Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/01436

 

 “А”ХЗХнэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00572 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1087 дугаар магадлалтай,

“А” ХЗХнэхэмжлэлтэй

Б.Э, Д.Бнарт холбогдох

187 292 900 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жадамба, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, хариуцагч Д.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, түүний өмгөөлөгч Г.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Бнь манай хоршооны ууган идэвхитэй гишүүдийн нэг байлаа. Тэрээр 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хандаж өөрийн эрхэлдэг газар шорооны ажилд автомашин авах шаардлагатай байгаа тул 35 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлээр олгохыг хүссэн. 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хандаж өөрийн эрхэлдэг төмрийн худалдааны бизнест эргэлтийн хөрөнгө дутагдалтай байгаа тул 50 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлээр олгохыг хүссэн. 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хандаж өөрийн эрхэлдэг төмрийн худалдааны бизнест эргэлтийн хөрөнгө дутагдалтай байгаа тул 50 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлээр олгохыг хүссэн. Манай байгууллагын зүгээс холбогдох баримт бичигтэй танилцаад дээрх зээлүүдийг олгохоор шийдвэрлэсэн болно. Д.Бнь 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ЗГ-13/80 тоот зээлийн гэрээ байгуулан 35 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд БГ-13/80 тоот барьцааны гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоотын 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Мөн Б.Д.Бнь 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр, 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдрүүдэд дахин манай байгууллагад хандаж тус тус 50 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэйгээр ЗГ-14/33, ЗГ-14/101 тоот зээлийн гэрээ байгуулсан бөгөөд Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хорооллын 44 дүгээр байрны 4 тоотын 24 м.кв талбайтай 2 өрөө өрон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 2/58-р байрны 15 тоотын 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг БГ-14/33, БГ-14/101 тоот барьцааны гэрээ байгуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаа болгон барьцаалсан байдаг. Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд дараах төлбөрийг хийсэн болно. ЗГ13/80 тоот гэрээний үндсэн зээлийн төлбөрөөс 9 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 15 652 400 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 925 100 төгрөг, нийт 25 577 500 төгрөг, ЗГ14/33 тоот гэрээний үндсэн зээлийн төлбөрөөс 3 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10 628 300 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 335 500 төгрөг, нийт 13 963 800 төгрөг, ЗГ14/101 тоот гэрээний үндсэн зээлийн төлбөрөөс 10 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5 291 400 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 134 400 төгрөг, нийт 15 425 800 төгрөгийг зээлийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн байна. Зээлдэгчийг нас барснаас хойш хугацаанд ямар нэгэн төлбөр хийгдээгүй бөгөөд төлөгдөөгүй төлбөрийн хэмжээ нь, ЗГ13/80 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 26 000 000 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөр 14 729 200 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3 246 900 төгрөг буюу нийт 44 001 200 төгрөг, ЗГ14/33 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 47 000 000 төгрөг, хүүгийн төлбөр 25 573 900 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5 286 900 төгрөг буюу нийт 77 860 800 төгрөг, ЗГ14/101 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 40 000 000 төгрөг, хүүгийн төлбөр 21 325 400 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4 105 500 төгрөг буюу 65 430 900 төгрөг, дээрх гэрээнүүдийн нийт төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэл нь 187 292 900 төгрөг юм. Иймд зээлдэгч Д.Бат-Эрдэнийн хууль ёсны өвлөгч Б.Тэлмүүн, Б.Номин нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч Б.Эгаас ЗГ14/101, ЗГ13/80, ЗГ14/33 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 187 292 900 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Нэхэмжлэлд өвлүүлэгчийн бусад эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгах тухай дурдсан байсан ч энэ нь бие даасан шаардлага биш, хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор нэхэмжлэлд энэ талаар дурдсан байсан боловч холбогдох хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болсон тул энэ талаар шийдвэрт тусгуулах шаардлагагүй гэжээ.

