Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 234

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Мд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Мягмаржав, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Туяа,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай прокурор Д.Туяагийн бичсэн дүгнэлтээр Ч.Мд холбогдох эрүүгийн хэргүүдийг 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Дамба овогт Чимэд-Очирын М, 1998 оны 3 дугаар сарын 16-нд Булган аймгийн Баяннуур суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Өвөрхангай аймгийн ..оршин суух,

Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 3 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: Г0/,

 

Ялтан Ч.М нь 2017 оны 7 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэт байрлах “Анама” хотхоны 82-0 тоотод оршин суух Б.Лгийн байшингийн подвалын цонхыг хагалан орж, 16 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг нөүтбүүк, алтан ээмэг, бөгж, гинж, зүүлт, мөнгөн бүс, хөөрөг, Sumsung S-4, маркийн гар утас, цэнэглэгч, зай хураагуур, гар утасны батерей, утасны зүүлт, үүрдэг цүнх, 20.000 төгрөг 2 ширхэг, америк доллар хоёртын дэвсгэртээр 3 ширхэг, 1.000 вон 1 ширхэг, 1.000 иен 1 ширхэг, 10.000 Хон Конг доллар 2 ширхэг зэргийг хулгайлж, нийт 25.500.062 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ч.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Дамба овогт Чимэд-Очирын Мыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Ч.Мыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Ч.Мд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Мын цагдан хоригдсон 38 хоногийг түүний эдлэх ягд оруулан тооцож, Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн оймс 1 хос хар өнгийн ханцуйтай цамц 1 ширхэг, улаан өнгийн цүнхтэй эмийн сан хэрэглэл 1 ширхэг, хар өнгийн нүдний шил 1 ширхэг, хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, хар өнгийн амны хаалт, маск 1 ширхэг, модон иштэй цүү 1 ширхэг, цэнхэр өнгийн бариултай овтёрка 1 ширхэг, хар өнгийн бал 1 ширхэг, цагаан өнгийн асаагуур 1 ширхэг, цагаан өнгийн резинен бээлий 1 ширхэг ногоон өнгийн цув 1 ширхэг, парламент тамхи 4 ширхэг, хар өнгийн цүнх 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, Ч.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Туяагийн бичсэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай дүгнэлт болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллагдагч Ч.М нь 2017 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршал таун ” хотхоны “Лакшири хаус”-ын 3 дугаартай орон сууцанд оршин суух Герман улсын иргэн Оливэр Карл Жорж Шинорын гэрийн цонхоор нэвтрэн орж Iphone-7 загварын гар утас, Перри гардан брэндийн Ай пад айр-2, Инжирсөл брэндийн бугуйн цаг, Рау Бен брэндийн нүдний шил, 10.000 рубль, 850.000 төгрөг, тамхины асаагуур, Марльборо тамхи, утас цэнэглэгч зэрэг эд зүйлийг хулгайлж 4.573.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 231 дугаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Ч.Мд холбогдох 1710001450042 дугаартай хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгээр хэлэлцэн 688 дугаар захирамжаар:

Яллагдагч Ч.М нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар тус шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно..." гэж заасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээ ижил эрүүгийн хэргийг нэгтгэх бол эхэлж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгт нэгтгэнэ ", мөн хуулийн 29.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Прокурор энэ зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана.” гэсэн байхад яллагдагч Ч.М нь 4 удаагийн үргэлжилсэн хулгайн үйлдлээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсээр прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийг нэгтгэх үндэслэл бүхий шийдвэрийг гаргахгүй тус тусдаа үйлдсэн гэж үзэж ердийн болон хялбаршуулсан журмаар хэргийг тус тусад нь яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж хэргийг прокурорт буцаасан байна.

Прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд 804 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тул Ч.Мд холбогдох 1710001450042 дугаартай хэрэгт түүнд холбогдох 1710002520052 дугаартай хэргийг нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусган, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорын хяналтад ирүүлээд байна.

Ч.М нь 2017 оны 7 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анома” хотхоны 82-0 тоотод оршин суух Б.Лгийн подвалийн цонхыг хагалан орж 16 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг нөөтбүүк, алтан ээмэг, бөгж, гинж, зүүлт, мөнгөн бүс, хөөрөг, утас, үүрдэг цүнх, 40.000 төгрөг, доллар, вон, Хонг Конг доллар зэрэг эд зүйл хугайлж, 25.500.062 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байна.

Ч.М нь дээрх шийтгэх тогтоолоор шийтгүүлэхээс өмнө хэд хэдэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан нөхцөл байдал шинээр илэрсэн тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичсэн...” гэв.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Ялтан Ч.М нь 2017 оны 7 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анома” хотхоны 82-0 тоотод оршин суух Б.Лгийн подвалийн цонхыг хагалан орж 16 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг нөөтбүүк, алтан ээмэг, бөгж, гинж, зүүлт, мөнгөн бүс, хөөрөг, утас, үүрдэг цүнх, 40.000 төгрөг, доллар, вон, Хонг Конг доллар зэрэг эд зүйл хугайлж, 25.500.062 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар түүнийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.

 

Гэтэл Ч.М нь 2017 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршал таун ” хотхоны “Лакшири хаус”-ын 3 дугаартай орон сууцанд оршин суух Герман улсын иргэн Оливэр Карл Жорж Шинорын гэрийн цонхоор нэвтрэн орж Iphone-7 загварын гар утас, Перри гардан брэндийн Ай пад айр-2, Инжирсөл брэндийн бугуйн цаг, Рау Бен брэндийн нүдний шил, 10.000 рубль, 850.000 төгрөг, тамхины асаагуур, Марльборо тамхи, утас цэнэглэгч зэрэг эд зүйлийг хулгайлж 4.573.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

 

2017 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршал” таун 501 дүгээр байранд оршин суух иргэн П.Ганбатын гэрээс эд зүйл хулгайлан үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь эрүүгийн 1710002520052, 1710001450042 дугаар хавтаст хэргүүдээр нотлогдож байна.

 

Эдгээр үйлдлүүдийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй, шүүхээс мэдэх боломжгүй байжээ.   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж заажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тодорхойлон хуульчилсан байна. Энэ хуулийн зохицуулалтыг үндэслэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулдаг.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн /Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах/ 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нь нэгтгэх боломжгүй байна.

 

Үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол уг хугацаа дуусмагц шүүхийн шийдвэрийг гүйцэтгэнэ” гэж шийтгэх тогтоолыг хэдийд гүйцэтгэх хугацааг тодорхойлсон юм. Түүнчлэн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар нэг бүрчлэн зохицуулан хуульчилсан байх бөгөөд уг хуульд хэд, хэдэн шийтгэх тогтоолоор хорих ял шийтгүүлсэн хоригдлын ялыг хэрхэн гүйцэтгэх талаар хуульчлаагүй, уг нөхцөл байдлыг зөвхөн Эрүүгийн хуулиар шийдвэрлэж, хорих ял шийтгүүлсэн этгээдийн биечлэн эдлэх хорих ялыг шүүх тогтоодог.

 

Гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт тодорхой заасан байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул Ч.Мд оногдуулах ялуудыг нэгтгэхэд уг аргыг хэрэглэх боломжгүй юм.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.9 дүгээр зүйлд /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах/ хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан байна.

Энэхүү зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулжээ. Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл, тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр хянан шийдвэрлэгдэн, хоёр өөр шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд ялуудыг нэгтгэх журмыг хуульчлан тодорхойлоогүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй байна.

 

Дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн...” нь тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл гэж үзнэ гэсний дагуу ялтан Ч.Мд ял шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл болжээ.

 

Иймд прокурор Д.Туяагийн бичсэн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 1 дүгээр дүгнэлтийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: