Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2016/0356

 

 

 

 

 

 

 

2016 оны 6 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2016/0356

Улаанбаатар хот

 

Ж.Б нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.З нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 161 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дгаргасан давж заалдах гомдлоор Ж.Б нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ж.Б 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“...нийслэлийн Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/80 дугаар захирамжийн Ж.Б холбогдох хэсгийг хүчингүй болгуулж газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ гаргуулахыг даалгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/345 дугаар захирамжийн Д.А холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 770 дугаар захирамжийн 475 м.кв газар гэснээс 274 м.кв хэмжээг хасч, үлдсэн 201 м.кв газрын хэмжээг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Т 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Дарь-Эхийн гэр хороололд Азийн хөгжлийн банкны Мон-1847 хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр гэр хорооллын нөхцөл болон амины орон сууцны хорооллын нягтралыг сайжруулах төслийн хүрээнд батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу нэр бүхий 58 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 0.7781 га газрыг эзэмшүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/80 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгогдсон иргэдээс тухайн газар дээрээ амьдардаггүй 16 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Ж.Б нийслэлийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 599 дүгээр захирамжаар 115 м.кв газрыг эзэмшүүлж шийдвэрлэснийг дээрх А/80 дугаар захирамжаар хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.

Иргэн Д.А Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/270 дугаар захирамжаар 274 м.кв хашааны газрыг амины орон сууцны зориулалтаар олгосон бөгөөд шүүхээс хийсэн үзлэг болон бусад баримтаар тус хашааны газарт иргэн Ж.Б газар орсон боловч газрын кадастрын мэдээллийн санд давхцаагүй байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар иргэн Ж.Б 115 м.кв газар нь иргэн Д.А  газартай ямар нэгэн давхцалгүй мөн иргэн Ж.Б уг газрыг нь эзэмшүүлэх боломжтой гэдэг нь нотлогдсон нөхцөлд нийслэлийн Засаг даргын захирамжид өөрчлөлт оруулах боломжтой” гэжээ.

Гурав. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч  У.Номин-Эрдэнэ 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Д.А Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны А/270 дугаар захирамжаар 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2 дугаар хэсэг Их Дарь-Эх 1-32 тоотод 274 м.кв газрыг эзэмшүүлэх эрх олгосон байна. 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “...Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 02 дугаар хэсэг Их Дарь-Эхийн 1-32 тоотод оршин суудаг бөгөөд 274 м.кв газартай тул 476 м.кв болгон талбайн хэмжээг өөрчлөн газар эзэмших гэрчилгээ олгож өгнө үү” гэж өргөдөл гаргасан байна. Иргэний гаргасан хүсэлт нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байсан тул Баянзүрх дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д “дүүргийн Засаг дарга энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т тус тус заасны дагуу 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/345 дугаар захирамжаар тус тоотод 476 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэн Д.А 15 жилийн хугацаатайгаар олгосон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ “...2013 оноос хойш өдийг хүртэл уг газар нь маргаан бүхий газар болохыг гуравдагч этгээд болон хариуцагч нар мэдсээр атлаа ийнхүү газрын хэмжээг нэмэгдүүлэх өмчлөх зэргээр шинээр маргаан үүсгэж буй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хүндрүүлэн будлиан үүсгэж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байна” гэжээ.

Нэхэмжлэгч 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нийслэлийн Засаг даргын 2012 оны А/80 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаснаас үзэхэд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын зүгээс мэдэх боломжгүй тул нэхэмжлэлд бичсэн шиг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хүндрүүлэн будлиан үүсгэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Дөрөв. Гуравдагч этгээд Д.А  итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

...Миний аав Д.А эх Ц.А, хүү А.Б, охин А.О, охин А.Б бид гэр бүлээрээ 2001 оноос эхлэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хэсэг Их Дарь эхийн 1 дүгээр гудамж 32 тоотод өнөөдрийг хүртэл бусад иргэдийн адил оршин сууж амьдарч байгаа.

Энэ газарт амьдарч байгаа иргэд бүгд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банкны хамтарсан хөнгөлөлттэй зээлээр гэр хорооллыг сайжруулах, болон амины орон сууцны хороолол барих Мон1847 төсөл хэрэгжүүлж байсантай холбогдон газрын болон бусад эд хөрөнгийн гэрчилгээ, эрхийг олгоогүй, авч чадаагүй байсан юм.

Төсөл хэрэгжиж иргэд нь Дарь-Эхэд оршин суугч иргэд болох бидний газрыг дэд бүтцэд холбох, амины орон сууц барих, зам талбай барих зэрэг асуудлыг шийдвэрлэнэ гэж 2003-2007 онуудад тухайн төслийг хэрэгжүүлж байгаад зогсоосон юм. Бидний орон нутгийн үндсэн оршин суугч иргэд бид нийслэлийн Засаг даргын болон Азийн хөгжлийн банкны төслийг баяртайгаар хүлээн авч, хашаа байшингаа буулган газраа чөлөөлж өгч орчин үеийн амины орон сууцтай болно гэж итгэж байтал төсөл үл мэдэгдэх шалтгаанаар дууссан юм.

Гэтэл нийслэлийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 599 дүгээр захирамжаар үндсэн оршин суугчдын дунд төсөл хэрэгжих ёстой байтал төсөлд хамрагдаагүй өөр иргэдэд бидний газраас хууль бусаар таслан авч хувиарласан байсныг бид сүүлд мэдсэн юм. Гэр хорооллын амьдрал ахуйг сайжруулах төслийг 8 жил хүлээж, газрын гэрчилгээгээ авч чадаагүй, орон байраа барьж чадаагүй, хохирсон үндсэн оршин суугчид эс тэвчиж нэгдэн “Оргилуун булаг” ТББ-ыг байгуулан нийслэлийн Засаг даргын хууль бус шийдвэрийг цуцлуулахаар эсэргүүцлийн үйл ажиллагааг эрчимтэй явуулсны үр дүнд Дарь-Эхэд хаягийн бүртгэлгүй, байнга оршин суудаггүй, оршин суугч биш, бусдын үл хөдлөх эд хөрөнгө болон эзэмшлийн газар давхацсан зарим иргэдийн газар эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/80 дугаар захирамжаар цуцалсан байдаг.

Бидний хувьд 2002 оноос эхлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/300, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/770 дугаар захирамжуудын дагуу хууль ёсоор өөрт ноогдох газрыг эзэмшиж, өмчилж байгаа юм.

Ж.Б нь анхнаасаа манай Дарь-Эхийн оршин суугч биш, яг миний эзэмшлийн газартай давхацсан гэх кадастрын албан ёсны баримтгүй, Мон1847 төсөл бүрэн хэрэгжсэн тохиолдолд ч газар эзэмших эрхгүй, анхнаасаа энэ хүнд Баянзүрх дүүргийн Засаг даргын нутаг дэвсгэрт эзэмшлийн газар байгаагүй, нийслэлийн Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/80 дугаар захирамж гараад 3 жил гарангийн хугацаа өнгөрч байхад шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн зэрэг нөхцөл байдлын үндсэн дээр түүний газар эзэмших эрх нь хуулийн дагуу цуцлагдсан байх тул Ж.Б нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Тав. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 161 дүгээр шийдвэртээ:

“Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Б гаргасан “...нийслэлийн Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/80 дугаар захирамжийн Жигжидийн Баасанжавт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ гаргуулахыг даалгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/345 дугаар захирамжийн Д.А холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 770 дугаар захирамжийн 475 м.кв газар гэснээс 274 м.кв хэмжээг хасч, үлдсэн 201 м.кв газрын хэмжээг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Зургаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Иргэн Ж.Б миний бие Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Дарь-Эхийн гэр хороололд хэрэгжсэн МОН-1847 төсөлд хамрагдсан ба төсөлд хамрагдсан иргэдэд газар эзэмших эрх олгосон нийслэлийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 8-ны 599 дүгээр захирамж гарсан ба захирамжийн хавсралтын 21-т миний нэр бичигдсэнээр 115 м.кв газар эзэмших болсон юм.

Дээрх 599 дүгээр захирамжийн хэрэгжилт маш удаашралтай явагдаж надад олгосон газар дээр өөр айлын хашаа байшин байгаа тул төслийн зүгээс “...үүнийг зохицуулсны дараа гэрээ байгуулж гэрчилгээ олгоно” гэж хүлээлгэсээр байсан юм.

Гэвч нийслэлийн Засаг дарга дээрх газар олгосон захирамжийн хавсралт дахь зарим хүмүүсийн эрхийг хүчингүй болгосон гэж сонсоод үнэн эсэхийг тодруулахаар нийслэлийн Засаг даргад хандсанаар Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/80 дугаар захирамжийг 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдөр олж танилцсан ба энэхүү захирамж миний эрх ашгийг зөрчсөн тул эс зөвшөөрч шүүхэд хандсан юм.

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх 2015 онд нэхэмжлэлийг буцаасан ба дахин нэхэмжлэлээ 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гаргасан. Анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон гол үндэслэл нь “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийг дурдаж намайг 115 м.кв газрыг хууль ёсоор эзэмшээгүй гэрээгүй гэрчилгээгүй учир өмнөх захирамжаа хүчингүй болгосныг буруутах хууль зүйн үндэслэлгүй” гэжээ. Энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т заасны дагуу шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгох үүрэг захиргааны байгууллагад оногддог.

Анх газар олгосон 599 дүгээр захирамжийн 2-т газрын хэмжээг тогтоох, газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ олгож улсын бүртгэлд бүртгэж хяналт тавихыг нийслэлийн Газрын алба, Баянзүрх дүүргийн Засаг дарга н.М нарт даалгасан юм. Газар эзэмших эрхтэй миний эрхийг зөрчсөн атлаа мөн газар эзэмших шийдвэр ч үгүй, гэрээ гэрчилгээгүй, төслийн хэрэгжилтийг саатуулан төслөөс нүүх зардлаа авсан атлаа нүүхгүй газраа чөлөөлж өгөхгүй дураар авирлаж буй гуравдагч этгээд буюу Д.А болохоор “... газар эзэмших эрхгүй боловч ...” гэж тодруулж байгаад эрх олгож байгаа нь илт хууль зөрчсөн асуудал байгааг шүүх анхаарсангүй.

Маргаан бүхий А/80 дугаар захирамжаар миний газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо “...иргэдийн үл хөдлөх эд хөрөнгө бүхий газар дээр давхцуулж газар олгосон” гэж дурдсан ба мөн захирамждаа “...газар эзэмших эрхгүй боловч” гэж тодруулснаараа давхцах тухай ойлголт байхгүй болох нь харагддаг.

Хэрэг шийдвэрлэх явцад Д.А 274 м.кв газар олгосон дүүргийн Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 21-ний А/270 дугаар захирамжийг ирүүлсэн бөгөөд энэ газар нь миний 115 м.кв газартай давхцаагүй болох нь газар дээр хийсэн хэмжилт зэрэг олон баримтаар тодорхой болсон бөгөөд шүүх дээр 2013 оноос хойш 2016 он хүртэл шийдвэрлэгдэхгүй байх хооронд гуравдагч этгээд 274 м.кв газраа 476 м.кв болгон нэмэгдүүлж өмчилж авсан асуудалд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж авсанд захиргааны байгууллага тухайлбал Баянзүрх дүүргийн Засаг дарга, Газрын алба илт буруутай байтал үндэслэлгүйгээр зөвтгөж хуулийн дагуу ажилласан гэж үзсэнд гомдолтой байна.

Мөн шүүхэд эргэлзээ зөрүүтэй олон баримтыг ирүүлж байхад нэг мөр болгохгүйгээр шийдвэрлэсэн.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 4-ний 161 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 599 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ж.Б Азийн хөгжлийн банкны “Орон сууцны салбарын санхүүжилт” Мон-1847 төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн гэр хорооллын 2 дугаарт хэсэгт 115 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлснийг Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/80 дугаар захирамжаар хүчингүй болгосон нь хууль нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо “...иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, нийслэлийн Газрын алба, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 2011 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг харгалзан үзээд нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлэхдээ газар эзэмших эрхгүй боловч тухайн газар дээр амьдарч байгаа иргэдийн үл хөдлөх эд хөрөнгө бүхий газар дээр давхцуулан газар эзэмшүүлсэн...” гэж үзсэн, нэхэмжлэгчийн зүгээс ч өөрт нь газар эзэмшүүлэх захирамж гаргах үед уг газарт айл байсан болохыг үгүйсгэдэггүй, энэ нь Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон давж заалдах гомдолдоо “...надад олгосон зурагт заасан газар дээр өөр айлын хашаа байгаа учраас энэ асуудлыг зохицуулсны дараа гэрээ байгуулж, гэрчилгээ олгоно гээд хүлээлгэсээр байсан... Гуравдагч этгээд Д.А нь төслийн хэрэгжилтийг саатуулан төслөөс нүүх зардлаа авсан атлаа газраа чөлөөлж өгөхгүй дураар авирлаж байгаа...” гэх, давж заалдах шатны шүүх хуралдаанд “...надад олгосон газар айлын хашаан дотор байсан учраас тухайн үед хашаа хатгах боломж байгаагүй...” гэх тайлбараар тус тус батлагддаг.

Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрт “...нэхэмжлэгч Ж.Б эзэмших ёстой байсан гэх газар нь Д.А  эзэмшиж, өмчилж байгаа 475 м.кв газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн үзлэг болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэсэн шаардлагыг хариуцагч зөрчөөгүй гэж дүгнэсэн атлаа 2008 онд 599 дүгээр захирамж гарахад уг газрыг Д.Алтанхуяг ашиглан амьдарч байсан гэсэн нь хоорондоо зөрчилдөөнтэй, логик уялдаа холбоо муутай болжээ.

Бодит байдалд гуравдагч этгээд Д.А нь 2001 оноос эхлэн маргаан бүхий газарт амьдарч байсан, нэхэмжлэгч Ж.Б Д.А  амьдарч байсан газарт давхцуулан газар эзэмшүүлсэн, ийм ч учраас Нийслэлийн Засаг даргаас 2012 оны А/80 захирамжид Ж.Б олгосон газар эзэмших эрхийн хүчингүй болгохдоо энэ талаар тодорхой дурдсан, мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр гуравдагч этгээд Д.А  эзэмшил газарт давхцуулан нэхэмжлэгчид олгосон гэдэг нь тогтоогдож байхад шүүхээс газрын ямар нэгэн давхцалгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй юм. 

Дээрхээс гадна давж заалдах гомдолд “...газрын тухай хуулийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй, газрын байршлыг кадастрын мэдээллийн нэгдсэн санд оруулаагүй, түүнчлэн эзэмшүүлсэн газар дээрээ амьдардаггүй...” гэх шалтгаанаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй” гэснийг үгүйсгэхгүй ч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл хариуцагчаас анхнаасаа бусдын эзэмшил газарт нэхэмжлэгчид газар давхцуулан эзэмшүүлснээс шалтгаалан Ж.Б тухайн газарт амьдрах, хашаа барих, цаашлаад гэрээ байгуулж, гэрчилгээ олгох бодит боломж үүсээгүй байна.

Харин гуравдагч этгээд Д.А 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/270 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 2 хэсэг, Их Дарь Эх 1-32 тоот хаягт байрлалтай 274 м.кв газрыг амины хашааны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн, 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн  А/345  дугаар захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлэн 479 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн, Нийслэлийн Засаг даргын мөн оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/770 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, мөн эдгээр захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар гаргасан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.  

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 161 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 161 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН