Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2017/00456

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж, шүүгч Ч.Даваасүрэн, Т.Наранцогт нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А.С- /регистерийн дугаар НЫ88010766/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: З ХХК-ийн З эмнэлэгт холбогдох

 

Гэм хорын хохиролд 2,107,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэнэ гэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Батхүү, өмгөөлөгч Б.Дамба, хариуцагчийн төлөөлөгч Д.Баттулга, гэрч А.Г-, В.Ч-, Д.О-, иргэдийн төлөөлөгч Ж.Бүжидмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.С- түүний төлөөлөгч Ц.Батхүү нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 09 сарын 21-ны өдөр 6 настай охин О.С- эмэг эх Оролмаагийн хамт шүдний эмчээс зөвлөгөө авахаар З эмнэлэгт шүдний эмч У-д үзүүлж дээд болон доод араанд ломбо гэж хэлэхээр адил төстэй эм тавьж, эмчилгээ хийсэн. Охины нүүрний зүүн хэсгээр хавдан улайж, улмаар тэр хэсгээрээ нилэнхүйдээ хавдаж, хоол, унд идэхгүй, халуурч, хүчтэй зовиурлах болсон. Тийм учраас эмч У-тай дахин уулзаж шарлага эмчилгээ хийсэн боловч охины биеийн байдал улам дордож, зовиурлах нь ихэссэн тул 2015 оны 09-р сарын 27-ны шөнө 23 цагийн орчим яаралтай байдлаар бид Эх нялхсын эмнэлэгт 2015 оны 09 сарын 28-ны өдөр охин шүдний мэс заслын хагалгаанд орсон. Хүүхэд халуурч байхад шарлага хийж идээт буглааг улам идэвхижүүлсэн буруутай тул З эмнэлгээс гэм хорын хохиролд 2.107.500 төгрөг гаргуулна гэв.

 

Хариуцагч З ХХК-ийн З эмнэлэг шүүхэд болон төлөөлөгч Д.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З эмнэлэгийн эмч Д.У-ын буруутай үйлдлийн улмаас 6 настай охин О.С- эрүүл мэнд түүний сэтгэл санаанд хохирол учирсан болохыг нотолж чадахгүй байна. Эмчлүүлэгч охиныг 2015 оны 09 сарын 26-ны өдөр эмээ нь 09 сарын 27-ны өдөр ээж нь дагуулж ирж эмчилгээ хийлгэсэн бөгөөд 09 сарын 28-ны өдөр дахин ирж үзүүлэхийг зөвлөсөн. Түүнчлэн эмчлүүлэгчид эмчилгээ хийж дуусаагүй байхад дундаас нь тасалснаас үүдээд хүндрэл гарсан байх магадлалтай. Тиймээс Иргэний хуулийн 229.2-д гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэмжээг харгалзан үзнэ гэж мөн хуулийн 541 дүгээр зүйлийн 514.1 д гэм хор учрахад буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж зааснаар нэхэмжлэгч гэм хор шаардсан нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.С- хариуцагч З ХХК-ийн З эмнэлэгт холбогдуулан гэм хорын хохиролд 2,107,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч З ХХК-ийн З эмнэлэг ажилтан Д.У-ын буруутай үйлдэл тогтоогдоогүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ эмийн зардал 17,500 төгрөг, цагийн багшийн хөлс 300,000 төгрөг, цалингүй чөлөөл авсан хохирол 540,000 төгрөг, Тээвэр, унааны хөлс 210,000 төгрөг, З эмнэлэг үзүүлсэн төлбөр 40,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 200,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 800,000 төгрөг нийт 2,107,500 төгрөг гаргуулахыг шаардаж, шүүх хуралдаанд гэрч Д.О- Охин О.С-т дур мэдэн эмчилгээ, шарлага хийсэн байдаг. Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвийн 2015 оны 09 сарын 27-ний өдөр хагалгаа хийлгэсэн гэх мэдүүлэг, гэрч В.Ч-ын Хөрш айл учир эмнэлэгт хэвтэж байхад нь таксийн үйлчилгээ үзүүлж 270,000 төгрөгийн хөлс авсан гэх мэдүүлэг, гэрч А.Г-ын 2015 оны 10 сарын эхээр О.С-т хичээлийн хоцрогдол нөхөж 300,000 төгрөгийн хөлс авсан гэх мэдүүлэг, Төлбөр төлсөн баримтаар нотлогдоно гэж мэтгэлцэж байна.

 

Хариуцагч З ХХК-ийн З эмнэлэг нь 2015 оны 09 сарын 21-ний өдөр 6 настай охин О.С-ын цооролтой 64,65 шүд өвддөг тул мэдээ алдуулж эмчлэхийг санал болгож, түр ломбо тавьсан, 2015 оны 09 сарын 27-ний өдөр нүд руу хавдсан, халуурсан тул зүслэг хийхэд үйлаад гүйцэт хийлгээгүй гэж үйлчлүүлэгчийн картанд бичигдсэн /хх-ийн 100 талд/, Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвийн 2015 оны 09 сарын 21-ний өдрөөс 2015 оны 09 сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлэгчийн өвчний түүхэнд зовиур хацар хавдсан шүд нь огт өвдөөгүй цоорсон байсан. 2015 оны 09 сарын 21-ний өдөр шүдний эмнэлэгт үзүүлж эмчлүүлсэн. Оройноос жаахан хавдаж эхэлсэн. Маргааш нь давтан үзлэгээр шарлага хийлгэсэн үр дүн өгөөгүй. Зүүн хацар, хамар хавдар ихтэй, тэмтэрхэд эмзэглэлтэй, хатуу гөлгөр, хэм хязгаар тодорхойгүй гэж тэмдэглэгдсэн /хх-ийн 52 талд/ байх ба эмч эмч Д.У-ыг буруутай болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 сарын 23-ны өдрийн 1580 дугаартай ,,,дээрх идээт үрэвслийн процессын үед зүслэг хийх, шарлага хийх, эмийн эмчилгээ хийх гэхн мэт эмчилгээний арга тактикийг эмч үрэвслийн үе шатанд нь тохируулан сонгоно гэх шинжээчийн дүгнэлтээр хариуцагч З ХХК-ийн З эмнэлэгийн эмч Д.У- албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад гэм хор учруулсан буруутай үйлдэл тогтоогдохгүй үгүйсгэгдэж байх тул хариуцагч З ХХК-ийн З эмнэлэгт холбогдуулан гэм хорын хохиролд 2,107,500 төгрөг гаргуулах тухай А.С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З ХХК-ийн З эмнэлэгт холбогдуулан гэм хорын хохиролд 2,107,500 төгрөг гаргуулах тухай А.С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.С-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД Ч.ДАВААСҮРЭН

 

Т.НАРАНЦОГТ