Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 1034

 

  А.М, Г.Т нарт

  холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Б.Ганбулган,

          шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч С.Дондов,

          шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Ч.Шаравнямбуу,

          нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 1243 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч С.Дондов, шүүгдэгч Г.Т-н өмгөөлөгч Ч.Шаравнямбуу нарын гарсан давж заалдах гомдлуудаар А.М, Г.Т нарт холбогдох 1806 0729 72084 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. О овгийн А-н М, 19... оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Тавилгын үйлдвэрт мужаан ажилтай, ам бүл 2, эхийн хамт .............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............./;

2. Б овгийн Г-н Т, 19.. оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ......... Их сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эгч нарын хамт .............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................/;

А.М, Г.Т нар бүлэглэн, 2018 оны 9 дүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г б” амралтын газар хохирогч М.С-г зодож, эрүүл мэндэд нь “зүүн бөөрний задрал, няцрал, бөөрний хальсан доорх цус хуралт, зүүн эгэм, мөр, бугалга, дал, гуянд зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.М, Г.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.М, Г.Т нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.М, Г.Т нарт 3 жил 5 сарын хугацаатай хорих ялаар тус тус шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож, хохирогч М.С нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... А.М миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хэргийн, хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдсан гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх мөрдөн байцаах ажиллагааны явцад хэд хэдэн эргэлзээтэй, бүрэн тогтоогдоогүй зүйлүүд байна. Үүнд:

    1. Хохирогч М.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “Цагаан пүүзтэй А.М намайг өшиглөсөн” гэж мэдүүлдэг. Тухайн өдөр би цагаан өнгийн пүүзтэй байгаагүй. Хар өнгийн пүүзтэй байсныг хохирогч М.С нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн мэдүүлэгтээ тайлбар хийж, миний нэрийг андуурч мэдүүлэг өгснөө залруулга хийсэн боловч анхан шатны шүүх хохирогчийн тайлбарыг хүлээн аваагүй.

           2. Намайг амралтын  газарт шөнө амарч байхад Г.Т сэрээгээд “Чамайг сая хоёр хүн хоолойг чинь боож байгаад намайг цохиж унагаагаад гараад явчлаа” гэж хэлсэн. Би нойрмог байдалтай Г.Т-н араас гарахад хохирогч М.С-г тохойгоороо цохиж байсан. Би Г.Т, М.С нарыг салгах гээд хохирогчийн нүүр лүү нь түлхсэн. Харин дараа нь манай амарч байсан гэрээс Энхжин гэх охин гарч ирээд бид 2-ыг татаад гэр лүү аваад орсон. Миний бие Г.Т-тэй нийлж, хохирогч М.С-н биед гэмтэл учруулахаар зодсон зүйл байхгүй.

3. Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Т бид хоёр өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх хүсэлтэй байгаагаа мөрдөн байцаагч Баасанхүүд хэлсэн боловч өмгөөлүүлэх эрхээр хангаагүй, мөрдөн байцаагч хавтаст хэрэгтэй бүрэн танилцуулаагүй, мөн тэрээр хэлэхдээ “Хавтаст хэрэгт та хоёрын өгсөн мэдүүлгүүд байгаа, гарын үсгээ зурчих” гэж яаруулсан. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтоож өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч А.М-н өмгөөлөгч С.Дондов давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

А.М нь найз нарын хамт амралтын газар очиж амарч байх үед нь шөнө дунд 2 хүн хоолойг нь боох үйлдэл хийж байсныг найз Г.Т хараад сэрээсэн. Тухайн үед А.М-н хоолой улайсан ором гарсан байсан. Г.Т хэлэхдээ “чиний дээрээс хоёр залуу чиний хоолойг боогоод танай гэрт зогсож байгаад намайг ортол цохиж унагаачихаад гарлаа” гээд маш их сандарсан байдалтай намайг сэрээсэн гэдэг. Би нойрмог байсан гараад нэг хүний нүүр лүү алгадсан, өөр үйлдэл хийж хохирогчид гэмтэл учруулаагүй. Гэтэл хохирогч намайг андуурч, цагаан пүүзтэй М унь барьсан миний зүүн гар луу өшиглөж тавиулсан гэж мэдүүлсэн нь илт худлаа байна. Тэр үед би цагаан пүүз өмсөөгүй хар гуталтай байсан, намайг хэн нэгэнтэй андуураад байна гэж А.М ярьдаг. Иймд ямар хүмүүс А.М-н амарч байсан гэрт орж, хоолойг нь боох үйлдэл хийж, Г.Т-г орж ирэхэд цохиж унагаасан нь тодорхойгүй, хэргийн материалд энэ талаар ямар нэгэн үйл баримт тогтоогдоогүй.

Тухайн шөнө А.М, Г.Т нарын амарч байсан гэрийн хойд талын гэрт хүмүүс зодолдож байсан, гэрийн унь хугараад гадаа байсан талаар тухайн амралтын газрын үйлчлэгч эмэгтэй ярьсан байдаг. Энэ талаар мөрдөн байцаагчдаа хэлж байсан боловч үйлчлэгчийг очиж асууна гэж байгаад мөрдөн байцаагчийн ажил амжаагүй гэдэг. А.М мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч авч, байцаалт өгнө гэсэн талаар баримт үйлдсэн атлаа хүсэлтийг нь хангаагүй. “Хэргээ хурдан хүлээх нь шинэ хуулиар та нарт ашигтай” гэсэн мөрдөн байцаагчийн үгэнд итгэж, хууль зүйн мэдлэггүйн улмаас тулгаж асуусан асуултуудад хариулсан гэж хэлдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “мөрдөгч, прокурор... хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэйгээс гадна хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан.

Гэтэл хэргийн газар хийсэн үзлэг байхгүй, тухайн амралтын газар ямар хүмүүс тухайн өдөр амарсан, архи ууж, орилж, зодоон хийсэн талаар баримт байхгүй, тухайн амралтын газрын ажилтнуудаас бичиг баримтын тэмдэглэгээг авах, ач холбогдолтой гэрчүүдийг асуугаагүй. Шинжээчийн дүгнэлтээр хэний үйлдлээс болж гэмтэл учирсныг тогтоогоогүй, яллагдагч нарын хувийн байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй. Мөн хохирогч хэрэг гарахаас өмнө нуруундаа гэмтэл авч байсан талаар М, Т нарт ярьсан байдаг. Энэ талаар нарийн тодруулаагүй. Шүүх хурал дээр хохирогч ярихдаа “энэ хүмүүсийг намайг яаж цохиж, зодсоныг сайн санахгүй байна” гэж хэлсэн. Энэ байдлаас дүгнэхэд хэргийн бодит байдлыг нарийн тогтоогоогүй гэж үзэж байна.

Тухайн шөнө болсон үйл явдлын талаар мэдэх Жаргал, Энхжин, Давааням нарыг болон амралтын газар ажиллаж байсан хүмүүс, хохирогчийн болон яллагдагч нарын гэрт байсан бусад хүмүүс зэрэг хэрэгт ач холбогдол бүхий гэрчүүдийг асууж мэдүүлэг аваагүй, ... нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй байна. Гэрч Э.Ууганцэцэг хавтас хэргийн 15 дахь хуудас “манай амарч байсан гэрийн баруун талын захын гэрийн хойно С доошоо суучихсан байхаар нь очиход хүнд зодуулсан байсан” гэж мэдүүлдэг. Харин хэн зодсон болохыг хараагүй байна.

Тус амралтын газрын үйлчлэгч эмэгтэй эд нарын гэрийн хойд талын гэрт 5 залуус зодолдож тэндээс унины хугархай гарсан гэж хэлсэн байдаг. Тиймээс өөр гэрээс унины хугархай олдсон хохирогч унь барьсан хүн зодсон талаар мэдүүлж байгаа. Гэтэл тэдгээр залуучуудын талаар асууж тодруулсан зүйл байхгүй. ...

