Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2022/0379

 

 

 

 

 

 

                     “Б З Т Х” НҮТББ-ын     

        гомдолтой захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.А,

Гомдол гаргагч: “Б З Т Х” НҮТББ,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б,

Гомдлын шаардлага: “Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Зөрчил шийтгэл оногдуулах тухай” 0001867 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 09 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч Д.Б нар,                         

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Номин,

Хэргийн индекс: 120/2022/0007/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “Б З Т Х” НҮТББ нь Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Бд холбогдуулан “Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Зөрчил шийтгэл оногдуулах тухай” 0001867 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, 8.1 дүгээр зүйлийн 14, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10, 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “Б З Т Х” НҮТББ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Зөрчил шийтгэл оногдуулах тухай” 0001867 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1.  Монголын Хуульчдын холбооны хуульч, өмгөөлөгч Б.А миний бие Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 120/ШШ2022/0009 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

            3.2.   Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийг тал бүрээс нь хэргийн бодит нөхцөл байдлыг үнэлж дүгнээгүй, хууль зүйн үндэслэл бүхий тайлбар гаргаагүй харин хэргийг нэг талын байр сууринаас хууль зүйн үндэслэлгүй хувийн бодлоор шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйл “Газрын тухай хууль зөрчих”, 8.1 дүгээр зүйлийн 14-д “Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах болон эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг биелүүлээгүй бол газар эзэмших, ашиглах гэрээг цуцалж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр улсын байцаагч шийтгэлийн хуудсаар “Б З Т Х” НҮТББ-ыг 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан боловч Газрын тухай хуулийн аль зүйл, заалтыг зөрчсөн тухай шийтгэх хуудаст заагаагүй, шүүх хуралдаан дээр тайлбарлаж чадаагүй, харин Газрын тухай хууль бол дагалдах хууль тийм учраас үндэслэх албагүй гэж тайлбарласныг шүүх хүлээн авч Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн аль хэсэгт заасныг хэрэглэх, мөн түүнээс үүдэн хүлээлгэх хариуцлагын хэмжээг хэрхэн тооцох нь хариуцагчийн эрх хэмжээнд хамаарч байна, нэгэнт зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулах нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн, захиргааны акт үндэслэл бүхий байна гэж хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Учир нь шүүхээс захиргааны байгууллага хууль үндэслэхгүй байж болно, улсын байцаагчид Зөрчлийн тухай хуульд хариуцлага хүлээлгэх эрх олгосон, Газрын тухай хууль зөрчөөгүй ч олон салаа зам гаргаж зөрчил үйлдсэн нь тогтоогдож байгаа учир зөрчлийн аль ч заалтаар хамаагүй шийтгэл ногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж тайлбарлаж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байгаад харамсаж байна.

3.3. Улсын байцаагчийн акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан захиргааны байгууллагын үйл ажиллагааны тусгай зарчмыг зөрчсөн. Мөн актад Газрын тухай хуулийн 50 дугаар зүйлд “Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах нийтлэг шаардлага”-ыг зөрчсөн гэх боловч Газрын тухай хуулийн аль зүйл, заалтыг зөрчсөнийг тогтоогоогүй, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Газар эзэмшигч, ашиглагч нь газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах талаар дараах шаардлагыг биелүүлнэ” гэж зааснаар хариуцлага хүлээх этгээд нь тухайн газрыг Газрын тухай хуулийн дагуу эзэмшиж, ашиглаж буй этгээдийг хэлнэ. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “Газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 3.1.4-д “Газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” гэж тус тус зааснаар “Б З Т Х” НҮТББ нь эрх бүхий байгууллагаас Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших, ашиглах эрх авч гэрээ байгуулаагүй, мөн хуулийн дагуу эрх зүйн харилцаанд оролцоогүй байгаа тул газар эзэмшигч, газар ашиглагч биш.

