Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 599

 

 

 

 

 

 

 

   2020         09           21                                      2020/ШЦТ/599

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга: Б.Бат-Оргил,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт;

-мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903009310423 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, .... регистрийн дугаартай, Б.М-.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.М- нь 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 22 цагийн үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно:

-а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Хьюндаа Аванте” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо “Буянт-Ухаа” спорт цогцолборын хойд замд мөн дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөнөөс Г.А-ын жолоодон явсан “Хьюндай Портер” маркийн ..., С.Э-ын жолоодон явсан “Тоёота Сай” маркийн 25-78 УБЭ, С.Г- жолоодон явсан “Тоёота Приус-20” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөснөөс С.Э-ын жолоодон явсан “Тоёота Сай” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч С.Э-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан;

-дээрх зам тээврийн ослыг гаргаад мөн дүрмийн 3.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслийн нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан тус тус гэмт хэрэгт холбогдсон.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М-аас: “...Тухайн үед би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Хохирогч надтай уулзаагүй. Миний хажууд суусан байсан найз согтуу байсан. Э- нь намайг танихгүй. Гуйвсан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байгаагүй.” гэв.

 

Эрүүгийн 1903009310423 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Замын цагдаагийн газарт 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 22:3:05 цагт дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа /1хх-н 11 дүгээр хуудас/,

 

2. 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 22 цаг 15 минутаас 00 цаг 15 минутын хугацаанд Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургууд /1хх-н 13-20 дугаар хуудас/,

 

3. С.Э-аас хэрэгт ирүүлсэн ...улсын дугаартай машины хар хайрцагны бичлэгээс хэсэгчлэн авсан ...Зам тээврийн ослын үеийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 124 дүгээр хуудас/,

 

4. Хохирогч С.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Тэр өдөр 22 цагийн үед 25-78 Сай маркийн машиныг манай дүү Э- жолоодож, би жолоочийн хажууд, арын суудалд манай аав Сүхбат, Э-ын 3-6 насны хүүхдийн хамт тавуулаа 3 дугаар хорооллоос Буянт Ухаа нисэх онгоцны буудал руу би БНСУ-руу хоёр хоногийн ажлаар явах гээд дүүгээрээ гаргуулах гээд явж байсан. Осол болсон газар бол Спорт цогцолбороос гараад цаашаа явж байхад эсрэг урсгалын нэгдүгээр эгнээнд явж байсан машин хоёрдугаар эгнээнд явж байсан Портер машины хамрыг хамаад эсрэг талын урсгалын хоёрдугаар эгнээнд явж байсан манай машиныг мөргөсөн. Тэр мөргөсөн машин 180 градус эргээд манай машины эгнээнд орж ирээд зогсчихсон. Би машины хаалгаа онгойлгох гэсэн чинь бүс тайлагдахгүй, хаалга онгойхгүй гацсан байсан. Тэгээд жолооч манай дүү Э- өөрөө буугаад жолоочийн хаалгаар хамгийн сүүлд буусан. Буугаад харахад эсрэг урсгалаар орж ирсэн цагаан өнгийн машинд 2 залуу байсан. Машинаасаа орилоод буугаад ирсэн. Нилээн согтуу байдалтай гуйвсан, амнаас нь архи үнэртэж байсан. Бид нар очоод яадаг муу гай вэ чи юу хийснээ харж байна уу гээд цохисон. Тэгсэн чинь жолооч битгий цагдаа дууд бид нар төлчихнө гээд орилоод байсан. Тухайн үед түргэн ирээд гар өргөж үзээд гайгүй гээд орхиод явсан. Тэгээд гар өвдөөд байхаар нь би өөрөө гэмтэл очоод зургаа авахуулахад баруун мөр мултраад чөмөгний толгой нь бяцарч мах руугаа шигдсэн байна гэсэн. Тэгээд 10 гаруй см ялтас тавиулж хадах хагалгаанд орсон. Уг нь тэр чөмөгний толгойг хиймлээр хийх заалттай гэсэн. Залуу хүн учраас бяцарсан чөмгийг ясны утсаар баглаж оёод өөрөөр нь төлжихийг харъя гэсэн. Энэ хагалгаа амжилттай боллоо гэхэд гараа өргөөд хоолоо халбагадаж идэх чадвартай л гэсэн. Энэ ослоос болж баруун гар ачаалал авах чадваргүй болж байгаа юм. Одоогийн байдлаар эмчилгээний зардалд 6 сая төгрөг зарцуулсан. БНСУ-руу ирж буцах билет 1.492.700 төгрөг болсон. Хатуу суудалтай болохоор буцааж авч чадаагүй. Мөн 30 сая төгрөгт вонн авсан. Намайг авах үеэс вонны ханш унасан байгаа учир зөрүү гарна. Би нэг вонныг 2.19-оор авсан. Одоо 2.16 хүрэх юм уу үгүй юу болсон байна. Авах үнэ нэг өөр буцааж зарах үнэ бас нэг өөр байдаг. Маш их гомдолтой байна. Дүрэм журмаараа явж байсан өчнөөн хүнийг хохироосон. Бүтэн байсан биеэ гэмтээлээ. Дээрээс нь нялх нойтон хүүхэдтэй хүн хөдөлмөрийн чадвараа алдсан учир хүнд байна. Жилийн дараа хадаасаа авахуулна. 45 хоног болгон рентгэнд харуулж эмчид хянуулж явна. Бүтэн норкозтой хагалгаанд орсон, хараа муудаад байна. Би 2020 онд хараа тэглэх хагалгаанд Энэтхэг улсад орж байсан. Түүнээс хойш зүгээр байсан хараа ойрд муудаад байна. ...” гэсэн мэдүүлэг /1хх-н 31-32 дугаар хуудас/,