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ өндөр байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хариуцагч Д.Бшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний талийгаач дүү Д.Б10-аад жилийн өмнө зээл авах гэсэн юм та байраа барьцаанд тавиулаач гэхэд нь амьдрал нь дээшлэг гэж бодоод дүүдээ тусалж 3 өрөө байрныхаа ордерыг өгч байсан. ”А” ХЗХ-ноос амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэж зээл авч сайхан амьдарч байсан нь үнэн. “А” ХЗХ-ноос зээл аваагүй тул байраа буцааж авах хүсэлтэй байгааг харгалзан үзэж өвийг нь авагч Б.Эгаар хоршооны өрийг даруулах саналтай байна. Иймд өөрөө мөнгө аваагүй Б.Эгаар “А” ХЗХ-ны өрийг даруулах хүсэлт гаргаж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаар Б.Эг татсан байдаг. Гэтэл Д.Бат-Эрдэнийн хууль ёсны өвлөгч нар нь Б.Тэлмүүн болон Б.Номин нар байгаа. Нэхэмжлэгчийг хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна. Д.Бгийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж авсан зээлийн хувьд зээлдэгч нь зээл хүссэн хүсэлтдээ төмрийн наймааны эргэлтийн хөрөнгө шаардлагатай байгаа тул зээл хүсч байгаа талаараа дурдсан байдаг. Зээлийг Д.Бат-Эрдэнийн эрхэлж байсан бизнесийн үйл ажиллагааны санхүүжилтэд зориулж олгосон тул уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл Д.Бат-Эрдэнийн хувийн байдалтай салшгүй холбоотой ба Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүрэг дуусгавар болох ёстой. Мөн Д.Бгийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасны дагуу барьцаалуулагч буюу Д.Бгийн мэдээллийг огт тусгаагүй, харин уг гэрээний толгой хэсэгт барьцаалуулагч гэдэгт Д.Бгэгч этгээдийг тавьж, улмаар түүний мэдээллийг тусгасан байна. Гэтэл барьцаалуулагч гэдэг нь өмчлөгч этгээд бөгөөд барьцааны зүйл болох Ү-0000000000тоот улсын бүртгэлийн дугаартай, 000000000тоот гэрчилгээний дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2/58 байрны 15 тоот 38 м.кв талбай бүхий 3 өрөө байрны өмчлөгч нь Д.Ббайна. Ийнхүү өмчлөгчийн буюу барьцаалуулагчийн мэдээллийг тусгаагүй нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Мөн “А” ХЗХ нь гуравдагч этгээдийн хөрөнгийг буюу иргэн Д.Бгийн хөрөнгийг барьцаалж байгаа атлаа өмчлөгчид огт мэдэгдэж, барьцаа хөрөнгийг газар дээр нь очиж шалгаагүй байна. Хэрэв барьцаа хөрөнгийг газар дээр нь очиж шалгасан бол Д.Бгийн зүгээс хэдэн төгрөгийн зээлд, хэрхэн барьцаалагдаж байгааг мэдэх байсан. “А” ХЗХ-ны зүгээс барьцаа хөрөнгийг газар дээр нь очиж шалгаагүй нь Д.Бгийн зүгээс уг зээлийг мэдээгүй байгаа байдал болон барьцаа хөрөнгө шалгасан баримт байхгүй байгаа зэргээр хангалттай нотлогдоно. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00572 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 535 дугаар зүйлийн 535.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Б.Эгаас 187 292 900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХЗХ-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай үл хөдлөх хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 44 дүгээр байрны 04 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2/58 дугаар байрны 15 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангахгүй орхиж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай үл хөдлөх хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 44 дүгээр байрны 04 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг, мөн өдөр төлсөн 1 094 415 төгрөг, нийт 1 164 615 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Эгаас 1 094 415 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХЗХ-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1087 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00572 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай үл хөдлөх хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 44 дүгээр байрны 04 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2/58 дугаар байрны 15 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 302 100 төгрөг, нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараахь хяналтын шатны гомдлыг гаргаж байна. 1. Нэхэмжлэгч “А” ХЗХ-ны Гүйцэтгэх захирал гэх З.Батцэцэг нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Гэвч Гүйцэтгэх захиралтай хийсэн гэрээний хугацаа нь 2017 оны 12 сарын 15-ны өдрөөр дуусгавар болсон байхад өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг төлөөлж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нэхэмжлэл гаргасан эсэх нь эргэлзээтэй байхад шүүхээс анхаарч үзэлгүй шүүх хуралдааныг хийсэн нь буруу болжээ. Энэ нь ХЗХдын тухай хуулийн 9 дүгээр зүйл 9.1.10 дах хэсэг 50 дугаар зүйл 50.1 дэх хэсэгг заасан шаардлага хангаагүй байсан бөгөөд ИХШХШТХуулийн 26 дугаар зүйл 26.2-т заасан хэсгийг зөрчсөн байна. 