Прокурорын эсэргүүцэлд дээрх амралтын газар ажиллаж байсан ямар этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авахуулах нь тодорхойгүй, хэн гэдэг ямар ажил хийж байсан хүнээс мэдүүлэг авахуулах талаар яллагдагч нар нь өөрсдөө мэдэхгүй байх тул дээрх ажиллагааг хийх боломжгүй талаар эсэргүүцэлд дурдсан нь илт хууль бус, энэ талаар шүүгдэгчид мөрдөн байцаалтын шатанд мөрдөгчид байнга хэлж сануулж ярьж байсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдлыг гүйцэд тогтоогоогүй байна гэж үзэн, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу хэргийг прокурорт буцааж мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлттэй байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.Т-н өмгөөлөгч Ч.Шаравнямбуу давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Энэ хэргийн тухайд хохирогч болон холбогдогч нар маш согтуу, болсон үйл явдал, оролцооны талаар хэн аль нь сайн санадаггүй, зөрүүтэй мэдүүлдэг, гэрч гээд байгаа хүмүүс нь болсон үйл явдлыг харж үзээгүй, шууд хамааралгүй, хамааралтай байх гэрчүүдийг мөрдөгч, прокурор асууж бодит байдлыг тогтоогоогүй, нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдоогүй байхад шүүх үндэслэлгүйгээр ял шийтгэсэн гэж үзэж байна.

1. Хохирогч М.С-н биед хэдэн удаагийн ямар үйлчлэлээр ямар, ямар гэмтэл учирсан, энэ нь хүнд хөнгөн аль нь болох, хүнд гэмтэл учирсан бол хэдэн удаагийн үйлчлэлийн улмаас уг гэмтэл үүссэн зэргийг мөрдөгч, прокурор бодитой зөв тогтоогоогүй. ... Шинжээч эмч О.Болороогоос авсан мэдүүлэгт “бөөрний задрал, няцрал, хальсан доорх цус хуралт нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой юу эсхүл олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой юу” гэдгийг огт тодруулаагүй. Хэрэв дээрх “бөөрний задрал, няцрал, хальсан доорх цус хуралт” гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байвал Г.Т, А.М нарын аль нэг нь хүнд хэрэгт хилсээр ял шийтгэгдэж байна гэсэн үг. Иймд дахин шинжээч томилуулж, хүнд, хөнгөн гэмтлийг ялгамжтай тогтоолгох, гэмтэл учруулсан үйлдлийн үйлчлэлийг хэдэн удаагийн ямар хүчин зүйлийн үйлчлэлээс шалтгаалсан болохыг гэмтлийн зэрэг тус бүрт тогтоолгох хүсэлттэй байна.

2. 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Шинжилгээ хийлгэх тогтоол нь хууль зөрчсөн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийг үндэслэн шинжээчийг томилсон. ... Яллагдагч нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан нэмэлт тайлбар, асуулт тавих ямар ч эрх нь энэ шинжилгээний тогтоолоор хангагдаагүй хязгаарлагдсан байдаг. Хэргийн оролцогч нарын эрхийг хангаагүй ноцтой зөрчсөн тогтоолыг үндэслэж гарч буй дүгнэлт өөрөө үндэслэлгүй болох нь ойлгомжтой. Иймд оролцогч нарын эрхийг мөрдөгч, прокурор, шүүх хангаагүй бол давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2-т заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг нь сэргээнэ гэдэгт итгэлтэй байна.

3. Энэ хэргийн тухайд нотолбол зохих 6 үндэслэл бүрэн шалгагдаж тогтоогдоогүй байсан. Хэрэгт бодит байдлыг тогтоох ажиллагааг маш хангалтгүй гүйцэтгэсэн. Хэргийн газарт үзлэг хийх, мэдүүлэг шалгах, гэрчийг асуух зэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаануудыг мөрдөгч, прокурорууд огт хийгээгүй. Яллагдагч А.М, Г.Т нар “хохирогчийн толгой болон хүзүү хэсэгт цохьсон, нударсан” гэж өөрсдийн үйлдлийг тайлбарлаж мэдүүлдэг. Мөн хохирогчид учирсан гэмтэл нь зөвхөн түүний зүүн талын биеийг дагаж учирсан байдаг нь эргэлзээ төрүүлэхүйц байна.  

Хавтас хэрэгт яллагдагч нар хамтдаа зүүн талд нь зогсоод хохирогчийг унагаад өшиглөж зодсон гэх байдлыг нотлох ямар ч баримт нотолгоо авагдаагүй. Эндээс дээрх яллагдагч нарын нэгнийх нь оролцоо хүнд гэмтэл учруулсан байж болзошгүй харагддаг. ... Хохирогч шүүхийн шатанд “гуравдагч этгээд унь барьж өөрийг нь цохьсон. Яллагдагч нар тэр хүнийг хэлэх ёстой” гэж мэдүүлж байсан. Мөн хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан хохирогч М.С-н мэдүүлэгт “... хажуу талаас гэнэт униар нэг залуу намайг цохих гэхэд би гараараа бариад авахад хажуу талаас миний зүүн гар луу цагаан пүүзтэй М өшиглөөд, унь барьсан гар тавиулж, намайг цохисон, түүнээс хойш би санахгүй байна...” гэж мэдүүлдэг. Эндээс ямар ч байсан униар өөрийг нь цохиж гэмтээсэн гэдэг асуудал хохирогч М.С-н удаа дараагийн мэдүүлэгт дурдагдаад байхад огт шалгахгүй байна. ... Энэ хэргийн тухайд миний үйлчлүүлэгч Г.Т хүнд гэмт хэрэгт хилсээр ял шийтгэгдэх болоод байгаа тул хэргийг прокурорт буцааж, бодит байдлыг бүрэн тогтоолгох хүсэлттэй байна. Анхан шатны шүүх Г.Т, А.М нарын гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлж, дүгнэлт хийсэн нь ч хуулийн шаардлагад нийцэхгүй. Гэрч Ч.Адъяа, Э.Ууганцэцэг нарын мэдүүлэг хэрэг гарсан талаар юуг ч гэрчилж нотолдоггүй. ... Энэ хэргийн тухайд яллагдагч нарын дэргэд байж, тэднийг салгаж гэр лүү оруулсан Энхжин, Давааням, Намуунаа нарыг гэрчээр асууж, бодит үнэнийг тогтоох нь чухал байна. Хэргийн оролцогч нарын хувийн байдлыг хавтаст хэрэгт огт шалгаж тогтоогоогүй байхад анхан шатны шүүх өөрсдийн санаачлагаар хувийн байдлыг тодорхойлж, ял оногдуулсанд эргэлзээ төрж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг прокурорт буцааж, мөрдөн шалгах нэмэлт ажиллагааг хийлгүүлж өгнө үү. ...” гэв.

  Шүүгдэгч Г.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч Д.С-н биед учирсан гэмтлийг би ганцаараа учруулсан. А.М огт оролцоогүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв. 

Прокурор Б.Ганбулган тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Мөрдөгч нь А.М, Г.Т нарыг хохирогчийг зодсон эсэхийг мэдэх зорилгоор эхлээд гэрчээр байцаалт авсан... Шүүгдэгч нар ч гэсэн ямар хууль тайлбарлаж, юу уншиж байгаагаа мэдэж байгаа шүү дээ. Мөн өөрсдөө 2 удаагийн мэдүүлгээр яриа нийлж, хохирогчийг зодсон талаараа мэдүүлж, гарын үсэг зурсан. Яллагдагчаар мэдүүлэхдээ цохисон талаараа хэлдэг. Хэргийн материал танилцуулж, энэ талаар тэмдэглэл үйлдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нэгэн гомдол гаргаагүй, хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.М, Г.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч тус бүрт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан...” шүүх хорих ялыг хөнгөрүүлж болохоор хуульчилжээ.  

Гэтэл анхан шатны шүүх А.М, Г.Т нар нь гэм буруугийн талаар маргаантай, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүй, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй буюу 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “... хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн…” үндэслэлд хамаарч байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэм буруутай этгээдүүдээс гэм хорын хохиролд төлбөр гаргуулах талаар дурдсан атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хэр хэмжээний хохирлыг хэнээс гаргуулах, хохирогч нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа хэрхэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгож, А.М, Г.Т нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр зохих гэрч, шинжээчийг оролцуулж, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэх замаар дүгнэлт хийх боломжтой байх тул шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч С.Дондов, шүүгдэгч Г.Т-н өмгөөлөгч Ч.Шаравнямбуу нарын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.