Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 120/ШШ2022/0009

 

                     

                                       Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “*******” НҮТББ

Хариуцагч: Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын Улсын байцаагч *******,

Гомдлын шаардлага: “Байгаль орчны хяналтын Улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч “*******” НҮТББ-ын өмгөөлөгч Б.Азжаргал, хариуцагч Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын Улсын байцаагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Очмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “*******” НҮТББ-аас “Байгаль орчны хяналтын Улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гомдол гаргасан.

2. Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн даргын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 40з/332 дугаар[1] албан бичгээр зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлж ирүүлсэн. Хариуцагч Байгаль орчны хяналтын Улсын байцаагч ******* нь “Эрдэнэс таван толгой” ХК-иас Говьсүмбэр аймаг чиглэлийн замд олон салаа зам, байгаль орчны бохирдол үүсч, газар элэгдэл эвдрэлд орсон эсэхэд хяналт шалгалт хийж, газрыг зүй зохистой ашиглаагүй, хөрс, ургамал элэгдсэн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзээд “*******” НҮТББ-ыг 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

 3. Хариуцагч нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зөрчлийн хэрэг нээж[2], зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрлэсэн байна.

Гомдол гаргагч “*******” НҮТББ-аас 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд хандсан байна.

4. Гомдол гаргагч “*******” НҮТББ-ын тэргүүн С.Энхтайван шүүхэд гаргасан шаардлагын үндэслэлдээ: “...“*******” НҮТББ нь Зам, тээврийн хөгжлийн яамтай 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Эко жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ”-г 1 жилийн хугацаатай байгуулан Цогтцэций-Чойр чиглэлийн улсын чанартай авто замд “Эко жишиг тээвэр” төслийг хэрэгжүүлэн хамтран ажиллаж байсан.

Уг төсөл нь Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км улсын чанартай авто замаар нүүрс тээвэрлэлт хийж байсан тээврийн компаниудыг нэгтгэж хариуцлагатай хяналттай тээвэрлэлт хийлгэх зорилготой байсан бөгөөд “Эко жишиг тээвэр” төсөл хэрэгжиж эхэлсэн 94 өдрийн хугацаанд 450,000 тонн нүүрсийг Цогтцэций-Чойр чиглэлийн улсын чанартай авто замаар тээвэрлэж Замын Үүд-Эрээн боомтоор экспортод гарч улсад 256 тэрбум төгрөгийн орлого оруулах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед төрөөс нэг ч төгрөг гаргуулахгүйгээр дотоодын хувийн хэвшлийн 159 аж ахуйн нэгж, Монгол тээвэрчид нэгдэж өөрсдөө мөнгөө босгоод замаа засаж экспортын тээвэрлэлт хийе гэж зорьж энэхүү төслийг эхлүүлж манай “*******” НҮТББ нь Зам, тээврийн яамтай байгуулсан гэрээний дагуу тээвэрлэлтийг зохион байгуулах, хяналт тавих үндсэн үүрэгтэй энэ төсөлд оролцсон.

Улмаар Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр А/158 дугаартай “Тушаал цуцлах тухай” тушаалаар 2021 оны 03 дугаар сарын 31- ний өдөр “Эко жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ”-г цуцалж төсөл цаашид хэрэгжих боломжгүй болж зогссон. Гэтэл байгаль орчны хяналтын Улсын байцаагч манай төрийн бус байгууллагыг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасан зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дугаартай шийтгэх хуудас бичиж 5,000,000 төгрөгөөр торгох акт үйлдсэн байгаад бид гомдолтой байна.

Учир нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 14-д “Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, болон эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг биелүүлээгүй бол газар эзэмших, ашиглах гэрээг цуцалж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан заалт нь манай төрийн бус байгууллагад огт хамааралгүй, бид газар эзэмших, ашиглах гэрээ байгуулаагүй, харин Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран ажиллах гэрээний үндсэн дээр Цогтцэций-Чойр чиглэлийн улсын чанартай авто замаар тээвэрлэлт хийж байсан тээврийн компаниудын тээвэрлэлтийг зохион байгуулалттай, хяналттай болгох ажлыг хариуцан гүйцэтгэсэн болохоос нэг ч тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийгээгүй билээ.

Иймд Өмнөговь аймгийн Байгаль орчны хяналтын Улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 0001867 дугаартай “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” акт нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ.

4.1 Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Азжаргал шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/158 дугаартай тушаал цуцлах тухай тушаалаар Эко жишиг тээврийн хамтран ажиллах гэрээг цуцалж, төслийн хэрэгжилт зогссон. Төсөл зогссон хэдий ч 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тээвэрлэлт үргэлжилсэн.

Төслийн хүрээнд олон салаа зам гаргахгүйгээр тээвэрлэлт хийлгүүлэхээр олон ажил хийгдсэн. Үүнийг Зам тээвэр хөгжлийн яам дүгнэсэн. Цогтцэций чиглэлийн 92 километр зам дагуу нөлөөллийн бүсийн 67 өрхтэй хяналтын ажилтны гэрээ байгуулж, тогтмол цалинжуулсан. 92 километрт пост байгуулсан гэх мэтчилэн ажил зохион байгуулж, гүйцэтгэсэн. Зөрчлийн тухай хууль нь Газрын тухай хууль зөрчсөнийг тогтоосны үндсэн дээр торгууль ногдуулахаар зохицуулсан.  Олон салаа зам үүсгэсэн, пост байгуулаагүй гэх асуудлууд нь хамтран ажиллах гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудал. Гэтэл Газрын тухай хуулийн ямар заалтыг зөрчсөн болохыг актдаа тодорхой тусгаагүй.

Хариуцагч нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 14-д заасан үндэслэлээр 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгийн торгуулийн акт тавьсан. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 14, Газрын тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн. Газрын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “газар эзэмшигч, ашиглагч нь газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах талаар дараах шаардлагыг биелүүлнэ”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ” гэж, 3.1.4-д "газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг хэлнэ” гэж заасан. Тэгэхээр газар эзэмшигч, ашиглагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр зөрчлийг оногдуулах ёстой.

Гэтэл нэхэмжлэгчид газар эзэмших, ашиглах гэрээ байгуулаагүй, Газрын тухай хуульд зааснаар эрх, үүрэг хүлээгээгүй байхад газрыг зохистой ашиглаагүй гэдэг үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Шийтгэл оногдуулсан акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасныг зөрчсөн.

Газрын тухай хууль зөрчсөн этгээдийн зөрчилд шийтгэл оногдуулах ёстой. Тухайн зам нь Улсын чанартай автозам бөгөөд “*******” НҮТББ эзэмшиж, ашигладаггүй. Улс экспортын тээврээ явуулахад нь зохион байгуулалттай, хяналттай явуулахаар гэрээ байгуулсан. Энэ замаар “*******” НҮТББ-ын нэг ч авто машин тээвэрлэлт хийгээгүй.

Иймд акт нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 0001867 дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

  5. Хариуцагч Байгаль орчны хяналтын Улсын байцаагч ******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...“*******” НҮТББ нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ”, 25.4-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хэд хэдэн хуулийн этгээд нь үйл ажиллагаагаа зохицуулах зорилгоор нэгдэж болох бөгөөд нэгдлийн оролцогчид хуулийн этгээдийн эрхээ хадгална” гэх заалтуудаар хуулийн этгээд болох үндэслэлтэй.

Иргэдийн хүсэлт, өргөдөл, гомдол аймгийн Засаг даргын ажлын хэсгийн дүгнэлт, Цагдаагийн байгууллагын зөрчлийн хэргийг үндэслэн тухайн тээвэрлэлтийн замыг 96 дахь километрт удаа дараа шалгалт хийхэд олон салаа зам гаргасан, хог хаягдал хаясан, зам дагуух пост байгуулаагүй, хүрээлэн байгаа орчин болон хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн гэж үзсэн. Эко жишиг тээвэр хамтран ажиллах гэрээний нөхцөлд олон салаа зам гаргахгүй, маршрутын дагуу тээвэрлэлт явуулна гэж заасан. Гэтэл гэрээний нөхцөлийн дагуу нөхөн сэргээлт, замын хог хаягдлын цэвэрлэгээ, арчилгааг хийж гүйцэтгээгүй байсан.

Иймээс нэхэмжлэгч хариуцан тээвэрлэлт явуулах гэрээтэй тул гэрээг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 14-д заасны дагуу торгууль оногдуулсан. Мөн хамтран ажиллах гэрээний нөхцөлийн дагуу ажил, үүргээ гүйцэтгээгүй нь зөрчил юм. Үүнийг үндэслэн шийтгэл оногдуулсан. Хог хаягдалтай, олон салаа зам үүсгэн тээвэрлэлт явуулж байсныг фото зургаар баталгаажуулсан. Нөлөөллийн бүсийн айлууд гомдол гаргасан. Газрын хөрсний элэгдэл, эвдрэл үүсгэсэн. Ургамлын ургах нөхцөл, ургамлан бүрхэвчийг алдагдуулсан гэх зэргээр байгаль орчинд хохирол учруулсан тул үүнийг үндэслэж торгууль тавьсан.

Иймд Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэмжээгээр шүүх, эрх бүхий албан тушаалтнаас мөнгөн төлбөр оногдуулахыг торгох шийтгэл гэнэ” гэж заасны дагуу Улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 0001867 дугаар Шийтгэлийн хуудсаар “*******” НҮТББ-д Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасны дагуу 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. “*******” НҮТББ-аас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр “*******” НҮТББ-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Гомдол гаргагч “*******” НҮТББ нь “Байгаль орчны хяналтын Улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0001867 дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гомдлын шаардлага гаргаж маргаж байна.

2. Хариуцагч  Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* нь Цогтцэций сумын нутагт байрлах “Эрдэнэс таван толгой” ХК-иас Говьсүмбэр аймаг чиглэлийн нүүрс тээврийн шороон зам дагуу нүүрс тээврийн машинууд маршрутын замаар явахгүй олон салаа зам гарган, байгаль орчин хөрс бохирдуулсан, газрыг зүй зохистой ашиглаагүй, хөрс, ургамал элэгдсэн гэх зөрчилд 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0001867 дугаар[3] Шийтгэлийн хуудсаар “*******” НҮТББ-ыг 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Зам, тээврийн хөгжлийн сайд болон “*******” НҮТББ-ын хооронд “Эко, жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ”-г[4] 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулж, тус төрийн бус байгууллага нь Цогтцэцийн-Чойр чиглэлийн нийт 407 км (үүнээс Цогтцэцийн сумын нутаг дэвсгэрт 92 км хамаарах) авто замд “Эко жишиг тээвэр” төслийг хэрэгжүүлэн ажиллажээ.

Дээрх гэрээний 1.1-д “Энэхүү гэрээний дагуу Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км улсын чанартай авто замаар хариуцлагатай, хяналттай, жишиг тээвэрлэлт хийхтэй холбоотой...харилцааг зохицуулна”, 1.2.1-д “Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км улсын чанартай авто замаар зөвхөн маршрутын замаар олон салаа зам гаргахгүй тээвэрлэлтийг хийх,...”, 2.2-д “Төрийн бус байгууллагын эрх, үүрэг”, 2.2.3-д “Тээврийн хэрэгслийг хяналттай, эмх цэгцтэй, зөвхөн маршрутын замаар тээвэрлэлтийг явуулах ажлын хүрээнд бүх тээврийн хэрэгсэлд Төрийн бус байгууллага нь дахин давтагдахгүй, тамга тэмдэг бүхий OR код олгоно”, 2.2.6-д “ Тээвэрлэлтийг эмх цэгцтэй явуулахын тулд пост байгуулах, хяналтын ажилтан ажиллуулах, явуулын засвар үйлчилгээ болон хогийн цэг байгуулж, жолооч нарыг сургалтад хамруулж ...зааварчилгааг тухай бүр өгөх”, 3.1.2-д “Төрийн бус байгууллага нь энэхүү гэрээний хэрэгжилтийг явцад орон нутгийн иргэд, төрийн байгууллага, эрх бүхий албан тушаалтан, төрийн бус байгууллагын зүгээс Цогтцэций-Чойр чиглэлийн зам ашиглахтай холбоотой гарсан аливаа гомдлыг “Баянзам тээвэрчдийн холбоо” ТББ барагдуулна” гэж гэрээнд төрийн бус байгууллагын хүлээх үүрэг тусгагдсан байна.

4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-д “мэргэжлийн хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 8.1, ...д заасан зөрчлийг шалган шийдвэрлэнэ”, 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.3 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг тогтоох зорилгоор үзлэг хийнэ”, 4.8 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна”, 4.13 дугаар зүйлийн 1-д “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэмдэглэлд зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагааны явц, дэс дараалал, илэрсэн нөхцөл байдал, авсан арга хэмжээ, үр дүн болон дараахь нийтлэг зүйлийг тусгана” гэж заасны дагуу Байгаль орчны хяналтын Улсын байцаагч нь зөрчлийн хэрэг үүсгэж, нотлох баримт цуглуулах ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж, зөрчлийг нотолж тогтоосны үндсэн дээр “*******” НҮТББ-д торгууль оногдуулсан нь хуульд нийцжээ.

Зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд; хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох зорилгоор 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр маргаан бүхий газрын үзлэг хийж, холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, гэрч *******, ******* нараас мэдүүлэг авч, мөн холбогдогчоос холбогдох баримт, материалуудыг гаргуулан авах зэрэг ажиллагааг явуулж, зөрчлийг шалган тогтоож, баримтжуулан шийтгэлийг оногдуулсан нь үндэслэлтэй байна.

Тодруулбал, хариуцагч нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Таван толгой нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн чиглэлийн Цогтцэцийн сумын нутаг дэвсгэр дэх 92 км-ийн шороон зам дагуух маргаан бүхий газарт үзлэг явуулж, уг үзлэгт байгаль экологийн шинжээч, хөрс судлаач, ургамал судлаагч, биологич, ARGGIS зураглал программын мэргэжилтэн, гомдол гаргагч нарыг оролцуулан, мэргэжлийн техник хэрэгсэл, хэмжигч багаж ашиглан хөрсний дээж авах, гар багажаар агаарын бохирдлын хэмжилт хийж, 92 км-ийн шороон замд маршрутын замтай зэрэгцэн олон салаа зам үүсч, газрын хөрс эвдрэлд оруулсан зэргийг фото зургаар баримтжуулж, зөрчлийг хуульд заасан арга, хэрэгслээр нотолж тогтоосон болох нь Зөрчлийн хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна[5].   

5. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй”, мөн хэсгийн 1.1-д “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн”, 3 дахь хэсэгт ”Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно” гэж тус тус зааснаас үзвэл зөрчил үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй, шийтгэл оногдуулахгүй гэж ойлгоно.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед Зам, тээврийн хөгжлийн яамнаас Ажлын хэсэг байгуулагдаж 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “гэрээний хэрэгжилтийг 34% гэж дүгнэж, гэрээг хүчингүй болгох” дүгнэлт гарган, протокол үйлдсэн байна[6]. Энэхүү Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн “*******” НҮТББ-тай байгуулсан гэрээг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс цуцалж байгааг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/4766 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна[7].

Иймээс хариуцагч нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хугацааны дотор буюу 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 0001867 дугаартай Шийтгэлийн хуудас үйлдсэн байх тул гомдол гаргагчийн “Эко жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ” 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болсон байхад Улсын байцаагч Шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсан нь хууль бус гэж маргаж буй нь үндэслэлгүй байна.

6. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 14-д “Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах болон эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг биелүүлээгүй бол газар эзэмших, ашиглах гэрээг цуцалж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Хэдийгээр гомдол гаргагчаас “Эрдэнэс таван толгой” ХК-иас Говьсүмбэр аймаг чиглэлийн нүүрс тээврийн 92 км сайжруулсан шороон зам нь улсын чанартай авто зам бөгөөд “*******” НҮТББ нь газар эзэмшигч этгээд биш гэж маргах боловч “Эко, жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ”-ний 3.1.2-т “...Цогтцэций-Чойр чиглэлийн зам ашиглахтай холбоотой гарсан аливаа гомдлыг “Баянзам тээвэрчдийн холбоо” НҮТББ барагдуулах” үүрэг хүлээсэн байна.

7. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “ "газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” гэж заасан.

Төрийн эрх бүхий байгууллага болох Зам, тээврийн хөгжлийн сайдтай 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан “Эко, жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ”-ний дагуу “*******” НҮТББ нь газрыг тодорхой хэмжээгээр ашиглан “Эко жишиг тээвэр” төслийг хэрэгжүүлж, Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км улсын чанартай авто замаар хариуцлагатай, хяналттай, жишиг тээвэрлэлт хийлгэх үүрэг хүлээж ажиллаж байсан. Харин Зам, тээврийн хөгжлийн сайд Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс уг гэрээг цуцалсан нь “*******” НҮТББ энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүй, зөрчил гаргасан болохыг мөн нотолж байна.

Зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******[8] “...олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас зам маш их эвдэрч нүүрс ачсан болон хоосон хүнд даацын тээврийн хэрэгсэл, машинууд ус шавраас тойрч замын гадуур явснаас олон салаа зам үүсч хөрс элэгдэл эвдрэлд оруулсан. Газрын хөрсөн бүрхэвч талхлагдсан, элэгдэл эвдрэлд орсон талаар мэдэж байгаа...” гэж мэдүүлсэн, мөн шүүх хуралдаанд зөрчил гаргасан эсэх талаар талууд маргаагүй болно.

Мөн аймгийн Засаг дарга 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 1-1956 дугаар албан бичгээр[9] “...төрийн бус байгууллага, орон нутгийн иргэдээс санал, гомдол ирүүлсэн тул “Баянзам тээвэрчдийн холбоо” НҮТББ-ын явуулж буй үйл ажиллагаа болон шороон замын нөхцөл байдлын талаар зохих хяналт, шалгалт хийж, дүгнэлт гаргахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газарт даалгаж” байжээ.

Энэхүү зөрчлийн тухайд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн аль хэсэгт заасныг хэрэглэх, мөн түүнээс үүдэн хүлээлгэх хариуцлагын хэмжээг хэрхэн тооцох нь хариуцагчийн эрх хэмжээнд хамаарах бөгөөд хариуцагч нь “Баянзам тээвэрчдийн холбоо” НҮТББ-ыг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 14-д заасныг зөрчсөн гэж үзэж 5,000,000 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.

Нэгэнт зөрчил үйлдэгдсэн болох нь тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-д “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн, захиргааны акт үндэслэл бүхий байна гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, 8.1 дүгээр зүйлийн 14, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10, 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Баянзам тээвэрчдийн холбоо” НҮТББ-ын “Байгаль орчны хяналтын Улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0001867 дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар “Баянзам тээвэрчдийн холбоо” НҮТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.ЦЭЦЭГМАА

 

 

 

 

 

 

[1] Зөрчлийн хэрэг 1 дэх хуудас

[2] Зөрчлийн хэрэг 27 дахь хуудас

[3] Хавтаст хэргийн 16 дахь хуудас

[4] Хавтаст хэргийн 66-69 дэх хуудас

[5] Зөрчлийн хэрэг 32-46 дахь хуудас

[6] Хавтаст хэргийн 53-65 дахь хуудас

[7] Хавтаст хэргийн 52 дахь хуудас

[8] Зөрчлийн хэрэг 52-57 дахь хуудас

[9] Хавтаст хэргийн 109 дэх хуудас