Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 24

 

Г.Нямсүрэнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Ц.Бурмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун,

Хохирогчийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг,

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 802 дугаар магадлалтай, 201625022185 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулууны гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Үхэр овогт Гончигийн Нямсүрэн нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Нямсүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1,920,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар Г.Нямсүрэнгээс 346,090 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Солонгод олгож, хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин болон хойшид эмчилгээтэй холбоотой гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогч Ж.Солонгын нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...346,090 төгрөгийг...” гэснийг “...250,010 төгрөгийг...” гэж, тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөгийн...” гэснийг “...2.281.490 төгрөгийн...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Нямсүрэнгийн өмгөөлөгч Ж.Энхчулууны гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаа, өмгөөлөгч Ж.Энхчулуун, Э.Шинэцэцэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Нямсүрэнгийн өмгөөлөгч Ж.Энхчулуун хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Миний үйлчлүүлэгч Г.Нямсүрэнг иргэн Ж.Солонготой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний зүг чулуу шидэж, биед нь баруун тавхайн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцсон. Гэтэл хэрэг бүртгэлтийн ажиллагааны үе шатанд хийгдсэн ажлын үр дүнд тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь бүрэн нотлогдоогүй, үйлдэл үр дагаврын хоорондын шалтгаант холбоо илт үгүйсгэгдсэн, хавтаст хэрэгт авагдсан зарим бичмэл нотлох баримтууд, тэдгээрийг бэхжүүлсэн ажиллагаа нь хууль бус, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гэмт хэргийн ул мөр туйлын эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогддог. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив болон субьектив талын шинжүүд бүрэн нотлогдож, тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцож байгаа нь шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх үед Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.1 дэх заалтад заасан нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгийн үед болон хэрэгт авагдсан баримтуудаар няцаагдаж байсан болно. Түүнчлэн Г.Нямсүрэнгийн үйлдэлд тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байхгүй байтал Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж буй нь хууль зүйн үндэслэлгүй юм. Шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх заалтуудыг үндэслэн Г.Нямсүрэнг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, цагаатгах тогтоол гаргаж шийдвэрлэх байлаа. Нэгэнт миний үйлчлүүлэгчийн үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байхгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн явдал нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй, буруу ойлгож хэрэглэсэн алдаа гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Г.Нямсүрэнд холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү” гэв.

Хохирогч Ж.Солонгын өмгөөлөгч Э.Шинэцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Энэ хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хэргийн хөдөлшгүй нотлох баримт нь камерын бичлэг юм. Дээрх бичлэгт шүүгдэгч Г.Нямсүрэнгийн шидсэн чулуу хохирогч Ж.Солонгын хөлийг оносон нь тодорхой харагддаг. Тухайн хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320, 321 дүгээр зүйлүүдэд заасныг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа юм. Шүүхээс шүүгдэгч Г.Нямсүрэнгээс хохирол гаргуулахаар заасан боловч өнөөдрийг хүртэл хохирол огт төлөгдөөгүй байгаа. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Г.Нямсүрэн нь 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Норов” барилгын материалын дэлгүүрийн гадна Ж.Солонготой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүн рүү чулуу шидэж, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Г.Нямсүрэнгийн гэм буруу, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалбал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь бусдыг хэл амаар доромжлон, хэрүүл маргаан үүсгэж, улмаар О.Мөнхтуулыг зодож цохисон хохирогчийн зүй бус зан авир, хууль бус үйлдлээс үүдэлтэй байх бөгөөд шүүгдэгч Г.Нямсүрэн нь О.Мөнхтуулыг өмөөрч Ж.Солонготой маргалдах явцдаа түүний биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон байх тул шүүх Г.Нямсүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт “Хойшлуулшгүй тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө үзлэг хийж болно” гэж заасан ба уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө буюу 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг шүүх нотлох баримтаар үнэлсэн нь хуулийн шаардлага зөрчөөгүй бөгөөд уг тэмдэглэлд дурдагдсан үйл баримт нь хууль сануулж байцаасан гэрч нарын мэдүүлэг болон бусад хэрэгт авагдсан баримтуудаар давхар тогтоогдсон гэж үзэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулууны “...Г.Нямсүрэнд холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 802 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Нямсүрэнгийн өмгөөлөгч Ж.Энхчулууны хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                  ДАРГАЛАГЧ

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                                  ШҮҮГЧ                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН