Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 1677

 

 

 

  2020           09          17                                  2020/ШЦТ/1677

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Э.Чингис, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,

иргэдийн төлөөлөгч Б.Мөнхболд,

улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч М.Батмөнх,

шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Ч.Шаравнямбуу нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт А.М, Г.Т нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 07297 2084 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, А.М, 1993 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, “Тэнгэрийн Дуу” ХХК-ийн Спарт ресторанд менежер ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 5-98 тоотод оршин суух, /,

2. Монгол Улсын иргэн, Г.Т, 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нисэхийн инженер мэргэжилтэй, Рэмакс хөрөнгө зуучлалын газарт хөрөнгө зуучлагчийн ажил эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эгч, эхнэрийн хамтаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 60/1 байрны 19 тоотод оршин суух, / /,

Шүүгдэгч А.М, Г.Т нар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гурван Булаг” амралтын газар хохирогч М.Содномыг зодож эрүүл мэндэд нь ”зүүн бөөрний урагдал, бөөрний хальсан доорх цус хуралт, зүүн талын гялтангийн арын зайн цус хуралт, зүүн эгэм, мөр бугалга, дал, гуянд зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр тэр амралтын газар би Т болон найзуудтайгаа амарч байсан. Тэгээд шөнө би өөр гэрт орж унтаж байсан, намайг унтаж байхад 2 хүн орж ирж миний унтаж байгаа орны дээр зогсоод хоолой боох гэж байсан гэсэн. Тэрийг Т хараад энэ юун хүмүүс вэ гэхэд Төгс-Эрдэнийг цохиж унагаагаад зугтаасан. Т намайг сэрээгээд Төгс-Эрдэнийн хамт хойноос нь гарсан. Гараад хохирогч Содномтой Төгс-Эрдэнийг барьцалдсан байдалтай байхаар нь салгаад гэр рүүгээ ороод унтаад маргааш хохирогчтойгоо ирж уулзаад хохирогч эмнэлэг орж үзүүлмээр байна, миний нуруу өвдөөд байна гэхээр нь шууд эмнэлэг рүү дагуулж яваад эмнэлэгт хэвтүүлээд эмчилгээний бүх зардлыг гаргаж өгсөн. Зодооны хувьд гэвэл би анх байцаалт өгөхдөө өмгөөлөгч байхгүй, Баасанхүү байцаагч надаас өмгөөлөгч авах уу гэхэд нь өмгөөлөгч авна гэхэд надаас өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан. Тэрний өмнө хохирогчтой уулзаад гомдол саналгүй болгосон. Анх хууль сайн мэдэхгүй болохоороо найзыгаа намайг өмөөрч хүнтэй маргалдангуут найзыгаа салгасан гэж мэдүүлгээ өгөхдөө би найзынхаа талд ороод хамт байсан нь үнэн гэж мэдүүлэг өгсөн. Хохирогчийг эмнэлэгт хэвтэж байхад бид хоёр очиж уулзахад гэрийнхэн бүгд ирсэн. Та хоёр ингээд яваад байх юм. Миний санаж байгаагаар Т цагаан пүүзтэй байсан. Би чамайг болохоор сайн санахгүй байна гэж хэлж байсан. Байцаагчдаа очоод хэлэхэд би өөрөө хохирогчийн мэдүүлэг та нарын мэдүүлгээр хавтаст хэрэг явуулсан байгаа гэсэн. Зодооныг салгахад хохирогчийг өшиглөсөн зүйл болоогүй, зүгээр найзаасаа салгах гээд түлхсэн. Анх хуулиа мэдэхгүй, би найзтайгаа байсан нь үнэн, зодсон гэж хэлсэн”  гэв.

Шүүгдэгч Г.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Шүүгдэгч Мтой адилхан. Тухайн үед Мыг хоёр залуу боогоод зогсож байсан. Юун хүмүүс вэ яасан бэ гэхэд намайг цохиод гараад явахаар нь Мыг сэрээгээд гарахад хохирогч Содном манай гэрийн хажууд байхад нь би андуураад баруун гараараа нэг алгадаад ер нь бол тиймэрхүү үйл явц болсон. Би нэлээн халамцуу байсан болохоор тухайн үед хэн нь түрүүлж цохисон болохыг би сайн санахгүй байна. Би сайн санахгүй байсан болохоор өдий хүртэл үнэн бурууг нь шийдвэрлэх гэж явсан.  Би гэм бурууд маргахгүй байна”  гэв.

Хохирогч М.Содномын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Наран булаг” амралтын газарт манай найз нар амарч байна, эхнэр хүүхдээ аваад хүрээд ир гэсэн. Тэгээд шөнийн 3 цагийн үед очсон. Хоол унд идээд 1 шил 0.5 литрийн архи уусан. Өглөө 5 цагийн үед гэрээс гарч бие засаад буцаж орж ирсэн чинь манай найз Ариука байхгүй байхаар нь хайгаад гадаа гартал гэрийн хойно хүмүүс орилолдоод байхаар нь Ариукаг хүнтэй маргалдаж байж магадгүй гэж бодоод гэрийн ар руу явахад харанхуйд 2 залуу зогсож байхаар нь хэн болохыг нь харах гээд нэг залуу руу дөхөж очиход шууд миний нүүр рүү гараараа цохиод унахад миний дээрээс өшиглөөд байсан. Би арай гэж босох гэтэл хажуу талаас гэнэт униар нэг залуу намайг цохих гэхэд би гараараа бариад авахад хажуу талаас миний зүүн гар руу цагаан пүүзтэй М өшиглөөд, унь барьсан гар тавиулж намайг цохисон. Түүнээс хойш юу болсныг би санахгүй байна. Нэг сэрсэн амралтын газрын гэртээ сэрсэн. Би өглөө босоод шээхэд цусаар шээж байсан. Тэгээд Т, М 2 хамт орж ирээд эмнэлэг явж үзүүлье гэж хэлсэн боловч би яваагүй. Би гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан энэ 2 ирээд надаас уучлалт гуйгаад эмчилгээний зардал мөнгө төлөөд баримтыг авч байсан. Би эмчилгээнд гарсан бүх зардлаа төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 6-8/,

Гэрч Э.Ууганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр би нөхөр М.Содном, бас хүү Очирбат, нөхрийн найз болох Оюунбат, Ариука, Мөнх-Эрдэнэ, Балжидмаа, Намуунаа нарын хамт “Гурван булаг” амралтын газар шөнийн 03 цаг 30 минутын үед очиж амралтын нэг гэр аваад амарсан. Тэндээ тэгээд нөхрийн найзууд нийлээд 1 шил архи хувааж уусан. Тэр үед 8 сартай хүүтэйгээ явсан болохоор архи уугаагүй, хүүхдээ хөхүүлээд гэрт хэвтэж байтал гэрийн гадаа би бишээ, хүн андуураад байна гээд хүн орилоод байхаар нь би гэрээс гараад харсан чинь манай амарч байсан гэрийн баруун талын захын гэрийн хойно нөхөр Содном доошоо суучихсан байхаар нь би яваад очиход хүнд зодуулсан байсан чинь Намуунаа, Давааням хоёр ирээд шууд Содномыг хоёр талаас нь дамжлаад гэрт оруулахад Содномын зүүн талын нүдний доор хавдсан, амнаас цус гарсан байдалтай байсан. Тэгээд шөнө нөхрөө сахиж хоноод өглөө харин манай гэрт баруун талын гэрт амарч байсан гурван залуу орж ирээд өчигдөр шөнө танай нөхрийг хүнтэй андуураад зодсон байна, уучлаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь найз Намуунаа цагдаа дуудаж бариулсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 15/,

Гэрч А.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгтэл гэнэт Т намайг сэрээгээд сая 2 залуу чиний хажууд зогсож байгаад намайг хараад зугтаад явчихлаа гэж хэлээд хоёулаа араас нь гаръя гэж хэлэхээр нь би босоод Т бид хоёр миний унтаж байсан гэрээс гарсан чинь гэрийн хажууд хохирогч Содном явж байхаар нь бид хоёр шууд гүйж очоод шууд цохисон чинь Содном 2 өвдгөн дээрээ газар сөхөрч суухад би баруун гараараа нэг удаа хүчтэй нүүр хэсэгт цохисон. Мөн Т толгой хэсэгт нэг удаа бас хүчтэй тохойгоороо цохисон. Тэгээд л Т бид 2 хоёр талаас нь цохиж зодсон. Тэр үед гэрээс Энхжин гарч ирээд бид хоёрыг салгаж гэр рүү оруулсан. Хохирогч Содномын биед учирсан энэ хүнд гэмтлийг би найз Төгс-Эрдэнийн хамт бүлэглэн зодож учруулсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 11-13/,

Гэрч Г.Төгс-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хохирогч гэрийн баруун талаар явж байхаар нь М бид хоёр очоод би шууд баруун гарын тохой хэсгээр хохирогчийн нүүр хэсэгт хүчтэй цохисон. Тэгэхэд хохирогч газар унахад М бас хажуу талаас нь бас цохисон, миний санаж байгаагаар хохирогчийг газар унахад А.М бид хоёр хоёр талаас нь өшиглөсөн. Хохирогч Содномын биед учирсан энэ хүнд гэмтлийг би найз М бид хоёр зодож гэмтэл учруулсан нь үнэн.” гэх мэдүүлэг /1хх-ийн 16-18/,

Гэрч Ч.Адъяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өглөө 09 цагийн үед сэрсэн чинь амралтын газрын 40 гаран насны эгч орж ирээд шөнө та нар урд гэрийн хүмүүстэй зодолдсон юм уу, тэр хүний чинь бие өвдөөд байна оч гэхээр нь амралтын газрын эгчийг дагаад бид хэд өмнө эгнээний дунд гэрт очиход гэрт эрэгтэй, эмэгтэй нийлсэн 7-8 хүн байсан. Бас бага насны хүүхэд байсан. Тэр үед хохирогч Содном гэрийн баруун урд талд явган сууж байсан. Тэр үед М, Т хоёр хохирогчоос шөнө цохисонд уучлаарай гээд уучлалт гуйгаад хоорондоо цохицоод салахаар болсон чинь гэнэт гаднаас цагдаа орж ирээд хэн цагдаа дуудсан бол мэдэхгүй. Тэгээд Т, М бид хоёрыг хэлтэс дээр авч ирсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 19-20/,

Шинжээч эмч О.Болороогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хохирогч Содномын зүүн бөөрний задрал, няцрал, бөөрний хальсан доорх цус хуралт гэсэн гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин эгэм, мөр, бугалга, дал гуянд зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Содномын биед үзлэг хийхэд тухайн үед бөөрний дутагдлын шинжгүй, өвчний түүхэнд бөөрний дутагдал гэсэн онош бичигдээгүй байсан болно. Мөн хохирогч Содном мэс засалд оёдол тавьсан цаашид уг бөөрний дутагдалд хүргэх шалтгаангүй байсан болно.” гэх мэдүүлэг /1хх-ийн 26-27/,

Яллагдагч А.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2018 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө “Гурван булаг” амралтын газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Содномыг найз Ттэй хамт зодсон. Тэгэхдээ би хохирогчийн нүүр хэсэгт баруун гараар нэг удаа хүчтэй алгадсан. Тэр үед хохирогч газар хагас нүүрээ дараад суусан. Тэр үед Т тохой хэсгээрээ хохирогчийн толгойн ар хэсэгт цохиж байгаа харагдсан. Би найзтайгаа нийлж хохирогчийг зодсон нь үнэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 61-62/,

