Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 132

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Оргилтунгалаг;

Улсын яллагч: Ц.Уртнасан;

Хохирогч: Ж.Солонго, түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг;

Гэрч: О.Мөнхтуул, О.Удвал;

Шүүгдэгч: Г.Нямсүрэн, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Үхэр овогт Гончигийн Нямсүрэнд холбогдох эрүүгийн 201625022185 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, техникийн операторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 10 дугаар байрны 181 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ЧП73093002 регистерийн дугаартай, Үхэр овогт  Гончигийн Нямсүрэн.

 

Прокуророос баталж ирүүлсэн тогтоолоор:

 

Яллагдагч Г.Нямсүрэн нь 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт иргэн Ж.Солонгыг хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан улмаар биед нь санаатай хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Г.Нямсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 14-ний 17 цагийн орчим “Норов” барилгын материалын дэлгүүрийн гадна уг асуудал болсон. Тухайн өдөр дэлгүүрийн түрээслэгч нар салхинд гарах гээд 1 цагийн өмнө хаах гэж байсан. Гадаа байсан бараа материалаа оруулаад зайгүй болсон байхад хохирогч Ж.Солонго нэг залуутай орж ирээд хажуу талын лангуунаас бараа худалдаж авах гээд Мөнхтуултай маргалдаад байсан. Баруун, зүүн талын жигүүрт нь ижил бараа зардаг бөгөөд хохирогч Ж.Солонго нь Оюун-Эрдэнийн лангуун дээр очтол “бараа зарахгүй” гэж хэлэхэд Мөнхтуул, Төгөлдөр нар дээр очиж худалдаж авсан. Тухайн үед хохирогч Ж.Солонго хараалын үг хэлж доромжилж байсан. Тэгээд би дэлгүүрийн үүдэн дээр гараад иртэл 21-07 улсын дугаартай “портер” машины хажууд Мөнхтуулыг хохирогч Ж.Солонго цохиод байж байхаар нь очоод “эмэгтэй хүн байж ямар муухай юм” гэж хэлэхэд гартаа чулуу барьсан байсан. Би Ж.Солонгын гарт байсан чулууг тавиулах гээд чадаагүй. Миний гарыг урсан байсан. Би хохирогчид “бараагаа авсан биз дээ, одоо боль” гэж хэлээд салгаад явуулсан. Гэтэл машины зогсоолын тэнд хохирогч Ж.Солонго зогсож байгаад над руу чулуу шидсэн бөгөөд Удвал бид хоёр бултсан. Тэгээд би уурлаад шидсэн чулууг нь буцаагаад хохирогч Ж.Солонго руу шидэхэд оноогүй. Тухайн чулуу нь цементэн чулуу байсан бөгөөд газарт унахдаа бутарсан. Хохирогчийн хөлийг тухайн үед оносон бол орилох байсан. Гэтэл хохирогч Ж.Солонго нөхөртэйгээ машины цаагуур ороод явсан. Бид нар дэлгүүрээ хаагаад машиндаа суугаад явах гэтэл хохирогч Ж.Солонгын хөлнөөс цус гарчихсан, нөхөртэйгээ хүрч ирээд “чиний шидсэн чулуу миний хөлийг оночихлоо” гэж хэлэхээр нь би “оноогүй” гэж хэлээд “явцгаая” гэхэд гэмт хэргийн газраас зугтаах гэж байна гэсэн. Би эмнэлэг рүү ороод жижүүрээс нь камерийн бичлэгийн талаар асуухад “гадагшаа бичлэг хийдэггүй” гэхээр нь буцаад гарч ирсэн. Би тухайн үед зугтаагүй, өөрсдөө цагдаа дуудаад мэдүүлэг өгсөн гэв.

 

            Хохирогч Ж.Солонго шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өмнөх өдөр нь тухайн дэлгүүрээр үйлчлүүлсэн бөгөөд авсан бараанаас нь дутуу байсан. Маргааш нь тухайн дэлгүүрт очсон. Гэхдээ өмнө авсан бараа нь дутуу байна гэж хэлэх гэж очоогүй. Дэлгүүрт хэрүүл маргаан огт болоогүй, худлаа хэлж байна. Би дэлгүүрт ороод худалдагч охинд “өчигдөр авсан бараанаас дутуу авсан байна, гүйцээгээд авах гэсэн юм” гэж хэлэхэд “наагуур нь юм тавьчихсан байгаа, та өөрөө авчих” гэхээр нь өөрөө 20 ширхэгийг тоолж авсан. Гэтэл худалдагч охин дээр нэг залуу ирээд загнаад байсан. Би тэр хоёроос хол байсан бөгөөд өөр лангуун дээр очиж асуугаагүй. Тэнд байсан залуу “яагаад юм зараад байгаа юм” гээд дайраад байсан. Би нэг удаа ч хараалын үг хэлж загнаагүй. Би нөхөр рүүгээ залгаж хүмүүс хэрэлдээд байна, ороод ир гэж хэлсэн. Надад “дэлгүүр хаах гэж байна” гэж хэлээгүй. Манай нөхрийг хараад тэр залуу дуугүй болоод наймаагаа хийсэн. Би худалдагч охинд “өчигдөр авсан бараанаас дутуу байсан, гэхдээ мөнгийг нь авах гэж ирээгүй” гэж хэлэхэд уурлаж, гарахдаа намайг түлхээд гарахаар нь “жаахан хүүхэд байж битгий ингэж бай” гэж хэлэхэд над руу 10 хүн дайрсан. Тэгээд би нөхөртэйгээ гараад явахад над руу Г.Нямсүрэн чулуу шидсэн. Би эргэж ирээд хэрүүл хийгээгүй. Харин “миний хөлийг гэмтээчихлээ эмнэлэг, цагдаа дуудаад өгөөч” гэж хэлэхэд “чи гай боллоо, хол явж үх” гээд шороо цацаад байсан. Хэн ч надад тусламж үзүүлээгүй бөгөөд сүүлдээ манай нөхөр цагдаа, түргэн тусламж дуудсан. Цагдаа ирээд юу болсон талаар асуухад Г.Нямсүрэн “би чулуу шидсэн” гэж хэлсэн. Эмнэлэгт очоод үзүүлэхэд судас чинь хагараад бяцарсан байна гэж хэлсэн. Миний хөлөнд хагалгаа хийсэн. Эмчилгээний зардал баримтаар 3.741.560 төгрөг гарсан бөгөөд цаашид гарах эмчилгээний зардалтай нийлээд 5.000.000 төгрөг нэхэмжилж байна. Дэлгүүрт үйлчлүүлэх гэж очиход 10-20 хүн над руу дайрсан. Одоог хүртэл худлаа хэлсэн, миний биеийн байдлыг асуугаагүй, надаас уучлалт гуйгаагүй учраас гомдолтой байна гэв.

 

            Гэрч О.Мөнхтуул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр манай дэлгүүрийн хүмүүс зугаалганд явах гэж байсан. Бараагаа оруулсан байхад хохирогч Ж.Солонго орж ирээд “хувцасны уут авъя” гэхээр нь “авч болохгүй байгаа учраас зарахгүй” гэж хэлсэн. Гэтэл нөхөр рүүгээ утсаар ярьсан. Нөхөр нь орж иртэл манай найз залуу бид хоёрыг “энэ хоёр маягласан юм” гээд бид хоёрыг хараах маягтай үг хэлэхээр нь би “танд хараалган барин бараагаа зарахгүй” гэж хэлээд гараад явсан. Тэгээд буцаад орж ирэхэд өөрсдөө гаргаад ирсэн байхаар нь зарсан. Би түрүүлж гараад машины хажууд зогсож байтал Ж.Солонго гарч ирээд миний цээж рүү түлхээд цохисон. Г.Нямсүрэн эгч болон манай дэлгүүрийн хүмүүс гарч ирээд намайг өмөөрсөн. Ж.Солонго чулуу барьсан байсан бөгөөд Г.Нямсүрэн эгч чулууг нь авах гэтэл өгөхгүй байсан. Ж.Солонго цаашаа явж байгаад чулуугаа шидэхэд Г.Нямсүрэн, О.Удвал эгч нарын дундуур нь гарсан. Г.Нямсүрэн эгч тухайн чулууг нь аваад буцаагаад шидэхэд бутарсан. Ж.Солонго нөхөртэйгээ цаашаа явсан гэв.

 

            Гэрч О.Удвал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр намайг Г.Нямсүрэн “машинаараа хүргэж өгнө” гэсэн учраас ажил дээр нь 17 цагийн үед очсон. Бид хоёр машин хүлээгээд лангуун дээр нь зогсож байхад гаднаас хохирогч Ж.Солонго нөхөртэйгээ орж ирээд хажуу талын лангуун дээрээс “юм авна” гэхэд лангууны худалдагч хүүхэд “хаасан, юм зарахгүй” гэж хэлэхэд “авна” гээд байсан. Тэгээд Г.Нямсүрэн дэлгүүрийн дохиололоо өгөөд хаах гэтэл “заавал авна” гээд нөхөр нь лангууны араар ороод юм аваад гарсан. Г.Нямсүрэн бид хоёр дэлгүүрээс гарч ирэхэд хохирогч Ж.Солонго нь О.Мөнхтуулын үснээс нь татаад түлхээд байж байхаар нь очоод “жаахан хүүхдийг яаж байгаа юм бэ” гэж хэлээд салгахад хохирогч Ж.Солонго “чи намайг түлхдэг хэн юм бэ” гээд сарвалзаад байхаар нь Г.Нямсүрэн дундуур нь ороод салгахад гарнаас нь маажсан. Тэгээд Ж.Солонгыг нөхөр нь дагуулаад явсан. Гэтэл Ж.Солонго газраас чулуу аваад Г.Нямсүрэн бид хоёрын голоор шидсэн. Г.Нямсүрэн нөгөө чулууг нь аваад буцаагаад шидэхэд бутарсан. Хохирогч Ж.Солонго нөхөртэйгээ цаашаа явсан. Г.Нямсүрэн бид хоёр дэлгүүрээ хаах гээд байж байтал хохирогч Ж.Солонго ирээд “та нарын шидсэн чулуу хөл цохьчихлоо” гээд хараалын үг хэлээд байсан. Тэгээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2 цагдаа ирэхээр нь шидсэн чулууг зааж өгөхөд цагдаа нь намайг холд гэж түлхээд дээгүүр нь гараад явсан гэв.

 

            Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Ж.Солонго /хх-ийн 21/, гэрч О.Мөнхтуул /хх-ийн 22-23/, О.Удвал /хх-ийн 24, 27/, Ю.Мягмарсүрэн /хх-ийн 26, 25/, Б.Төгөлдөр /хх-ийн 28-29/, Б.Төмөрчөдөр /хх-ийн 30-31/ нарын мэдүүлэг, CD-г хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-35/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10265 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37/, хохирлын баримтууд /хх-ийн 40/, Г.Нямсүрэнгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/, Г.Нямсүрэнгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 49/, Г.Нямсүрэнгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 52-56/, хохирогчоос шинээр өгсөн “B&P” ХХК-ийн цалингийн тодорхойлолт, өмгөөллийн хөлс төлсөн баримт зэрэг болно.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:       

 

Шүүгдэгч Г.Нямсүрэн нь 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах “Норов” нэртэй барилгын материалын дэлгүүрийн гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу О.Мөнхтуулыг өмөөрч “…хүүхэд зодлоо…” хэмээн хохирогч Ж.Солонготой маргалдан муудалцаж улмаар хохирогчийг чулуугаар цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч Ж.Солонгын /хх-ийн 21/: “...2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн үед 100 айлын барилгын материалын “Норов” дэлгүүрээс урьд өдрийн дутуу авсан бараагаа нөхөж авахаар очиход дэлгүүр нь хааж байсан. Дэлгүүрийн худалдагч охин “таны авах гэж байгаа барааны наагуур юм хураачихсан байгаа, та өөрөө авч чадна гэвэл болно” гэхээр нь би өөрөө наагуур нь хураасан байсан өлгүүрийг холдуулаад авах гэсэн зүйлээ тоолж аваад лангуун дээр тавьж бичүүлэх гэтэл худалдагч залуу нь нөгөө худалдагч охиныг “хаах гэж байхад юм зарлаа” гээд загнаад байсан. Би огт тоолгүй байж байтал нөгөө худалдагч эрэгтэй миний авах гэж байсан зүйлийг аваад өөрийнхөө бараа руу  шидчихсэн. Тэгэхээр нь би утсаар нөхрөө дуудсан ба манай нөхөр ороод ирсэн. Би “наад юмыг чинь авах гээд холоос ирж байна, аваад ир” гэтэл нөгөө худалдагч залуу миний авах гэж байсан юмыг авчирч өгөөд худалдсан юм. Би худалдагч охинд ”өчигдөр чамаас авсан зүйл дутуу байсан, тэрийгээ нөхөж авах гэж ирсэн” гэтэл тэр охин уурлаад миний араар гарахдаа намайг түлхээд гарсан. Тэгэхээр нь би уурлаад “түрүүнээс хойш л та нарын арга эвийг олох гээд байна, яагаад намайг түлхээд байгаа юм бэ?” гээд маргалдаж байтал дэлгүүрийн худалдагч нар гарч ирээд надруу бөөнөөрөө дайраад, хэл амаар доромжлоод байсан…Тэгтэл миний хөл рүү чулуу шидэх шиг болсон. Эргээд явтал хөлнөөс цус гарахаар нь эргэж очоод “миний хөлийг гэмтээчихсэн байна” гэтэл намайг хэл амаар доромжлоод “хол очиж үх” гээд байсан. Маргаан тэр охин намайг түлхсэнээс болж гарсан юм. Хэн чулуу шидсэнийг би сайн хараагүй. Эргээд харахад шар үстэй эмэгтэй зогсож байсан. Тэр эмэгтэй өөрийгөө чулуу шидсэн гэдгийг цагдаад хэлж байсан…”  гэх мэдүүлгээр,

 

гэрч О.Мөнхтуулын /хх-ийн 22-23 /: “...Би гараад ахтайгаа хамт машины хажууд яриад зогсож байтал нөгөө юм худалдаж авсан эгч гарч ирээд намайг хэл амаар доромжлоод эгэм хэсэгт 2 удаа цохьсон. Тэгэхээр нь “та яаж байна аа?” гэтэл “чи гарахдаа намайг мөрлөө биз дээ” гээд дайраад байсан. Тэгээд манай дэлгүүрийн ажилчидтай хэрэлдэж муудалцсан юм. Гэтэл нөгөө эгч газраас чулуу аваад шидсэн. Тэр чулуунаас нь Нямаа эгч, Удвал эгч хоёр бултсан юм. Нямаа эгч шидсэн чулууг нь буцаагаад шидсэн. Тэр эгч нөхөртэйгээ цаашаа явсан ба удалгүй буцаж ирээд “миний хөлийг оночихсон байна, цагдаа дуудна” гээд дуудсан…Тэр эгчийн баруун хөлнийх нь сарвууны дээд хэсэгт нь шалбараад хөлнөөс нь цус гарсан байдалтай байсан…Нямсүрэн эгчийн шидсэн чулуу газарт бутраад унаж байх шиг харагдсан…” гэх мэдүүлгээр,

 

