологи, уул, уурхайн кадастрын хэлтсийг нэхэмжлэгчийн хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзаагүй гэж буруутгаж, өргөдөлд заагаагүй асуудлыг шийдвэрлэхийг даалгах үндэслэлгүй.
8. Харин Дорнод аймгийн Чулуунхороот суманд байрлах ХV-014786 дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай 03/2021 дугаар албан бичгийг /утга нь 04/2021-тэй адил/ хариуцагч Геологи, уул, уурхайн кадастрын хэлтэст гаргасан нь тогтоогдоогүй, хүлээж авсан талаар бүртгэлд бүртгэгдээгүй, мөн тухайн хүсэлтийг 04/2021 албан бичгийн хамт өгөхөөр ирээгүй талаар гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байх тул хүлээж аваагүй хүсэлтийг шийдвэрлэхийг мөн хариуцагч Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгах боломжгүй.
9. Нэхэмжлэгч “Б.Х” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 05/2021 дүгээр албан бичгээр хандахдаа 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс огноолсон 03/2021 дүгээр албан бичгийг хавсаргаж гаргасныг хариуцагчаас шүүхэд ирүүлсэн нь хэрэгт авагдсан бүртгэл хяналтын картаар 05/2021 дүгээр албан бичгийг 7 хуудас баримт хавсаргаж ирүүлснийг бүртгэж авсан баримтаар тогтоогдож байна.
Гэтэл анхан шатны шүүх 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 03/2021 дүгээр албан бичгийг хүлээж авсан болох нь хариуцагчаас тухайн албан бичгийг ирүүлснээр тогтоогдож байна” гэж дүгнэж, тус өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгасан нь үндэслэлгүй болжээ.
Учир нь хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах эсэхийг шийдвэрлэх эрхгүй, харин кадастрын хэлтсийн даргын шийдвэрт гаргасан нэхэмжлэгчийн 05/2021 дүгээр албан бичгээр гаргасан гомдлыг урьдчилан шийдвэрлэх журмаар хүлээн авсан атлаа 2021 оны 03/2021 дүгээр албан бичгээр HV-014786 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг Геологи, уул, уурхайн кадастрын хэлтэс хүлээн авсан эсэхийг хяналгүй, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1/3011 дүгээр албан бичгээр “... 2 тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх 12 жилийн хугацаа дууссан тул дахин сунгах боломжгүй” гэсэн хариуг өгсөн байна.
Ийнхүү хариу өгсөн нь Геологи, уул, уурхайн кадастрын хэлтсийг хүлээж аваагүй өргөдөл, хүсэлтийг хүлээн авсанд тооцож шийдвэрлэх үр дагаварт хүргэхгүй тул уг хүсэлтийг зохих журмаар шийдвэрлэхийг тус хэлтэст даалгах хууль зүйн үндэслэлгүй.
10. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Б.Х” ХХК нь тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах хүсэлтээ хуульд заасан баримтыг хавсаргаж, хугацаа дуусахаас өмнө хариуцагч кадастрын хэлтэст гаргаагүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 78 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7, 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “ашигт малтмалын хайгуулын XV-14786, XV-14788 тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлүүдийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2822 тоот шийдвэр болон Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1/3011 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, дээрх тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлүүдийг хүлээн авч холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий “Б.Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