Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 236

 

 

 

 

 

 

 

 

 

А.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ж.Отгонбаяр,

шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Д.Очирдорж, 

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч А.Аын гаргасан давж заалдах гомдлоор А.Ат холбогдох эрүүгийн 1706037450032 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц овогт А.А, 1992 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 9 дүгээр гудамжны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../,

Шүүгдэгч А.А нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны байрны хойд талын автобусны буудал орчим Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер цагдаагийн ахмад Т.Мыг албан үүргээ биелүүлж байх үедээ тавьсан шаардлагыг эсэргүүцэж биед халдан хөл рүү өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:  А.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн  яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, А.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 /хоёр сая долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, А.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 200 /гурван мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 200 000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Ат оногдуулсан 3 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 200 000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлэгтээ хохирогчийн биед хохирол учруулаагүй, тухайн үед цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлсэн тухайгаа мэдүүлсэн.Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хэрэг болсон үйлдлийг тодорхой харсан гэрчүүдийг байцаагаагүй мөн хэрэг болсон газрын камерын бичлэгийг авч бэхжүүлээгүй юм. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн болон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй тухай анхан шатны шүүх хуралд өмгөөлөгч Очирдорж санал гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянуулахаас татгалзсан боловч хүлээн авалгүй шийдвэрлэсэн. Цагдаагийн албан хаагч Т.М, гэрч Р нар нь зөрчил гаргаагүй иргэн О.Сыг шалтгаангүй багалзуурдаж заамдаж хүч хэрэглэсэн ёс зүйгүй үйлдлээ нуун далдлах зорилгоор намайг цагдаагийн шаардлага эсэргүүцэж өшиглөсөн мэтээр мэдүүлэг өгсөн бөгөөд энэ хэргийг шалгасан тухайн хэлтсийн байцаагч Л.Батгэрэл нь 2017 оны 11 дүгээр сарын 23-нд болсон хэргийг 2 сар орчмын дараа гэрчүүдээс мэдүүлэг авч хугацаа алдан камерын бичлэг устах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Хохирогч Т.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад А гэх эмэгтэй нь миний хөл рүү өшиглөж гэмтээсэн гэж мэдүүлсэн атал шүүхийн хэлэлцүүлэгт А өшиглөсөн байх гэж бодож байна гэх зэргээр өмнөх мэдүүлгээсээ өөр, бодит байдалтай нийцэхгүй  зүйл ярьсан байдаг. Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бодит байдлаас  зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэдгийг гэрч О.Сын мэдүүлгээс харж болно. Мөн гэрч Р нь хохирогчтой хамт үүрэг гүйцэтгэдэг цагаагийн албан хаагч бөгөөд тэрээр мэдүүлэхдээ А яг хэзээ цохиж гэмтэл учруулсныг хараагүй гэж мэдүүлсэн байхад тэдгээрийг үнэлээгүй. А.А намайг гэм буруутай гэж үзэх хангалттай нотлох баримт байхгүй, хэрэгт авагдсан нотлох баримтууд зөрүүтэй, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдохгүй байхад прокурор, шүүхээс хэт яллах байр сууринаас хандаж, шүүх шийдвэртээ хохирогч Т.М, М.Р нарын өгсөн мэдүүлгийг гэрч О.С, шүүгдэгч А.А нарын өгсөн мэдүүлгээс илүү ач холбогдолтой, үнэмшилтэй байна гэж гэм буруутай гэдгийг хүчээр тулгаж, дүгнэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, гэм буруугүй гэдгийг маань тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч А.Аын өмгөөлөгч Д.Очирдорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх боломжгүй байхад шийдвэрлэсэн. Хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Хэрэв хүсэлтийг хангаж шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн бол шийтгэх тогтоол арай өөр гарах магадлалтай байсан гэж үзэж байна. Шүүх энэ асуудалд анхаарч үзээгүй. Гэрч С, Р нарын тайлбар зөрүүтэй байгаа. Шүүхийн дүгнэлтэд гэрч С, А нарын мэдүүлгийг харгалзан үзээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Аыг  гэм буруугүй болохыг тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор Ж.Отгонбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хохирогчийн баруун, зүүн өвдгийг өшиглөсөн байдаг. Мөн цүнхээрээ цохисон байдаг. Чи ямар гутлаар өшиглөчихвөө гэж хохирогч шүүгдэгчээс тухайн үед асууж байсан нь нотлогддог. Эргүүлийн цагдаа болон офицерийг өшиглөсөн нь түүний мэдүүлгээр болон хохирогчийн мэдүүлгээр, гэрчийн мэдүүлгүүдээр тус тус нотлогддог. Эрүүлжүүлэх авч явах шаардлагатай учир эрүүлжүүлэхэд оруулсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан эсэхийг харгалзахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч А.А нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны байрны хойд талын автобусны буудал орчим Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер цагдаагийн ахмад Т.Мыг албан үүргээ биелүүлж байх үедээ тавьсан шаардлагыг эсэргүүцэж биед нь халдан хөл рүү өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Мын: "...би 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүлд-116 чиглэлд автомашинд үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 1000 оюутны байрны автобусны буудалд согтуу хүмүүс орилолдоод байна гэж дуудлагын дагуу очиход Б гэх залуу гудамжинд “пиздануудаа” гэж орилж байсан бөгөөд би цагдаа М.Рийн хамт яваад очиход “цагдаа та нар мөнгөгүй мөнгө авах гээд байна уу лаларуудаа” гэж хэлсэн. Уг залууг машинд суулгах гэхэд хамт явсан С гэх залуу нь миний нүдний шил рүү цохиж шил газар унагасан бөгөөд хамт явсан А гэх эмэгтэй нь зүүн, баруун өвдөг рүү нэг удаа өшиглөсөн. Уг эмэгтэй, Б хоёрыг автомашиндаа суулгаад хэлтэс рүү аваад явсан. Автомашинд байхад Б нь “лаларуудаа ядарсан надаас мөнгө авах гээд баячуудаа яаж ч чадахгүй байна” гэж танхайрч машины цонх руу гараараа цохиж байсан. Миний баруун өвдөг хавдаж хөхөрсөн байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Б, А хоёрыг эрүүлжүүлэх байранд хийсэн болно. Тухайн үед 3 залуу согтуу орилж чарлаад байхаар нь би дуудлагаар очиж тухайн хүмүүсийн үйлдлийг таслан зогсоох шаардлага тавьсан юм. Тэгээд нэг согтуу залууг нь албаны машин руу суулгах гэтэл тэр согтуу залууг явуулахгүй гээд хажууд нь байсан А гэх эмэгтэй ирж надтай зууралдсан юм. Тэгж байснаа тэр эмэгтэй нь гэнэт хажуунаас миний баруун хөлний өвдөг рүү хөлөөрөө нэг л удаа өшиглөсөн юм. Тэр эмэгтэйг эрүүлжүүлэх байранд хүргэж эрүүлжүүлэхдээ согтуурлын зэрэг тогтоох драгер үлээлгэхэд 2 бүхэл гарч байсан..." гэх мэдүүлэг /хх 9-11/,

гэрч О.Сын: "...орой 23 цагийн үед караокеноос гарахад Б нилээн согтчихсон байхаар нь би Бг машин руу суулгах гээд дагуулаад гарч байтал зам дээр цагдаагийн машин зогсож байсан юм. Би Бд хандаж цагдаа байна шүү хөгүөөн аятайхан яваарай гэж хэлсэн юм гэтэл Б “өө пиздаа” гээд муухай чанга орилсон юм. Гэтэл цагдаагийн машинаас ахмад М гэх хүн бууж ирээд шууд миний хоолой руу цохиж хаячихаад Бг чирээд цаашаа аваад явсан юм. Тэгэхээр нь би араас очоод хөөш яаж байгаа юм бэ би найзыгаа аваад явчихъя гэж хэлэхэд намайг чи цаашаа бай гэж хэлээд намайг заамдаад авсан. Би хэлдэг газар нь хэлнэ гээд зогсож байтал хажуунаас манай эхнэр А хүрч ирээд чи эрүүл саруул хүнийг яаж байгаа юм бэ хэлдэг газар нь хэлнэ гэж хэлэхэд та нар хэлээд юу олж долоох юм бэ гэж хэлсэн. Манай эхнэр цагдаа Мыг надаас салгах гээд татсан юм. М нь манай эхнэрийг түлхээд цаашаа эргэсэн ба тэр үед хажуунаас өөр нэг цагдаа гарч ирээд намайг заамдсан юм. Тэр хооронд М нь манай найз Бг машин руугаа чихэж суулгасан. Нэг мэдсэн чинь манай эхнэр орилоод босоод ирсэн. Хэлтэс дээр очиж асуудлыг шийднэ гэхэд манай эхнэр өөрөө машин руу нь суугаад ирсэн. Эрүүлжүүлэх байранд хийчихсэн байна лээ..." /хх-14/

гэрч М.Рийн: “...би 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр сүлд 116 дугаар чиглэлд эргүүлийн офицер ахмад Т.Мын хамт үүрэг гүйцэтгэж байсан юм. Бид хоёр үүргээ гүйцэтгэж байгаад дуудлагагүй байсан учир Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны байрны урд талын автобусны буудал дээр албаны машинтайгаа зогсож байсан юм. Би машинаасаа буугаад утасны нэгж авах гээд дэлгүүр лүү орсон юм. Намайг дэлгүүр дотор зогсож байтал гадна хүмүүс шуугилдаад орилоод эхэлсэн. Манай албаны машины ойролцоо 1 эмэгтэй, 2 эрэгтэй хүн маргалдаад зогсож байсан ба тухайн үед М ахмад машинаасаа бууж ирээд согтуу орилоод байсан залууг машинд суулгаад авч явах гэтэл хажуунаас нөгөө эрүүл байсан залуу нь ирээд тэр согтуу залуугаа цагдаад өгч явуулахгүй гээд бариад авсан. А гэх эмэгтэй нь ирээд М ахмадыг цүнхээрээ цохиод дайраад байсан тэгснээ чи эмэгтэй хүнийг түлхлээ миний үс зулгаалаа гээд худлаа хэлж дайраад байсан юм. Тэр үед би нөгөө согтуу залууг нь машинд суулгах гэтэл нөгөө эрүүл залуу нь ирээд тэр согтуу залуугаа машинд суулгахгүй гээд зуураад байхаар нь би согтуу залууг нь тавиад эрүүл залууд нь хандаж тэгвэл чи машинд суучих бичиг баримтыг чинь шалгана гэж хэлээд барьж байсан юм. Тэр хооронд нөгөө согтуу залуу нь таксинд суугаад зугатаах гэж байхаар нь би очиж барьж аваад тэр согтуу залуу болон нөгөө А гэх эмэгтэй хоёрыг машинд суулгаж аваад хэлтэс рүү ирсэн юм. Тэгээд машинд ирж байхад М ахмад “өө өвдөг эвгүй болчихлоо, ямар гутлаар өшиглөөд хаячихваа” гээд нөгөө А гэх эмэгтэйгээс асууж байсан. Гэтэл тэр эмэгтэй нь хохь чинь энэ тэр гээд л  машин дотор орилсоор байгаад хэлтэс дээр ирээд түүнийг эрүүлжүүлсэн юм. Тэр эмэгтэйгийн 4 мөч нь зэрэг хөдлөөд л М ахмад руу орилоод цохиж татаад дайраад байсан юм...” /хх 12-13/

шүүгдэгч А.Аын: “...22-23 цагийн үед караокеноос гарах гэтэл Б согтоод бүр тасарчихсан өөрөө алхаж чадахгүй байхаар нь манай нөхөр С нь Бг түшээд гарсан юм. Тэгээд би тооцоо гэж явж байгаад араас нь гарахад Б “өө пизда цагдаа” гээд орилсон ба тэр үед цагдаагийн эргүүлийн нэг машин 1000 оюутны байрны автобусны буудал дээр зогсож таарсан юм. Тэгээд цагдаа хүрч ирээд ямар нэг шаардлага тавилгүйгээр манай нөхөр Сын хоолойг нь багалзуурдаж аваад машин руугаа шахсан юм. Цагдаа нар Бг авч явна гээд байхаар нь манай нөхөр С нь Бг аваад явчихаж болдоггүй юм уу гэж асууж байсан юм. Манай нөхрийг багалзуурдаад байхаар нь би очоод Т.М гэх цагдааг араас нь татсан юм. Гэтэл М эргэж хараад намайг үсдэж газар унагаасан юм. Тэгээд би та нар яагаад хүн дээрэлхэж байгаа юм бэ гэж хэлэхэд хоёулаа хэлтэс дээр очиж учраа олъё машинд суу гэхээр нь би машинд нь суух гэж байхад бас л намайг татаж чангаагаад машин руугаа суулгаж хэлтэс дээр авч ирээд шууд намайг эрүүлжүүлсэн юм...” /хх 33-34/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14558 дугаар дүгнэлт /хх 26/, ял шалгах хуудас /хх 29/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт бүрдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалттай нийцжээ.

А.Ат холбогдох хэргийг Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв гэж  дүгнэн  торгох  ялаар шийтгэсэн нь шүүгдэгч А.Аын  үйлдсэн хэргийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж,мөн хуулийн  ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүх дээрх зүйлчлэл тус бүрээр торгох ял оногдуулж уг ялыг нэмж нэгтгэхдээ хөнгөн ялд  хүнд ялыг нэмж нэгтгэж  шийдвэрлэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Иймд дээрх алдааг зөвтгөн өөрчилж шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулан, шүүгдэгч А.Аын гаргасан  “хэргийг хэрэгсэхгүй болгох”-ыг хүссэн давж заалдах  гомдлыг хүлээж авах үндэслэлгүй тул  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн:

“3” дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, А.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 200 /гурван мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 200 000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай...” гэснийг

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох ялд  мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох  ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 200  /гурван мянга хоёр  зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 200 000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай...” гэж өөрчилж, тогтоолын бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       Д.МЯГМАРЖАВ

О.ЧУЛУУНЦЭЦЭГ