3.4. Гэтэл шүүхээс “ ... “Б З Т Х” НҮТББ-ыг Зам, тээврийн хөгжлийн сайдтай 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Эко, жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ” байгуулж газрыг тодорхой хэмжээгээр ашиглан “Эко, жишиг тээвэр” төслийг хэрэгжүүлж, Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км улсын чанартай авто замаар хариуцлага, хяналттай, жишиг тээвэрлэлт хийлгэх үүрэг хүлээж ажиллаж байсан. Харин Зам, тээврийн хөгжлийн сайд Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс уг гэрээг цуцалсан нь “Б З Т Х” НҮТББ энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүй, зөрчил гаргасан болохыг мөн нотолж байна” гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь “Б З Т Х” НҮТББ нь Зам, тээврийн хөгжлийн сайдтай 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Эко, жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ” байгуулан “Эко, жишиг тээвэр” төслийг хэрэгжүүлсэн явдал нь Газрын тухай хуультай огт хамааралгүй, харин “Б З Т Х” НҮТББ нь захиргааны байгууллагатай Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны гэрээ байгуулан тусдаа харилцаа үүсгэсэн байтал Газрын тухай хуультай холбож хүчээр хамаатуулж байгаа нь үндэслэлгүй байна. Харин “Б З Т Х” НҮТББ-ын захиргааны гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн эсэх асуудал нь энэхүү хэрэгт огт хамааралгүй байтал шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас хальж нэхэмжлэгчийг захиргааны гэрээг зөрчсөн эсэх асуудлаар дүгнэлт гаргаж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь тогтоогдож байгаа нь зөрчил хүлээлгэх үндэслэл болгож мөн бусад нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэн нэхэмжлэгчийг хууль зүйг үндэслэлгүйгээр буруутгаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Тодруулбал шүүх шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ улсын байцаагчийн хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг хуулийн дагуу хууль зүйн үндэслэлтэй зөвтгөж тайлбарлаагүй бөгөөд харин ч эсрэгээрээ эрх бүхий албан тушаалтны хууль бус шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүйгээр зөвхөн шударга ёсны зарчимд үндэслэн зөвтгөн тайлбарлаж, хууль хэрэглэхгүйгээр нэхэмжлэгчийг буруутгаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

3.5. Мөн Захиргааны хэргийн шүүх нь эрх бүхий албан тушаалтны хууль бус үйлдлийг таслан зогсоож , хуульд үндэслэсэн шийдвэр гаргахыг шаардаж иргэдийн эрх, ашиг сонирхлыг зөрчигдөхөөс хамгаалж хуулийг хэрэгжүүлэн ажиллахыг эрх бүхий албан тушаалтнаас шаардаж хуулийг хэрэгжүүлдэг байгууллага байтал хууль зүйн үндэслэлгүйгээр хууль зөрчсөн албан тушаалтныг хамгаалж нэхэмжлэгчийн Газрын тухай хууль зөрчөөгүй, зөрчил гаргасан нь тогтоогдоогүй байхад зөвхөн шударга ёсны зарчимд үндэслэн шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй гэж хэргийг шийдвэрлэж байгаа нь хэт нэг талыг барьсан шударга бус, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр юм.

3.6. Иймд Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 120/ШШ2022/0009 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, улсын байцаагч Д.Б-ын “Б З Т Х” НҮТББ-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж шийтгэл оногдуулсан болохыг тогтоож, хууль бус 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 0001867 дугаартай шийтгэл оногдуулсан захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. Үүнд:

            4.1. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Б З Т Х” НҮТББ-ын дарга Д.Б нарын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Эко, жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ”-ний Ерөнхий нөхцөлд тусгагдсан 1.2.1-д “Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км улсын чанартай авто замаар зөвхөн маршрутын замаар олон салаа зам гаргахгүй тээвэрлэлт хийх, нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулах, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран ажиллах, авто замын дагуу 2 талдаа 5, 5 км-ын дотор байрлах тээвэрлэлтийн нөлөөллийн бүсэд амьдарч буй айл өрхийг ажилтай орлоготой байх асуудлыг шийдвэрлэх”, 3.1.2-т “Энэхүү гэрээний хэрэгжилтийн явцад орон нутгийн иргэд, төрийн байгууллага, эрх бүхий албан тушаалтан, төрийн бус байгууллагын зүгээс Цогтцэций-Чойр чиглэлийн зам ашиглалттай холбоотой гаргасан аливаа гомдлыг “Б З Т Х” НҮТББ барагдуулна” гэж заасны дагуу Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсгийг үндэслэл болгон торгосон зөчилд шийтгэл оногдуулах тухай 0001867 дугаартай шийтгэлийн хуудас нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            4.2. Мөн Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 120/ШШ2022/0009 дугаартай шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Газрын тухай хууль болон бусад холбогдох хуулиудыг тайлбарлан хэрэглэж, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Шүүх гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:

3.1. Гомдол гаргагч “Б З Т Х” НҮТББ нь “Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Зөрчил шийтгэл оногдуулах тухай” 0001867 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж гомдлын шаардлагаа тодорхойлжээ.

3.2. Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б нь 0001867 дугаар шийтгэлийн хуудсаар “Б З Т Х” НҮТББ нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзээд тус төрийн бус байгууллагад 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

3.3. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д зааснаар “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг ойлгох бөгөөд мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д зааснаар газар эзэмшигч, ашиглагч нь газрын төлөв байдал, чанарыг хадгалах, байгалийн аясаар болон хүний үйл ажиллагааны улмаас хөрсний үржил шим буурах, газрын ургамлын бүрхэвч талхлагдах, хөрс элэгдэх, эвдрэх, хуурайших, намагжих, давсжих, бохирдох, хордохоос сэргийлэх арга хэмжээг өөрийн зардлаар хариуцах үүрэгтэй байна.