 

5. С.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд:

гэрчээр өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 11-ний орой ...Чингис хаан нисэх онгоцны буудал руу явж байгаад Нисэхийн тойргоос 800 метрийн хэрээтэй уруудаад явж байхад гэнэт эсрэг урсгалын 1 дүгээр эгнээнд явж байсан цагаан өнгийн суудлын тэрэг 2 дугаар эгнээнд явж байсан хөх өнгийн портер машины урдуур нь дараад миний өмнөөс урсгал сөрж ирээд миний машинтай мөргөлдсөн. Би тухайн үед 2 дугаар эгнээнд явж байсан. Тэгээд тормослоод баруун тийшээ дараад 1 дүгээр эгнээнд явж байсан цагаан өнгийн приус маркийн автомашинтай мөргөлдөөд зогссон. Би тухайн үед машинаасаа буугаад машины хойно явсан эгч, хүүхдүүд дээрээ очиход хүүхдүүд уйлаад байхаар нь аргадаад байж байтал урсгал сөрж орж ирсэн цагаан өнгийн  машинаас 2 согтуу залуу бууж ирсэн. Тэр 2 залуу бууж ирээд ахаа зохицоод явъя гээд шалаад байхаар нь би та 2 цаанаа байж бай гээд явуулчихаад байж байхад цагаан өнгийн приус маркийн автомашины жолооч нь цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Хэсэг хугацааны дараа хөх өнгийн портер автомашины жолооч нь тэр 2 согтууг хайгаад байж байхад замын хажууд байсан автомашины жолооч тэр хоёрыг хашаа даваад явчихлаа гэхээр нь би араас нь приусын жолоочтой хашаа даваад барьж авах санаатай явтал хав харанхуй шарилж ихтэй байсан учир хөөхөө больсон юм. Тэгээд удаагүй байж байхад замын цагдаагийн машин болон түргэн тусламжийн машин ирсэн. ...Яг хэнийг нь жолоодож явсныг мэдэхгүй байна. Хоёулаа согтуу байсан. ...Гомдолтой байна.” гэх мэдүүлэг /1хх-н 33-34 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэгтээ:

Тэр өдөр 22 цагийн үед би өөрийн эзэмшлийн 25-78 Сай маркийн машиныг жолоодож, манай дүү Э- жолоочийн хажууд, арын суудалд манай аав, 3-6 насны манай хүүхдүүд ингээд тавуулаа хамт 3 дугаар хорооллоос Буянт Ухаа нисэх онгоцны буудал руу би БНСУ-руу эгчийгээ гаргаж өгөхөөр явж байсан. Осол болсон газар бол Спорт цогцолборын тойргоос гараад цааш баруун зүгт явж байхад эсрэг урсгалын 1 дүгээр эгнээнд явж байсан машин 2 дугаар эгнээнд явж байсан портерийн хамрыг хамаад эсрэг талын урсгалын 2 дугаар эгнээнд явж байсан миний машиныг мөргөсөн. Тэр мөргөсөн машин 180 градус эргээд манай машины эгнээнд орж ирээд зогссон байсан. Тэгээд би өөрөө буугаад арын хаалгаар хоёр хүүхдээ буулгасан. Аав өөрөө буугаад ирсэн. Эгч нэг мэдэхэд хажууд зогсож байсан. Бүсээ тайлах гэсэн чинь гар нь сонин болсон гэсэн. Буугаад харахад хэн нь аль машины жолооч болох нь мэдэгдээгүй. Над дээр ирээд цагдаа дуудаад хэрэггүй зохицоё гээд өндөр нам 2 залуу зуураад татаад байсан. Тухайн үед ярианаас нь сонсоход өндөр залуу жолоо барьж явсан байсан. Тэр өндөр, нам 2 залуу согтуу гуйвж байсан. Приус-20 маркийн машины жолооч дуудлага өгсөн. Манай эгч гар эвгүй болчихлоо гээд хэвтээд өгсөн. Замын цагдаа ирэхээс өмнө нөгөө 2 залуу алга болсон. Миний 2019 оны 02 дугаар сард орж ирсэн 23.400.000 төгрөгөөр авсан машиныг 3 талыг нь чихэж, яарин болгосон. Сэлбэгүүдээ шинээр авч тавих болсон. Хаалган дээр замаск тогтохгүй гэсэн. Үнэлгээгээр 14.111.000 төгрөг гарсан. Таванбулыг комоор нь соль гэсэн. Одоогын байдлаар 14.111.000 төгрөг нэхэмжилж байна. Цаашдаа гаргах зардлыг нэмж нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг /1хх-н 35-36 дугаар хуудас/,

6. “Дамно” ХХК-ийн 19-204 дугаартай автомашины эвдрэл, хохирлын  үнэлгээний тайланд “...С.Э-ын эзэмшлийн 2578 УБЭ улсын дугаартай Т.Сай маркийн автомашины эвдрэл хохирлын шууд болон шууд бус нийт зардлыг 10.950.000 төгрөгөөр тогтоосон ...” тухай  /1 дүгээр хх-н 239-240 дүгээр хуудас/, 2578 УБЭ улсын дугаартай Т.Сай маркийн автомашины эзэмшигч нь С.Э- бүртгэлтэй тухай лавлагаа /1хх-н 164 дүгээр хуудас/,

 

7. Г.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд:

гэрчээр өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчимд 95-28 УНН улсын дугаартай хөх өнгийн портер маркийн автомашинтай ганцаараа нисэхээс аюулгүйн тойрог чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байхад 1 дүгээр эгнээгээр цагаан өнгийн суудлын тэрэг миний хажуугаар их хурдтай өнгөрч байхдаа намайг шахаад би тухайн үед мөргөлдөх нь гэж бодоод хурдаа сааруулсан чинь нөгөө машин зам дээр бүтэн эргээд миний урдаас мөргөөд зогссон. Тэгээд би машинаасаа буугаад ирсэн чинь тэр хоёр залуу согтуу бууж ирээд ахаа эндээ зохицоод салчихъя гээд энэ тэрүүгээр хүмүүстэй уулзаад яваад байхаар нь би 102 болон 103 дугаар руу залгаж дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд удаагүй байж байтал нөгөө хоёр залуу алга болчихсон. Удалгүй цагдаа ирээд машин ачаад явсан. ...” гэх мэдүүлэг /1хх-н 43-44 дүгээр хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэгтээ:

2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Нисэхээс яармаг руу явах замд 2 дугаар эгнээнд 9528 УНН улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн машины жолоог бариад ганцаараа явж байсан. Гэтэл 1 дүгээр эгнээнд миний урсгалд явж байсан цагаан өнгийн машин миний урдуур орж ирээд шарвасан. Миний машины хамрыг хамаад нөгөө урсгалын эгнээнд зэрэгцэж очоод зогссон. Нөгөө урсгалын эгнээнд Сай маркийн машин, приус 20 маркийн машин явж байсан. Тэд хоорондоо мөргөлдсөн. “Аванте” маркийн машины урдуур орж ирж шарвасан машинаас 2 согтуу залуу гарч ирээд уучлаарай цохицоё, цагдаа битгий дууд гэж байгаад зугтсан. Цагдаа нар ирэхэд алга болчихсон байсан. Ослын улмаас 2002 онд үйлдвэрлэгдсэн 2018 оны 5 дугаар сард Монгол Улсад орж ирсэн машины эвдрэл хохирол үнэлгээгээр 2.340.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Ачилтын болон журмын хашааны мөнгө нийлээд 190.000 төгрөг болсон. Нийт 2.530.000 төгрөгний хохирол одоогоор гарсан. Миний бие шүүх эмнэлэгт үзүүлэхэд хөнгөн хохирол учирсан гэсэн. Хохирлын мөнгөө яаралтай хурдан гаргуулж авмаар байна. Хохирол төлбөр огт төлөөгүй байна. ...” гэх мэдүүлэг /1хх-н 45-46 дугаар хуудас/,

 

8. “Дамно” ХХК-ны автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний 19-202 дугаартай тайланд ...“Г.А-ын эзэмшлийн 9528 УНМ улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн автомашины  шууд болон шууд бус зардлыг  1.820.400 төгрөгөөр тогтоосон...” тухай. /1 дүгээр хх-н 232-233 дугаар хуудас/, 9528 УНМ улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Г.А-ын нэр дээр бүртгэлтэй тухай лавлагаа /1хх-н 51 дүгээр хуудас/,

 

9. Э.Г- мөрдөн шалгах ажиллагаанд:

гэрчээр өгсөн “...2019 оны 08 дугаар сарын 11-ний шөнө 21 цагийн орчимд Яармагийн замаар Буянт Ухаа хороолол чиглэлтэй гэрлэн дохио өнгөрөөд зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр уруудаад явж байсан чинь эсрэг талын урсгалаас хөх өнгийн портер маркийн автомашины урдуур цагаан өнгийн автомашин хажуу талаас нь мөргөсөн чинь 2 дугаар эгнээнд явж байсан автомашины жолооч намайг мөргөөд зогссон. Би тухайн үед машинаасаа бууж ирээд харахад Сай болон хөх өнгийн Портер автомашины жолооч нар машинаасаа буугаад ирчихсэн байсан. Тэгээд нөгөө урсгал сөрж орж ирсэн автомашин руу харахад жолоочийн эсрэг талын суудлаас нь намхан, бор царайтай, махлаг хүн бууж байх шиг харагдсан. Жолооч талын хаалганаас өндөр, туранхайдуу биетэй 25-28 орчим насны хоёр согтуу залуу бууж ирээд эндээ зохицоод явчихъя гээд тэрүүгээр яваад байсан. Тэгээд бид нар цагдаа болон 103 дугаар руу дуудлага өгөөд байж байтал нөгөө хоёр залуу хашаа даваад явчихсан байхаар нь би “Сай” машины жолоочтой тэр хоёрын араас хашаа даваад хөөсөн чинь тэр хоёр аль хэдийн яваад өгсөн юм уу эсвэл тэр хашаанд өвсөн дунд хэвтэж байсан уу бүү мэд тас харанхуй газар алга болчихсон байсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд хэмжилт хийгээд автомашинуудыг ачилтын компанид ачуулаад явуулсан. ...” гэх мэдүүлэг /1хх-57-58 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэгтээ:

2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Яармагаас Нисэх рүү явах замд 1 дүгээр эгнээнд 6156 УНЯ улсын дугаартай приус 20 маркийн машинтай ганцаараа жолоо бариад явж байсан. Гэтэл цагаан өнгийн машин өндөр хаазтай орж ирээд манай урсгалын 2 дугаар эгнээнд явж байсан Сай машиныг мөргөөд тэр мөргүүлсэн машин намайг мөргөөд би хашлага даваад зогссон. Жолооч нар бүгд гарч ирж байсан. Гэнэт цагаан машин хөндлөн ороод ирсэн. Тэр хөндлөн орж ирсэн машиныг харахад “Аванте” маркийн 7186 УНЭ улсын дугаартай байсан. Тухайн машинаас 2 залуу гарч ирсэн. Сай маркийн машинаас хүүхэд ,настай хүн, мөн эмэгтэй хүн бууж ирсэн. Би 102 руу залгаж осол гарсан талаар дуудлага өгсөн. “Аванте” маркийн машинаас 2 залуу гарч ирээд уучлаарай энүүгээрээ цохицоё гэж байгаад цагдаа нар ирэхэд алга болчихсон байсан. Тухайн ослын улмаас 2004 онд үйлдвэрлэгдсэн 2018 онд орж ирсэн машин эвдрэл хохирлын үнэлгээгээр 1.300.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Ачилтын болон журмын хашааны мөнгө, үнэлгээний хөлс, оношлогооны мөнгө нийлээд 243.000 төгрөг болсон. Нийт 1.543.000 төгрөгийн хохирол одоогоор гарсан байна. Копутны булан дээшээ сөрдийсөн байсан. Нэхэмжлэх үнийн дүнд нэмэгдэж магадгүй. Хохирлын мөнгөө яаралтай гаргуулж авмаар байна. ...” гэх мэдүүлэг /1хх-н 59-60 дугаар хуудас/,

 

10. “Дамно” ХХК-ны автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний 19-203 дугаартай тайланд “...Э.Г-н эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 6156 УНЯ улсын дугаартай автомашины шууд болон шууд бус зардлыг 1.303.600 төгрөгөөр тогтоосон ...” тухай /1 дүгээр хх-н 226-227/, 6156 УНЯ улсын дугаартай автомашины Д.Сэлэнгийн нэр дээр бүртгэлтэй тухай лавлагаа /1хх-н 165 дугаар хуудас/,

 

11. Гэрч Г.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2019 оны 08 дугар сарын 11-ний өдөр би Төв аймгийн Заамар сумаас ажлын хамт олонтойгой өглөө 10 цагийн орчимд гараад замдаа ганц хоёр пиво уугаад Улаанбаатар хотод 16 цаг орчмын үед ирсэн. Тэгээд ажлынхаа хэдэн хүмүүстэй Сүлжмэлийн автобусны буудлын замын хойно байрлах Дархан төв дээр архи ууж байгаад 20 цагийн орчимд тэндээсээ ганцаараа гараад нисэх рүү гэртээ харих гээд нийтийн тээврийн унаанд суугаад нисэхийн хуучин байрны автобусны буудал дээр буусан. Автобусанд явж байхдаа М-тай утсаар холбогдож гэр рүүгээ явж байна гээд бид хоёр нисэхийн автобусны буудал дээр буугаад уулзсан юм. Бид хоёр уулзаад М-ын автомашинд суугаад байрны гадаа сууж байгаад М- манай гэрт очиж ууя гээд бид хоёр нисэхээс хотын төв рүү зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд явж байсан. Бид хоёрын урд явж байсан марк улсын дугаарыг нь санахгүй байсан нэг суудлын тэрэг байхаар нь гүйцэд түрүүлэх үйлдэл хийгээд буцаад нэгдүгээр эгнээ рүү шахаад орсон чинь гэнэт машин хажуу талаар гулгах шиг болсон, тэгээд л нэг мэдсэн эсрэг талын урсгал руу ороод цагаан өнгийн машиныг мөргөөд зогссон. Би тухайн үед машинаас бууж ирээд харахад тухайн мөргөлдсөн автомашины жолооч нар бүгд бууж ирсэн байхаар нь Сай маркийн автомашины жолооч дээр очоод “ахаа та болон таны хүүхдүүд зүгээр үү” гээд асуусан, та нар чинь яаж байгаа юм. Та нар бүгд уучихсан байгаа юм биш үү гээд яриад байж байхад нэг махлагдуу ах намайг цохиод авахад би замын хажууд очоод зогсчихсон. М- над дээр ирээд нэг юм яриад байх шиг байсан. Тухайн үед архи уучихсан дээрээс нь осолд орчихсон байсан болохоор юу ярьж байсныг нь санахгүй байна. Тэгээд удаагүй бид хоёр барилгын хашаа даваад явж байхад М- чи согтчихсон байна, гэртээ харьж амар, би эндээс явлаа гээд бид хоёр салсан. Маргааш нь над руу залгаад би ажил дээрээ байна. Ажил дээр хүрээд ир гээд бид хоёр уулзаад М-ын даргад болсон үйл явдлын талаар тайлбар бичиж өгөөд маргааш өглөө замын цагдаа дээр уулзахаар болоод салсан. ...” гэх мэдүүлэг /1хх-н 68-69 дүгээр хуудас/,

 

12. Гэрч Ц.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр манай охин Э- Солонгос улс руу явах гээд бид Буянт-Ухаа нисэх онгоцны буудал руу явж байсан. 22 цагийн үед 25-78 Сай маркийн машиныг манай хүү Э- жолоодож, хажууд нь охин Э-, арын суудалд Э-ын 3-6 насны хүүхдийн хамт би суугаад тавуулаа Спорт цогцолборын тойргоос гараад цаашаа явж байхад эсрэг урсгалын 1-р эгнээнд явж байсан машин 2-р дугаар эгнээнд явж байсан портерийн хамрыг хамаад эсрэг талын урсгалын 2 дугаар эгнээнд явж байсан бид нарын сууж явсан машиныг мөргөсөн. Хамгийн түрүүнд Э- машинаас буугаад хүүхдүүдийг дараа нь би буусан. Хамгийн сүүлд охин Э- жолоочийн хаалгаар буусан. Охин гараа бариад орилсон. Хүүхдүүд уйлаад эхэлсэн. Машинаас буугаад зогсож байтал мөргөсөн машинаас илт согтуу байдалтай 2 залуу гараад ирсэн. Тэгээд би цагдаа түргэн дуудаарай гэхэд портерийн жолооч дуудсан. Хүү Э- ч бас дуудсан. Эсрэг урсгалаас орж ирсэн машины жолооч хамт явж байгаа залуу нь та нар битгий цагдаа дуудаач зохицчихоё гээд байсан. Нэг нь ирээд битгий цагдаа дуудаач гээд байхаар нь би та нар юу ярьж байгаа юм гээд явсан чинь нөгөө нь ирж намайг тэвэрч аваад байсан. Мөргөсөн машинаас 2 хүн гарч ирсэн. Жолооч нь өндөр, намхан нь найз нь хамт явж байсан. Хүүхдүүд уйлаад охин гар нь өвдөөд гээд тэд нарыг анзаарч байхад нөгөө хоёр залуу алга болсон байсан. ...Тухайн үед миний баруун хөл өвдөгнөөс доош шаант руугаа хавдсан байсан. Одоо бол зүгээр. ...”гэх мэдүүлэг /1хх-н 70 дугаар хуудас/,

 

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 9782 дугаартай дүгнэлтэд:

-С.Э-гийн биед баруун атгаал ясны хүзүү хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь босоо, хэвтээ аль ч байрлалд үүсэх боломжтой.

-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. ...” гэсэн дүгнэлт /1хх-н 80 дугаар хуудас/,

 

14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 9786  дугаартай дүгнэлтэд:

-Г.А-ын биед баруун өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ... гэсэн дүгнэлт /хх-н 79 дүгээр тал/,

 

15. Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 337 дугаартай дүгнэлт:

1....Аванте маркийн ... улсын дугаартай автомашины жолооч Б.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч ...чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцлийг хангана”,

-10.4-д заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө “ гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.... улсын дугаартай Портер маркийн автомашины жолооч Г.А- нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэл байхгүй байна.

3. 2578 УБЭ улсын дугаартай Сай маркийн автомашины жолооч С.Э- нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэл байхгүй байна.

4. 6156 УНЯ улсын дугаартай Приус маркийн автомашины жолооч С.Ган-Эрдэнэ нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэл байхгүй байна. ...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 85-86 дугаар хуудас/,

 

16. Хохирогч Г.Э-гийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 10566 дугаартай өвчний түүхийн баталгаажуулсан хуулбар /1хх-106-114 дүгээр хуудас/,

 

17. 7186 УНЭ улсын дугаартай автомашин нь “Бичил глобус групп” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй тухай лавлагаа /1хх-н 167 дугаар хуудас/,

 

18.Хохирогч Г.Э-гийн эмчилгээний зардал нэхэмжилсэн баримтууд /2хх-н 15-17 дугаар хуудас/,

 

19. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 96 дугаар/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-н 169 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-99 дүгээр хуудас/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /1хх-н 101 дүгээр хуудас/ болон бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.М-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 

  1. Гэм буруугийн талаар:

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Б.М-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.М- нь 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 22 цагийн үед Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Хьюндаа Аванте “ маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа спорт цогцолборын хойд замд:

-мөн дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөнөөс Г.А-ын жолоодон явсан “Хьюндай Портер” маркийн ..., С.Э-ын жолоодон явсан “Тоёота Сай” маркийн 25-78 УБЭ, С.Г- жолоодон явсан “Тоёота Приус-20” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, С.Э-ын жолоодон явсан “Тоёота Сай” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч С.Э-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан;  

-мөн дээрх зам тээврийн ослыг гаргаад мөн дүрмийн 3.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ:

а/ тээврийн хэрэгслийн нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх,

б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх,

г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

- Замын цагдаагийн газарт бүртгэгдсэн дуудлагын лавлагаа /1хх-н 11 дүгээр хуудас/,

-Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургууд /1хх-н 13-20 дугаар хуудас/,

-Зам тээврийн ослын үеийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 124 дүгээр хуудас/,

- мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Э-гийн өгсөн мэдүүлэг /1хх-н 31-32 дугаар хуудас/, С.Э-ын гэрчээр болон иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /1хх-н 33-36 дугаар хуудас/,

-Г.А-ын гэрчээр болон иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг /1хх-н 43-46 дугаар хуудас/,

-Э.Г- гэрчээр болон иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /1хх-57-60 дугаар хуудас/,

-Гэрч Г.Б- /1хх-н 68-69 дүгээр хуудас/, гэрч Ц.С- нарын мэдүүлэг /1хх-н 70 дугаар хуудас/,

- “Дамно” ХХК-ийн №119-202, 19-203, 9-204 дугаартай автомашины эвдрэл, хохирлын  үнэлгээний тайлангууд /1 дүгээр хх-н 226-227, 239-240, 232-233 дугаар хуудас/, 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 9782 дугаартай дүгнэлт /1хх-н 80 дугаар хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 9786  дугаартай дүгнэлт /хх-н 79 дүгээр тал/,

-Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 337 дугаартай дүгнэлтийн “...Аванте маркийн ... улсын дугаартай автомашины жолооч Б.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч ...чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцлийг хангана ... гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй ...” гэсэн хэсэг /1хх-ийн 85-86 дугаар хуудас/, хохирогч Г.Э-гийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 10566 дугаартай өвчний түүхийн баталгаажуулсан хуулбар /1хх-106-114 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнхандаас “ шүүгдэгч Б.М- нь хэргийн газраас зугтсан хэрэгт гэм буруугийн талаар маргахгүй, харин тухайн зам тээврийн осол хэрэг гарсан өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байхад улсын яллагчаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хэргийг зүйлчилж ирүүлснийг зөвшөөрөхгүй, хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож өгнө үү гэж мэтгэлцсэн.

 

Шүүгдэгч Б.М- нь 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн осол гаргаж, хэргийн газраас зориуд зугтсан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн цаг хугацаанд хэргийн газраас зугтсан учраас түүний согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, мөн согтуурлын зэргийг согтуурал шалгах багажаар шалгах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон.  

Харин зам тээврийн осол хэргийн газар байсан хохирогч С.Э-гийн өгсөн “... Нилээн согтуу байдалтай гуйвсан, амнаас нь архи үнэртэж байсан. ...Тэгсэн чинь жолооч битгий цагдаа дууд бид нар төлчихнө гээд орилоод байсан....” гэх мэдүүлэг /1хх-н 31 дүгээр хуудас/, гэрч С.Э-ын “...урсгал сөрж орж ирсэн цагаан өнгийн  машинаас 2 согтуу залуу бууж ирсэн. ...Хоёулаа согтуу байсан. ... портер автомашины жолооч нь тэр 2 согтууг хайгаад байж байхад замын хажууд байсан автомашины жолооч тэр хоёрыг хашаа даваад явчихлаа гэсэн ...” гэх мэдүүлэг /1хх-н 33 дугаар хуудас/, гэрч Г.А-ын өгсөн “...тэр хоёр залуу согтуу бууж ирээд ахаа эндээ зохицоод салчихъя гээд энэ тэрүүгээр хүмүүстэй уулзаад яваад байсан. ... удаагүй байж байтал нөгөө хоёр залуу алга болчихсон.... гэх мэдүүлэг /1хх-н 43-44 дүгээр хуудас/, гэрч Э.Г- өгсөн “...хоёр согтуу залуу бууж ирээд эндээ зохицоод явчихъя гээд тэрүүгээр яваад байсан. ...нөгөө хоёр залуу хашаа даваад явчихсан байхаар нь би “Сай” машины жолоочтой тэр хоёрын араас хашаа даваад хөөсөн чинь тэр хоёр аль хэдийн яваад өгсөн юм уу эсвэл тэр хашаанд өвсөн дунд хэвтэж байсан уу бүү мэд тас харанхуй газар алга болчихсон...” гэх мэдүүлэг /1хх-57-58-хуудас/, гэрч Ц.С-ын өгсөн “...машинаас илт согтуу байдалтай 2 залуу гараад ирсэн. ...та нар битгий цагдаа дуудаач зохицчихоё гээд байсан. ...нөгөө хоёр залуу алга болсон байсан. ...”гэх мэдүүлэг /1хх-н 70 дугаар хуудас/, гэрч Г.Б-гийн өгсөн “......Та нар бүгд уучихсан байгаа юм биш үү гэсэн. ...удаагүй бид хоёр барилгын хашаа даваад явж байхад М- чи согтчихсон байна, гэртээ харьж амар, би эндээс явлаа гээд бид хоёр салсан. ...” гэх мэдүүлэг /1хх-н 68-69 дүгээр хуудас/ зэргээр шүүгдэгч Б.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана.” гэж заасан.

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 337 дугаартай дүгнэлтээр Б.М-ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтаас гадна 10.4-д заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө “ гэснийг зөрчсөн гэж буруутгасан боловч прокуророос шүүгдэгчийг дээрх дүрмийн 10.4 дэх заалтаар буруутгаж, яллаж, яллах дүгнэлт үйлдээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан тул шүүх шүүгдэгчийн хувьд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Түүнчлэн Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 337 дугаартай дүгнэлтээр буруутгаагүй боловч прокуророос шүүгдэгч Б.М-ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-дахь заалтын а, б, г заалтыг зөрчсөн гэж буруутгаж яллах дүгнэлт үйлдсэн ба, хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэхэд шүүгдэгч Б.М- нь осолд холбогдсон хүмүүст эмнэлгийн тусламжийг үзүүлээгүй, эмнэлгийн байгууллагад хүргээгүй, ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэх зэрэг үүргээ биелүүлээгүй хэргийн газраас зугтаасан үйлдэл нь хангалттай тогтоогдсон тул хууль зүйн хувьд дээрх заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийн  шинжийг тус тус хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.   

1. Хохирогч С.Э-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, эмчилгээний зардалд 3.984.985 төгрөгийг нэхэмжилж, 2-р хавтаст хэргийн 14-16 дугаар талд нотлох баримтыг ирүүлсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр шүүгдэгч Б.М- нь хохирогч С.Э-д 3.345.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, тус хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. /2хх-н 55/,

2. Мөн Г.А-ын жолоодон явсан “Хьюндай Портер” маркийн ... улсын дугаартай автомашинд 1.820.400 төгрөгийн, С.Э-ын жолоодон явсан “Тоёота Сай” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 10.950.000 төгрөгийн, С.Г- жолоодон явсан “Тоёота Приус-20” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.303.600 төгрөгийн  эд хөрөнгийн хохирол тус тус учирсан болох нь “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангуудаар тогтоогдсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.М- нь:

-иргэний нэхэмжлэгч С.Э-т 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр 11.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх ба тус нэхэмжлэгч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. /2хх, 46, 55/

-иргэний нэхэмжлэгч С.Ган-Эрдэнэд 2020 оны 10 дугаар сарын 13, 15-ны өдрүүдэд 600.000, 700.000 төгрөгөөр, нийт 1.300.000 төгрөгийг нөхөн төлсөн /Хаан банкны дансны хуулгаар 2хх45/,

-иргэний нэхэмжлэгч Г.А-анд 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1.700.000, 540.000, 193.000 төгрөгөөр нийт 2.433.000 төгрөгийн эд хөрөнгийн болон эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлсөн байна.

   Иймд шүүгдэгч Б.М-ыг хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сарын хорих ял,

-мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тогоох гэсэн дүгнэлтийг,

-шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ “...Б.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Тиймээс хувийн байдлыг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү гэж мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.М- нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч, иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”,

-мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно”

-мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ...” тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

   Иймд шүүгдэгч Б.М- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх ба, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн болно.

   Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.М-т “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авч, хэрэгжилтэнд хяналт тавихыг,

-мөн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг  тус тус “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М- нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн ослын үеийн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, Хьюндай Аванте маркийн 7176 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэрчилгээг Б.М-т буцаан олгож, шүүгдэгч Б.М-ын А, В, С ангилалын 703639 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан;

-Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэр, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг  ажлын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.М-т “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд авсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй,  хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч Б.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн А, В, С ангилалын 703639 дугаартай үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж,

-мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн Б.М-ын “Хьюндай Аванте” маркийн 7176 УНЭ улсын дугаартай автомашины 00868264 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрт нь буцаан олгосугай.

 

10. Тус хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.М- нь энэ хэргийн улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.М-т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ДОРЖСҮРЭН