2. Нэхэмжлэгч Аптандавалгаа ХЗХ, болон Б.Д.Бнарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний үүрэгт нийт 187 292 900 төгрөг нэхэмжилж байгаагаас нэхэмжлэгч талтай 2018 оны 03 сарын 05-ны өдрийн шүүх хуралдаан дээр эвлэрэн хэлэлцэхээр тохиролцож, Нэхэмжлэгч тал Зээлийн гэрээний нийт үүргээс нэмэгдүүлсэн хүү болох 12 639 300 төгрөгийг хасч, эвлэрэн хэлэлцэхээр болж, харин хариуцагч Д.Бгийн зүгээс эвлэрлийг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул Д.Бтай тохиролцох хугацаа олгож шүүхээс шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Иймд Иргэний хуулийн диспозитив зарчмын хүрээнд нэхэмжлэгч талаас татгалзаж байсан нэмэгдүүлсэн хүү болох 12 639 300 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү. 3. Иргэний хуулийн 453 дугаар зүйл 453.1 дэх хэсэг, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйл 24.1, 24.3 дах хэсгүүдэд зааснаар Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хүү авах талаар тусгайлан гэрээнд заагаагүй байх тул нэхэмжлэгч талаас нэхэмжлээд буй 2013 оны 04 сарын 17-ны өдрийн 13\80 дугаар Зээлийн гэрээнд бодсон хүү болох 2015 оны 04 сарын 24-ний өдрөөс хойш тооцсон хүүний төлбөрт 9 428 110 төгрөг, 2014 оны 02 сарын 28-ны өдөр авсан 14\33 тоот Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш бодсон хүү 2 895 200 төгрөгийн хүүг илүү тооцсон байх тул нийт 12 323 310 төгрөгийн хүүг хууль болон гэрээнд заасны дагуу тооцох ёсгүй байсан хүүгийн төлбөрт тооцож нэхэмжилснийг шүүхээс тооцож үзээгүй нь буруу болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хасуулж өгнө үү. Иймд нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш бодсон хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүний тооцоо болох 2 464 662 төгрөг, хууль болон гэрээнд заасны дагуу тооцох ёсгүй байсан хүүний төлбөрт 12 323 310 төгрөг, нийт 14 787 972 төгрөгийг хасч шийдвэрлэж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг хариуцагч Д.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. 1. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Хэргийн 169 дэх талд авагдсан баримтанд Д.Бгийн өмчлөлийн дээрх орон сууцны барьцааны гэрээ дуусгавар болсон гэж бичигдсэн ба Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 243 тоот албан бичигт барьцааны үүрэг дуусгавар болсон бүртгэл хийгдээгүй байна гэжээ. Дээрхээс дүгнэвэл зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй...” гэжээ. Хавтаст хэргийн 169 дүгээр талд “2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн цахим лавлагаа авагдсан. Энэ лавлагаагаар Ү-0000000000тоот улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 2-58 тоот байрны 15 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан “А”ХЗХ-ны барьцааны эрх 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон нь тогтоогдсон. Энэ лавлагаа нь хүчин төгөлдөр болохыг анхан шатны шүүхийн шүүгч tutsmashin.gov.mn сайтаас уг лавлагааны хүчинтэйг шалгах бүхий кодоор шалгаж, улмаар баталгаажуулсан байдаг. Харин хавтаст хэргийн 201 дүгээр талд Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 243 тоот албан бичиг авагдсан. Уг албан бичигт “2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн танай хоршоотой байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэлтэй байна. Өнөөдрийн байдлаар үүрэг дуусгавар болсон бүртгэл хийгдээгүй байна гэжээ. Ийнхүү хавтаст хэрэгт нэг үйл явдлыг нотолсон 2 нотлох баримт авагдсан. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу “нэхэмжлэгчийн гаргаж өгсөн уг албан бичиг нь бүртгэлийн байгууллагын албан ёсны лавлагааг үгүйсгэх баримт болохгүй байна” гэж нотлох баримтыг хооронд нь харьцуулж, ямар үндэслэлээр аль нотлох баримтыг үнэлсэн тухай дүгнэж шийдвэр гаргасан. Гэтэл Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн зүгээс нотлох баримтыг хэрхэн харьцуулж, улмаар ямар үндэслэлээр нэхэмжлэгчийн өөрсдийнх нь гаргаж өгсөн албан тоот бүхий баримтыг улсын бүртгэлийн байгууллагын албан ёсны лавлагааг үгүйсгэх баримт болж чадаж байгааг тайлбарлалгүй шууд үнэлсэн нь үнэхээр ойлгомжгүй болсон. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан нь энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан бүртгэлийн эх нотлох баримт бичиг бүхий архив, цахим мэдээллийн сангаас бүрдэнэ”, 12.10-т “Лавлагаа, мэдээллийг цахим хэлбэрээр олгож болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл Төрийн үйлчилгээний цахим машины лавлагаа нь нэгд, цахим мэдээллийн сангаас шууд олгогддог, хоёрт, дэлгэрэнгүй лавлагаа бөгөөд уг лавлагааг хөндлөнгөөс өөрчлөх боломжгүй хууль ёсны баримт бичиг юм. Үүнээс харахад хавтаст хэрэгт авагдсан зөрүүтэй 2 баримтын Төрийн үйлчилгээний цахим машинаас авсан лавлагаа нь илүү цар хүрээтэй, тухайн асуудалд хамааралтай асуудлыг илүү дэлгэрэнгүй байдлаар харуулсан, хууль ёсны дагуу авсан нотлох баримт байна. Энэхүү нотлох баримтыг давж заалдах шатны шүүх үнэлэх байтал үнэлээгүй бөгөөд яагаад нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт нь илүү нотлох баримтын шинжийг агуулсан болохыг ч тайлбарлаагүй байна. 2. Түүнчлэн магадлалын хянавал хэсэгт “Д.Бгийн Д.Бат-Эрдэнэд өгсөн дээрх итгэмжлэлүүд нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан ба тухайн орон сууц нь 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ/14/101 тоот, 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр байна” гэжээ. Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ асуудлыг тал бүрээс нь нотлох баримтад тулгуурлан шийдвэрлээгүй болох нь үүнээс харагдана. Учир нь хариуцагч Д.Бгийн зүгээс итгэмжлэлийн хүчин төгөлдөр асуудалтай холбогдуулж огт маргаагүй. Харин итгэмжлэлтэй холбогдуулж Барьцааны гэрээний хүчин төгөлдөр асуудлаар маргасан. Тодруулбал, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэж заасан. Хуулийн уг зохицуулалтад заасан талууд гэдэгт барьцаалагч буюу “А”ХЗХ, барьцаалуулагч буюу өмчлөгч Д.Бнарыг хэлж байгаа болно. Гэтэл 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн БГ14/101 тоот “Барьцааны гэрээ”-нд барьцаалуулагч буюу Д.Бгийн мэдээллийг огт тусгаагүй байна. Харин уг гэрээний толгой хэсэгт барьцаалуулагч гэдэгт “Д.Бат-Эрдэнэ” гэгч этгээдийг тавьж, улмаар түүний мэдээллийг тусгасан байна. Гэтэл барьцаалуулагч гэдэг нь өмчлөгч этгээд бөгөөд барьцааны зүйл болох Ү-0000000000тоот улсын бүртгэлийн дугаартай, 000000000тоот гэрчилгээний дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2/58 байрны 15 тоот 38 м.кв талбай бүхий 3 өрөө байрны өмчлөгч нь Д.Ббайна. Ийнхүү өмчлөгчийн буюу барьцаалуулагчийн мэдээллийг тусгаагүй нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасныг зөрчсөн гэрээ байх бөгөөд ийнхүү зөрчсөн явдал нь уг хуулийн 156.3-т “Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаар хүчин төгөлдөр бус байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс энэ асуудалд огт дүгнэлт өгөхгүйгээр хариуцагчийн тайлбарыг өөрөөр тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Түүнчлэн, Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болногэж заасан. Харин 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн БП4/101 тоот “Барьцааны гэрээ”-г Д.Бнь иргэн Д.Бгийн өмнөөс, түүнийг төлөөлж байгуулаагүй байна. Хэрэв Д.Бнь уг итгэмжлэлийг ашиглаж, Д.Бг төлөөлж уг гэрээг байгуулж байгаа нөхцөлд барьцаалуулагч нь Д.Ббайх бөгөөд түүнийг төлөөлж Д.Бгарын үсэг зурах ёстой. Гэтэл уг барьцааны гэрээний барьцаалуулагч Д.Ббөгөөд барьцааны гэрээнд Д.Б, түүний олгосон итгэмжлэлийн агуулга огт байхгүй болохыг харж болно. Хариуцагчийн зүгээс итгэмжлэл хүчин төгөлдөр боловч уг барьцааны гэрээг хүчин төгөлдөр итгэмжлэлийг үндэслэн Д.Бгийн өмнөөс, түүний хөрөнгийг барьцаалж гэрээ байгуулаагүй талаар маргаж байхад давж заалдах шатны шүүхээс өөр асуудалд дүгнэлт өгч байгаа нь мөн л үндэслэлгүй байна. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн үндэслэлтэй болжээ. Магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “А” ХЗХ нь хариуцагч Б.Э, Д.Бнарт холбогдуулан гурван зээлийн гэрээний үүрэгт нийт 187 292 900 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч Б.Э нь зээлийн хүү хэт өндөр гэж, хариуцагч Д.Бнь барьцааны гэрээ дуусгавар болсон, итгэмжлэл хүчин төгөлдөр биш гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Б.Эгаас 187 292 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, барьцааны 2 хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх барьцааны бүх хөрөнгөөс буюу гурван үл хөдлөх хөрөнгөөс үүргийг хангуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “А” ХЗХ нь зээлдэгч Д.Бат-Эрдэнэтэй 3 удаа зээлийн гэрээ байгуулж, 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 35 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй, 2014 оны 2 дугаар  сарын 28-ны өдөр 50 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэй, 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 50 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэй зээлсэн, зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоот 2 өрөө орон сууц, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хорооллын 44 дүгээр байрны 4 тоот 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 2/58-р байрны 15 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

Зохигч талуудын хооронд үүссэн харилцааг зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгосон зээлийн гэрээ гэж тодорхойлж, зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний талуудын талаарх давж заалдах шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 166 дугаар зүйлийн 166.1, 64 дүгээр зүйлийн 64.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 535 дугаар зүйлийн 535.1.-д заасан зохицуулалтад нийцсэн байна.

Зээлдэгч Д.Бнь нийт зээлд 15 425 800 төгрөгийг төлсөн, 2016 оны 05 дугаар сарын 23-ны байдлаар гурван зээлийн гэрээг дүгнэж нийт 187 292 900 төгрөгийг төлөхөөр тооцоо нийлсэн боловч 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нас баржээ. Д.Б-н төрсөн хүүхдүүд болох Б.Тэлмүүн, Б.Номин нар хууль ёсны өвлөгч байх ба өвийг хүлээн авах талаар хүсэлт гаргасан нь баримтаар тогтоогдсон, хүүхдүүд насанд хүрээгүй тул тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч Б.Эг хариуцагчаар тодорхойлсон эрх зүйн үндэслэлийн талаар хоёр шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэжээ.

Хариуцагч Д.Бнь 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өөрийн өмчлөлийн  Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 2/58-р байрны 15 тоот 3 өрөө орон сууцыг “А”ХЗХ ХХК-д зээлийн барьцаанд барьцаалуулах, гэрээний үүргийг хангуулахтай холбоотой бүхий л асуудалд төлөөлөх, орон сууцыг худалдах, бэлэглэх зэрэг хэлбэрээр захиран зарцуулах эрхийг 3 жилийн хугацаагаар олгосон  итгэмжлэлийн үндсэн дээр Д.Бнь 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт түүний үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан нь хууль зөрчөөгүй, давж заалдах шатны шүүх энэ талаар хуульд нийцсэн дүгнэлтийг хийсэн, “...нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж чадаагүй...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдол үндэслэл муутай байна.

Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн /хх-169/ лавлагаанд дээрх орон сууцны “барьцааны үүрэг дуусгавар болгох” гэж тэмдэглэгдсэн боловч нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 243 тоот албан бичгээр ...Д.Бгийн өмчлөлийн орон сууцанд ногдуулсан барьцааны үүрэг дуусгавар болгосон бүртгэл хийгдээгүй байна гэснээс үзэхэд барьцааны үүргээс чөлөөлөгдөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй магадлалыг хэвээр үлдээв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1087 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагч Б.Эгаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232 000 төгрөг, хариуцагч Д.Бгаас  хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                          ШҮҮГЧ                                                   П.ЗОЛЗАЯА