Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/01500

 

Б.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч

Д.Нын  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/00726 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1050 дугаар магадлалтай,

Б.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нын нэхэмжлэлтэй

Б.Нт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 43.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гэрэл-Очирын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Отгонбаяр нь 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Б.Нтой тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулж тухайн үед 35 000 ам.доллараар оруулж ирсэн Pt-cruiser маркийн суудлын автомашиныг 25 000 000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Үнэн хэрэгтээ уг автомашин нь Д.Н минийх байсан боловч намайг Монголд байхгүй үеэр манай дүү найздаа зарчих уу гэхэд нь Монголд 2 жил очихгүй юм чинь гараашид байлгаж байхаар зар гэсэн. Ингээд нотариатаар орохдоо татвараас болоод 10 000 000 төгрөгөөр тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулж, мөн 25 000 000 төгрөгийг 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр хэлцэл хийсэн. Үүнээс хойш Б.Н нь янз бүрийн шалтаг хэлж мөнгө өгөөгүй. 2015 онд мөнгөө нэхэхэд Б.Н гэрээг сунгаад 30 000 000 төгрөг өгье гэж гуйсан учир 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 15-ны дотор буцаан төлөхөөр тохиролцсон. Үүнээс хойш нэг ч төгрөг төлөлгүй байсаар 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 1 000 000 төгрөг шилжүүлсэн. Гэрээний үүргээ одоог хүртэл гүйцэтгээгүй учраас 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцоход 14 500 000 төгрөг болсон. Иймд 30 000 000 төгрөгөөс 1 000 000 төгрөг авсныг хасч 29 000 000 төгрөг, алданги 14 500 000 төгрөг, нийт 43 500 000 төгрөгийг Б.Ноос гаргуулж өгнө үү. Хариуцагчтай 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хийсэн тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг зээлийн гэрээгээр сольсон гэж үзэж зээлийн гэрээний үүргийг шаардаж байна гэжээ.

Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Б.Отай тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулан 2698 УНЧ улсын дугаартай Pt-cruiser маркийн суудлын автомашиныг 25 000 000 төгрөгөөр үнийг тодорхой хугацааны дараа төлөхөөр тохиролцсон. Энэ хугацаанд ар гэрт асуудал гарсны улмаас төлбөрийг төлж чадаагүй нь үнэн. Мөн автомашиныг худалдаад үнийг нь төлөх гэсэн боловч зарж чадаагүй. Гэтэл Б.О чи мөнгөө хугацаанд нь төлж чадаагүй тул ахин гэрээ хийнэ гэж 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 30 000 000 төгрөг зээлсэн болгож гэрээ хийсэн боловч цаашид алдангитай гэдгийг ойлгоогүй. Зээл 30 000 000 төгрөгийг аваагүй учир Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байна. Автомашины үнээс төлсөн 1 000 000 төгрөгийг хасч, үлдэх 24 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/00726 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Ноос 36.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 375.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ноос 340.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.От олгож, хариуцагч Б.Н шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1050 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/00726 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гэрэл-Очир хяналтын гомдолдоо: Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2018 оны 03-р сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/00726 дугаар шийдвэрт, хариуцагч талаас Б.Н нь давж заалдах гомдол гаргаж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан 2018 оны 05-р сарын 04-ний 1050 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Давж заалдах шүүхийн 2018 оны 05-р сарын 04-ний өдрийн 1050 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүхээс иргэний хуулийн 236 дугаар зүйд 236.1.3 дахь хэсгийг үндэслэж тайлбарласан нь илт алдаатай байх ба нэхэмжлэгч Б.О нь Б.Нтой машин худалдаж авсан төлбөрийн хугацаа дууссан тул баталгаажуулж нотариатаар оръё гэхэд нь, найзууд учраас итгээд мөнгө төлөх хугацаагаа сунгаж байна гэж ойлгосон. Гэвч энэхүү гэрээний хугацаа сунгалтыг зээлийн гэрээ мэтээр хийсэн байдаг. Иргэний хуулийн 282.4 зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж шууд заасан байна. Үүрэг шилжүүлэх тухай тусгаагүй байна. Үүрэг солих тухай тохиролцоо болоогүй нь, нэхэмжлэгч талын анх шүүхэд гаргасан нэхэмжлэлээс харагдаж байх ба нэхэмжлэгч нь Б.Нт 30 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн мэтээр гаргасан байдаг. Машин худалдан авсан тухай огт дурдаагүй байсан. Б.Н нь Б.Отай байгуулсан 2013 оны 05-р сарын 25-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг дуусгавар болоогүй хүчин төгөлдөр хэвээр үргэлжилж байгаа гэж үзэж байна. Гэвч давж заалдах шатны шүүхээс, анхан шатны шүүхийн ИХШХШТхуулийн 172 зүйл 172.2.1-д заасан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрчилж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, тээврийн хэрэгслийн худалдах худалдан авах гэрээний хүрээнд хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.О нь өмнөх гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон гэх үндэслэлээр хариуцагч Б.Ноос зээлийн гэрээний үүрэгт 43 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч 24 000 000 төгрөгийг төлөх үүргийг зөвшөөрч, алдангийг төлөхгүй гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 36 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Зохигч талуудын хооронд 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 2698 УНЧ дугаартай, Пт-Круйзер /Pt-Cruiser/ маркийн автомашиныг 25 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, Б.Н нь машиныг хүлээн авснаас хойш 1 000 000 төгрөг төлж, үүргээ бүрэн биелүүлээгүй үйл баримтыг зохигчид маргаагүй байна.

Талууд 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан, гэрээнд Б.О нь Б.Нт 30 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлөхийг тусгасан байх боловч энэ тохиролцоо нь худалдах-худалдан авах гэрээний үүргийг дуусгавар болгож, зээлийн гэрээний үүргээр сольсон агуулгатай болохыг хоёр шатны шүүх хуульд нийцүүлэн дүгнэж чадсан байна. 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг өөр үүргээр сольж болдог тул худалдах-худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр солих нь хууль зөрчихгүй. Иймд худалдах-худалдан авах гэрээ хэвээр үргэлжилж байгаа, уг гэрээний дагуу 24 000 000 төгрөгийг төлнө гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл гэрээний үндсэн үүрэг 25 000 000 төгрөг байхад 30 000 000 төгрөг болгосон нь бодит байдалд нийцээгүй, шүүх үндсэн үүрэг 25 000 000 төгрөг, гүйцэтгээгүй уг үүргээс алданги тооцож, 2017 онд хариуцагчаас төлсөн 1 000 000 төгрөгийг хасч, хариуцагч Б.Ноос 36 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтад нийцсэн байна. 

Шүүх Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, зохигчдын мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй, хууль хэрэглээний алдаа гаргаагүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/00726 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1050 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                 П.ЗОЛЗАЯА