Яллагдагч Г.Төгс-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "…2018 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Гурван булаг” амралтын газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Содномыг найз Мын хамт зодсон. Тэгэхдээ би хохирогчийн нүүр хэсэгт баруун гараараа нэг удаа алгадсан, баруун гарын тохой хэсгээр бас нүүр рүү нь цохисон. Тэр үед хохирогч газар унасан. Тэр үед манай амарч байсан гэрээс хүн гарч ирээд салгасан. Тэгээд би гэртээ орсон. Мыг хохирогчийн хаана нь цохисонг би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1хх-ийн 63-64/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10888 дугаартай:

          1. М.Содномын биед зүүн бөөрний задрал, няцрал, бөөрний хальсан доорх цус хуралт, зүүн эгэм, мөр, бугалга, дал, гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амьд биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

          4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /1хх-н 22/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 821 дугаартай:

          1. М.Содномын биед зүүн бөөрний урагдал, бөөрний хальсан доорх цус хуралт, зүүн талын гялтангийн арын зайд цус хуралт, зүүн эгэм, мөр, бугалга, дал, гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. 3. 4 М.Содномын биед зүүн бөөрний урагдал, бөөрний хальсан доорх цус хуралт, зүүн талын гялтангийн арын зайн цус хуралт гэмтэл нь нэг цаг хугацаанд механизмаар буюу хатуу тохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байх ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн эгэм, мөр, бугалга, дал, гуяны зулгаралт гэмтэл нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн, шинэ гэмтэл байх ба шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2, 6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Гэмтлүүд нь хэрэг болох үед үүссэн байх боломжтой.

          5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /2хх-н 162-164/,

Мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 1/, мөрдөгчийн санал /1хх-ийн 2/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 3/, Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /1хх-ийн 4/, хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 5/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол /1хх-ийн 21/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /1хх-ийн 23-25/, иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 28, 30/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 29, 31/, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 300 дугаартай шүүгчийн захирамж /1хх-ийн 98-101/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.М, Г.Т нар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гурван Булаг” амралтын газар хохирогч М.Содномыг зодож түүний эрүүл мэндэд “зүүн бөөрний урагдал, бөөрний хальсан доорх цус хуралт, зүүн талын гялтангийн арын зайн цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч М.Содномын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Өглөө 5 цагийн үед гэрээс гарч бие засаад буцаж орж ирсэн чинь манай найз Ариука байхгүй байхаар нь хайгаад гадаа гартал гэрийн хойно хүмүүс орилолдоод байхаар нь Ариукаг хүнтэй маргалдаж байж магадгүй гэж бодоод гэрийн ар руу явахад харанхуйд 2 залуу зогсож байхаар нь хэн болохыг нь харах гээд нэг залуу руу дөхөж очиход шууд миний нүүр рүү гараараа цохиод унахад миний дээрээс өшиглөөд байсан. Би арай гэж босох гэтэл хажуу талаас гэнэт униар нэг залуу намайг цохих гэхэд би гараараа бариад авахад хажуу талаас миний зүүн гар руу цагаан пүүзтэй М өшиглөөд, унь барьсан гар тавиулж намайг цохисон. ...Би өглөө босоод шээхэд цусаар шээж байсан. Тэгээд Т, М 2 хамт орж ирээд эмнэлэг явж үзүүлье гэж хэлсэн боловч би яваагүй. Би гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан, энэ 2 ирээд надаас уучлалт гуйгаад эмчилгээний зардал мөнгө төлөөд баримтыг авч байсан.” гэх мэдүүлэг/1хх -6-8/,

Гэрч Э.Ууганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр үед 8 сартай хүүтэйгээ явсан болохоор архи уугаагүй хүүхдээ хөхүүлээд гэрт хэвтэж байтал гэрийн гадаа би бишээ, хүн андуураад байна гээд хүн орилоод байхаар нь би гэрээс гараад харсан чинь манай амарч байсан гэрийн баруун талын захын гэрийн хойно нөхөр Содном доошоо суучихсан байхаар нь би яваад очиход хүнд зодуулсан байсан чинь Намуунаа, Давааням хоёр ирээд шууд Содномыг хоёр талаас нь дамжлаад гэрт оруулахад Содномын зүүн талын нүдний доор хавдсан амнаас цус гарсан байдалтай байсан. Тэгээд шөнө нөхрөө сахиж хоноод өглөө харин манай гэрт баруун талын гэрт амарч байсан гурван залуу орж ирээд өчигдөр шөнө танай нөхрийг хүнтэй андуураад зодсон байна уучлаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь найз Намуунаа цагдаа дуудаж бариулсан...” гэх мэдүүлэг /1хх-15/,

