Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 317

 

Ж.Баасанжавын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч Ж.Баасанжав нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 161 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ний өдрийн 356 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Ж.Баасанжавын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Өмч, газрын харилцааны алба, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 161 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Баасанжавын гаргасан ...Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/80 дугаар захирамжийн Жигжидийн Баасанжавт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ гаргуулахыг даалгах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/345 дугаар захирамжийн Д.Алтанхуягт холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 770 дугаар захирамжийн 475 м.кв газар гэснээс 274 м.кв хэмжээг хасч үлдсэн 201 м.кв газрын хэмжээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 6 дугаар сарын 08-ний өдрийн 356 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 161 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч Ж.Баасанжав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Анх надад газар олгосон 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 599 дүгээр захирамж гарах үед Д.Алтанхуягт газар эзэмших эрх огт байгаагүй. Ийм учраас давхцуулан олгосон гэх ойлголт огт байхгүй байхад давж заалдах шатны шүүх давхцуулж олгосон гэж байгаа нь үндэслэлгүй байна.

Миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон 2012 оны 2 дугаар сарын 10-ны А/80 тоот захирамж гарах үед ч гуравдагч этгээд Алтанхуягт газар эзэмших эрх байгаагүй.

Гуравдагч этгээдэд хожим буюу 2012 оны 8 дугаар сарын 21-нд Баянзүрх дүүргийн засаг даргын 270 дугаар захирамжаар 270 м.кв газар олгосон гэх бөгөөд энэ үед ч давхцал байгаагүй байдаг. Маргаан бүхий газар дээр анхан шатны шүүх болон шинжээч нар удаа дараа очиж хэмжилт хийж тооцоолж үзээд давхцаагүй байна гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрч А/80 тоот захирамждаа өөрчлөлт оруулах боломжтой гэдгээ Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн бичгээр өгсөн тайлбартаа хэлсэн байгаа. / Магадлалын 1-р хуудас/ 2015.09.18-ны 4/6087-р бичгээр мэдээллийн санд давхцаагүй гэдгийг хэлсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх давхацсан гээд байна.

2. Шүүхэд хариуцагч нотлох баримт ирүүлэхдээ хоорондоо зөрүүтэй эргэлзээтэй баримт олныг ирүүлж байхад нэг мөр болгохгүйгээр аль нь үнэн аль нь худал болохыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх анхаарсангүй.

3. Захиргааны байгууллага буюу Баянзүрх дүүргийн газрын алба, Нийслэлийн засаг дарга илт хууль зөрчөөд байхад шүүхээс зөвтгөөд байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо 115 м.кв газрыг хууль ёсоор эзэмшээгүй гэрчилгээгүй гэж үзсэн. Надад газар олгосон анхны захирамжид гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн засаг даргын газрын албанд даалгасан. Би газрыг хууль бусаар эзэмшээгүй. Захиргааны байгууллага төслийн алба гуравдагч этгээд зөвшөөрөлгүй амьдарч нүүх зардлаа авсан атлаа нүүхгүй байгааг зохицуулж өгнө гэж хүлээлгэсээр байсан. Гэтэл энэ айл нь нүүх байтугай 276 м.кв газраа 475 болгон нэмэгдүүлэх боломжийг захиргааны байгууллага олгоод би болохоор 115 м.кв газрыг эзэмшиж болохгүй байгаа нь арай дэндүү тэгш бус хандаж байгаа биш үү? би энэ айлыг 276 м.кв газар авсанд нь гомдоогүй харин хэрэг шийдвэрлэх явцад үүнийгээ 475 болгож миний газрыг мөн авсанд нь шаардлагаа нэмэгдүүлсэн юм.

4. Давхцаагүй газрыг давхацсан гэж миний газрын эрхийг хүчингүй болгосон А/80 тоот захирамж яагаад хууль зөрчөөгүй гэж үзээд буй нь ойлгомжгүй байна. Энэ захирамжийнхаа үндэслэлийг нотлох баримтыг гаргаж ирүүлэхийг шүүхээс маш олон удаа хариуцагчид хандан шаардаад хариугаа авч чадаагүй атлаа хууль бус захирамжийг зөвтгөсөнд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж.Баасанжав нь Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн а/80 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгах, 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн а/345 дугаар захирамжийн Д.Алтанхуягт холбогдох хэсэг, 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 770 дугаар захирамжийн “475 мкв” гэснээс “201 мкв” газрын хэмжээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 599 дүгээр захирамжаар “Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр амины орон сууцны хороолол барих төсөл” хэрэгжүүлэх хүрээнд Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо Дарь-Эхийн гэр хорооллын 2 дугаар хэсэгт, 115 мкв газрыг иргэн Ж.Баасанжав эзэмшүүлжээ.

Гэвч энэхүү төслийн зорилго нь Дарь-Эхийн гэр хороололд оршин суух иргэдэд  зориулагдсан бөгөөд нэхэмжлэгчийн тухайд энэ шаардлагыг хангаагүй буюу уг маргаан бүхий газарт амьдран суудаггүй байсан учир уг захирамж хэрэгжих бодит боломжгүй болж, захиргааны байгууллагаас нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулаагүй, газрын кадастрын санд газрын зураглалын мэдээлэл оруулаагүй, газар дээр нь эргэлтийн цэгийг тэмдэглэж, координатжуулаагүй байна.

Харин гуравдагч этгээд Д.Алтанхуяг нь уг маргаан бүхий газарт 2001 оноос хойш амьдарч байсан болох нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн тодорхойлолт, сансрын зургаар тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагаас тухайн цаг үед гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх захирамж гаргаагүй боловч нэхэмжлэгч 2008 онд газар эзэмшихээс өмнө уг газарт бусдын эзэмшил бодитойгоор үүссэн байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх ёстой, бодит байдалд маргаан бүхий газрыг гуравдагч этгээд ашиглаж байсан тул гуравдагч этгээдэд түрүүлж газрыг эзэмших ашиг сонирхол үүссэн гэж үзлээ.

Иймээс Нийслэлийн Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн а/80 дугаар захирамжаар “иргэдийн үл хөдлөх хөрөнгө бүхий газар дээр давхцуулан газар эзэмшүүлсэн, газар эзэмшүүлэх эрх олгогдсон иргэд тухайн газар дээрээ амьдардаггүй” зэрэг нөхцөлийг харгалзан нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Үүний дараа Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн а/270 дугаар захирамжаар гуравдагч этгээд Д.Алтанхуягт 274 мкв газар эзэмшүүлж, Баянзүрх дүүргийн 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн а/345 дугаар захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлж, 476 мкв болгосон, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн а/770 дугаар захирамжаар газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. 

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол нь дараах байдлаар үндэслэлгүй байна. Үүнд:

1.“надад олгосон газар дээр өөр айл байгаа учир энэ асуудлыг зохицуулсны дараа гэрээ байгуулж, гэрчилгээ олгоно гэж захиргааны байгууллага хүлээлгэсээр байсан” гэх гомдлын тухайд:

Нэхэмжлэгч анх 2008 онд газар эзэмших эрх олгосон захирамж гарах үед уг маргаан бүхий газарт айл байгааг мэдэж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон бөгөөд захиргааны байгууллагад хэзээ, ямар байдлаар, хэдэн удаа өргөдөл гаргаж байсан тухай баримт байхгүй, захиргааны эс үйлдэхүйтэй холбогдуулан 2008 оноос хойш дээд шатны байгууллага болон шүүхэд газар чөлөөлүүлэхээр маргаан үүсгээгүй байна.

Өөрөөр хэлбэл, “захиргаа хүлээлгэсээр байсан” гэх тайлбарыг нотлох баримт байхгүй, захиргааны эс үйлдэхүй нь газрыг бодитоор ашиглаж байсан, одоогийн байдлаар өмчлөх эрхийн гэрчилгээг авсан гуравдагч этгээдийн эрхийг хөндөх хангалттай үндэслэл болж чадахгүй юм.

Захиргааны байгууллага хэрэгжих боломжгүй захирамж гаргасны үр дагаврыг хариуцах зарчмын дагуу нэхэмжлэгчид бусдын газартай давхцуулахгүйгээр, өөр газрыг эзэмшүүлэх замаар нэхэмжлэгчийн эрхийг хангах боломжтой боловч энэ нь энэхүү маргаанаас тусдаа шийдвэрлэх асуудал юм.

2.“газар давхцалгүй” гэж тайлбарлаж байгаа ч Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2/1190 дугаар албан бичиг, шинжилгээний дүгнэлт, сансрын зургаас үзэхэд Ж.Баасанжавт эзэмшүүлсэн гэх нэхэмжлэгчийн заасан газар нь гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн 274 мкв газартай бүхэлдээ давхцалтай болох нь тогтоогдож байна.

3.“захиргааны байгууллага нь шүүх дээр маргаантай байгааг мэдсээр байж гуравдагч этгээдийн газрын хэмжээг нэмэгдүүлж өгсөн нь шударга бус” гэх гомдлын хувьд:

Гуравдагч этгээдэд нэмэгдүүлж олгосон газрын кадастрын зураг, сансрын зургаас үзэхэд гуравдагч этгээдэд дөрвөн талаас нь нэмэгдүүлж, газар эзэмшүүлсэн байх тул нэхэмжлэгчийн хүссэнээр “201 мкв” газрыг хасах боломжгүй, өөрөөр хэлбэл чөлөөтэй, орц гарц бүхий ашиглаж болохуйцаар иргэний эзэмшиж, ашиглалтад олгох боломжтой болох нь тодорхойгүй байх тул захиргааны байгууллагыг “хууль бусаар газар нэмэгдүүлсэн” гэж шууд дүгнэх боломжгүй юм.

Хамгийн гол нь нэхэмжлэгчийн заасан буюу эзэмшихийг хүссэн газар нь гуравдагч этгээдийн 274 мкв газартай давхцалтай болохоос илүү олгосон газар гэх “201 мкв” газартай давхцаагүй, нэхэмжлэгчээс  “201 мкв” газрыг эзэмшихээр захиргааны байгууллагад хүсэлт гаргаж байгаагүй тул Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид уг газрыг эзэмших эрх үүсээгүй болно. 

Түүнчлэн нэхэмжлэгчийн “гуравдагч этгээдэд нэг газрыг хэдэн удаа янз бүрийн хэмжээгээр олгосон” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, захиргааны байгууллагаас газрын хэмжээг өөр, өөр бичсэн талаар техникийн шинжтэй алдаа байсныг хүлээн зөвшөөрсөн, бодит байдалд гуравдагч этгээд нь захирамжид заасан хэмжээгээр газар эзэмшиж байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 161 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ний өдрийн 356 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ  

ШҮҮГЧ                                                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