Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 114/2021/0019/З |
Дугаар | 221/МА2022/0335 |
Огноо | 2022-05-17 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2022/0335
Д.С-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийг гуравдагч этгээд Д.Б, түүний өмгөөлөгч М.М нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гуравдагч этгээд Д.Б,
Гуравдагч этгээд Д.Б-нөмгөөлөгч М.М
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Д.С
Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс,
Хариуцагч Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчоо,
Гуравдагч этгээд Д.Б, Г.Гансүх, Г.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Орон сууц өмчлөх эрхийн 2005 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0106943 дугаар гэрчилгээ, улсын бүртгэлийг хүчингүй болгох, мөн 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 000159045 тоот гэрчилгээ болон бүртгэлийг, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 000402635 дугаар гэрчилгээ, Д.Б-н Ү-2003011047 тоот бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах, 1998 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Орон сууц хувьчлах товчооноос олгогдсон 0048163 дугаар гэрчилгээг улсын бүртгэлд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 04 дүгээр
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.С,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ц,
Гуравдагч этгээд Д.Б
Гуравдагч этгээд Д.Б-нөмгөөлөгч М.М, М.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 114/2021/0019/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Орон сууц хувьчлах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.7, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 11 дүгээр зүйлийн 11.5.1-д заасныг тус тус баримтлан Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооны 2005 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн орон сууц өмчлөх эрхийн 0106943Да дугаар гэрчилгээ нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө /хуучнаар 4 дүгээр баг/ багийн 21 дүгээр хороолол 7 дугаар байрны 22 тоот орон сууц өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ү-2003011047 дугаар бүртгэл, Д.Б-нүл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000159045, 000402635 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож, 1998 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Орон сууц хувьчлах товчооноос олгогдсон 0048163 дугаар гэрчилгээг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
2. Гуравдагч этгээд Д.Б, түүний өмгөөлөгч М.М нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: 2.1. “Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “....Д.Сг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй...” гэсэн байгаа нь дараах нотлох баримтуудыг анхаарч үзэлгүй орхигдуулсантай холбоотой юм. Хэрэгт авагдсан гэрч Н.Батцоожийн “...2014 онд Д.Б-нхамтаар Улаанбаатар хотоос Эрдэнэт рүү явах замдаа Дархан-Уул аймгаар орж түүний орон сууцыг Д.Сд хөлслүүлэх талаар яриа хэлцэл болох үед тэдний хажууд байсан... тэр хоёр ах дүү хоёр юм, дүүдээ сарын 200,000 төгрөгөөр хөлсөлнө гэж байсан, би түүнийг нь сонссон...” гэх мэдүүлэг /хх-117/, гэрч Д.Туяагийн “...1994 онд анх манай ээж Сот-1 байгууллагад ажилладаг байсан бөгөөд уг байрыг ээжид маань тэтгэвэрт гарахад нь байгууллагаас нь өгсөн, Түүнээс хойш би, манай хүүхэд болох н.Хашхүү нарын хамт амьдарч эхлээд ээжийг нас бартал нь уг байранд хамт амьдарч байсан. Манай ээж манай хүүхдийг өсгөсөн... 1996 онд ах болох Д.Б цуг амьдрахаар ирээд 4 жилийн хугацаанд амьдраад нас барсан. 2000 оноос Д.Б гэх ах шоронгоос гарч ирээд бид нарын хамт амьдарч байгаад буцаж ороод эргэж гарч ирээд ээжийг нас барсны дараа 2015 он хүртэл амьдарч байгаад нас барсан. 2000 оны хавьд Д.С нь нөхрөөсөө салсан гээд хоёр хүүхдийн хамт ирээд манай гал тогооны өрөөнд амьдарч эхлээд өнөөдрийг хүртэл амьдарч байна. Ээж хүү бид 3 том өрөөнд Д.