Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2022/0150/З |
Дугаар | 221/МА2022/0366 |
Огноо | 2022-05-26 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2022/0366
“СТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар
Нэхэмжлэгч “СТ” ХХК
Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар шийдвэрийн “СТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 290 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.М, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, Б.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул
Хэргийн индекс: 128/2022/0150/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “СТ” ХХК нь Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар шийдвэрийн “СТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 290 дугаар шийдвэрээр:
2.1. “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 35 дугаар зүйлийн 35.12, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан “СТ” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2 дугаар шийдвэрийн “СТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Тус шүүхийн шийдвэрт “... Нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-д заасныг хэрэгжүүлж хаяг өөрчлөгдсөн талаарх мэдээллээ төрийн захиргааны байгууллагад бүртгүүлээгүйгээс мэдэгдлийг хүлээн аваагүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй.... Иймд хариуцагч захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлд заасан ажиллагааг тус тус явуулаагүй, хуулийг зөрчиж Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг гаргасан гэх нэхэмжлэгчийн Үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм" гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан:
3.1.1.1. Г.Д-ийн "СТ" ХХК-д хүргүүлсэн бичгээр гаргасан мэдэгдэлд "... Г.Д миний нэр дээр бүртгэлтэй Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 4-р хороо 5-р хороолол дсш-18 дугаар байр 3 тоот байр нь дахин төлөвлөлтөнд орж байгаа тул түр байрлаж байгаа "СТ" ХХК 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө суллаж өгнө үү" гэж
3.1.1.2. "Монгол шуудан” ХК-ийн шүүхэд гаргасан лавлагаанд "... 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 8/3560 тоот албан бичгийг хаягийн хүргэлтээр очиход "Заасан хаягт эзэнгүй, мэдэгдэл үлдээгээд хариу өгөхгүй байсан" гэсэн шалтгаанаар буцаан 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10:05 цагт тус газрын бичиг хэргийн ажилтан н.Отгонтуяад буцаан гардуулсан болно. Мөн дээрх хаягаар 2022 оны 01 дүгээр сарын 05 ны өдөр 8/34 тоот албан бичгийг "Заасан хаягаар очиход эзэнгүй байсан" тул утсаар мэдэгдэж 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 11:30 цагт ажилтан М.Ганчимэгт гардуулсан болно" гэж,
3.1.1.3. "А " ХХК-д Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №57 тоот албан бичигт "А” ХХК нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газраас зарласан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцны дулааны-18 байрыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгож оршин суугчдыг чөлөөлсөн ... “СТ” ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр уг байраа суллан манай компанид хүлээлгэн өгсөн" гэж тус тус дурьдсан байна.
3.1.2. Шүүхэд авагдсан эдгээр баримтууд "СТ" ХХК-ийн өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас буюу өдөр тутам байнгын үйл ажиллагаа явуулж байсан ажлын байр нь Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр дахин төлөвлөлтөд орж, шинээр барилга барих шаардлагатай болсон, компанийн эцсийн өмчлөгч, хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал Ш.Мид учирсан хүнд өвчний улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх боломжгүй байжээ.
3.1.3. Үүнтэй холбоотойгоор "СТ" ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8/5360 тоот албан бичгийг хүлээн авах боломжгүй байсан бөгөөд хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасны дагуу шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах гэж заасан Үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үзэж байна.
3.1.4. Учир нь Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.17-д зааснаар “тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх”, 11 дүгээр зүйлийн 11.1.20-д "үйлчилгээний ХӨЛС, төлбөрийг хураан авах" гэсэн хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхдээ хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн албан ёсны хаягийг баталгаажуулсан маягтаар хүлээн авдаг болохыг хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нотолж байлаа.
3.1.5. Энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байнгын харилцаа, холбоотой ажиллаж, тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх явцад мэдэгдэл, албан бичиг хүргүүлдэг. Энэхүү маягтад аж ахуйн нэгжийн хаягаас гадна, утасны дугаар, цахим шуудангийн хаягийг авч тусгай зөвшөөрлийн мэдээллийн системд бүртгэсэн нь одоо ч хасагдаагүй, өөрчлөгдөөгүй байсаар байна.
