Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 002

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                  Хэргийн индекс: 114/2018/0011/З

 

               Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нарантуяа даргалж, шүүгч Ж.Оюунчимэг, Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Г.Золбаяр, Д.Дэжидмаа, Б.Нямаа, А.Жаргалсайхан, Д.Мядагмаа, Н.Энхсаруул, Э.Отгонзул, Б.Чимгээ нарын 8 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад  холбогдох

           Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/438 дугаартай “Газар өмчлөх эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн нэхэмжлэгчдэд холбогдох хэсэг, мөн өдрийн Дархан-Уул аймгийн Засаг даргын А/437 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн нэхэмжлэгчдэд холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”  шаардлагатай захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч:      Б.Цэнгүүн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:                                      Л.Алтанчимэг,  

                                                                                                           Ц.Чулуунцэцэг

Иргэдийн төлөөлөгч:                                                                         Ө.Мөнхзул нар оролцов.

                                                                                                                  Desktop/ шийдвэр 2018он / doc

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч иргэн Г.Золбаяр, Д.Дэжидмаа, Б.Нямаа, А.Жаргалсайхан, Д.Мядагмаа, Н.Энхсаруул, Э.Отгонзул, Б.Чимгээ нарын 8 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяраас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч Б.Цэнгүүнээс шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Монгол Улсын иргэд бид хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 14, 15 дугаар багуудад 0.7 га газар эзэмших, өмчлөх эрхийг олж авсан юм. Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437, А/438 тоот захирамжуудаар бидний газар эзэмших, өмчлөх эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Засаг даргын гаргасан дээрх захирамжууд нь хуульд нийцээгүй, илт хууль бус захиргааны акт гэж  үзэж байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах эрх зүйн үндэслэл байгаагүй”, мөн тухайн тохиолдолд хэрэглэх урьдчилсан нөхцөл нь бүрдээгүй байхад хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Тодруулбал иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлүүдийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд тодорхой заасан байдаг бөгөөд энэ захирамжид хуулийн хэм хэмжээг үндэслэл болгоогүй, дээрх үндэслэл тогтоогдоогүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Төрийн байгууллага албан тушаалтны гаргасан шийдвэр хууль тогтоомж зөрчсөнөөс бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд маргааныг шийдвэрлэхээр хэрэглэдэг хэм хэмжээг гуравдагч этгээд гомдол гаргаагүй байхад хэрэглэж иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Энэ нь иргэдийн газар өмчлөх, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж буй юм.

           Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/438 дугаартай “Газар өмчлөх эрхийг хүчингүй болгох тухай” захирамж нь Засаг дарга өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн, эрх зүйн үндэслэлгүй акт юм.Газар өмчлөх эрхийг хүчингүй болгох асуудлыг хуульд тусгайлан заасан ба Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан үндэслэл бий болсон тохиолдолд иргэн хуулийн этгээдийн газрыг хураан авах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Гэтэл Засаг дарга нь өөрийн эрх хэмжээний хүрээнээс гадуурх эрхийг эдэлж, газар өмчлөх эрхийг хүчингүй болгож байгаа үйлдэл нь өөрөө илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байгаа бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Засаг даргын захирамжууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т заасан үндэслэлд хамаарахгүй гэдэг тайлбарыг хууль зүйн үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байна. Аймаг, нийслэлийн Засаг даргад иргэний газар өмчлөх эрхийг хүчингүй болгох эрхийг ямар ч хуулиар

олгоогүй. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд иргэний газар өмчлөх эрхийг дуусгавар болгох үндэслэлүүдийг заасан бөгөөд эрх ашиг нь хөндөгдсөн иргэдийн хувьд эдгээр үндэслэлүүдийн аль нь ч хамаарахгүй байгаа.

Мөн чанарын хянан баталгаа хийгдсэн гэдэг үйл баримт хэрэгт байна.Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437, А/438 дугаар захирамжууд нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байгаа тул уг захирамжуудын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чулуунцэцэгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т иргэн хуулийн этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл ажлын 10 хоногийн дотор гомдол гаргахаар заасан. Гэтэл нэхэмжлэгч нар Газрын тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна. Нэхэмжлэгч нарын 7 иргэнд 2016 оны 12 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд Засаг даргын шийдвэрийн талаар мэдэгдэж, мэдэгдэл гардуулсан байдаг бөгөөд нэхэмжлэгч Жаргалсайхан нь утсаа аваагүй хаяг дээрээ байгаагүй учир бидний хүргүүлсэн мэдэгдэл буцаж ирсэн. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ байршлыг Засгийн газар тогтоодог. 2016 оны Засгийн газрын 173 дугаар тогтоолоор Дархан-Уул аймагт олгох газрын байршил хэмжээг тогтоож өгсөн боловч Дархан-Уул аймгийн Дархан суманд газар олгохоор тогтоогоогүй, харин Хонгор, Шарын гол суманд газар олгохоор тогтоосон. Тухайн үед нэхэмжлэгч нарт газар өмчлүүлэхдээ холбогдох хуулийг зөрчсөн байдаг ба тухайн жилийн Дархан-Уул аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд уг иргэдэд олгогдсон газар нь дунд оврын орон сууцны зориулалттай газар гэж тусгагдсан боловч гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгож аймгийн ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн.

Мөн газрыг олгоход Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь Засаг даргын тушаалаар төлөвлөгөө боловсруулах аргачлалаар, газрын хянан баталгааг хийсэн байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч нарт олгосон Онгот, Хүрээлэнгийн газрын хянан баталгаа хийгдээгүй байхад 1999 онд хийгдсэн хугацаа дууссан хянан баталгааг үндэслэн газар олгосон байдаг. Уг хянан баталгаа нь газар өмчлөх гэрчилгээний салшгүй хэсэг байна гэж хуульд заасан  байдаг учир тус иргэдийн гэрчилгээ олгогдох боломжгүй. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар газрыг олгохдоо олон нийтэд ил тодоор газар олголтыг явуулна гэж заасан байдаг. Гэтэл тухайн үед шинээр газар өмчлөхийг хүссэн 10 мянга гаруй өргөдөл, хүсэлт манайд бүртгэгдсэн байсан боловч эдгээр хүмүүсийн хүсэлт материал нь байхгүй байхад  хаанаас гарч ирээд, газар авсныг ойлгохгүй байна. Шинээр газар өмчлүүлэхээр тусгагдаагүй газарт, бүртгэлгүй хүмүүст газар өмчлүүлсэн нь тухайн харилцааг зохицуулсан хуулийн заалттай нийцэхгүй байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын А/326 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан ажлын  хэсэг  нь  нэхэмжлэгч  нарт  газар  олгосон  захирамжуудыг  шалгаж,  ажлын  хэсгийн

дүгнэлтээр Засаг дарга нь Дархан-Уул аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг зөрчиж, хууль бусаар газар олгосон байна гэж үзэн телевизээр 4 удаагийн давтамжтайгаар иргэдэд хууль бус олголт хийсэн талаар мэдээлсэн байгаа мөн тус хууль зөрчиж гарсан захирамжаар газар өмчилж авсан иргэдийн газар өмчлөх эрхийг хүчингүй болгох талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга, аймгийн Хууль эрх зүйн хэлтэс, Газрын алба хамтран мэдээлэл өгсөн. 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийснийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 750 тоот хүсэлтийг хүргүүлсний дагуу Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 99 дүгээр тогтоол гарч газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулсан тодотголыг хүчингүй болгосон байгаа.Мөн түүнчлэн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дэд дарга Бямбасүрэнгээс 2016 онд газар олгохдоо холбогдох хууль тогтоомж зөрчиж олгосон асуудал байгааг мэдэгдэж, зохих арга хэмжээ авах талаар албан бичгийг хүргүүлсэн байгааг хэрэгт авсан байгаа. Онгот, Хүрээлэнгийн хорооллын хянан баталгаа хийгдээгүй байхад УГТСЭШХ-ийн 1999 онд хийсэн хугацаа дууссан хянан баталгааны материалыг үндэслэн хянан баталгаа хийсэн байдаг ба нэхэмжлэгч нарын хувьд газрын хянан баталгаа хийлгээгүй, Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлд заасан үндэслэлийг хангаагүй учир газар эзэмших, өмчлөх эрхийг хүчингүй болгосон.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэгээс шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437, А/438 дугаар захирамжуудад Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг баримтлах шаардлага байхгүй. Нэхэмжлэгч нарт газар олгосон А/246 дугаар захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-т заасан үндэслэлээр газар олгосон байгаа. Уг заалт нь газар өмчлүүлэхтэй холбогдох заалт биш, Тахарын албанд шаардагдах хүн хүч, авто машин, техник хэрэгсэл, орон байраар хангахтай холбоотой асуудлыг зохицуулсан байдаг. Нэхэмжлэгч нар нь Засаг даргын А/437, А/438 дугаар захирамжуудыг  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т зааснаар иргэн хуулийн этгээдийн газар эзэмших эрхэд халдах хууль зүйн үндэслэл байхгүй байхад тэдний эрх ашигт халдсан гээд байгаа. Гэтэл нэхэмжлэгч нарт газар олгохдоо хууль зөрчиж олгосон нь хяналт шалгалтаар тогтоогдсон учир бид нийтэд мэдээлж, захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлийн талаар тайлбар хийсэн бичлэгийг хийж, олон нийтэд түгээсэн. Мөн түүнчлэн нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуульд заасан ажлын 10 хоногийн дотор газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосонтой холбоотой Засаг даргын шийдвэрт гомдол гаргах хугацааг хэтрүүлж, жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй болгож байна.

 Нэхэмжлэгч нарт газар олгосон шийдвэр газрын гэрчилгээ нь 1 хоногийн дотор гарсан учир  Засаг  дарга  нь  Газрын  тухай  хуулийн  61  дүгээр зүйлд зааснаар өөрийнхөө гаргасан

 

 шийдвэр нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн  байсан учир хүчингүй болгосон гэв.

       

ҮНДЭСЛЭХ  нь:

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

           Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/438 дугаартай “Газар өмчлөх эрхийг хүчингүй болгох тухай”  захирамжийн, мөн өдрийн Дархан-Уул аймгийн Засаг даргын А/437 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн нэхэмжлэгчдэд холбогдонх хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар “захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн хувьд хугацаа хамаарахгүйгээр зохицуулсан тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэхүү нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна.

      Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр А/437 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”,  Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эсүйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”,  Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд  утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”, 43.7-д “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг нийтэд мэдэгдэх бөгөөд захиргааны актыг үйлчлэх тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшсэн журмаар нийтэд танилцуулснаас хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно”, 47 дугаар зүйлийн 47.3-д “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” Дархан-Уул аймгийн  иргэдийн  Төлөөлөгчдийн  Хурлын  Тэргүүлэгчдийн  2016 оны  108 дугаар  тогтоолыг

үндэслэн аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/175 дугаар  захирамжийн   хавсралтад   дурдсан   40  иргэн   / нэхэмжлэгч   Н.Энхсаруул,   Д.Дэжидмаа,  

 

А.Жаргалсайхан,  Г.Золбаяр/,  2016 оны  07  дугаар сарын 05-ны  өдрийн А/237 дугаар захирамжийн хавсралтад дурдсан 60 иргэний /нэхэмжлэгч Б.Нямаа, Б.Чимгээ, Д.Мядагмаа, Э.Отгонзул/ газар эзэмших эрхийн гэрчилгээг, мөн А/438 дугаар захирамжаар дээрх хуулийн зүйл, хэсгийг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн  Хүрээлэнгийн 6, 7 дугаар гудамж, 14 дүгээр багийн Онгот хороололд газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн дээрх захирамжид дурдсан иргэдийн газар өмчлөх эрхийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

             Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяраас дээрх шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Төрийн байгууллага албан тушаалтны гаргасан шийдвэр хууль тогтоомж зөрчсөнөөс бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд маргааныг шийдвэрлэхээр хэрэглэдэг хэм хэмжээг гуравдагч этгээд гомдол гаргаагүй байхад хэрэглэж иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Мөн  Дархан-Уул аймгийн Засаг даргын А/438 дугаар захирамж нь Засаг дарга өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн, эрх зүйн үндэслэлгүй акт.  Аймаг, нийслэлийн Засаг даргад иргэний газар өмчлөх эрхийг хүчингүй болгох эрхийг ямар ч хуулиар олгоогүй. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд иргэний газар өмчлөх эрхийг дуусгавар болгох үндэслэлүүдийг тусгайлан заасан бөгөөд эрх ашиг нь хөндөгдсөн иргэдийн хувьд эдгээр үндэслэлүүдийн аль нь ч хамаарахгүй”  гэж маргаж байна.

        Хариуцагч Аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэрээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан  өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг баримтлан Аймгийн Засаг даргын 2016 оны А\437 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх үүсч, эзэмших эрхийн гэрчилгээ авсан энэхүү тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох Газрын тухай хуульд заасан нөхцөл бүрдээгүй байхад , нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан илт хууль  бус шийдвэрийг захиргааны байгууллага гаргасан болох нь тогтоогдож байна. Түүнчлэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д “...иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн  Төлөөлөгчдийн  Хурлын  саналыг  үндэслэн  газар  өмчлүүлэх  тухай  шийдвэр  гаргах, 12.1.4-т “...тухайн газрыг хураан авах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах” гэсэн хуулийн зохицуулалтаас үзвэл хариуцагч Аймгийн Засаг даргад иргэдийн газар өмчлөх эрхийг хүчингүй болгох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй, газар өмчлөх эрхийг хүчингүй болгох субьект биш, өөрт олгогдоогүй эрхийг шууд хэрэгжүүлсэн эрх зүйн үндэслэлгүй акт байна.

 

 

      Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд иргэний газар өмчлөх

 эрхийг дуусгавар болгох үндэслэлүүдийг тусгайлан заасан ба эрх ашиг нь хөндөгдсөн нэхэмжлэгч нарын хувьд   энэхүү үндэслэлүүдийн аль нь ч хамаарахгүй байхад Аймгийн Засаг дарга 2016 оны А\438 дугаар захирамжийг гаргасан нь хууль бус, гаргах ёсгүй байсан  захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй, энэхүү захиргааны акт нь хуульд үндэслэсэн байх, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн байна.

 

         Иймд дээрх нөхцөл байдлуупаас дүгнэхэд Аймгийн Засаг даргын 2016 оны А\437, А\438 дугаар захирамжууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д  “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж зааснаар илт хууль бус захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А\437, А\438 дугаар захирамжуудын нэхэмжлэгч Г.Золбаяр, Д.Дэжидмаа, Б.Нямаа, А.Жаргалсайхан, Д.Мядагмаа, Н.Энхсаруул, Э.Отгонзул, Б.Чимгээ нарт   холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.  

     

    Хариуцагч Засаг дарга А/437, А/438 дугаар захирамжтай холбоотойгоор шүүхэд хандсан иргэдийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 21, 27, 28, 30, 33, 34, 35 дугаар шүүгчийн захирамжтай 33 иргэнд холбогдох хэсгийг  2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/81 дүгээр захирамжаар хүчингүй болгож, газар эзэмших, өмчлөх эрхийг сэргээж шийдвэрлэсэн  нь хавтаст хэрэгт авагдсан шүүгчийн захирамжууд, Засаг даргын захирамж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар нотлогдож байх бөгөөд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж заасан зарчмыг алдагдуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...” зааснаар нэхэмжлэгч нарын өмчлөх эрхийг зөрчсөн болохыг дурьдвал зохино.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.2, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамж, мөн өдрийн  А/438 дугаартай “Газар өмчлөх эрхийг хүчингүй болгох тухай” захирамжуудын нэхэмжлэгч Г.Золбаяр, Д.Дэжидмаа, Б.Нямаа, А.Жаргалсайхан, Д.Мядагмаа, Н.Энхсаруул, Э.Отгонзул, Б.Чимгээ нарт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурьдсугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

                                                                                                                                                                       

   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                            Д.НАРАНТУЯА

   ШҮҮГЧИД                                                               Ж.ОЮУНЧИМЭГ

                                                                                   Л.ОДБААТАР