Гэрч А.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгтэл гэнэт Т намайг сэрээгээд сая 2 залуу чиний хажууд зогсож байгаад намайг хараад зугтаад явчихлаа гэж хэлээд хоёулаа араас нь гаръя гэж хэлэхээр нь би босоод Т бид хоёр миний унтаж байсан гэрээс гарсан чинь гэрийн хажууд хохирогч Содном явж байхаар нь бид хоёр шууд гүйж очоод шууд цохисон чинь Содном 2 өвдгөн дээрээ газар сөхөрч суухад би баруун гараараа нэг удаа хүчтэй нүүр хэсэгт цохисон. Мөн Т толгой хэсэгт нэг удаа бас хүчтэй тохойгоороо цохисон. Тэгээд л Т бид 2 хоёр талаас нь цохиж зодсон. Тэр үед гэрээс Энхжин гарч ирээд бид хоёрыг салгаж гэр рүү оруулсан. Хохирогч Содномын биед учирсан энэ хүнд гэмтлийг би найз Төгс-Эрдэнийн хамт бүлэглэн зодож учруулсан...” гэх мэдүүлэг /1хх-11-13/,

Гэрч Г.Төгс-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хохирогч гэрийн баруун талаар явж байхаар нь М бид хоёр очоод би шууд баруун гарын тохой хэсгээр хохирогчийн нүүр хэсэгт хүчтэй цохисон. Тэгэхэд хохирогч газар унахад М бас хажуу талаас нь бас цохисон миний санаж байгаагаар хохирогчийг газар унахад А.М бид хоёр хоёр талаас нь өшиглөсөн. Хохирогч Содномын биед учирсан энэ хүнд гэмтлийг би найз М бид хоёр зодож гэмтэл учруулсан нь үнэн...” гэх мэдүүлэг /1хх-16-18/,

Гэрч Ч.Адъяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр үед хохирогч Содном гэрийн баруун урд талд явган сууж байсан. Тэр үед М, Т хоёр хохирогчоос шөнө цохисонд уучлаарай гээд уучлалт гуйгаад хоорондоо зохицоод салахаар болсон чинь гэнэт гаднаас цагдаа орж ирээд хэн цагдаа дуудсан бол мэдэхгүй. Тэгээд Т, М бид хоёрыг хэлтэс дээр авч ирсэн.” гэх мэдүүлэг /1хх-19-20/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018.09.12-ны өдрийн 10888 дугаартай дүгнэлт /1хх-22/, мөн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020.06.17-ны өдрийн 821 дугаартай дүгнэлт /2хх-162-164/, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт хэрэгт шүүгдэгч А.М, Г.Т нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.М, Г.Т нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хохирогч М.Содном нь шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж нийт 1.491.911 төгрөгийг нэхэмжилсэн ба нотлох баримтаар 929.411 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нар нь хохирогчид 1 сая төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан /1хх-187/ ба хохирогч М.Содном нь өөрт учирсан хүнд гэмтлийг эмчлүүлэхэд цаашид гарах эмчилгээний зардал болох гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдүүдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч А.М, Г.Т нар нь хохирогчид учирсан хохирлыг сайн дураар төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.М, Г.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдал, гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байгаа, хохирол төлсөн зэргийг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.М, Г.Т нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар А.М, Г.Т нарт 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.М, Г.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.М, Г.Т нарын урьд цагдан хоригдсон 126 /нэг зуун хорин зургаа/ хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.М, Г.Т нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч М.Содном нь гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдүүдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.М, Г.Т нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧН.ОДОНТУУЛ

 

  •  

 

  •