С хүүхдүүдийн хамт гал тогоонд тусдаа хоол хийж амьдардаг байсан...Ээж өнгөрөхдөө уг байрыг ах Д.Б-д өгнө гэж хэлж байхыг сонссон.Эрдэнэтэд намайг наймаа хийж байгаад ирэхэд ээж зодуулсан байдалтай уйлаад сууж байсан. Яасан гэхэд Д.С намайг зодоод байрны ордер авчхаад өгөхгүй байна гээд сууж байсан. Нэг өдөр хүү н.Гансүхтэй нь 18 дугаар дэлгүүрийн АТМ дотор тааралдаад ээж нь сайн уу юм хийж яваа юм бэ гэж асуухад ахад түрээсийн мөнгө шилжүүлдэг юм аа гэж л байсан...ээжийг зоддог байсан юм байна лээ, байрны мөнгө төлсөн баримтуудыг нас барсных нь дараа бүгдийг Д.С устгасан байсан, бичиг баримт чадамгай засварлана, худлаа ярьдаг хүн, бидний хоолонд нус цэрээ хийчихсэн байдаг байсан. Энэ байранд бид нар хүүхдүүдтэйгээ амьдарч байхад Д.С нь баг дээр очоод намайг, миний хүүхдийн нэрийг багийн бүртгэлээс хасуулчихсан байсныг ээж сүүлд мэдээд яахаараа ингэдэг байна гэж хэлж байсан, манай ах н.Батмөнхийг нас барсан гэж байгууллагадаа хэлээд хүнээс мөнгө авчихсан байсан, худалч гэдгийг хүмүүс мэднэ...” гэх мэдүүлэг, Хаанбанкны тодорхойлолт, Д.Б-н 5120203917 тоот Хаанбанкны дансны хуулганы 4 “2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Д.С-гаас гэх гүйлгээний утгатайгаар 200,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сараагаас гэх гүйлгээний утгатайгаар 200,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сараа гэх гүйлгээний утгатайгаар 180,000 төгрөг тус тус орлого” орсон /хх-101-102 хуудас/ зэрэг баримтуудаар Д.С нь уг орон сууцыг өөрийн ах Д.Б-нөмчлөлд шилжсэн түүний орон сууц гэдгийг 2014 оноос хойш мэдэж байсан болохыг нотолж байна. Ийнхүү нэхэмжлэгч нь бусдын өмчлөлийн орон сууц гэдгийг мэдэж байсан атлаа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа одоо л мэдлээ гэх утгатай тайлбар гаргасныг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгохдоо өөр нотлох баримтаар нотлогдож байгаа эсэхийг анхаарч үзээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т. “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-д “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй”, 36 дугаар зүйлийн 36.1-д ”Хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна” гэж тус тус заасныг шүүх огт анхаарч үзэлгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргалаа.
2.2. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “... нэхэмжлэгчээс аймгийн орон сууц хувьчлах товчооны даргад гомдлоо гаргаж хариу өгснийг урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явагдсан гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн болно” гэжээ. Д.С нь Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчоонд хандан “...Иймд 1998 оны 06 дугаар сарын 24-ний өдөр олгогдсон 0048163Да тоот өмчлөх эрхийн гэрчилгээ 2005 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дахин олгогдсон 0106943Да гэрчилгээ хоёрын аль нь хүчин төгөлдөр хууль ёсны дагуу олгогдсон болохыг шалган үзэж хариу өгөхийг хүсье...” гэж өргөдөл гаргасан байдаг. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд “гомдол” гэж төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг ойлгохоор заасан, Дээрх Д.С гийн өргөдөл нь хуулийн дээрх зохицуулалтад заасан гомдол гэх ойлголтод хамаарахаар байна. Тодруулбал өргөдөлд эрх зөрчсөн байгууллага, албан тушаалтны талаар дурьдаагүй, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх талаарх шаардлага тусгагдаагүй байна. Гэтэл анхан шатны шүүх Д.Сгийн гаргасан өргөдөлд тусгагдаагүй гомдол гэх үгийг шийдвэртээ зааж урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж хэт нэг талыг буюу нэхэмжлэгч талыг барьсан шийдвэр гаргалаа. Мөн Орон сууц хувьчлах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д Орон сууц хувьчлах товчооны үйл ажиллагаатай холбоотой гомдлыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргах ба төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж тус тус заасныг огт хэрэглэлгүй орхигдуулж Д.Сгийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.
2.3. Анхан шатны шүүх 2005 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн орон сууц өмчлөх эрхийн 0106943Да тоот гэрчилгээн дээр Л.Доржсүрэнг бүртгэсэн нь Орон сууц хувьчлах тухай хууль, аймгийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 19 дүгээр тогтоолтой зөрчилдсөн хууль бус болох нь бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэдэг. Гэвч Орон сууц хувьчлах тухай хуулийн ямар зүйл заалтыг зөрчиж байгаа талаар шийдвэртээ огт тусгаагүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцэхгүй байна. Нөгөө талаас талийгаач ээжийг маань маргаан бүхий орон сууцыг өмчилж авсан нь хууль бус гэж үзэж байгаа нь ээжийг маань энэхүү орон сууцыг өмчилж авах эрхгүй байсан мэтээр дүгнэжээ. Д.Сгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээр манай ээж П.Доржсүрэнд өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон бүртгэлийг хууль бус гэж тогтоож улмаар хүчингүй болгосноор Д.Сгийн ямар эрхийг сэргээж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх зорилгод харшилж байна.
2.4. Миний бие орон сууцны өмчлөгчөөр "Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах” тухай 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хэлцлээр өмчлөгч болсон. Энэхүү хэлцлийг талийгаач ээж Л.Доржсүрэн хийх талаар санаачлага гарган хийж улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан. Энэхүү улсын бүртгэл хийгдэх гол үндэслэл нь болсон хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон ямар ч эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй байтал анхан шатны шүүхээс намайг нэмж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон нь шүүх хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн болохыг харуулж байна.
2.5. Нэхэмжлэгч Д.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...1994 онд би 21 дүгээр байрны 7-22 тоотод амьдарч эхэлсэн. Миний хуучин байр 5-4 байрны 328 тоотод байсан. Тэгээд манай ээж миний байрыг заруулж ээжийнхээ байранд амьдрахаар тохиролцож амьдарч эхэлсэн...” гэдэг. Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д. “Орон сууц хувьчлахад нийтийн зориулалттай орон сууцны байшингийн нэг сууцыг түүнийг эзэмшигчдэд тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийн хамт сайн дурын үндсэн дээр нэг удаа үнэгүй, зөвхөн орон сууцны зориулалтаар хувьчлах ажлын төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах зарчмыг баримтлана” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч Д.С нь “5-4 байрны 328 тоот” орон сууцыг өмчилж байгаад худалдсан гэх бөгөөд энэ орон сууцтай холбоотой баримтыг шүүх хэрэгт аваагүй. Өөрөөр хэлбэл Д.С нь нөхөртэйгөө орон сууц өмчилж авч байсан эсэхийг нэг мөр болгосон нотлох баримтыг цуглуулах ажиллагааг огт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуульд заасан дээрх зарчмыг зөрчсөн шийдвэр боллоо.
2.6. Д.Б миний бие өөрийн өмгөөлөгчөөр М.М өмгөөлөгчийг анх сонгон авсан байсан ба нэмж өмгөөлөгч М.Ганзоригийг сонгон авч хэрэгт өөрийн өмгөөлөгчөөр оролцуулахаар гэрээ хийсэн. Гэтэл 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд миний сонгон авсан өмгөөлөгч М.Ганзоригийг оролцуулалгүйгээр “...Өөр дуудагдсан хүнгүй....” гэж ирцийг танилцуулан явуулж шүүх хуралдааныг хийж шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Шүүх хуралдааны ирцийг нарийн бичгийн дарга бүртгэж, ирээгүй оролцогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн эсэх ямар шалтгаанаар ирээгүй болохыг хуралдаан даргалагчид илтгэн танилцуулна” гэснийг зөрчсөн.
2.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.7-д “Итгэмжлэлээр төлөөлүүлж байгаа хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй байж болно” гэж заасан. Миний биө Д.Б нь сонсголын бэрхшээлтэй тул өөрийн төлөөлөгчөөр С.Нансалмаад итгэмжлэл олгон томилсон бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд төлөөлөгч С.Нансалмаа, өмгөөлөгч М.Мэндбаар нарын хамтаар Эрдэнэт хотоос очиж шүүх хуралдаанд оролцсон. Гэтэл намайг шүүх хуралдаанд үг хэлэх боломжийг шүүхээс огт олгоогүй. Өөрөөр хэлбэл шүүгч нь надаас тайлбар гаргах уу гэж огт асуухгүйгээр шүүх хуралдааныг явуулсан. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно. Би шүүх хуралдааны тэмдэглэлийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр шийдвэрийг гардан авахдаа хуулбарлан авч уншиж танилцсан.
2.8. Хэргийн 68-69 дахь талд шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 114 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж нэхэмжлэлийг буцаасан. Энэхүү захирамжийн биелэлт огт хангагдаагүй байхад шүүх хуралдааныг явуулан хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан гэж үзэх боломжгүй байна.
2.9. Д.С нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа “ээж маань амьд сэрүүндээ энэ байрны гэрчилгээ ахад чинь байгаа шүү аваарай гэж хэлсэн" гэдэг. Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “2005 онд орон сууц хувьчлах товчооноос дахин гэрчилгээ авсан болон тухайн гэрчилгээг Д.Б-ннэр дээр хэрхэн яаж авсныг би огт мэдээгүй” гэж тус тус зөрүүтэй тайлбар гаргадаг. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл Д.С гийн зөрүүтэй тайлбарыг үнэн зөв гэж үнэлэн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь буруу шийдвэр гаргахад хүрлээ. Д.Сг худлаа ярьдаг талаар хэрэгт хангалттай нотлох баримтууд авагдсан.
Ийнхүү Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 04 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй.” гэж заасны дагуу гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.
2. Нэхэмжлэгч Д.С нь “Орон сууц өмчлөх эрхийн 2005 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0106943 дугаар гэрчилгээ, улсын бүртгэлийг хүчингүй болгох, мөн 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 000159045 тоот гэрчилгээ болон бүртгэлийг, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 000402635 дугаар гэрчилгээ, Д.Б-нҮ-2003011047 тоот бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах, 1998 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Орон сууц хувьчлах товчооноос олгогдсон 0048163 дугаар гэрчилгээг улсын бүртгэлд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, “Улсын бүртгэлийн байгууллага 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Л.Д-н мэдүүлэг, хүсэлтийн дагуу ... уг Ү-2003011047 дугаарт бүртгэхдээ Орон сууц хувьчлах товчооноос олгосон 0106943 дугаар гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн гэр бүлийн гишүүд буюу Д.Сгийн зөвшөөрлийг аваагүй, хасагдах хүсэлтээ гаргаагүй, Орон сууц хувьчлах товчооны тогтоолоор шийдвэрлээгүй байхад нэхэмжлэгчийн нэрийг нь хасаж, Л.Доржсүрэнгийн нэр дээр үндэслэлгүй олгосон орон сууц өмчлөх эрхийн 2005 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0106943 да гэрчилгээний талаар үнэн зөв эсэх талаар зохих баримтуудыг шаардаж аваагүй нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 13.1, 14.1.1-д заасантай нийцээгүй, уг хууль бус бүртгэлийг үндэслэн хийгдсэн 2012 оны 07 дугаар сарын 02, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн бүртгэлүүдийг мөн хууль бус гэж үзэж, уг бүртгэлүүдийн улмаас нэхэмжлэгч Д.Сгийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн тул хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
4. Гуравдагч этгээд Д.Б өмгөөлөгчийн хамт гаргасан давж залдах гомдолдоо “... анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй” талаар үндэслэлгүй дүгнэсэн гэжээ.
Нэхэмжлэгч Д.Сд Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооноос 1998 оны 06 дугаар сарын 24-ний өдөр олгосон Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ эх хувиараа байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд Д.Сгийн нэрийг нь хасаж 2005 онд зөвхөн Л.Доржсүрэнг өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгоход уг гэрчилгээг хурааж аваагүйгээс үзвэл тухайн орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй өмчлөгчөөс нэр нь хасагдсан талаар мэдсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй талаарх дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй.
5. Гомдолд “...Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар хуулийг хэрэглээгүй” гэжээ.
Нэхэмжлэгч Д.С Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчоонд гаргасан гомдолдоо “0048163, 0106943 тоот 2 гэрчилгээний аль нь хууль ёсны дагуу олгогдсон болохыг шалгаж хариу өгнө үү” гэснийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан гомдол гэж үзнэ. Учир нь өөрийнх нь нэрийг хасаж дахин олгосон гэрчилгээг хэзээ, яаж олгосон, өөрт нь байгаа анх олгогдсон 1998 оны 4 хүний нэр дээрх гэрчилгээг хүчингүй болгож, өөрчилсөн эсэх талаар тодруулсныг өөрийн эрх, ашиг сонирхол нь захиргааны ямар үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсэх талаарх гомдлоо гаргаж, зохих хариуг авсан гэж үзэхээр байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд гомдлыг хангах үндэслэлгүй байна.
6. Гомдолд “... Шүүхээс ээж Л.Доржсүрэнг өмчлөх эрхгүй мэт дүгнэсэн, Орон сууц хувьчлах тухай хуулийн заалтыг хэрэглээгүй” гэжээ.
Анхан шатны шүүх гэрчилгээнд хамтран өмчлөх эрх бүхий гэр бүлийн гишүүдийн зөвшөөрөл аваагүй гэж дүгнэсэн бөгөөд Л.Доржсүрэнг тухай орон сууцыг хамтран өмчлөх эрхгүй талаар дурдаагүй байна. Мөн Орон сууц хувьчлах товчооноос 2005 онд зөвхөн Л.Доржсүрэнгийн нэр дээр олгосон 0106943 да дугаартай гэрчилгээг олгох, 1998 онд олгогдсон гэрчилгээнд бичигдсэн хамтран өмчлөгч нарыг хасах тухай Орон сууц хувьчлах товчооны тогтоол гарч байгаагүй нь тогтоогдсон байх тул тус дахин олгосон гэрчилгээг хууль бус гэж дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд Орон сууц хувьчлах товчооны шийдвэрээр хувьчилж уг шийдвэрийг үндэслэн гэрчилгээ олгох талаар зохицуулсан тус хуулийн 17 дугаар зүйлийн 1, 18 дугаар зүйлийн 1 дэх заалтыг шийдвэрийн Тогтоох хэсэгт баримталсан байх тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
7. Мөн гомдолд “... Л.Доржсүрэн болон Д.Б нарын хооронд 2012 онд өмчлөгчөөр нэмж оруулах хэлцэл хүчин төгөлдөр байхад шүүх үнэлээгүй” гэжээ.
Тухайн хэлцлийн үндэслэл буюу хэлцэл хийсэн Л.Доржсүрэн /агсан/-д тухайн орон сууцыг дангаар өмчлөх эрхийн гэрчилгээ 2005 онд хууль бусаар олгогдсон болох нь тогтоогдсон байх тул уг хууль бус гэрчилгээг үндэслэн хийсэн хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бүртгэлийг “бүртгэл үнэн зөв байх” зарчимд нийцэхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.
8. Гомдолд “... Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу нэг удаа хувьчлах ёстой. Сарантуяа нөхрийнхөө хамт 5-4 байрны 328 тоот орон сууц хувьчилж авсан талаар шүүх баримт цуглуулаагүй” гэжээ.
Д.Сгийн нэхэмжлэлд дурдсан 1998 онд үүссэн маргаж буй 7 дугаар байрны 22 тоот орон сууцны хамтран өмчлөх эрхийг зөрчиж хийгдсэн хууль бус бүртгэлүүдийг хүчингүй болгуулах энэхүү маргааныг шийдвэрлэхэд түүнээс хойш өөр орон сууц хувьчилж авсан эсэх талаар баримт гаргуулах нь ач холбогдолгүй, хамааралгүй тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
9. Гомдолд “... 2 өмгөөөлөгч авсны нэгийг оролцуулаагүй, шүүх хурал дээр үг хэлэх боломж олгоогүй, Д.С худалч гэдэг нь, мөн ээж Л.Доржсүрэнгийн Д.Сгийн талаар цагдаад хандаж байсан талаарх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтаас харагдсаар байхад шүүх анхаараагүй” гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан баримтууд, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээний эх хувь, түүнийг хүчингүй болгосон, эсхүл өөрчилсөн Орон сууц хувьчлах товчооны тогтоол гарч байгаагүй талаарх баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн хувийн зан байдлыг үнэлж, тухайн орон сууцыг хамтран өмчлөх эрхийг нь үгүйсгэж шийдвэрлэх боломжгүй, мөн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл гуравдагч этгээдийн тайлбар гаргах болон өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн гэж үзэхээргүй байх тул мөн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
10. Эдгээр үндэслэлүүдээр гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Д.Б, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. .
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