гэрч О.Удвалын /хх-ийн 24, 27/: “...Нөгөө эмэгтэй Мөнхтуулыг “портер” машины хажууд цохиод, түлхээд байсан. Нямаа бид 2 гүйж очоод “хүүе чи эмэгтэй хүн байж, хүүхэд цохиж зодоод байхдаа яадаг юм бэ?” гэтэл галзуу хүн шиг орилж чарлаад “энэ муу охин намайг мөрөлж гарсан” гээд орилоод хэл амаар доромжлоод байсан. Бид нар тал талаас нь “болиоч, одоо яваач!” гэж хэлтэл нөхөр нь аваад цаашаа явсан юм. Тэгснээ эргэж хараад барьж байсан чулуугаа Нямаа бид хоёр руу шидсэн. Тухайн үед бид 2 хоёр тийшээ болоод чулуунаас бултсан. Нямаа нөгөө чулууг нь аваад “чи хүн рүү чулуу шидээд байхдаа яадаг юм бэ” гээд нөгөө чулууг нь аваад эргүүлээд шидсэн. Тэр чулуу нь газар унасан. Нөгөө эмэгтэй нөхөртэйгээ зүгээр л цаашаа эргээд яваад өгсөн. Бид нар дэлгүүрийнхээ хаалгыг түгжих гээд байж байтал нөгөө эмэгтэй нөхөртэйгээ эргэж ирээд “шидсэн чулуу чинь хөл цохьчихлоо” гээд бид нарыг хэл амаар доромжлоод, цагдаа дуудахаар болсон…Баруун хөлнийх нь сарвууны дээд хэсэгт нь долоовор хурууны дайтай юмаар зүсчихсэн юм шиг тэгшхэн шархтай ирсэн. Шарх нь дөнгөж зүсэгдсэн шинэ шарх байсан…Мөнхтуулыг тэр эмэгтэй зодоод байхаар нь Нямаа өмөөрч маргалдсан юм…” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ю.Мягмарсүрэнгийн /хх-ийн 26, 25/: “...2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр манай дэлгүүрийн хүмүүс нийлээд зугаалганд явах гэж байсан бөгөөд орой дэлгүүрээ хаах гэж байтал эрэгтэй, эмэгтэй хоёр хүн Мөнхтуулаас юм авах гээд маргалдаад байх шиг байсан. Тэгээд дэлгүүр дотор байсан хүмүүс “та нар одоо юмаа авчихсан бол гараач дээ, хэрэлдэхээ болиоч” гэтэл гараад явцгаасан. Би дэлгүүрт үлдээд дохиололоо өгөөд, лангуугаа хаагаад гартал нөгөө эмэгтэй Нямсүрэн рүү чулуу аваад шидсэн. Нямсүрэн нөгөө чулууг нь аваад араас нь шидсэн…Нилээн байж байгаад нөгөө эмэгтэй, эрэгтэй хоёр эргэж ирээд “шидсэн чулуу чинь хөл оносон байна” гээд хөлнөөс нь цус гарсан ирсэн. Тэгээд дахиж маргалдаад цагдаа дуудахаар болсон. Тэр эмэгтэйн хөлнийх нь дээд хэсгээс цус гарсан ирсэн…Нямсүрэн нь Мөнхтуулыг өмөөрч тэр эмэгтэйтэй маргалдсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Төгөлдөрийн /хх-ийн 28-29/: “...2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр эхнэртэйгээ лангуун дээр ажилласан юм. Тэр өдөр дэлгүүрийн түрээслэгч нар зугаалганд явах гэж байсан бөгөөд орой дэлгүүрээ 17 цагийн үед хаах гэж байтал нэг эгч орж ирээд “юм авъя” гэсэн. Тэгэхээр нь “манайх юмаа хураачихсан байна, авч өгч чадахгүй нь ээ” гэтэл “аваад өгчөөч” гээд гуйгаад байхаар нь тавиур татаад аваад өгтөл араас нь нөгөө эгчийн нөхөр нь ороод ирсэн. Тэр эгч “энэ 2 юм бараагаа зарах гээд маяглачих юм аа” гэхээр нь миний уур хүрээд “таньд ингэж хэлүүлэн барин бараагаа зарах албагүй” гээд буцаагаад аваад цаашаа хийсэн юм. Би цаашаа явчихаад эргээд иртэл тэр эгчийн нөхөр нь тавиур татаад нөгөө авах гэж байсан хувцасныхаа уутыг авчихсан байсан. Би “танд юм аа зарахгүй ээ” гэтэл нөгөө ах “за эр улсууд байна, битгий ингэ зарчих” гэхээр нь “за за” гээд бараагаа зарсан юм. Бараагаа зарчихаад дэлгүүрээс гартал гадаа “портер” машины дэргэд нөгөө эгчтэй манай дэлгүүрийн Нямаа эгч, манай эхнэр нар маргалдаад хэрэлдэж байсан. Манай эхнэрийг тэр эгч түлхсэн гэсэн. Тэр эгчтэй дэлгүүрийн ажилчид бүгдээрээ маргалдаад салаад явцгаасан. Салж явахдаа тэр эмэгтэй чулуу аваад шидсэн юм. Шидсэн чулууг нь Нямаа эгч аваад эргүүлээд шидсэн…Хэсэг хугацааны дараа “шидсэн чулуу чинь хөл оносон байна” гээд ирсэн. Тэгээд дахиж маргалдаад цагдаа дуудахаар болсон. Нямаа эгчийн шидсэн чулуу нилээн том, атгасан гар шиг чулуу харагдаж байсан. Тэр эмэгтэйн хөлнийх нь дээд хэсгээс цус гарсан хүрч ирсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Төмөрчөдөрийн /хх-ийн 30-31/: “... 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн үед манай дэлгүүрийнхэн зугаалганд явах гээд би гадаа машин дотороо хүлээгээд сууж байсан юм. Манай дүү Мөнхтуул гарч ирээд надтай юм яриад зогсож байтал нэг хүүхэн хүрч ирээд Мөнхтуулыг араас нь түлхээд цохиод байсан. Тэгэхээр нь “юу болоод байна аа” гээд буугаад очсон. Гэтэл дэлгүүрийн худалдагч нар хүрч ирээд Мөнхтуулыг өмөөрч нөгөө эмэгтэйтэй маргалдсан. Маргалдаж байгаад нөгөө эмэгтэй салаад нөхөртэйгээ явсан юм. Тэгснээ эргэж хараад газраас чулуу аваад Нямаа эгч, Удвал эгч хоёр руу шидсэн. Тэр 2 хажуу тийшээ бултаад чулуунд оногдоогүй. Нөгөө чулууг нь Нямаа эгч аваад эргүүлээд шидсэн. Маргалдаад байсан эмэгтэй тэгээд яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа эргэж ирээд “шидсэн чулуу чинь хөл оносон байна” гэж ирсэн юм. Ингээд дахиж маргалдаад цагдаа, эмнэлэг дуудахаар болсон. Тэр эмэгтэйн хөлийнх нь дээд хэсгээс цус гарсан хүрч ирсэн...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Ж.Солонгын биед “баруун тавхайн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 10265 дугаартай актын дүгнэлтээр /хх-ийн 37/ болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD бичлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт Г.Батбаяраас гэрчийн мэдүүлэг авахдаа түүнийг хэзээ байцаасан нь тодорхойгүй байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг тэмдэглэж байна.

