Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2017/00439

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ц.Б-т холбогдох

 

            Зээлийн гэрээний үүрэгт 16,920,461.40 төгрөг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг, Н.Цогтсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг, Н.Цогтсайхан нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ц.Б-тэй 2014 оны 11 сарын 20-ны өдөр ЗГ-283 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай жилийн 26,4 хувийн хүүтэй жижиг дунд бизнесийн зориулалтаар зээл олгосон. Зээлийн гэрээний үүргийн барьцаа болгож Улаанбаатар хот, ** тоот хаягт орших 181 мкв талбайтай 18639314290456 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, /Г-22**/, ** улсын бүртгэлийн дугаартай, NT30143938 тоот арлын дугаартай сувдан цагаан өнгөтэй, 2005 онд үйлдвэрлэгдсэн ниссан икс трайл маркийн автомашин  барьцаалсан. Зээлдэгч өнөөдрийг хүртэл үндсэн зээлээс 4,115,333.27 төгрөг, зээлийн хүүнээс 3,135,663.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,688.23 төгрөг төлсөн ба үндсэн зээл болон зээлийн хүүний үлдэгдлийг графикийн дагуу төлөхгүй, өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүйн улмаас үндсэн зээл 11,864,336.77 төгрөг, зээлийн хүү 3,361,606.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,694,518.37 төгрөг нийт 16,920,461.40 төгрөг төлөгдөөгүй зээлдэгч Ц.Б-ийн ** улсын бүртгэлийн дугаартай автомашиныг хураан авсан баримтаа зээлдэгчийн хувийн хэрэгт хийгээгүй салбарын захирал Б.Болотбек ажлаасаа гарсан тул тодруулах боломжгүй, 2015 оны 12 сарын 02-ны өдөр зээлийн төлбөрт 4,500,000 төгрөг шилжин орсон байдаг. Иймд Ц.Б-ээс 16,920,461.40 төгрөг гаргуулж барьцаа хөрөнгөөс 16,920,461.40 төгрөг гаргуулж зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 11 сарын 20-ны өдөр Кнаас жижиг дунд бизнесийн зориулалттай 15,000,000 төгрөг зээлсэн. Кинд зээлийн хүүгээ зээлээ төлж байсан. 2016 оны 12 сард миний шинэ ниссан икс трайл машиныг 10,000,000 төгрөгт тооцож авсан ба дараа нь 5,000,000 төгрөгөөр худалдсан гэж хэлсэн. Одоо дахин надаас 16,920,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Ц.Б-т холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 16,920,461,40 төгрөгийг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Ц.Б- нь машинаараа зээлээ хааж, зээлийн гэрээ дуусгавар болсон гэж маргажээ.

 

Талууд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар К ХХК-нь зээл олгох гэрээгээр мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг түүний хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож 2014 оны 11 сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, сарын 2,20 хувийн хүүтэй, БГ-283 дугаартай барьцааны гэрээ байгуулж ** улсын бүртгэлийн дугаартай, NT30143938 тоот арлын дугаартай сувдан цагаан өнгөтэй, 2005 онд үйлдвэрлэгдсэн ниссан икс трайл маркийн автомашин, ** тоот хаягт байршилтай 181 м.кв талбайтай, 18639314290456 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь зэрэг бичгийн нотлох  баримтаар тогтоогдож байна.

           

Зээлдэгч зээлийн гэрээний 4.2.5-д заасны дагуу зээлийг хугацаа, график, хуваарийн дагуу  үндсэн зээлээс 4,115,333 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,135,663 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,688 төгрөг төлсөн байна.

 

Хариуцагч Ц.Б- шүүхэд гаргасан тайлбартаа “Салбарын захирал Б.Болотбек  10,000,000 төгрөгийн зээлийг хаая гэж машиныг авч явсан” гэж мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2015 оны 12 сарын 02-ны байдлаар зээлдэгчийн нийт зээлийн үлдэгдэл 11,547,725 төгрөг гэж тодорхойлж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авсан ниссан икс трайл маркийн автомашиныг хураан авсан баримт зээлийн хувийн хэрэгт авагдаагүй тухайн салбарын захирал Б.Болотбек ажлаасаа гарсан тул тодруулах боломжгүй” гэх тайлбар  үндэслэлгүй байна.

 

Талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний зүйл болох ниссан икс трайл маркийн автомашиныг 2015 оны 12 сарын 02-ны өдөр зээлдэгч бодитойгоор хүлээлгэн өгсөн болох нь Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн “2014 оны 11 сарын 04-ний өдөр Ц.Б-ээс Кинд, 2015 оны 12 сарын 02-ны өдөр Кнаас С.Оюунтунгалагт шилжсэн” гэх лавлагаа /хх-ийн 57-59 талд/-гаар нотлогдож байна.

 

Үүрэг гүйцэтгүүлэгч буюу  нэхэмжлэгч нь 2015 оны 12 сарын 02-ны өдөр дээрх машиныг  4,500,000 төгрөгөөр бусдад худалдаж зээлийг төлүүлсэн болох нь зээлийн дансны хуулга /хх-ийн 37-39 талд/ -аар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заажээ.     

 

Иймд хариуцагч Ц.Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,920,461,40 төгрөгийг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

          Хариуцагчид шүүх хуралдааны товыг 2017 оны 02 сарын 10-ны өдөр “Мэдэгдэх хуудас”-аар өөрт нь мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй нэхэмжлэгч түүний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.4, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,920,461,40 төгрөгийг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай К ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,552 төгрөгийг Улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.НАРАНГЭРЭЛ