3.1.6. "СТ" ХХК-ийн зүгээс цахим хаягнаас болон утаснаас Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэстэй байнга харилцаж геологи хайгуулын ажлын талаарх бүхий л мэдээ, тайлан, төлөвлөгөөгөө батлуулдаг, илгээдэг, хянуулж хариу авдаг байв. Утсаар байнга холбогддог байхад хариуцагч зөвхөн байгууллагын хаягаар мэдэгдэл хүргүүлээд тусгай зөвшөөрлийг цуцлахаас 5 хоногийн өмнө буюу 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 10.05 цагт явуулсан "мэдэгдэл" нь буцаж ирсэн байхад "Мэдээллийн систем"-д бүртгэлтэй утсаар болон майл хаягаар "мэдэгдэл”-ийг дахин хүргүүлэх бүрэн боломжтой байсан байна.
3.1.7. Компанийн зүгээс хэдхэн хоногийн өмнө Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг өгөөд 2021 оны 11 дүгээр сарын 19-нөөс 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хугацаагаар сунгуулсан байдал нь байнга харилцаатай ажиллаж байсан болохыг нотолж байна.
3.1.8. Тухайн үед Гүйцэтгэх захирал хүнд өвчний улмаас хагалгаанд орсон, хавдрын шинжилгээнд орсон, эмчийн хяналтад хэвтрийн дэглэм сахиж байсан бөгөөд түүний эрүүл мэндийн байдал өдрөөс өдөрт муудаж сайжрахгүй, хүндэрч амь насыг аврах асуудал яригдах нөхцөл байдалтай тулгарч гэнэтийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсон тодорхой байна.
3.1.9. Тухайн асуудлаар шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс үндэслэл бүхий агуулгаар маргасан хэдий ч энэ талаар шүүхийн шийдвэрт эрх зүйн дүгнэлт өгч чадаагүй нь учир дутагдалтай болсон гэж үзэж байна.
3.1.10. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ" гэсэн заалтыг үндэслэн хариуцагчаас нэхэмжлэгчийг буруутгаж байгаа боловч нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас "Бүртгэлийн мэдээлэл"-ийг шинэчлэх боломжгүй байсан болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
3.1.11. Хаяг өөрчлөгдөх, түүнтэй холбогдох мэдээллийг шинэчлэн бүртгүүлээгүй шалтгаан нь тухайн цаг хугацаанд "СТ" ХХК-ийн гуйцэтгэх захиралд тохиолдсон хүндэтгэн үзэх шалтгаант холбоотой шууд давхцсан төдийгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэг зөрчигдсөн гэж үзэж "тусгай зөвшөөрөл"-ийг цуцлах биш зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах талаар Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зуйлийн 35.1 дэх хэсэгт хуульчилсан байна.
3.1.12. Хэдийгээр Шүүх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаарын мэдээлэл, түүний өөрчлөлтийн шалтгаан, захиргааны байгууллага зөвхөн шуудангийн хаягаар хязгаарлан "Бүртгэлийн систем" дэх гар утас, цахим шуудангийн хаягыг бүрэн ашиглаагүй талаарх нотлох баримт цуглуулах үүргээ бүрэн хэрэгжүүлсэн боловч, эдгээр үйл баримтад хийсэн эрх зүйн дүгнэлтийг хууль болон шударга байдал нийцүүлээгүй гэж үзэж байна.
3.2.1. Тус шүүхийн шийдвэрт "... Нэхэмжлэгч компанийн захирал өвчтэй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан шинжилгээний баримт эмчийн тодорхойлолт, эмчийн магадлагаа зэргээр тогтоогдож байх боловч хуульд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуулийн этгээд тул тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийг төлөөлж зөвхөн захирал төлбөр төлөх, хаяг өөрчлөгдсөнийг мэдэгдэх ёстой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй, хаяг өөрчлөгдсөнийг мэдэгдээгүйг Татварын ерөнхий хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулан үзэх боломжгүй байна" гэжээ.
3.2.2. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д "хүндэтгэн үзэх шалтгаан гэж”, 6.1.41.а-д “эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадлагаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа" гэж заасан байна.
3.2.3. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч тал "СТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь хүнд өвчинтэй байсан гэдэгтэй маргаагүй бөгөөд хэрэгт авагдсан лабораторийн шинжилгээний баримтууд, эмчийн тодорхойлолтууд, эмчийн магадлагаа зэрэг үйл баримт, нотолгоог үндэслэн шүүхээс нэхэмжлэгч тал хүнд өвчтэй байсан гэдэг нь тогтоогдож байгаа гэж дүгнэсэн атлаа Татварын ерөнхий хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулах үзэх боломжгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна.