 

            Хэдийгээр шүүгдэгч Г.Нямсүрэн “миний шидсэн чулуу хохирогчийг оноогүй, гэмт хэрэг үйлдээгүй” хэмээн маргаж байх боловч шүүгдэгчээс өөр бусад хүн хохирогч руу чулуу шидээгүй, шүүгдэгчийн чулуу шидсэн үйлдлийн улмаас хохирогчийн бие махбодид гэмтэл учирсан, цаг хугацааны хувьд хохирогч чулуунд оногдож гэмтсэн даруйдаа буцаж ирсэн зэрэг нь хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Ийм учраас шүүгдэгч Г.Нямсүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хууль ёсны болон шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмуудыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүний эрх чөлөөг хязгаарлаж, нийгмээс тусгаарлахгүйгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ. Торгох ялын хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192.000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоов.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын нөхөн төлбөрийн хэмжээг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Ж.Солонгын хэрэг бүртгэлтээр гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон 346.090 төгрөгийн хохирлыг (хх-ийн 40) шүүгдэгч Г.Нямсүрэнгээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй. Дээрх хохирлыг гаргуулахдаа Г.Батбаяр гэсэн нэрээр бүртгэгдсэн нийт 185.410 төгрөгийн төлбөрийн баримтыг (хх-ийн 40) хохирогчийн нэхэмжлэлтэй хамааралгүй гэж үзэж хасч тооцсон болно.  

 

Харин хохирогч Ж.Солонго нь (зөвхөн цалингийн тодорхойлолт, “Cinderella” эмнэлгийн “эмчилгээ хийгдсэн тохиолдолд гарах зардлын тооцоо” зэрэгт тулгуурлан шийдвэрлэх боломжгүй байх тул) ажилгүй байсан хугацааны цалин болон хойшид эмчилгээтэй холбоотой гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Мөн хохирогчийн “өмгөөлөгчид төлсөн зардал 2.000.000 төгрөгийн” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Учир нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж өмгөөлөгчийн хөлсний талаар заажээ.

 

Хохирогчийн өмгөөлөгчид төлсөн хөлсийг байцаан шийтгэх ажиллагааны зардал эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул дээрх 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээхээр тогтов.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Үхэр овогт Гончигийн Нямсүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гончигийн Нямсүрэнг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 /арав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.920.000 /нэг сая есөн зуун хорин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нямсүрэн торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан торгох ялыг хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Нямсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг СD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Нямсүрэнгээс нийт 346.090 /гурван зуун дөчин зургаан мянга ерэн/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Солонгод олгож, хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин болон хойшид эмчилгээтэй холбоотой гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Хохирогч Ж.Солонгын нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Нямсүрэнд урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