            3.4. Гомдол гаргагч “Б З Т Х” НҮТББ нь Зам, тээврийн хөгжлийн сайдтай 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Эко, жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ”-г байгуулж “Б З Т Х” НҮТББ нь газрыг тодорхой хэмжээгээр ашиглан “Эко, жишиг тээвэр” төслийг хэрэгжүүлж, “Цогтцэций-Чойр” чиглэлийн 407 км улсын чанартай авто замаар хариуцлагатай, хяналттай, жишиг тээвэрлэлт хийлгэх үүрэг хүлээж ажиллаж байгаад Зам, тээврийн хөгжлийн сайд Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс уг гэрээг цуцалсан, гэрээний 1.2-т “... гэрээний дагуу төрийн бус байгууллага нь “Эко жишиг тээвэр” төслийг хэрэгжүүлэн дараах ажлын зохион байгуулна”, 1.2.1-д “... авто замаар зөвхөн маршрутын замаар олон салаа зам гаргахгүй тээвэрлэлтийг хийх ...”, 1.2.2-т “... тээвэрлэлтийг эмх цэгцтэй явуулахын тулд байнгын пост байгуулах, хяналтын ажилтан ажиллуулах ...”, 3.1.2-т “... “Цогтцэций-Чойр” чиглэлийн зам ашиглахтай холбоотой гарсан аливаа гомдлыг “Б З Т Х” НҮТББ барагдуулна” гэж тодорхой заасан байна.

3.5. Хариуцагч нь “Б З Т Х” НҮТББ нь “Тавантолгойгоос-Чойр /Говьсүмбэр/ чиглэлд шороон замаар нүүрс тээвэр хийж байгаль орчин, газрын хөрс, ургамалан бүрхэвч талхлагдаж хүрээлэн байгаа орчны бохирдол доройтол бий болж байгаа талаар нутгийн иргэд болон “А И Э” НҮТББ-аас гаргасан өргөдөл, гомдлын дагуу хяналт шалгалт явуулаад олон салаа зам гаргасан, хог хаягдал хаясан, хүрээлэн байгаа орчин болон хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 14-д “Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах болон эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг биелүүлээгүй бол газар эзэмших, ашиглах гэрээг цуцалж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэлгүй. Энэхүү зөрчил нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгийн тэмдэглэл, тус ажиллагааны явцад гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нутгийн иргэдээс авсан мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, гомдол гаргагчаас “... зөрчил гаргасан нь тогтоогдоогүй байхад зөвхөн шударга ёсны зарчимд үндэслэн шийтгэл оногдуулсан, бид Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших, ашиглах эрх авч гэрээ байгуулаагүй, Газрын тухай хуулийн эрх зүйн харилцаанд оролцоогүй, газар ашиглагч, эзэмшигч биш тул хариуцлага хүлээх үндэслэлгүй” гэхээс өөрөөр зөрчил гаргаагүй гэж үгүйсгэж маргаагүй бөгөөд үүнтэй холбоотой баримтыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж ирүүлээгүй байна.

            3.6. Түүнчлэн гомдол гаргагч нь дээрх “Эко, жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ”-ний дагуу тээврийн хэрэгслийг хяналттай, эмх цэгцтэй, зөвхөн маршрутын замаар тээвэрлэлтийг явуулах ажлын хүрээнд бүх тээврийн хэрэгсэлд дахин давтагдахгүй, тамга тэмдэг бүхий QR /кю ар/ код олгох, уг кодыг аваагүй болон гэрээ байгуулаагүй аж ахуйн нэгж байгууллага, түүний тээврийн хэрэгслийг тус замаар тээвэр хийлгүүлэхгүй байх, дүрэм, журам зөрчсөн тээврийн хэрэгсэл, жолооч, аж ахуйн нэгжийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах эрхтэй бөгөөд өөрийн эрх хэмжээний хүрээнд код олгож, гэрээнд заасан ажиллагааг явуулж, түүндээ хяналт тавих үүргээ биелүүлэх ёстой байтал “гагцхүү газар эзэмших гэрээ байгуулаагүй, газар ашиглагч, эзэмшигч биш тул энэ зөрчилд хариуцлага хүлээхгүй” гэх агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь зүйд нийцэхгүй, энэ үндэслэлээр хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Б З Т Х” НҮТББ-ын өмгөөлөгч Б.Аын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ерөнхий шүүгч                                       д.батбаатар

ШҮҮГЧ                                                          Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                              Н.ДОЛГОРСҮРЭН