3.2.4. Компанийн тухай хууль, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн бүртгэл, компанийн дүрэм, гүйцэтгэх захирал Ш.Мийн хувьцаа эзэмшигч Б.Э-тай бичгээр байгуулсан гэрээ зэргээс үзэхэд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах болон санхүүгийн асуудал, тусгай зөвшөөрлийн төлбөр төлөхтэй холбогдсон асуудлыг гүйцэтгэх захирал өөрөө хариуцахаар тусгасан байтал "тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийг төлөөлж зөвхөн захирал төлбөр төлөх, хаяг өөрчлөгдсөнийг мэдэгдэх ёстой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд нь гомдолтой байна.
3.2.5. Өөрөөр хэлбэл, “СТ” ХХК-ийн хөрөнгө, санхүүгийн асуудлыг гүйцэтгэх захирал хариуцан ажиллаж байхад түүний зөвшөөрөлгүйгээр хэн дуртай этгээдийн зүгээс захиран зарцуулж, төлбөрийг төлөх боломжгүй бөгөөд гүйцэтгэх захирлын зүгээс тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн эрх үүргийг биелүүлэн ажиллаж иржээ.
3.2.6. Тусгай зөвшөөрөл эзэмшигч "СТ" ХХК-ийн гүйцэтгэх захиралд хүндэтгэн үзэх шалтгаан бий болохоос өмнө тус компанийн зүгээс Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргээ бүрэн биелүүлж, хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах болон төлбөр төлөлтийн асуудалд ямар нэгэн алдаа, дутагдал гаргаж байгаагүй геологи хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг хуулийн хугацаанд өгч хянуулж ирсэн байна.
3.3.1. Тус шүүхийн шийдвэрт “... тусгай зөвшөөрлийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр олгосон тул Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар ээлжит жилийн төлбөрийг жил бүрийн 11 дүгээр сарын 19-ний өдрөөр тооцож урьдчилан төлөх бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон гэдгийг тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөр тооцохоор байна. Харин дээрх хугацаанд төлж чадаагүй бол тусгай зөвшөөрлийг төлбөрт алданги тооцон төлөх боломжийг олгосон 30 хоногийн хугацаа нэхэмжлэгч компаний хувьд 12 дугаар сарын 19-ний өдрөөр дуусах юм" гэж дүгнэлт хийсэнтэй санал нийлэхгүй байна.
3.3.2. “СТ” ХХК нь анх Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 795 дугаартай шийдвэрээр Баянхонгор аймгийн Баянговь сумын нутаг дэвсгэрт байрлах Бор нуруу нэртэй газарт 712,58 га талбай бүхий XV0211146 дугаарт бүртгэлтэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж ирсэн бөгөөд уг тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар авсан болно.
3.3.3. Маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр “СТ" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
3.3.4. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, мөн зүйлийн 34.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална", 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална", 56.1.2-т "тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана" гэж тус тус заасан байна.
3.4.1. Шүүхээс хийсэн дүгнэлт, хариуцагчийн тайлбар нэхэмжлэгчийн тайлбараас эрс зөрүүтэй, ойлгомжгүй бөгөөд бодит байдалаар бол "СТ" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн цаг хугацаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан зохицуулалтын дагуу буюу 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш тооцогдохоор байх бөгөөд энэ дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг хүргүүлэх үндэслэл тогтоогдож байгаа болно.
3.4.2. Гэтэл хариуцагчаас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8/5360 тоот албан бичгээр цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг ямар хууль зүйн үндэслэлийг баримтлан тооцож хүргүүлсэн нь тодорхойгүй, Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацааг буруу тооцсон байна.
3.4.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг бүрэн дэмжиж байгаа ба "СТ" ХХК-ийн зүгээс маргаан бүхий тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтад оролцон 1,200,000,000 /нэг тэрбум хоёр зуу/ төгрөгийг хариуцагчид төлсний үндсэн дээр эзэмшиж ирсэн бөгөөд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөхөөс зайлсхийх ямар ч шаардлага үүсээгүй, тусгай зөвшөөрлийн дагуу геологийн хайгуулын ажлыг явуулах чин эрмэлзлэл хүсэлтэй байсан болно.
Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 290 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “СТ” ХХК-ийн Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар шийдвэрийн “СТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
3. Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангав. Үүнд:
3.1. “СТ” ХХК-д Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 795 дугаартай шийдвэрээр Баянхонгор аймгийн Баянговь сумын нутаг дэвсгэрт байрлах “Бор нуруу” нэртэй газарт 712,58 га талбай бүхий XV0211146 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон байжээ.
3.2. Гэтэл хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2 дугаартай шийдвэрийн хүснэгтийн 2 дахь хэсгээр “СТ" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр цуцалсныг нэхэмжлэгчээс эс зөвшөөрөн маргаж байна.
3.3. Маргаан бүхий актад баримталсан Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, мөн зүйлийн 34.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална", 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална", 56.1.2-т "тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана" гэж тус тус заасан.
3.4. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь жил бүрийн 11 дүгээр сарын 19-ний өдрийн дотор төлбөрийг төлөх үүрэгтэй ба үүнээс хойш 30 хоног төлөөгүй буюу 12 дугаар сарын 19-ний өдрийн дотор төлөөгүй бол мөн уг өдрөөс хойш 10 хоногийн дотор хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлийг цуцлах талаар мэдэгдэл хүргүүлнэ. Гэтэл хариуцагчаас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8/5360 тоот албан бичгээр цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг ямар хууль зүйн үндэслэлийг баримтлан тооцож хүргүүлсэн нь тодорхойгүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй буюу хуульд тусгайлан буюу 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 10 хоногийн дотор мэдэгдэл хүргүүлж түүнд хариу өгөх хугацааг тооцох талаар заасан байхад маргаан бүхий актыг 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан нь нэхэмжлэгчийн оролцоог хангуулах, төлбөрийг алдангийн хамт төлөх боломж олгосон хуулийн заалтыг хариуцагч биелүүлээгүй гэж үзэхээр байна.
3.5. Нөгөөтэйгүүр тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэл буюу “СТ” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж заасан үүргээ биелүүлээгүй гэсэн атлаа ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуучин хаягт дээрх хугацааг буруу тооцсон мэдэгдлийг хүргүүлж, мэдэгдэл буцаж ирсэн байхад цахим шуудан, утсаар мэдэгдэлгүйгээр тусгай зөвшөөрлийг шууд цуцалсан нь мөн ойлгомжгүй.
3.6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “СТ” ХХК-ийн төлөөлөгч Ш.М нь 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд компанийн дотоод гадаад бүхий л харилцаанд төлөөлөн оролцох эрхтэй цорын ганц этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба анхан шатны шүүхийн “...ажил үүргээ биелүүлэх боломжгүй тохиолдолд нөгөө нь орлох боломжтой байсан...” гэх дүгнэлт буруу болжээ.
3.7. Иргэн Ш.М нь 2021 оны 11 дүгээр сараас эхлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас яаралтай мэс засалд орж, эмчилгээ хийлгэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байх бөгөөд одоо хүртэл эрүүл мэндийн байдал сайжраагүй удаа дараа хүнд хагалгаанд орсон болох нь эмнэлгийн бичиг, тодорхойлолтоор нотлогдсон, үүнтэй хэргийн оролцогчид маргаагүй байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий акт гарах үед нэхэмжлэгчийг төлөөлөх өөр этгээд байхгүй, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх, хаягийн өөрчлөлтийг мэдэгдэх боломжгүй байсан болохыг анхан шатны шүүх харгалзан үзэлгүйгээр буруу дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай байна.
3.8. Тодруулбал анх нэхэмжлэгч нь 2018 онд маргаан бүхий хайгуулын талбайг сонгон шалгаруулалтаар 1.200.000.000 /Нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөгөөр авч, өмнө жилүүдэд нэхэмжлэгч нь ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүргээ хугацаанд нь биелүүлж байсан буюу 2018 оны 11 сард, 2019 оны 11 сард, 2020 оны 10 сард хожим 2021 оны төлбөрийг төлж барагдуулсан нөхцөл тогтоогдож байна.
3.9. Мөн нэхэмжлэгчээс Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгснөөр хариуцагч тусгай зөвшөөрлийн хугацааг 2021-2024 он хүртэл 3 жилийн хугацаагаар сунгасан нь уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь захиргааны байгууллагатай байнга харилцаатай байсан ба нэгэнт нэхэмжлэгчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаан болох эрүүл мэндийн нөхцөл байдлын улмаас компанийг төлөөлөн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байхад хариуцагч байгууллагаас хуульд заасан хугацаанд мэдэгдлийг хүргүүлж, харилцах үүргээ биелүүлээгүй зэрэг үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 121.1, 121.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 290 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 35 дугаар зүйлийн 35.12, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан “СТ” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2 дугаар шийдвэрийн “СТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “СТ” ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар “СТ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэгчид гаргуулан олгуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА